Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 139/ШШ2020/00485

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  З.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 Нэхэмжлэгч: Б.Н-ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох болон “А” дансны жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.                                    

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Н-,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэрэннадмид нар  оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Н- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Н- миний бие нь 1966 онд төрсөн эмэгтэй, Энэ жил 54 нас хүрч, байгаа 1984 онд 10 дугаар ангиа төгссөн Дорноговь аймгийн Анагаах ухааны сургуульд суралцаж төгсөөд 1986 оны 7 сарын 01-ний өдрөөс Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдлийн Номгон бригадад мал маллаж эхэлсэн. Миний бие нь тухайн үеийн Шинэ зам нэгдэлд 1986 оноос мал маллаж эхэлсэн. Тухайн үед ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул нэгдэлд ажиллаж байсан байдлыг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай болсон. Иймд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд 1986 оны 07 сарын 1-ний өдрөөс 1990 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл тасралтгүй мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү. Мөн би 1990 оноос 2000 оныг дуустал малчнаар тус сумандаа мал маллаж байсан бөгөөд нөхөн тооцолтоор авсан 11 жилийн хугацаа маань малын A данс аав Бундуу болон ааваас хойш дүү Наранцогын нэр дээр гарсан учраас 1990 оноос 2000 оныг дуустал нөхөн тооцолт авсан жилийг малчнаар тооцох боломжгүй гэж Дэлгэрхангай сумын даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох Зөвлөлийн 2020 оны 04 сарын 27-ны өдрийн 5 дугаартай тогтоол гарсан. Иймд миний бие насаараа мал маллаж өнөөдрийг хүртэл малчнаар сум орон нутагтаа ажиллаж амьдарч байгаа боловч 1990-2000 оны малын A данс дүү Наранцогын нэр дээр байгаа юм. 1990-2000 оны малын А дансны тухайн ам бүлийн тоон дээр 7, 16-35 насны хүн гэдэг дээр миний бие 2 хүүгийн хамт бопон дүү Наранцацрал түүний хүү, ээж, Наранцог гээд ам бүл 7-уулаа амьдардаг байсан юм. Иймд Б.Н- миний биеийг 1990-2000 оныг дуустал малчнаар ажиллаж байсан болохыг тус тус тогтоож өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Н- нь ажиллаж байсан байдал тогтоолгох болон А дансны жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэл гаргажээ. 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Б.Н-ын 1986.07.01-1990.01.01-ний өдөр хүртэл ажиллаж байх үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, уг дэвтрийг сэргээх боломжгүй болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, Архивын тасгийн 2020.05.07-ны өдрийн 325 тоот “Тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын "Шинэ зам" нэгдэлд 1984 оны 6 сараас 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан тухай баримт байхгүй учир Б.Н-тай холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна” гэх архивын лавлагаа /хх-4 дүгээр хуудас/, Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Засаг даргын 2020.04.15-ны өдрийн 122 тоот “Тус сумын иргэн Б.Н-ын 1986-1989 оны 70 дугаар дансны бичиг баримтууд Говийн хангай хоршооны архив, Засаг даргын Тамгын газрын архивт байхгүй нь үнэн болно” гэх албан бичиг /хх-5 дугаар хуудас/, Татварын хэлтсийн “Дэлгэрхангай сумын "Шинэ зам" нэгдэл нь 1991 оны 4 дүгээр сарын 27-нд улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1996 оны 4 дүгээр сарын 29-нд “Говийн хангай” хоршоо болон үйл ажиллагаа явуулж байсан болно” гэх тодорхойлолт /хх-6 дугаар хуудас/-оор тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүх тухайн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан Дэлгэрхангай сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2020.05.01-ний өдрийн 1/290 тоот “Тус сумын 1 дүгээр багийн харьяат Б.Н- нь 1986 оноос 2001 он хүртэл 15 жил малчин байсан. 1986 оноос 1991 он хүртэл аав Бундуутай ам бүл хамт амьдарч байгаад 1992 онд аав Бундуу нь насан өөд болж түүнээс хойш өөрийн төрсөн дүү Бундуу овогтой Наранцогтой 2001 он хүртэл ам бүл хамт амьдарч байгаад 2002 оноос тусдаа өрх болж одоо 2 хүүгийн хамт гурвуул амьдарч байгаа нь үнэн болно” гэх тодорхойлолт /хх-7 дугаар хуудас/,

