| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Александрын Сарангэрэл |
| Хэргийн индекс | 128/2025/0661/3 |
| Дугаар | 221/МА2026/0278 |
| Огноо | 2026-04-28 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2026/0278
Г.Ддгийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал
Илтгэсэн шүүгч А.Сарангэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б
Нэхэмжлэгч: Г.Дд
Хариуцагч: Үндэсний аудитын газрын Санхүү, нийцлийн аудитын захирал Ц.Нч, аудитын менежер Б.Дс
Гуравдагч этгээд: “УДС ” ТӨХК
Нэхэмжлэлийн шаардлага: “Үндэсний аудитын газрын Санхүү, нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор, Үндэсний аудитын газрын Санхүү, нийцлийн аудитын газрын аудитын менежер, “Гпа” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 159/АО150092 СНАГ-2025/090/НА-СТА-ТӨҮГ дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актыг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 94 дүгээр шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Г.Дд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагч Ц.Нг-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ог, түүний өмгөөлөгч П.Нх, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дб
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайхан
Хэргийн индекс: 128/2025/0661/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 94 дүгээр шийдвэрээр:
“...Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 11 дүгээр зүйлийн 11.1.6, 11.2.2, 42 дугаар зүйлийн 42.1.3, 43 дугаар зүйлийн 43.2.1, 49 дүгээр зүйлийн 49.1.3 дахь заалт, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хуулийн 6 дугаар зүйлд 4 дэх хэсэг, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Ддгийн гаргасан “Үндэсний аудитын газрын Санхүү, нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор, Үндэсний аудитын газрын Санхүү, нийтийн аудитын газрын аудитын менежер, “Гпа” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 159/А0150092 СНАГ-2025/090/НА-СТА-ТӨҮГ дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
2.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Бгээс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
“...Анхан шатны шүүх тухайн захиргааны хэргийг хянан шийдвэрлэхдээ хэт нэг талыг баримтлан хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, ач холбогдолтой талаас нь бүрэн дүүрэн үнэлээгүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
2.1. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 16 дахь хэсэгт "..."УДС" ТОХК-ийн 2024 онд мөрдөгдөж байсан зохион байгуулалтын бүтэц, орон тоонд Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын албан тушаал, орон тоо байхгүй, гуравдагч этгээдээс компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоонд батлагдаагүй "Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга"-ын албан тушаалтанд нэмэгдэл цалин хөлс олгож байсан гэж дүгнэх үндэслэлтэй байна" гэж, мөн 17 дахь хэсэгт Төсвийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах үүргийг хүлээиз", мөн 18 дахь хэсэгт "Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл "УДС" ТӨХК-ийн зохион байгуулалтын бүтэц, орон тоонд "Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга"-ын албан тушаалын орон тоо, чиг үүрэг батлагдаагүй тохиолдолд нэхэмжлэгч Г.Дд нэмэгдэл цалин хөлс олгох хууль зүйн үндэслэлгүй байна" гэж дүгнэсэн нь дараах хууль болон эрх зүйн актаар хууль үндэслэлгүй гэж үзэж байна.
