Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 139/ШШ2020/00506

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  З.Ганчимэг даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: “Х”-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б.Ц

Хариуцагч: Б.Г нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 53.616.883 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М,  хариуцагч Б.Ц, Б.Г, гуравдагч этгээд Ч.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэрэннадмид нар оролцов.

 

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х”-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Б.Ц, Б.Г нар нь Хтай 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 1190017441 тоот зээлийн гэрээ байгуулан 48.300.000 төгрөгийг 1 жилийн 16.8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан. Х нь 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр зээлдэгч Б.Цын Хин дахь 5000140071 тоот дансанд 48.300.000 төгрөгийг шилжүүлэн 1190017441 дугаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1190017441-01 дугаартай барьцааны гэрээ байгуулж Ч.Ггийн өмчлөлийн Г-0814000766 дугаартай, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг, Арвижих 14 дүгээр гудамжны 02 тоотод байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1046 м/кв талбай бүхий өмчлөх газар, Ч.Ггийн өмчлөлийн Ү-0814000618 дугаартай Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг, Арвижих 14 дүгээр гудамжны 02 тоотод байршилтай 78  м/кв талбайтай өвлийн сууц зэргийг хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж барьцаалсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 2.408.545 төгрөг, зээлийн хүүнд 2.276.711 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 867.70 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш төлөөгүй нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 355 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1190017441 тоот зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 45.891.454 төгрөг, 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаарх хүү 7.615.667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 109.761 төгрөг, нийт 53.616.883 төгрөгийг Б.Ц, Б.Г нараас гаргуулж өгнө үү, зээлдэгч сайн дураараа төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхийн шийдвэрт тухайлан зааж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хамтран зээлдэгч Б.Г зээлийн гэрээнд гарын үсэг зурж гэрээний нэг тал болсон учраас үндсэн зээлдэгч, хамтран зээлдэгч хоёроос үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа. Зээлийн гэрээний зүйл хэний дансанд орсон эсэхээс үл хамааран зээлийн үүргийг хамтран хүлээнэ гэж заасны дагуу хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийг тэнцүү хэмжээгээр шаардаж байна. Зээлийн гэрээний 2.2 дахь хэсэгт зээлдэгч болон хамтран зээлдэгч дараах зөвшөөрлийг энэхүү гэрээгээр олгосон бөгөөд дахин бичгээр зөвшөөрөл авах шаардлагагүй гэж, 2.2.1 дэх хэсэгт зээлдэгч, хамтран зээлдэгч зээлийн төлбөрийг өөрийн цалин, түүнтэй адилтгах орлогоос төлөх ба энэ зорилгоор цалин хөлс, түүнтэй адилтгах бусад орлогоос 4.3 дахь хэсэгт заасан бусад орлогоос зээлийн төлбөр, бусад төлбөрийг үл маргах журмаар суутган авна гэж заасан байгаа. Зээл орсны дараа хариуцагч Б.Гийн данс руу мөнгө орж, манай дээр байдаг зээлийнх нь эргэн төлөлт хийгдсэн байсан. Уг зээлийг өрхийн хэрэглээний зориулалтаар авсан, өрхийн хэрэглээндээ хэрэглэсэн гэж үзэж байгаа. Гуравдагч этгээд Ч.Ггээс 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Б.Цад итгэмжлэл хийж өгсөн. Б.Ц нь 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр зээл авсан. Итгэмжлэл олгосон учраас зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна. Итгэмжлэлийн дагуу Ч.Гг оролцуулалгүйгээр Б.Цаар гарын үсэг зуруулж барьцааны гэрээ байгуулсан. Банкны зүгээс гуравдагч этгээдийн хөрөнгийг 48.300.000 төгрөгт барьцаалаагүй. Банкны дотоод журмын дагуу цалингийн зээлийг 30 сая төгрөг болон түүнээс дээш төгрөгөөр авахад үл хөдлөх барьцаална гэж заасан байдаг. 2018 онд Монгол банкны гаргасан журмын дагуу хамтран зээлдэгчийн цалин орлогыг тооцдоггүй байсан учраас зээлдэгч цалингийн зээлээ төлөхгүй бол хамтран зээлдэгч зээлийг төлнө гэж эрсдэлээ тооцож үзээд гэр бүлийн гишүүн гэдэг утгаар нь хамтран зээлдэгчээр оруулсан. Зээлийн өргөдөл дээрээ гэр бүлийн хүнтэйгээ хамтран зээлдэнэ гэсэн байвал зээлийн хороо түүнийг нь судлаад зээл олгох эсэхээ шийдвэрлэнэ. Зээл олгохоор болвол зээлдэгч, хамтран зээлдэгч нараар гарын үсэг зуруулна. Зээлдэгч зээлийн материалаа бүрдүүлэхдээ хамтран зээлдэгчээ сонгодог. Зээл олгох шийдвэр гарсны дараа зээлдэгч, хамтран зээлдэгч хоёроор гарын үсэг зуруулж байж зээлийн гэрээ хүчин төгөлдөр болдог. Тиймээс хариуцагч нараас зээлийн гэрээний төлбөр 53.616.883 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.  

