Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 139/ШШ2020/00486

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  З.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 Нэхэмжлэгч: С.Э-ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэрэннадмид нар оролцов.    

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1960 оны 6 дугаар сарын 12-нд төрсөн, энэ жил 60 нас хүрч байгаа. Улсад 33 жил ажилласан. Үүнээс сумын Худалдаа бэлтгэлийн анги, хоршоонд 1982 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1997 он хүртэл ажилласан. 2005 оноос одоог хүртэл сумын Ерөнхий боловсролын сургуульд жолооч мужаанаар ажиллаж байна. Сумын Худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн. Хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, тушаалууд, цалингийн цэст зэргийг үндэслэн миний Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1982 оны 10 сарын 20-ны өдрөөс 1991 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хүртэл мужаан сантехникчээр, 1991 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Эрдэнэдалай сумын Уламжлал хоршоонд малчнаар ажиллаж байсан жилийг сэргээн тогтоож өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Э- нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргажээ. 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

С.Э-ийн 1982.10.20-1995.01.01-ний өдөр хүртэл ажиллаж байх үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, уг дэвтрийг сэргээх боломжгүй, ажилласан талаарх баримт нь архивт хадгалагдаагүй болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, Архивын тасгийн 2020.05.20-ны өдрийн 344 тоот “Тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1982 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс сантехникч, мужаанаар ажиллаж байсан тухай баримт ирээгүй учир С.Э-тэй холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна” гэх тодорхойлт /хх-3 дугаар хуудас/-оор тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүх тухайн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан Татварын хэлтсийн 2020.05.20-ны өдрийн 08/570 тоот “Эрдэнэдалай сумын Худалдаа бэлтгэл “Уламжлал” хоршоо нь 1991 оны 12 дугаар сарын 11-нд байгаалагдан үйл ажиллагаа явуулж байгаад 1996 оны 4 дүгээр сарын 27-нд “Далай оргил” хоршоо болон бүртгэгдсэн болно” гэх албан бичиг /хх-4 дүгээр хуудас/,

- Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг даргын Тамгын газраас 2020.05.04-ний өдөр олгосон 118 тоот “Тус сумын 7 дугаар багийн иргэн С.Э-ийн сумын худалдаа бэлтгэлийн ангид 1983 онд ажиллаж байны нотломж болох ХБАнгийн даргын 1983.12.24-ний өдрийн 48 тоот тушаал, 1993 оны цалингийн картыг хуулбарлан олгов. Хавсралт 3 хуудас” гэх архивын лавлагаа, “...өөрийн хариуцсан ажилдаа идэвх зүтгэл гаргаж бүртгэл тооцооны ажлыг чанартай сайн хийж өр авлагагүй ажиллаж байгаа тэргүүний хүмүүсийг 2 дугаар хавсралтаар тус тус шагнаж урамшуулсугай” гэх Эрдэнэдалай сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1983.12.24-ний өдрийн тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, “Уламжлал” хоршооны слесарь албан тушаалтай Сандуйжавын Эрдэнэбилэгийн 1993 оны цалингийн картын хуулбар /хх-5-8 дугаар хуудас/