2.2.Хэдийгээр "УДС” ТӨХК-ийн зохион байгуулалтын бүтэц, орон тоонд "Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга"-ын албан тушаалын орон тоо, чиг үүрэг батлагдаагүй боловч сонгуульт албан тушаалтны эрхийг Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Үйлдвэрчний эвлэл, сонгуульт ажилтныг уйл ажиллагаагаа явуулах нөхцөл, бололцоогоор хангах асуудлыг хамтын гэрээнд тусгаж хэрэгжүүлнэ. Үндсэн ажлаасаа чөлөөлөгдсөн үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтанд хамтын гэрээ нийт ажилтны нэг адил хамаарна" гэж заасныг анхаарч авч үзээгүй.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7. "хамтын гэрээ" гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны хөдөлмөр эрхлэх, түүнтэй холбогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөдөлмөрийн хууль тогтоомжоор тогтоосон суурь хэм хэмжээнээс дордуулахгүйгээр харилцан тохиролцож ажилтныг илүү таатай нөхцөлөөр хангах, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, нийгмийн хамгаалалтай холбоотой хуулиар шууд зохицуулаагүй асуудлыг шийдвэрлэхээр ажил олгогч, ажилтны төлөөлөгчийн хооронд байгуулж, зохих журмын дагуу бүртгүүлсэн тохиролцоог", 4.1.8-т "хамтын хэлэлцээр" гэж хүний хөдөлмөрлөх, түүнтэй холбогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор улс, аймаг, сум, нийслэл, дүүрэг, салбар, салбар дундын хэмжээнд холбогдох талуудын хооронд байгуулж, зохих журмын дагуу бүртгүүлсэн тохиролцоог", 5 дугаар зүйлийн 5.1-т "Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд оролцогч дараах суурь зарчмыг баримталж, холбогдох үндсэн эрхийг эдэлнэ: 5.1.6. эвлэлдэн нэгдэх, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр байгуулах, ажилтан, ажил олгогч, тэдгээрийн төлөөлөгчдийн хоорондын харилцааг зохицуулах эрхийг хангах", 9 дүгээр зүйлийн 9.1-т "Ажилтан болон ажил олгогч аливаа байгууллага, албан тушаалтнаас зөвшөөрөл авахгүйгээр эрх, хууль ёсны ашиг сонирхлоо төлөөлөн хамгаалах байгууллага байгуулах, чөлөөтэй эвлэлдэн нэгдэх, үйл ажиллагаагаа явуулах, дүрмээ батлах, төлөөлөгчөө сонгох эрхтэй", мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т "Бүртгэх эрх бүхий байгууллага хамтын гэрээ, хамтын хэлэлцээрийг ажлын таван өдрийн дотор хууль тогтоомжид нийлж байгаа эсэхийг хянаж, нийцэж байвал тухайн хамтын гэрээ, хамтын хэлэлцээрийг бүртгэж, мэдээллийн санд оруулна. Ийнхүү бүртгэснээр уг хамтын гэрээ, хамтын хэлэлцээр хүчин төгөлдөр болно", 33 дугаар зүйлийн 33.3-т "Аливаа этгээд хамтын гэрээ, хамтын хэлэлцээрийг хэрэгжүүлэх явцад хөндлөнгөөс оролцох, саад учруулахыг хориглоно" гэж тус тус заасан. Тус хуулийн хүрээнд "УДС" ТӨХК-ийн захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны 2024 оны Хамтын гэрээ, мөн "Эрчим хүчний салбарын 2023-2024 оны хамтын хэлэлцээрийг тус тус байгуулсан ба, уг хамтын гэрээ, хэлэлцээрийг Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам бүртгэж баталгаажуулсан байна.
Ийнхүү хуулийн дагуу хүчин төгөлдөр болж, баталгаажсан Хамтын гэрээний 7 дугаар зүйлийн 7.6-т "Үйлдвэрчний эвлэлийн орон тооны сонгуульт ажилтныг байгууллагын үндсэн ажилтны адил хамтын гэрээнд хамруулж, гарах зардлыг ажил олгогч бүрэн хариуцна. Орон тосны ҮЭ-ийн хорооны даргад энэхүү гэрээний бүх заалт ажилтны нэгэн адил хамаарна", мөн Хамтын хэлэлцээрийн 7 дугаар зүйлийн 7.3-т "Үйлдвэрчний эвлэлийн орон тооны сонгуульт ажилтныг байгууллагын үндсэн ажилтны адил хамтын гэрээнд хамруулж, гарах зардлыг ажил олгогч бүрэн хариулна" гэж тус тус заасны дагуу үндсэн ажлаасаа чөлөөлөгдсөн "УДС" ТӨХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Г.Дд нь "УДС" ТӨХК-ийн ажилтны нэгэн адил нэмэгдэл цалин хөлс авах эрхтэй гэж үзэж байна.
