| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 139/2020/00408/И |
| Дугаар | 139/ШШ2020/00505 |
| Огноо | 2020-07-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 139/ШШ2020/00505
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч:Т.Б-ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэрэннадмид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Б- миний бие 1967 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, энэ жил 53 нас хүрч байгаа. 1987 оны 03 дугаар сарын 12-нд хүү Б.Гантулга, 1988 оны 12 дугаар сарын 11-нд охин З.Гантуяа, 1990 оны 08 дугаар сарын 26-нд хүү З.Ганбаатар, 1997 оны 07 дугаар сарын 23-нд хүү А.Нармандах нарыг төрүүлсэн. Би 1983-аас 1985 онд Барилгын техник мэргэжлийн сургууль төгсөөд 1985 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31 -ний өдрийг дуустал Дундговь аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын Бойны ажилчин буюу гэдэс арилгагчаар ажиллаж байсан. 1990-2000 оныг дуусталх хугацаа буюу 11 жилийг улсаас нөхөн тооцсон. Миний Дундговь аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын Бойны газар ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, Дундговь аймгийн Архивын тасгийн тодорхойлолт, Дундговь аймгийн татварын хэлтсийн тодорхойлолт, зэрэг бусад баримтуудад үндэслэн миний 1985 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын Бойны ажилчин буюу гэдэс арилгагчаар ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Б- нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар тэтгэвэр тогтоолгох эрх нь үүссэн. Т.Б-ийн 1985.10.10-1989.12.31-ний өдрийг хүртэл хугацаанд Худалдаа нийтийн хоолны трестийн Бойны газар гэдэс арилгагчаар ажиллаж байх үеийн хөдөлмөрийн дэвтэр 2009 оны 12 сард шатсаны улмаас үрэгдсэн, Т.Б-т холбогдох тушаалууд хагас дутуу байдаг учраас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хандсан. Худалдаа нийтийн хоолны трест ажилчдаа сэлгэн ажиллуулдаг байсантай холбоотой тушаалууд олдсон. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Б- нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Т.Б-ийн 1985.10.10-1989.12.31-ний өдөр хүртэл ажиллаж байх үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, уг дэвтрийг сэргээх боломжгүй, ажилд орсон, гарсан тушаал нь архивт хадгалагдаагүй болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, Архивын тасгийн 2020.04.22-ны өдрийн 291 тоот “Тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн ХНХ-ны трестэд 1985 оны 10 сараас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал бойнд ажилчнаар ажиллаж байсан тухай баримт байхгүй байгаа учир Т.Б-тэй холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна” гэх тодорхойлт /хх-4 дүгээр хуудас/-оор тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүх тухайн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан Татварын хэлтсийн 2020.04.29-ний өдрийн 08/491 тоот “Худалдаа нийтийн хоолны трест нь 1990 оны 8 дугаар сарын 13-нд улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1991 оны 12 дугаар сарын 26-нд “Тулга” ББХ хоршоо, 1994 оны 2 дугаар сарын 03-нд “Ундрам” ББХК болон өөрчлөгдсөн бөгөөд 1996 оны 4 дүгээр сарын 27-оос эхлэн “Ундраммандал” ХХК болон үйл ажиллагаа явуулж байна” гэх албан бичиг /хх-5 дугаар хуудас/,