- Дэлгэрхангай сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2020.05.07-ны өдрийн 1/295 тоот “Тус сумын 1 дүгээр багийн харьяат Бундуу овогтой Наранцог нь 2002 оноос тусдаа гарч одоог хүртэл ганц бие амьдарч байгаа нь үнэн болно” гэх тодорхойлолт /хх-8 дугаар хуудас/,

- Дундговь аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1992 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 6 дугаартай Төсөл батлах тухай тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, “Б.Н, Б.Н-” хавсралт /хх-9-12 дугаар хуудас/

- Б.Н-ын 0359724 дугаартай, “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль”-д заасан нөхцөл болзлыг хангасан тул ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 11 жил /1990-2000 он/ нөхөн тооцсон болохыг баталгаажуулсан нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-13 дугаар хуудас/,

- Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн 2020.04.27-ны өдрийн 04 дугаартай “...Б.Н- нь 1990-2000 онд малчин байсан хугацааны нотлох баримтууд өгсөн материал нь Бундуу Наранцог нэр дээр байгаа тул малчны зөвлөл малчин гэж үзэх боломжгүйг тогтоосугай...” гэх тогтоол,

- Гэрч С.Жамсранжавын “...Би 1972 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын дунд сургуулиас илгээлтээр гарч "Шинэ зам" нэгдлийн Толь бригадад малчнаар ажиллаж эхлэсэн. 1975-1978 онд цэргийн алба хааж ирээд 1978-1981 он хүртэл малчнаар ажиллаж байгаад 1981-1992 он хүртэл "Шинэ зам" нэгдлийн тоо бүртгэгч, 1992-1995 он хүртэл Толь бригадын даргаар ажиллаж байгаад 1995 оноос хувиараа мал малладаг болсон. Б.Н- нь 1986 онд Дорноговь аймгийн анагаахын сургууль төгсөж ирээд дүү Наранцацрал, Наранцог нарын хамт Дэлгэрхангай сумын "Шинэ зам" нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Б.Н- нь нэгдэл тартал малчнаар ажиллаж байгаад хувиараа мал малладаг болсон. Б.Н- нь одоог хүртэл Дэлгэрхангай сумандаа мал маллан амьдардаг. Б.Н- нь эцэг нь нас барснаас хойш дүү Наранцацрал болон Наранцог, эх Чанцал, хүүхдүүдийн хамт амьдардаг байсан...” гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-37-40 дүгээр хуудас/, гэрч Д.Төмөрбаатарын “...Би 1979 оноос Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын "Шинэ зам" нэгдлийн Номгон бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. Би 2000 он хүртэл мал маллаж байгаад Дундговь аймгийн төв рүү шилжиж ирсэн. Б.Н- 1986 онд Дорноговь аймгийн анагаахын дунд сургууль төгсөж ирээд эцэг, эх, дүү нарын хамт Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын "Шинэ зам" нэгдлийн Толь бригадад мал маллаж эхэлсэн. Б.Н- нь нэгдэл тартал мал малласан, одоог хүртэл Дэлгэрхангай сумандаа мал маллан амьдардаг. Б.Н- нь тасралтгүй мал малласан. Б.Н- нь хоёр хүүтэй байсан. Одоо хэдэн хүүхэдтэй талаар нь сайн мэдэхгүй. Б.Н- нь эцэг, эх, дүү Наранцацрал, Наранцог нарын хамт Зэгстийн баруун ухаа овоо гэх бууцанд нутагладаг байсан. Б.Н-ын эцэг 1980 хэдэн онд нас барсан санагдаж байна...” гэх мэдүүлэг /хх-41-42 дугаар хуудас/, гэрч Б.Нын “...