2.3.Түүнчлэн Үйлдвэрчний эвлэлийн хороо нь өөрийгөө санхүүжүүлэх гэдэг нь Үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүд цалин хөлснөөсөө татвар цуглуулан Үйлдвэрчний эвлэлийн хорооны нийт гишүүдээ сургах, тусламж дэмжлэг үзүүлэх, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос сэргийлэх, ХАБЭА, нийгмийн хамгаалал, татвар, нийгмийн даатгал төлөх, эрхээ хамгаалах эвлэлдэн нэгдэхээр цахим нөлөөлөл, акц, жагсаал цуглаан хийх гэх зэрэг нийт үйл ажиллагаагаа дүрэм журмын дагуу зохих хувиар санхүүжүүлэн явуулахыг хэлж байгаа ба зөвхөн хорооны даргаа цалинжуулах үйл ажиллагаа дангаар байдаггүй. Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын үндсэн цалин хөлсийг санхүүжүүлж Хөдөлмөрийн тухай хууль, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хууль, Хамтын хэлэлцээр, Хамтын гэрээнд "Үйлдвэрчний эвлэлийн орон тооны сонгуульт ажилтныг байгууллагын үндсэн ажилтны адил хамтын гэрээнд хамруулж, гарах зардлыг ажил олгогч бүрэн хариуцна" гэж заасан үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтны эрхийг хангах зохицуулалтын дагуу хамтын хэлэлцээр, хамтын гэрээн дэх нэмэгдэл хөлснүүдийг ажил олгогчоос авах ба энэ нь санхүүгийн дэмжлэг, үйл ажиллагаанд нөлөөлөх хараат байлгах зүйл биш гэдгийг шүүх анхаарч үзсэнгүй.
2.4. Эдгээр хууль тогтоомж, хэм хэмжээний актаар хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлоо хамтран хамгаалах зорилгоор сайн дураараа чөлөөтэй эвлэлдэн нэгдсэн "УДС" ТӨХК-ийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны даргыг хариуцагч Үндэсний аудитын газрын Санхүү, нийцлийн аудитын захирал Ц.Нч, аудитын менежер Б.Дс нар нь "үндсэн орон тооны ажилтан бус зохион байгуулалтын бүтэц, орон тоонд батлагдаагүй ажилтан нэмэгдэл цалин хөлс олгох ёсгүй" гэж үзэж акт тогтоосон нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Учир нь эрх бүхий байгууллагаас хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг хянаад, нийцсэн гэж үзэн бүртгэж мэдээллийн санд оруулсан нь дээр дурдсан хамтын гэрээ, хамтын хэлэлцээрийг хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэх боломжгүй. Нөгөө талаар ажил олгогч захиргаа болон үйлдвэрчний эвлэлийн хороо хоорондын хамтын гэрээнд аливаа этгээд хөндлөнгөөс оролцохыг хориглосон зохицуулалтыг зөрчсөн гэж үндэслэлтэй байна. Ийнхүү нэхэмжлэгчид нэмэгдэл цалин хөлс, урамшуулал олгосон үйлдэл нь хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээрт нийцсэн байх тул Төсвийн тухай хуулийг зөрчөөгүй болно.
2.5. Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсгийн 22 дахь хэсэгт "...ажилтнуудын төлөөлөл нь ажил олгогч талаас хараат бусаар ажиллах зарчмыг хангасан зохицуулалт байна", 23 дахь хэсэгт "... ажил олгогчоос хараат бус байх шаардлага тавигдана", 27 дахь хэсэгт Үйлдвэрчний эвлэлийн хорооны орон тооны даргаар сонгогдон ажилладаг, түүний орон тооны үндсэн цалин хөлс олгогч нь Үйлдвэрчний эвлэлийн хороо байх тул нэмэгдэл цалин хөлс, урамшууллыг Үйлдвэрчний эвлэлийн хорооноос шаардах эрх нээлттэй, харин "УДС” ТӨХК-иас шаардах эрх үүсээгүй байна" гэж тус тус дүгнэжээ.
2.6.Анхан шатны шүүх сонгуульт ажилтны нэмэгдэл хөлсөө авах нь санхүүгийн дэмжлэг амлах үзүүлэх хэлбэр хэмээн хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл сонгуульт ажилтны нэмэгдэл цалин хөлс, урамшуулал авах эрхийг дээр дурдсан хууль, хамтын гэрээ, хэлэлцээрээр баталгаажсан болно.
