Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 04

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                                                Прокурор Г.Цолмонгэрэл                                                   

                                                Яллагдагчийн өмгөөлөгч Б.Батсайхан

                                                Яллагдагч Б.Н

                                                 Нарийн бичгийн дарга Э.Энхболд нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээгийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2019/ШЗ/553 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр Б.Н-д холбогдох эрүүгийн 1926004280275 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Цагаан овгийн Б.Н /ЙК00212118/,

Б. Н нь согтуурсан үедээ 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 21 цагийн орчимд хууль сахиулагч болох цагдаа М.М-г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний хууль ёсны шаардлагыг үл биелүүлж хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн,

2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 21 цагийн орчимд иргэн Ө.Т-г зодож уруулд зулгарал, язарсан шарх, хууль сахиулагч болох цагдаа М.М-г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний хууль ёсны шаардлагыг үл биелүүлж зодон доод уруулд нь шарх, зулгаралт гэмтэл үүсгэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2,  23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

Анхан шатны шүүх Цагаан овгийн Б. Н-д холбогдох 1926004280275 дугаартай эрүүгийн хэргийг Өвөрхангай аймгийн прокурорт буцааж, шүүгдэгч Б.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурор шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.

Прокурор Г.Цолмонгэрэл эсэргүүцэлдээ: ...Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.1-д заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх гэсэн нөхцөл хангагдаагүй. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ гэмт хэргийн энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол... гэсэн үндэслэлээр дүгнэсэн нөхцөл байдалд дараах тайлбарыг хийж байна.

Яллагдагч Б.Н-н 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгт ... М нь цагдаа гэж амаараа өөрөө хэлсэн гэх, мөн яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ ... Би өмнө өгсөн мэдүүлэгтээ тухайн болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн учраас нэмж ярих зүйл байхгүй гэж тус тус мэдүүлсэн байхад шүүх хуралдаан даргалагч яллагдагчаар заавал үнэн зөв мэдүүлэг өгөхийг шаардаж хэргийг яллагдагчаар хүлээлгэх гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй гэж заасан нь агуулгаараа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хэргийг шууд бөгөөд бүрэн дүүрэн нотлох баримт болохгүй буюу эрх зүйт  ёс, хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг төлөвшүүлэхээр зорьж буй манай улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэлбэрэлтгүй баталгаажсан Due process of law стандартыг зөрчиж байна.  

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/35 дугаартай тушаалаар М.М-г ажилд томилсон, мөн тухайн өдөр үүрэг гүйцэтгэхийг даалгасан эрүүгийн цагдаагийн тасгийн ахлах мөрдөгч Д.Б-н мэдүүлэг зэргээр хууль сахиулагч болох цагдаа /нохой сургагч/ М.М нь тухайн өдөр амралтын цагаар ажил үүргээ гүйцэтгэж байсан нь тогтоогдож байх бөгөөд Цагдаагийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4 дэх хэсэгт ... алба хаагч нь амралтын цагаар, эсхүл энгийн хувцастай үүрэг гүйцэтгэх тохиолдолд хамгаалах тусгай хэрэгсэл, цахилгаан гүйдлээр цохигч, нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч биедээ авч явж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг гэмт халдлагаас хамгаалах зорилгоор хэрэглэж болно гэж заасныг анхаарч үзээгүй.

Эрх зүйн суурь зарчим бол хууль тогтоох болон хэрэглэх үйл ажиллагаанд заавал хэрэглэгдэх суурь үзэл баримтлал юм. Өөрөөр хэлбэл зарчмуудаар нь уг салбар эрх зүйн ямар байх ёстой талаарх үзэл баримтлалыг илэрхийлж бэхжүүлдэг. Эрүүгийн хуульд зарчмуудыг тусгай бүлэг болгон хуульчилсны дээр Үндсэн хуульд эрүүгийн эрх зүйн материаллаг болон процессын зарим зарчмыг тусгасан байна.