Би 1986 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын дунд сургуулиас илгээлтээр гарч "Шинэ зам" нэгдлийн Номгон бригадад малчнаар ажиллаж эхлэсэн. 1986 оны 7 сараас -1993 оны 8 cap хүртэл "Шинэ зам" нэгдлийн Номгон бригадад малчнаар ажиллаж байгаад нэгдэл хувьчлалаар тарснаас хойш аав, ээж дүү, эгч нарын хамт Номгон бригадад 1993 оны 8 сараас хувиараа мал малладаг болсон. Б.Н- нь манай эгч байгаа юм. Эгч Б.Н- нь 1984 онд 10-р ангиа төгсөөд Дорноговь аймгийн Анагаахын сургууль сувилагчаар суралцаж 1986 онд төгссөн. Анагаахын сургуулиа төгсөөд ирэхэд нь манай аав ээж мал ихтэй байсан болохоор эгч нэгдэлд 1986 оны 7 сараас аав ээжийн хамт мал маллаж эхэлсэн. Нармандах эгч бид нар аав ээжийн хамт 1986 оны 7 сараас нэгдэл тарсан 1993 оны 8 cap хүртэл малчнаар ажиллаж байсан. Эгч 1989 онд хүү төрүүлсэн. Эгч Нармандах, дүү Наранцог бид нэгдэл хувьчлагдах үед аав ээжийн хамт нэгдлээс өмч хувьчлалаар мал авсан. Тэр цагаас хойш манай мал аав дээр тоологдож, малчин хүний тоонд эгч дүү аав ээж нар орж явдаг байсан. Аав нас барснаас хойш эрэгтэй дүү Наранцог өрх толгойлж үлдсэн болохоор малын А данс дүү Наранцогын нэр дээр гардаг байсан. Малын А данс дээр ээж, эгч бид нарын нэр байхгүй ч мал маллах насны хүн гэдэг дээр бид хэдийн тоо явж байгаа. Дүү Наранцог гэр бүлгүй, эгч бид хоёр нөхөргүй, эх гэрээсээ тусдаа гараагүй ам бүл нэг мал малладаг байсан. Би 2010 он хүртэл дүү Наранцогын нэр дээр мал тоолуулж малаа маллаж байсан. Эгч Нармандах нь 2006 он хүртэл хөдөө мал маллаж байгаад сумын төвд амьдардаг болсон. Гэхдээ хөдөө малтай мал нь дүү Наранцогын нэр дээр явдаг байж байгаад том хүү Батжаргалын нэр дээр малаа шилжүүлсэн. Б.Н- нь нэгдэл тартал малчнаар ажиллаж байгаад хувьчлалаас хойш хувиараа мал малладаг болсон. Б.Н- нь одоог хүртэл Дэлгэрхангай сумандаа мал маллан амьдардаг. Эгч бид нар нэгдэлд мал маллаж амьдарч байсан учраас Шинэ зам нэгдэл хувьчлалаар хөрөнгөө тараахад эгч хүүтэйгээ өмчөө авч байсан. Бид нэгдлээс өмч хувьчлалаар авсан хөрөнгөө нийлүүлж аав Бундуугийн хамт мал маллаж байсан. Б.Н- эгч бид нар нь анх нэгдэлд малчин болохдоо ээж, аав дүүгийн хамт хувьчлал тарах хүртэл мал маллаж байсан. Аав Бундуу нь 1992 онд нас барсан. Ааваас хойш ээж, эгч Нармандах, дүү Наранцог, манай хүү, эгчийн хоёр хүүгийн хамт амьдардаг байсан. 2010 оноос хойш би гэр бүлтэй болж тусдаа амьдарч байгаа. Дүү Наранцог 2002 оноос ам бүл ганцаараа болсон. Эгч Нармандах, эгчийн 2 хүү энэ гурав одоо ам бүл нэг явдаг байх. Хөдөө мал нь цуг байдаг. Бид нар хөдөө одоо ч малаа цуг малладаг. Бид анх Шинэ зам нэгдэл хувьчлагдахад хүн тус бүртээ өмч хувьчлалаар хөрөнгө авч байсан. Аав Бундуу нас барснаас хойш бид дүү Наранцогтой хамт малаа тоолуулж амьдардаг байсан...” гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-43-48 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудаар нэхэмжлэгч нь 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын "Шинэ зам" нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.  