Мөн ажилтан байсан нэхэмжлэгч нь ажилтны нэгэн адил хуульд заасан нэмэгдэл хөлсөө авах нь Үйлдвэрчний эвлэлийн хорооны дансанд гүйлгээ хийгддэггүй ба хороонд байгууллагаас ямар нэгэн санхүүжилт өгч байгаа хэлбэр биш юм. Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга нь чиг үүрэг гүйцэтгэдэггүй гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм Учир нь Хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, Ес зүйн хороо, ХАБЭА-н тухай хуулиар хөдөлмөрийн аюулгүй байдлын гурван шатны үзлэг, Эрүүл мэндийн үзлэг, ХАБЭА-н хувцас хамгаалах хэрэгслийн худалдан авалт, олголтод хяналт тавих, Засгийн газрын баталсан журмаар Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх комисс зэрэгт байгууллагын гүйцэтгэх захирлын тушаалаар баталсан комисс, ажлын хэсэгт орж ажилладаг буюу чиг үүрэг гүйцэтгэдэг болно.
2.7.Түүнчлэн Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын ажлын байр нь нийтийн албан тушаалтанд ордог ба хэрэв шүүгчийн үзэж буйгаар Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын бүх цалин хөлс, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, урамшууллуудыг Үйлдвэрчний эвлэлийн хорооноосоо гаргахад санхүү төсөв нь хүрэлцэж байгаа тул мөн хараат бус байна гэж үзэн эдгээр хуульд заасан нэмэгдэл, нэмэгдэл хөлснүүдээ байгууллагаасаа авахгүй гэвэл Үйлдвэрчний эвлэлийн хорооны дийлэнх зардлыг эзлэх ба санхүүгийн дүрэм журамд заасан хувь хэмжээнээс хэтрэх ба энэ нь Эрүүгийн тухай хуулийн 266.1-т "Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан, арбитрч албан үүргийн хувьд хууль тогтоомж, дүрмээр олгогдсон эрх мэдлээ илтэд хэтрүүлсний улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ", Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.3. "ашиг сонирхлын зөрчил гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг", Авлигын эсрэг хуулийн 3.1.1-т "Нийтийн албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг" гэх зэрэг хуулийн заалтуудыг зөрчих нөхцөл байдал руу оруулан хууль тогтоомж, дүрмээр олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэх шаардлагад хүргэж байна.
2.8. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн сонирхлын маргаанаар Хөдөлмөрийн арбитраар хэлэлцүүлж, иргэний хэргийн шүүхээр нэмэгдлүүдийг олгосон гүйцэтгэх захирлын тушаал шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн шийдвэрлэсэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 192/Ш32025/43729 Хөдөлмөрийн арбитрын шийдвэрийг баталгаажуулах тухай захирамжийг нотлох баримтын хэмжээнд үнэлж дүгнээгүй нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, ач холбогдолтой талаас үнэлээгүй гэж үзэж байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэв.
1.Нэхэмжлэлийн шаардлага, талуудын маргаж буй үндэслэлийн тухайд:
1.1.Нэхэмжлэгч Г.Ддгаас “Үндэсний аудитын газрын Санхүү, нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор, Үндэсний аудитын газрын Санхүү, нийцлийн аудитын газрын аудитын менежер, “Гпа” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 159/АО150092 СНАГ-2025/090/НА-СТА-ТӨҮГ дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Үндэсний аудитын газрын Санхүү, нийцлийн аудитын захирал Ц.Нч, аудитын менежер Б.Дс нарт холбогдуулан гаргажээ.
1.2.Нэхэмжлэгчээс “Хөдөлмөрийн тухай хууль, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хууль, хамтын гэрээ, хэлэлцээрт зааснаар үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтанд хамтын гэрээ нийт ажилтны нэг адил хамаарахаар заасныг харгалзан үзээгүй, үйлдвэрчний эвлэлийн гишүүн эсэхээр нь ялгаварлан гадуурхаж ажилтны нэгэн адил хамрагдах нэмэгдэл цалин урамшуулал авах эрхийг хязгаарласан” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлан маргасан.
1.3.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...”УДС” ТӨХК-иас хамтын гэрээ, дотоод журамд заасан үндэслэлээр тус компанийн бүтэц орон тоонд хамаардаггүй ажилтан буюу Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргад нэмэгдэл цалин урамшуулал олгосон нь Төсвийн тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн” гэх тайлбарыг өгчээ.