Шударга ёсны зарчмын нэг агуулга нь латины “Non bis is idem” буюу нэг гэмт хэрэгт 2 удаа хариуцлага хүлээхгүй гэсэн томъёоллоор илэрхийлэгддэг. Үүнийг Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тухайн гэмт хэрэгт нь зөвхөн нэг удаа хариуцлага хүлээлгэнэ хэмээн томьёолсон нь нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэсэн утга санааг илэрхийлэх тул давхар эрхэлж буй ажил, албан тушаалтай нь гэж хүндрүүлэн дүгнэх шаардлагагүй.

Иймд яллагдагч Б.Н-д холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2019/ШЗ/553 дугаартай захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Прокурор Г.Цолмонгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....хавтаст хэргийн 22 дугаар хуудаст яллагдагч Б.Н-с мэдүүлэг авахдаа хууль сануулж гэрчээр мэдүүлэг авсан байдаг.  Гэрчээр өгсөн мэдүүлэгтээ М.М нь цагдаа гэж амаараа өөрөө хэлсэн гэж мэдүүлээд болсон асуудлын талаар мэдүүлсэн байдаг. Дараа нь яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө би өмнө нь мэдүүлэг өгөхдөө тухайн үед болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн учраас нэмж ярих зүйлгүй гэсэн. Гэрчээр мэдүүлэг авахад хууль сануулж авдаг учраас илүү ач холбогдолтой байдаг. Гэтэл шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд би цагдаа гэдгийг нь мэдээгүй гэж ярьдаг. Яллагдагчаар заавал үнэн зөв мэдүүлэг өгүүлэх гээд байх шаардлага байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй гэж заасан байхад агуулгаараа би энэ хэргийг үйлдсэн гэдэг нь буцаад энэ хэргийг үйлдсэн гэдгийг бүрэн дүүрэн нотлох үүрэг хүлээхгүй гэсэн агуулгыг гаргаж ирж байна. Манай улсын Үндсэн хуульд тусгагдсан “Due process of law” стандарт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон манай улсын нэгдэн орсон олон улсын конвенцод заасан агуулгад нийцсэн байхад заавал яллагдагчаар үнэн зөвийг нь хэлүүлэх  гээд “ би М.М-г цагдаа байсныг нь мэдэж байсан. Эсхүл би цагдаа гэдгийг нь мэдсэн” гэдгийг хэлүүлэх гээд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд энэ асуудлыг илүү тавиад байсан нь стандартаа зөрчиж байна. Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан М.Мыг цагдаа гэдгийг нотолсон Цагдаагийн газрын даргын Б/35 дугаартай тушаал байгаа. Тухайн өдөр “Оргодол шийдвэрлэх-2019” арга хэмжээ зохион байгуулаад уг арга хэмжээний хүрээнд оргодол Мөнх-Эрдэнийг олж ир гэсэн үүрэг өгсөн талаар эрүүгийн цагдаагийн тасгийн ахлах мөрдөгч Д.Б-н мэдүүлэг байгаа. Мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4 дэх хэсэгт цагдаа албаны бус цагаар албаны үүрэг гүйцэтгэхдээ албаны хувцас өмсөхгүй байж болох агуулгыг заасан байдаг. Эдгээр нотлох баримтууд бүрдсэн байхад заавал яллагдагчаар М.Мыг цагдаа гэдгийг мэдэж байсан гэдгийг яллагдагчаар хэлүүлэх гээд байсан нь шүүгдэгчийн өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх. Үйлдсэн хэргээ нотлох үүрэг хүлээхгүй байх эрхтэй нь зөрчилдөж байна. “Non bis is idem” зарчим буюу нэг гэмт хэрэгт 2 удаа хариуцлага хүлээхгүй гэсэн эрх зүйн суурь зарчим байдаг. Хэдийгээр Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиуд өөрчлөгдөж байгаа боловч манай улс эрх зүйн бүлээсээ татгалзаагүй учраас эрүүгийн эрх зүйн суурь зарчим, онолын асуудал хэзээ ч өөрчлөгдөхгүй гэж бодож байна. Тэгэхээр хууль сахиулагчийг эсэргүүцээд биед нь гэмтэл учруулсан байгаа учраас хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулаад давхар эрхэлж байгаа албан тушаалтай нь гэж давхар зүйлчлэх ёстой гэсэн асуудал ярьж байгаа нь шударга ёсны зарчмыг агуулгаараа зөрчиж байна. Учир нь яллагдагч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдааг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулж эсэргүүцсэн хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг. Ямар нэг материаллаг хор хохирол шаардахгүй. Цагдаагийн албан хаагчийг эсэргүүцэх явцдаа хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдлаар зүйлчлэхгүйгээр тохирох зүйл хэсгээр нь зүйлчлэх нь зөв гэсэн байр суурьтай байгаа учраас дээрх хоёр асуудлаар прокурорын эсэргүүцэл бичсэн. Яллагдагч нь өөрөө энэ гэмт хэргийг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгөхийг хүссэн. Мөн яллагдагч өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахаар өмгөөлөгч авсан. Өмгөөлөгч нь тодорхой эрх зүйн туслалцаагаа үзүүлсэн байгаа. Тэгэхэд заавал шүүгчээс анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд заавал шүүгдэгчээр гэмт хэргийг нотлох үүрэг хүлээлгэх гээд байх шаардлагагүй байх гэж үзэж байна. Тийм учраас Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2019/ШЗ/553 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 