Мөн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Засаг даргын 2020.06.26-ны өдрийн 191 тоот “Б.Н- нь 1990-1991 онд аав Б.Бундуу, ээж Б.Ч, дүү Б.Н, дүү Б.Н, хүү Н.Б, дүү Б.Нын хүү Н.Мөнхсугир нарын хамт амьдарч байсан болох нь үнэн болно” гэх тодорхойлолт /хх- хуудас/,

- Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2020.06.26-ны өдрийн 1/306 тоот “Тус сумын 1 дүгээр багийн харьяат Б.Н- нь 1992-2000 онуудад ээж Б.Ч, дүү Б.Н, дүү Б.Н, хүү Н.Б, хүү Н.С, дүү Б.Нын хүү Н.Мөнхсугир нарын хамт амьдарч байсан нь үнэн болно” гэх тодорхойлолт /хх- хуудас/,

- Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2020.06.26-ны өдрийн 1/307 тоот “Тус сумын 1 дүгээр багийн харьяат Б.Н- нь 1990-1991 онд аав Б.Бундуу, ээж Б.Ч, дүү Б.Н, дүү Б.Н, хүү Б.Батжаргал, дүү Б.Нын хүү Н.Мөнхсугир нарын хамт амьдарч байсан нь үнэн болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт /хх- хуудас/,

- Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Засаг даргын 2020.06.26-ны өдрийн 192 тоот “Б.Н- нь 1992-2000 онуудад ээж Б.Ч, дүү Б.Н, дүү Б.Н, хүү Н.Б, хүү Н.С, дүү Б.Нын хүү Н.Мөнхсугир нарын хамт амьдарч байсан нь үнэн болно” гэх тодорхойлолт /хх- хуудас/,

- Малчин-даатгуулагчид олгох архивын 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 392 тоот “...Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 1 дүгээр багийн малчин, өрхийн тэргүүлэгч Бундуу овогтой Наранцогийн мал маллаж байсан хугацаа /1992-2001, 2003-2005 он/...” гэх лавлагаа,

Малчин-даатгуулагчид олгох архивын 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 393 тоот “...Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 1 дүгээр багийн малчин, өрхийн тэргүүлэгч Батсүх овогтой Бундуугийн мал маллаж байсан хугацаа /1990, 1991 он/...” гэх лавлагаа зэрэг баримтуудаар нэхэмжлэгч Б.Н- нь Дундговь аймгийн Архивын тасгаас 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр олгосон 392 тоот малын “А” дансны лавлагааны жинхэнэ эзэмшигч болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь Архивын тасгаас 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр олгосон 393 тоот малын “А” дансны жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч Дундговь аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 6 дугаартай Төсөл батлах тухай тогтоол 1992 оны 3 дугаар сарын 17-ны өдөр гарсан байх тул нэхэмжлэгч нь 1990, 1991 онуудын 393 тоот малын “А” дансны жинхэнэ эзэмшигч мөн болох нь тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж,  нэхэмжлэлийн шаардлагаас 1990-1991 оны мал тооллогын 393 тоот лавлагааны жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б.Н-ыг 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын "Шинэ зам" нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар Малчин даатгуулагчид олгосон 392 тоот лавлагааны жинхэнэ эзэмшигч нь Б.Н- мөн болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1990-1991 оны мал тооллогын 393 тоот лавлагааны жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлий 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             З.ГАНЧИМЭГ