Гэрч С.Лхагвасүрэнгийн “...Би 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Худалдаа бэлтгэлийн ангид тогоочоор ажиллаж эхэлсэн. Би 2000 оны 2 сар хүртэл тасралтгүйгээр “Уламжлал” хоршоо, “Далайн оргил” хоршоо зэргээр зохион байгуулалтын өөрчлөлтөд ороход тогоочоор ажилласаар байсан. С.Э- нь намайг 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ажиллаж эхлэхэд Эрдэнэдалай сумын Худалдаа бэлтгэлийн ангид ачигч буюу ирсэн бараа ачиж буулгадаг ажил хийдэг байсан. Дараа нь слесарь хийдэг болсон. Яг хэдэн оны хэдэн сарын хэднээс ажиллаж эхэлсэн талаар нь би сайн мэдэхгүй. С.Э- нь 1998 юм уу 1999 онд ажлаасаа гарсан санагдаж байна. С.Э- нь худалдаа бэлтгэлийн ангид тасралтгүйгээр ажилласан нь үнэн. Хавтаст хэргийн 9 дүгээр хуудсанд байгаа гэрэл зургийн хамгийн доод талын эгнээний баруун гар талаасаа эхний хүн нь С.Э- байна. Би доод талаасаа хоёр эгнээний сууж байгаа хүмүүсээс баруун гар талаасаа эхний хүн буюу доод талаасаа хоёр дахь эгнээний баруун гар талаасаа 4 дэх хүн нь байна. Бусад хүмүүс нь түүхий эдийн ажилтан Дэмбэрэл, нягтлан Батцоож, нярав Ханд, нярав Нацагдорж, худалдаа бэлтгэлийн ангийн дарга Намсрай гэх мэт хүмүүс байна. 10 дугаар хуудсанд байгаа гэрэл зургийн дээд талын эгнээний баруун гар талаасаа эхний хүн нь С.Э- байна. Бусад хүмүүс нь худалдагч Цэцгээ, Одгэрэл, Оюумаа, Нэргүй, Надмид, Соном, Цэрэндэлиг, Сэндмаа, Буянхишиг, Нарантуяа, Баярсайхан, Нямдорж, Батмөнх гэх мэт хүмүүс байна...” гэх мэдүүлэг /хх-16-17 дугаар хуудас/, гэрч Л.Сэрээтэрийн “...Би 1975 оноос  1980 он хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Өнгөт бригадад малчин хийж байгаад 1980 оноос 1993 он хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Сангийн далай бригадад малчин байсан. С.Э- нь 1982 оны 10 сараас 1998 оны 10 сар дуустал тасралтгүйгээр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Худалдаа бэлтгэлийн ангид ачигч, мужаан, сантехникчээр ажилласан хүн...” гэх мэдүүлэг /хх-18 дугаар хуудас/, гэрч Г.Пүрэвийн “...Би Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Худалдаа бэлтгэлийн ангид нярав, нягтлан бодогч, эдийн засагчаар 1984 оны 10 сараас 1992 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. С.Э- нь 1982 оноос Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Худалдаа бэлтгэлийн ангид слесарь, сантехникч, ачигчаар ажиллаж байсан. Намайг 1992 онд ажлаасаа гарахад С.Э- нь Худалдаа бэлтгэлийн ангид ажилласаар байсан. Яг хэдэн онд ажлаасаа гарсан талаар нь сайн мэдэхгүй. Хавтаст хэргийн 9 дүгээр хуудсанд байгаа гэрэл зургийн хамгийн доод талын эгнээний зүүн гар талаасаа 4 дэх хүн нь би байна. С.Э- хамгийн доод талын эгнээний баруун гар талаасаа хамгийн эхний хүн нь байна. Худалдагч байсан Лхагвасүрэн доод талаасаа хоёр эгнээний сууж байгаа хүмүүсээс баруун гар талаасаа эхний хүн буюу доод талаасаа хоёр дахь эгнээний баруун гар талаасаа 4 дэх хүн нь байна. Бусад хүмүүс нь жолооч Нямдорж, дарга Цэрэнбат, нягтлан Батцоож, аж ахуй Гантулга, Нацагдорж гэх мэт хүмүүс байна. 10 дугаар хуудсанд байгаа гэрэл зургийн дээд талын эгнээний баруун гар талаасаа эхний хүн нь С.Э- байна. Бусад хүмүүс нь худалдагч Цэцгээ, Одгэрэл, Оюумаа, Нэргүй, Надмид, Соном, Цэрэндэлиг, Сэндмаа, Буянхишиг, Нарантуяа, Баярсайхан, Нямдорж, Батмөнх гэх мэт хүмүүс байна. 10 дугаар хуудсанд байгаа хүмүүс бүгд худалдагч нар байна. С.Э- ачигч байсан учраас хамт зураг авхуулсан байх...” гэх мэдүүлэг /хх-19-20 дугаар хуудас/, гэрэл зураг /хх-9-10 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудаар нэхэмжлэгч нь 1982 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Худалдаа бэлтгэлийн ангид сантехникчээр, 1991 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Эрдэнэдалай сумын “Уламжлал” хоршоонд манаачаар тус тус ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар С.Э-ийг 1982 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Худалдаа бэлтгэлийн ангид сантехникчээр, 1991 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Эрдэнэдалай сумын “Уламжлал” хоршоонд манаачаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлий 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             З.ГАНЧИМЭГ