Яллагдагчийн өмгөөлөгч Б.Батсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Яллагдагч Б.Н-н өмгөөлөгчөөр мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч хэрэг прокурорт шилжих үе буюу ял тохиролцох үеэс эхлээд өмгөөлөгчөөр оролцсон. Миний үйлчлүүлэгч Б.Н нь өөрийн байр суурийг илэрхийлэхдээ өөрийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдлаасаа болж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг зөвшөөрсөн байдаг. Хохирогч нь цагдаа болохоор хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэсэн зүйл ангийг миний үйлчлүүлэгч онолын болон практикийн хувьд сайн мэдэхгүй, хуулийн байгууллагаас холбогдуулан шалгаж байгаа зүйл ангиудыг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрсөн байдаг. Өөрт холбогдох хэргийг хурдан шийдвэрлүүлэх сонирхолтой байсан учраас хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр прокурортой ял тохиролцох хэмжээнд хүрсэн байсан. Гэмт хэргийн объект нь цагдаа байхыг шаардсан хэрэг биш. Зөвхөн объектив тал буюу илрэн гарч байгаа хэлбэр нь цагдаагийн албан үүрэг гүйцэтгэж байгаа үйл ажиллагааг эсэргүүцсэн үйлдэл байна уу? үгүй юу? гэдгээс шалтгаалан энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг дээр нэмэгдэх ёстой эсэх нь шийдвэрлэгдэх ёстой. Прокурор тайлбарлахдаа энэ гэмт хэргийн субъект нь цагдаа байсан. Цагдаагийн газрын тушаалаар болон бусад дотоод дүрмээр эрх хэмжээ, үүрэг, чиглэл нь тодорхойлогдсон байгаа гэж тайлбарлаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив тал нь хууль сахиулагчийн хууль ёсны эрх хэмжээгээ биелүүлэх үйл ажиллагаа буюу албаны үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байгаа үйлдлийг нь эсэргүүцэж зодолдсон, хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдлийг ойлгоно. Харин тухайн өдөр албан үүргээ гүйцэтгэж байсан эсэх, хууль ёсны шаардлагаа тавьсан уу? гэдэг нь эргэлзээтэй. Б.Н-н хувьд иргэнийхээ хувиар тухайн хүнтэй маргасан гэж боддог. Маргааны явцад цагдаа байна гэдгээ хэлсэн. Түүний дараа цагдаа гэдгийг нь ойлгосон. Удалгүй цагдаагийн машин ирсэн гэж хэлдэг. Энэ тохиолдолд би цагдаа байна гэж хэлснээрээ цагдаа албан үүргээ гүйцэтгэж байна гэж хэлэхэд хэцүү. Тухайн өдөр хэдийгээр томилгоотой байсан, энгийн хувцастай үүрэг гүйцэтгэж байсан байж болно. Гэхдээ албан үүргээ хууль ёсны дагуу гүйцэтгэж байсан гэдэг нь эргэлзээтэй байна. Мэдээж дарга удирдлагаасаа бааранд ороод архи уугаад мэдээ цуглуулаад ир гэж үүрэг аваагүй байх гэж бодож байна. Тийм учраас яллагдагчийн өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг зөв гэж үзэж  байна. Нэгэнт энэ хэрэгт эргэлзээ үүсч байгаа учраас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж хууль сахиулагчийг эсэргүүцсэн үйлдэл мөн эсэхийг шалгаж тогтоох нь зүйтэй гэсэн байр суурьтай байна гэв.