1.4.Гуравдагч этгээдээс “Үндэсний аудитын газраас манай компанид 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 159/АО150092 дугаартай төлбөр барагдуулах тухай акт тавьсан. Үүнтэй холбоотойгоор манай компаниас 2025 оны 01 дүгээр сараас эхлэн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Г.Ддд “Хамтын гэрээ”-нд заасан нэмэгдэл хөлсийг олгоогүй.” гэж тайлбарласан.
2.Маргаан үйл баримтын тухайд:
2.1.Нэхэмжлэгч Г.Дд нь “УДС” ТӨХК-ийн Төсөл хэрэгжүүлэх албаны Төсөл судалгаа, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан инженерийн албан тушаалд 2022/01-391 дугаартай Хөдөлмөрийн гэрээ[1] байгуулан ажиллаж байгаад нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг үндэслэн түүнийг Төсөл судалгаа, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан инженерийн ажлаас нь чөлөөлж, байгууллагын Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар сонгож, улмаар
түүнд 2024 оны 3-12 сарыг дуусталх хугацааны эрчим хүчний салбарт тогтвор суурьшилтай ажилласныг урамшуулах удаан жилийн нэмэгдэл, мэргэшлийн зэргийн нэмэгдэл, хоолны үнийн хөнгөлөлтийг олгохоор шийдвэрлэжээ.
2.2.Үндэсний аудитын газрын Санхүү, нийцлийн аудитын газрын “УДС” ТӨХК-ийн 2024 оны санхүүгийн тайланд аудит хийж гаргасан маргаан бүхий актаар[2] компанийн орон тоонд ажиллаагүй, чиг үүрэг гүйцэтгээгүй ажилтанд захирлын тушаалаар олгосон 22,594,308.00 төгрөгийн нэмэгдэл цалин, үр дүнгийн урамшууллыг буруутай албан тушаалтнаар төлүүлэхээр шийдвэрлэсэн, актаар тогтоосон 22,594,308.00 төгрөгийг гуравдагч этгээд “УДС” ТӨХК-иас төлж барагдуулсан үйл баримт тогтоогдов.
3.Хамтын гэрээ, хамтын хэлэлцээрийн тухайд:
3.1.Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4-т Хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцсэн хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг холбогдох талууд дагаж мөрдөх үүрэгтэй байхаар, 4 дүгээр зүйлийн 4.1.7-д хамтын гэрээг тухайн аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны хөдөлмөр эрхлэх, түүнтэй холбогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөдөлмөрийн хууль тогтоомжоор тогтоосон суурь хэм хэмжээнээс дордуулахгүйгээр, илүү таатай нөхцөлөөр хангах зорилго бүхий ажил олгогч, ажилтны төлөөлөгчийн тохиролцоо гэж тодорхойлсон, 4 дүгээр зүйлийн 4.1.8-д хамтын хэлэлцээрийг улс, аймаг, нийслэл, салбар, салбар дундын хэмжээнд хүний хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор байгуулагдах тохиролцоо гэж тодорхойлсон.
Хуулийн эдгээр зохицуулалтаас үзэхэд хамтын гэрээ, хамтын хэлэлцээр нь талуудын сайн дурын тохиролцоо төдий бус, хөдөлмөрийн харилцаанд заавал хэрэгжих эрх зүйн хүчин чадалтай баримт бичиг гэж үзэхээр байна.
3.4.Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт үйлдвэрчний эвлэл, түүний сонгуульт ажилтныг үйл ажиллагаагаа явуулах нөхцөл, бололцоогоор хангах асуудлыг хамтын гэрээнд тусгаж хэрэгжүүлэхээр, мөн үндсэн ажлаасаа чөлөөлөгдсөн үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтанд хамтын гэрээ нийт ажилтны нэг адил хамаарахаар заасан.
3.5.Энэ зохицуулалтаас үзэхэд үйлдвэрчний эвлэлийн ажилтныг ажил олгогчийн бүтэц, орон тоонд заавал тусгасан байхыг шаардаагүй, харин ажилтнуудын эрх, ашгийг хамгаалах үйлдвэрчний эвлэлийн төлөөллийг хэрэгжүүлэхээр үндсэн ажлаасаа чөлөөлөгдсөн тохиолдолд хамтын гэрээний хүрээнд нийт ажилтны нэгэн адил нөхцөлөөр хангагдах тусгай баталгаа гэж үзэх үндэслэлтэй байна.