Хариуцагч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед "Гялс төгрөг" ХЗХ түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг байсан ба нүүх шаардлага гараад "Гялс төгрөг" ХЗХ-ны удирдлагуудтай зөвшилцсөний үр дүнд түрээслэх байрыг нь би худалдаж аваад, "Гялс төгрөг" ХЗХ-нд түрээслэхээр болсон. Тэгээд би “Х”-д  хүсэлт гаргаж 2017 онд авсан байсан цалингийн зээл дээрээ нэмэлтээр үл хөдлөх хөрөнгийн барьцаа гаргаад 20 орчим сая төгрөгийн зээл гаргуулсан. Авсан зээлээрээ худалдаж авах байрныхаа урьдчилгааг өгсөн. Гэтэл тухайн байранд халаалтын шугам татах боломжгүй болсны улмаас "Гялс төгрөг" ХЗХ-нд түрээслэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Би өөрөө тухайн зээлийг төлж явж байгаад "Гялс төгрөг" ХЗХ-ны салбарын захирлын ажлаа хүлээлгэж өгөөд зээл төлөх боломжгүй нөхцөл байдалтай болсон. Байр авах гээд урьдчилгаанд өгсөн мөнгөө буцааж авч чадаагүй. Тэр мөнгийг буцааж авч чадвал энэ зээлийг буцааж төлөх зорилготой байгаа. Уг зээлийн бизнес хийх зорилготойгоор авсан. Миний бусад барьцаа хөрөнгө буюу хашаа байшин, хашаа, жуулчны баазын тоног төхөөрөмж Ханд барьцаанд байсан учраас авга ахынхаа хашаа байшинг барьцаалж зээл авсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Үнийн дүн дээр маргах зүйл байхгүй гэв.