Яллагдагч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Хэлэх зүйл байхгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч М.М нь Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн цагдаа /нохойн төлөөлөгч/-аар ажилладаг болох нь тогтоогдож байгаа, хохирогч М.Мын мөрдөн байцаалтанд ... эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Д.Бат-Оргилын “Илрүүлэлт-Оргодол-Шийдвэрлэлт-2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аймгийн хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа этгээдүүдээс М гэгч нь аймгийн төвд байж болзошгүй мэдээлэл авагдсан тул оройн цагаар баар цэнгээний газруудыг шалга гэсэн үүргийн дагуу бааранд орсон, Б.Н нь түүний хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй эсэргүүцсэн... гэсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан хэдий ч түүнийг тухайн өдөр албан үүргээ гүйцэтгэж явсан гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй, хохирогч нь хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэйгээ холбогдуулан Б.Н-д хууль ёсны ямар шаардлага тавьсан нь тодорхойгүй,

2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” 1926004280275 дугаартай прокурорын тогтоолд яллагдагч Б.Нийг цагдаа М.М-г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний хууль ёсны шаардлагыг үл биелүүлж баруун хөл рүү нь архины шилээр цохиж хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан байгаа боловч түүнийг хохирогч М.М-н баруун хөл рүү архины шилээр цохиж хүч хэрэглэсэн гэх үйлдлийг шалгаагүй,

Хохирогч М.М, Ө.Т, гэрч Ч.Б нар нь мөрдөн байцаалтанд Б.Н-н гэмт хэрэг үйлдсэн гэх цаг хугацааг 23 цаг 30 минутын үед, 21 цагийн үед, 23 цагийн үед гэж, хохирогч Ө.Төмөрбаатарыг “Альфа” баарны ариун цэврийн өрөөнд, хохирогч М.М-г  баарны гадаа зодсон талаар тус тус мэдүүлсэн байхад прокурор түүнийг 2019 оны 10 дугаар сарын 02-ны орой 21 цагийн орчимд дээрх гэмт хэргийг баарны орчим үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн нь гэмт хэрэг гарсан газар, хугацааг буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д заасныг нотлоогүй, мөн хохирогч, гэрч нарын мэдүүлгийн зөрүүг арилгах шаардлагатай,

Шүүгдэгч Б.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт ...Би М.М-г цагдаа гэдгийг мэдээгүй. Сүүлд цагдаа дээр ирсэн хойно цагдаа гэдгийг мэдсэн. Нойлын өрөөнд орж ирээд намайг элэгдсэн. Тэгээд баарны гадаа гарсан хойноо миний шилэн хүзүүнээс татахаар нь би нэг удаа цохисон... гэх, гэрч Ч.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн ... М.М нь Б.Н бид хоёрт албаны үнэмлэхээ үзүүлээгүй. Цагдаа гэдгээ хэлээгүй. Сүүлд цагдаа дээр орж ирээд М.М-г цагдаа гэдгийг нь мэдсэн ... гэж тус тус мэдүүлсэн, хохирогч М.М нь тухайн өдөр албан үүргээ гүйцэтгэж явсан гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх нөхцөл байдал хангагдаагүй байгаа учир хэргийг прокурорт буцаах шаардлагатай гэж үзсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид яллагдагчийг заавал үнэн зөв мэдүүлэг өгөхийг шаардсан, хэргийг яллагдагчаар хүлээлгэх гэсэн зүйл байхгүй, нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах зарчмыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2019/ШЗ/553 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Цолмонгэрэлийн бичсэн 12 дугаар сарын 26-ны өдрийн 01  дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2019/ШЗ/553 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Цолмонгэрэлийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 30 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.