-Гэрч Д.Цолмонгийн “...Би 1969 оноос Дундговь аймгийн Худалдаа нийтийн хоолны трестэд боодлын цехэд худалдагч хийж байгаад 1977 онд Бойны газар очиж гэдэс цэвэрлэдэг байсан. Би 2003 он хүртэл Бойны газар тасралтгүй ажилласан. Өвөл болохоор гуанзанд ажиллаад намар, зун, хавар бойн дээр ажилладаг байсан. Т.Б- Дундговь аймгийн Худалдаа нийтийн хоолны трестэд Бойны газар гэдэс арилгагчаар 1985 оны 10 сараас 1989 оныг дуустал ажилласан нь үнэн...” гэх мэдүүлэг /хх-11 дүгээр хуудас/, гэрч Н.Бээжинсүрэнгийн “...Би 1978 оноос Дундговь аймгийн Худалдаа нийтийн хоолны трестэд худалдагчаар ажиллаж эхлээд 1980 оноос тухайн байгууллагад нягтлангаар ажилласан. Манай байгууллагад 13, 14 нягтлан ажилладаг байсан. Цалин хөлсний 2 нягтлан байдаг байсан. Би цалин хөлсний нягтлан байсан. Т.Б- 1985 оноос Дундговь аймгийн Худалдаа нийтийн хоолны трестийн Бойны газарт гэдэс арилгагчаар ажиллаж эхлээд 1990 он хүртэл ажиллаж байгаад ажлаасаа гарсан. Ажлаасаа гараад юу хийсэн талаар нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-12 дугаар хуудас/, гэрч О.Цогзолмаагийн “...Би Дундговь аймгийн Худалдаа нийтийн хоолны трестэд 1985 оны 9 сараас үйлчлэгчээр ажиллаж эхлээд 1998 оноос уг байгууллагад няраваар ажиллаж байгаад 2002 онд ажлаасаа гарсан. Т.Б- нь 1985 оны 10 сараас 1989 оныг дуустал Дундговь аймгийн Худалдаа нийтийн хоолны трестэд бойны газар гэдэс арчигчаар ажилласан нь үнэн...” гэх мэдүүлэг /хх-13 дугаар хуудас/, гэрч Б.Цэцэгхоролын “...Би 1983, 1984 оноос Дундговь аймгийн Худалдаа бэлтгэлийн ангид Дэлгэрхангай ресторанд зөөгчөөр ажиллаж эхэлсэн. Би 1988 оны намар хүртэл Дэлгэрхангай ресторанд ажиллаж байгаад Холбоонд залгагчаар ажиллаж эхэлсэн. Т.Б- нь Худалдаа бэлтгэлийн ангид бойны газар ажилладаг байсан. Яг хэдэн оны хэдэн сарын хэднээс ажиллаж эхэлсэн талаар сайн мэдэхгүй. Т.Б- бид хоёр Худалдаа бэлтгэлийн ангийн шигшээ багт байдаг, хамт сагс болон волейболын тэмцээнд орж байсан. Их олон тэмцээн уралдаанд орж, шагнал урамшуулал авч байсан. Худалдаа бэлтгэлийн анги ажилчдаа нөхөөсний ажилд их явуулдаг байсан. Үйлчлэгч, угаагч хийлгэдэг, зуд болохоор хөдөө томилдог байсан. Мөн улирлын чанартайгаар ажилчдаа шилжүүлдэг байсан. Т.Б- бид хоёр 2008 оноос хамтран ажиллаж цайны газар ажиллуулж эхэлсэн. Цайны газрынхаа ард нэг өрөөтэй, тэндээ бид хоёр хамт амьдардаг байсан. Бид хоёрыг хамт цайны газар ажиллуулж байх үед 2009 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Т.Б-ийн Өмнөговь аймгийн Цагаан хаданд байдаг гэр нь шатсан. Тухайн үед Т.Б- нь орондоо унтаж байхад нь түймэр гарсан учраас дотуур хувцастайгаа л үлдсэн. Сүрлэн дээвэртэй байшин байсан учраас их хурдан шатаад дууссан...” гэх мэдүүлэг /хх-29-30 дугаар хуудас/,
- Дундговь аймгийн Мандалговь хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1986 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 155 тоот зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай “Мал нядалгааны үеэр түр ажилд авсан доорх хүмүүсийг 1987 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхэлж чөлөөлж аймгийн ХНХ-ийн хэлтсийн мэдэлд бүрмөсөн шилжүүлсүгэй” гэх тушаал /хх-32 дугаар хуудас/,
- Мандалговь хотын Худалдаа бэлтгэлийн трестийн хамтын зөвлөлийн хурлын 1987 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 50 тоот зарим хүнийг ажилд авах, байгууллага дотроо ажил өөрчлөх тухай “...Т.Б-ийг 6 дугаар сарын 01-ний өдрөөс түр үйлчлэгчээр...” гэх протокол /хх-33 дугаар хуудас/,
- Дундговь аймгийн Мандалговь хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1987 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 115 тоот зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай “Мал нядалгааны үеэр түр ажилд авсан доорх хүмүүсийг 1987 оны 12 дугаар сарын 28-аас эхлэн чөлөөлж, ХНХ-ийн хэлтсийн мэдэлд шилжүүлсүгэй” гэх тушаал /хх-34 дүгээр хуудас/, зэрэг бичгийн баримтуудаар нэхэмжлэгч нь 1985 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Худалдаа нийтийн хоолны трестэд бойны ажилтнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Т.Б-ийг 1985 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Худалдаа нийтийн хоолны трестэд бойны ажилтнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлий 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