Хариуцагч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би "Х" ХХК-д очиж гарын үсэг зураагүй учраас энэ зээлийн бодит процессийг огт мэдэхгүй. Зээлийн өргөдөл дээр хамтран зээлдэгчээр гарын үсэг зуруулах гэж тусгагдсан боловч тухайн өргөдөл дээр огт гарын үсэг зуруулаагүй. Зээлийн гэрээн дээрх гарын үсгийг намайг ажил дээр байхад зуруулсан. Би өөрөө Х дээр очиж гарын үсэг зураагүй. Би энэ зээлийг хэрэглээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өрхийн хэрэглээний зээл гэж байгаа боловч өрхийн хэрэглээний зээл үү, бизнесийн зээл үү гэдгийг нь судлаагүй олгосон байна гэж үзэж байна. Шүүхэд бичгээр гаргасан тайлбараа дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Гуравдагч этгээд Ч.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Х" ХХК-ийг ажлын хариуцлагагүй байдал гаргасан гэж би үзэж байна. Манай хашаа, байшин яаж ч бодсон үнэлгээ нь 40 гаруй сая төгрөгт хүрэхгүй. Би 2012-2013 оны үед хашаа байшингаа барьцаалж Төрийн банкнаас 5 сая төгрөгийн зээл авах гэтэл үнэлгээгээр 5 сая төгрөг хүрэхгүй гээд манай гэрийн хөргөгч, хивс зэргийг нэмэлтээр барьцаалж 3 сая төгрөгийн зээл олгож байсан. Манай хашаа байшин дээд тал нь 7, 8 сая төгрөгийн үнэлгээтэй хашаа байшин. Учир нь хашаа хойноосоо элсэнд дарагдаад элс түрж хашаа нураасан. Жоохон салхи гарахаар хулдаас нь дээшээ хөөрөөд байдаг модон байшин байсныг нь 2 жилийн өмнө гадуур нь тоосголсон. Х тухайн үед барьцааны зүйлийг зураг дарж баталгаажуулаагүй зээл өгсөн. Би тухайн үед Б.Цад нотариатч дээр очоод гарын үсэг зурж итгэмжэл өгсөн нь үнэн. Харин “Х”-д миний гарын үсэг нэг ч байхгүй. Би гурван хүүхэдтэй. Хүү маань хөдөө байдаг. Хоёр охин маань уг хашаанд нэг нь дөрвөн хүүхэдтэйгээ, нөгөө нь таван хүүхэдтэйгээ гэртээ байдаг. Хашаагаа хураалгавал би хүүхдүүдийн хамт гудамжинд гарах болоод байна. Энэ зээл надад хамааралгүй учраас миний хашаа, байшинг бүрэн бүтнээр нь миний өмчлөлд үлдээж өгнө үү. Тухайн үед би итгэмжлэлтэй уншиж танилцаагүй. Б.Цыг зээл авна гэхээр нь л итгэмжлэл өгсөн. Газар барьцаалах гэж байгаа талаар нь мэдсэн гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                                        

                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Х” нь хариуцагч Б.Ц, Б.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 53.616.883 төгрөгийг гаргуулах, зээлдэгч нар төлбөрөө сайн дураараа төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч “Х” нь Б.Ц, Б.Г нартай байгуулсан 1190017441 тоот зээлийн гэрээний төлбөрт нийт 53.616.883 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж, хариуцагч Б.Ц нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа, харин хариуцагч Б.Г нь зээлийг өөрөө авч хэрэглээгүй, Б.Цын гуйснаар гэрээнд гарын үсэг зурсан учраас зээлийг төлөх үүрэггүй гэж маргаж байна.

1.2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1190017441 тоот зээлийн гэрээний тухайд:

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд талуудын хооронд 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 1190017441 тоот зээлийн гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр үндсэн зээлдэгч Б.Ц, хамтран зээлдэгч Б.Г нар нь хамтран 48.300.000 төгрөгийг 60 сарын хугацаатай, нэг жилийн 16.8 хувийн хүүтэй байхаар тохиролцож, зээлийн гэрээний дагуу 48.300.000 төгрөгийг хариуцагч Б.Цын Хны 5000140071 тоот дансаар хүлээн авсан болох нь Б.Цын 5000140071 тоот дасны хуулга /хх-16 дугаар хуудас/, зээлийн гэрээ /хх-5-9 дүгээр хуудас/-ээр нотлогдож байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байх ба уг хэлцэл хүчин төгөлдөр байна.