3.6.“УДС” ТӨХК-ын захиргаа болон тус компанийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2024 оны хамтын гэрээг хэрэгт хавсаргаагүй байх боловч тус 2024 оны хамтын гэрээг 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан, мөн тус гэрээний 7.6-д “Үйлдвэрчний эвлэлийн орон тооны сонгуульт ажилтныг байгууллагын үндсэн ажилтны адил хамтын гэрээнд хамруулж, гарах зардлыг ажил олгогч бүрэн хариуцна” гэсэн агуулга байсан талаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гуравдагч этгээд “УДС” ТӨХК-ийн хариу тайлбар[3], Хөдөлмөрийн арбитрын хуралдааны 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 25/2 дугаар шийдвэр[4] зэргээр тус тус тогтоогдов.
3.7.Мөн Эрчим хүчний салбарын 2023-2024 оны хамтын хэлэлцээрийн 7.3-д үйлдвэрчний эвлэлийн орон тооны сонгуульт ажилтныг байгууллагын үндсэн ажилтны адил хамтын гэрээнд хамруулж, гарах зардлыг ажил олгогч бүрэн хариуцахаар тусгажээ.
3.8.Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын 2023-2024 оны хамтын хэлэлцээр, Эрчим хүчний салбарын 2003-2024 оны хамтын хэлэлцээр, “УДС” ТӨХК-ийн захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хооронд байгуулсан хамтын гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасны дагуу бүртгэж баталгаажуулсан болох нь Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 08/2102 дугаар албан бичиг[5], мөн яамны 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 02/3883 дугаар албан бичиг[6]-ээр ирүүлсэн нотлох баримтаар тогтоогдож байна.
3.9.Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Бүртгэх эрх бүхий байгууллага хамтын гэрээ, хамтын хэлэлцээрийг ажлын таван өдрийн дотор хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг хянаж, нийцэж байвал тухайн хамтын гэрээ, хамтын хэлэлцээрийг бүртгэж, мэдээллийн санд оруулна. Ийнхүү бүртгэснээр уг хамтын гэрээ, хамтын хэлэлцээр хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу “УДС” ТӨХК-ийн захиргаа болон Ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан хамтын гэрээ, Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын 2023-2024 оны хамтын хэлэлцээр нь тус тус маргаан бүхий захиргааны актыг гарах үед хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байсан гэж үзэх үндэслэлтэй.
3.10.Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд, “УДС” ТӨХК-ийн захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны 2024 оны хамтын гэрээ, Эрчим хүчний салбарын 2023–2024 оны хамтын хэлэлцээр зохих журмаар байгуулагдаж, бүртгэгдсэн бөгөөд тэдгээрт үйлдвэрчний эвлэлийн орон тооны сонгуульт ажилтныг байгууллагын үндсэн ажилтны адил хамтын гэрээнд хамруулж, гарах зардлыг ажил олгогч бүрэн хариуцахаар тусгасан байна.
3.11.Иймд нэхэмжлэгч Г.Дд нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, салбарын хамтын хэлэлцээр, байгууллагын хамтын гэрээний дагуу байгууллагын үндсэн ажилтны нэгэн адил хамтын гэрээнд хамрагдах тусгай эрх зүйн баталгааг эдлэх эрхтэй.
3.12.Түүнчлэн нэхэмжлэгчид олгосон удаан жилийн нэмэгдэл, мэргэшлийн зэргийн нэмэгдэл, хоолны хөнгөлөлт, үр дүнгийн урамшуулал зэрэг нь ажил олгогчоос дур зоргоороо, үндэслэлгүйгээр олгосон зардал бус, харин хуульд нийцүүлэн байгуулагдсан, хуулийн хүчин төгөлдөр хамтын гэрээ, хамтын хэлэлцээрийн хэрэгжилт гэж үзэх үндэслэлтэй.