Хариуцагч Б.Г нь 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б.Цтай хамтран зээлдэгчээр оролцсон зээлийн гэрээний үүргийг “зээлийг өөрөө авч хэрэглээгүй, Б.Цын гуйлтаар гэрээнд гарын үсэг зурсан” гэсэн үндэслэлээр гэрээний үүргийг төлөх үүрэггүй гэж маргасан ба хариуцагч Б.Г нь 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурж, тухайн гэрээг зээлдэгч Б.Цтай хамтран байгуулснаар уг гэрээний оролцогч буюу зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг зөвшөөрсөн гэж үзсэн болно.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт “үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ”, мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт “үүрэг гүйцэтгэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болно” гэж заасны дагуу банк Б.Цтай хамтран байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг үндсэн зээлдэгч Б.Ц, хамтран зээлдэгч Б.Г нараас шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

 Нэхэмжлэгч гэрээний зүйлийг зээлдэгчид хүлээлгэн өгсөн, хариуцагч нар үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй нь хэрэгт цугларсан бичгийн баримт, зохигчдын тайлбараар нотлогдсон тул нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 45.891.454 төгрөг, 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар хүү 7.615.667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 109.761 төгрөг, нийт 53.616.883 төгрөгийг “Х” нь Б.Ц, Б.Г нараас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй байна.

 

2.Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд:

 

 

 

 

2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1190017441 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Чимэддаваагийн Гончигсүрэнгийн өмчлөлийн Г-0814000766 дугаартай, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг, Арвижих 14 дүгээр гудамжны 02 тоотод байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1046 м/кв талбай бүхий өмчлөх газар, Чимэддаваагийн Гончигсүрэнгийн өмчлөлийн Ү-0814000618 дугаартай Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг, Арвижих 14 дүгээр гудамжны 02 тоотод байршилтай 78  м/кв талбайтай өвлийн сууц зэргээр хангуулахаар талууд тохирч 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1190017441-01 тоот барьцааны гэрээг байгуулж, хуульд заасны дагуу барьцаалбарыг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна /хх-7-9 дүгээр хуудас/.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн барьцаа хөрөнгийн өмчлөгч Ч.Г нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож барьцаа хөрөнгийн үнэлгээ тодорхойгүй, барьцаагаар үүргийг хангуулах үндэслэлгүй гэсэн тайлбар гаргажээ.

Хэрэгт барьцаа хөрөнгийн өмчлөгч Ч.Г-ээс Б.Ц-д 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Г-0814000766 дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар, Ү-0814000618 дугаартай өвлийн сууцыг зээлийн барьцаанд барьцаалах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхийг олгосон итгэмжлэл авагдсан байх ба уг итгэмжлэлийн талаар гуравдагч этгээд маргахгүй байна /хх-ийн 11, 93 хуудас/.  

2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1190017441-01 тоот барьцааны гэрээ нь барьцаа хөрөнгийн өмчлөгчийн хууль ёсны итгэмжлэлийн үндсэн дээр хуульд заасан шаардлагыг хангаж байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ байна.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт “үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”, мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт “Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно” гэж заасны дагуу Х нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргасан нь хууль зөрчөөгүй уг шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Б.Ц, Б.Г нараас зээлийн гэрээний үүрэгт 53.616.883 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х”-д олгож, гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураар төлөөгүй тохиолдолд 53.616.883 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгийн үнээс хангуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 426.034 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 426.034 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

         1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Ц, Б.Г нараас зээлийн гэрээний үүрэгт 53.616.883 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х”-д олгосугай.

2. Зээлдэгч Б.Ц, Б.Г нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1, 165 дугаар зүйлд заасны дагуу барьцаа хөрөнгө болох Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг, Арвижих 14 дүгээр гудамжны 02 тоотод байршилтай, Г-0814000766 тоот эрхийн улсын бүртгэлийн дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1046 м/кв талбай бүхий өмчлөх газар, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг, Арвижих 14 дүгээр гудамжны 02 тоотод байршилтай, 78  м/кв талбайтай өвлийн сууц Ү-0814000618 тоот эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгөнүүдийн үнийн дүнгээс 53.616.883 төгрөгөнд дүйцэхүйц барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Х”-наас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 426.034 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ц, Б.Г нараас 426.034 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х”-д олгосугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, гуравдагч этгээд нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    З.ГАНЧИМЭГ