3.13.Гэтэл анхан шатны шүүхээс ““УДС” ТӨХК-ийн зохион байгуулалтын бүтэц, орон тоонд Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын албан тушаал батлагдаагүй тул нэхэмжлэгчид нэмэгдэл цалин хөлс олгох хууль зүйн үндэслэлгүй” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
3.14.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь компанийн ердийн бүтэц, орон тоонд шинээр томилогдсон ажилтан бус, харин тус компанид ажиллаж байсан, ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн төлөөллийн байгууллагын албан тушаалд шилжсэн, үндсэн ажлаасаа чөлөөлөгдсөн үйлдвэрчний эвлэлийн ажилтан бөгөөд Үйлдвэрчний эвлэлийн ажилтны эрх зүйн байдал нь байгууллагын ердийн бүтэц, орон тооны албан тушаалтнаас ялгаатай. Түүний эрх зүйн баталгаа нь ажил олгогчийн баталсан орон тооны жагсаалтаар бус, харин Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, салбарын хамтын хэлэлцээр, байгууллагын хамтын гэрээгээр тодорхойлогдоно.
Иймээс “байгууллагын зохион байгуулалтын бүтэц орон тоонд тусгагдаагүй” гэх үндэслэлээр хуульд тусгайлан баталгаажуулсан үйлдвэрчний эвлэлийн ажилтны хамтын гэрээ, хэлэлцээрт заасан баталгааг эдлэх эрхийг шүүхээс үгүйсгэх үндэслэлгүй юм.
4.Хөдөлмөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6, 11.2.2 дахь хэсгийг баримталсан анхан шатны шүүхийн дүгнэлтийн тухайд:
4.1.Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6, 11.2.2 дахь хэсгийн зохицуулалтын зорилго нь ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгчид, ажилтны хөдөлмөрийн харилцаанд шударга бусаар ажилтны төлөөлөгчид санхүүгийн болон бусад дэмжлэг амлах, үзүүлэх замаар ажил олгогчийн хяналтад байлгахыг оролдох, хамтын хэлэлцээ хийх болон хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэх нөхцөлтэйгөөр ажил олгогчоос санхүүгийн болон бусад дэмжлэг шаардах, авахыг хориглосон агуулгатай байна.
4.2.Харин маргааны тохиолдолд хамаарах хууль, хамтын хэлэлцээр, гэрээнд заасан хөдөлмөрийн баталгааг хэрэгжүүлж, нийт ажилтанд хамаарах нэмэгдэл, урамшууллыг үйлдвэрчний эвлэлийн орон тооны ажилтанд нэгэн адил олгохтой холбоотой харилцаанд дээрх Хөдөлмөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6, 11.2.2 дахь хэсгийн зохицуулалт нь хамааралгүй юм.
4.3.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид олгосон нэмэгдэл, урамшуулал нь үйлдвэрчний эвлэлийн хороонд өгсөн хандив, тусламж, санхүүжилт бус, мөн хамтын хэлэлцээний үр дүнд нөлөөлөх зорилготой давуу байдал гэж үзэх үндэслэлгүй, харин ажилтны хөдөлмөрийн болон эвлэлдэн нэгдэх эрхийг хамгаалах хууль ёсны баталгаа байна.
4.4.Иймд үйлдвэрчний эвлэлийн ажилтны хөдөлмөрийн баталгааг хангахыг ажилтны төлөөллийн хараат бус байдалд халдсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй бөгөөд Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн зорилго, Хөдөлмөрийн тухай хуулийн хамтын гэрээний зохицуулалтын агуулгыг анхан шатны шүүхээс буруу тайлбарласан гэж үзэхээр байна.
5.Маргаан бүхий актын бусад үндэслэлийн тухайд:
5.1.Маргаан бүхий актаар Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах, 41 дүгээр зүйлийн 41.2.2-т батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 4.1.3-д үр ашигтай байх, 4.1.9-д хариуцлагатай байх, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн хөрөнгөөр хандив, тусламж, түүнтэй адилтгах аливаа хөтөлбөр, apra хэмжээ, нийгмийн шинжтэй үйл ажиллагаа, төсвийн алдагдлыг санхүүжүүлэхийг хориглоно.” гэж тус тус заасныг гуравдагч этгээд “УДС” ТӨХК-ийг зөрчсөн гэж үзэж төлбөр барагдуулах акт үйлджээ.
5.2.Дээрх Төсвийн тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн зорилго нь төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн хөрөнгийг хяналтгүй, үр ашиггүй, зорилгоос гадуур, хууль зүйн үндэслэлгүйгээр зарцуулахыг хориглосон агуулгатай байна.
5.3.Харин уг зарчим нь хуульд нийцсэн хөдөлмөрийн баталгаа, хүчин төгөлдөр хамтын гэрээ, хамтын хэлэлцээрээр үүссэн заавал хэрэгжих төлбөрийн үүргийг үгүйсгэх, эсхүл ажилтны эрхийг дордуулах зорилгоор хэрэглэгдэх үндэслэлгүй юм.
5.4.Мөн “үр ашигтай”, “хэмнэлттэй байх” зарчим нь “хуульд нийцсэн хөдөлмөрийн баталгааг хэрэгжүүлэхгүй байх” гэсэн ойлголт биш. Хэмнэлт гэдэг нь хууль ёсны үүргээ биелүүлэхээс татгалзах бус, харин төсөв, хөрөнгийг хуульд нийцүүлэн, зориулалтын дагуу, үр ашигтай хэрэгжүүлэхийг хэлнэ.
5.5.Түүнчлэн маргаан бүхий хамтын гэрээ, хамтын хэлэлцээрийн заалтууд хүчин төгөлдөр бус болсон, хүчингүйд тооцогдсон, эсхүл эрх бүхий байгууллагаас хууль зөрчсөн гэж тогтоосон, хариуцагчаас энэ талаар маргасан үндэслэл тогтоогдоогүй байна.
5.6.Үүнээс дүгнэхэд нэхэмжлэгчид олгосон нэмэгдэл цалин, урамшуулал нь үйлдвэрчний эвлэлийн орон тооны сонгуульт ажилтны хуульд заасан баталгаанд хамаарч, хамтын гэрээ, хамтын хэлэлцээрт үндэслэсэн байх тул эдгээр нэмэгдэл цалин, урамшууллыг олгосон үйлдлийг дээр дурдсан Төрийн хэмнэлтийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Төсвийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
6.Шүүх хуралдаанд хариуцагч Б.Дс, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Аз, В.О нараас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн байх боловч хариуцагч Ц.Нчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ог, түүний өмгөөлөгч П.Нх нар нь ирсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4, 91.5 дахь хэсэгт зааснаар тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.
Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэв.
7.Магадлалыг биелүүлэх тухайд:
7.1.Маргаан бүхий Үндэсний аудитын газрын 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 159/АО150092 СНАГ-2025/090/НА-СТА-ТӨҮГ дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актыг захиргааны шүүхээс хүчингүй болгосонтой холбогдуулан уг актыг үндэслэн нэхэмжлэгч Г.Ддгаас аливаа төлбөр, нөхөн төлбөр шаардах, түүнд өмнө олгогдсон нэмэгдэл цалин, үр дүнгийн урамшууллыг хууль бус төлбөр гэж үзэх үндэслэлгүй болно.
7.2.Гуравдагч этгээд “УДС” ТӨХК-иас маргаан бүхий актад заасан төлбөрийг төлсөн эсэхтэй холбоотой төлбөрийг буцаан гаргуулах, нягтлан бодох бүртгэлд залруулга хийх, холбогдох байгууллагуудын хооронд тооцоо нийлэх асуудлыг эрх бүхий этгээд хуульд заасан журмаар тусад нь шийдвэрлэхэд энэхүү магадлал саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 94 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4, 32 дугаар зүйлийн 32.2, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 41.2.2, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Ддгаас Үндэсний аудитын газрын Санхүү, нийцлийн аудитын захирал Ц.Нч, аудитын менежер Б.Дс нарт холбогдуулан гаргасан “Үндэсний аудитын газрын Санхүү, нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор, Үндэсний аудитын газрын Санхүү, нийцлийн аудитын газрын аудитын менежер, “Гпа” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 159/АО150092 СНАГ-2025/090/НА-СТА-ТӨҮГ дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Үндэсний аудитын газрын Санхүү, нийцлийн аудитын газрын аудитын менежер, “Гпа” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 159/АО150092 СНАГ-2025/090/НА-СТА-ТӨҮГ дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актыг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