Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 587

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2019/00418/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ... хот, ... дүүрэг, ... хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, С барилгын .. давхарт байрлах Э ГХОХХК /РД:..., Гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ... аймаг, ...  сум, ... баг, Ш.г ХК /РД:.../-д холбогдох

 

..., ..., ... арлын дугаартай DA40 маркийн нугасан холбоост машинуудын сэлбэгийн үнэ, засварын ажлын хөлс нийт 426 542 800 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагчийн өмгөөлөгч Г.Дэлгэрсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э ГХОХХК-ийн төлөөлөгч Ж.В.Ж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2013 онд Ш.г ХК нь Э ГХОХХК-аас 0626, 0627, 0628 арлын дугаартай DA40 маркийн нугасан холбоост буулгагчийг нэг ширхгийг 830 214 000 төгрөгөөр буюу гурван ширхгийг нийт 2 490 640 000 төгрөгөөр зээлээр худалдан авахаар тохиролцож ... дугаар “Зээлээр тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан. 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч нь цоо шинэ гурван ширхэг ДА40 маркийн нугасан холбоост машинуудыг хариуцагчид хүлээлгэн өгсөн. Гэрээний хугацаанд хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж чадаагүй буюу тоног төхөөрөмжийн үнийг тохиролцсон хугацаандаа төлж чадаагүй тул нэхэмжлэгч нь гэрээг цуцалж, тоног төхөөрөмжийг эгүүлэн өгөхийг хариуцагчаас шаардсан. Харин хариуцагч нь тоног төхөөрөмжүүдийг нэхэмжлэгчид буцаан өгөхөөс татгалзсан.

Иймд нэхэмжлэгч нь шүүхэд хандаж улмаар Улсын Дээд Шүүх 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр уг хэргийг хянан шийдвэрлэж ... дугаар тогтоолоор ..., ..., ... арлын дугаартай ДА40 маркийн нугасан холбоост буулгагч машинуудыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү шүүхийн шийдвэрийн дагуу 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч нь Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч нарын хамт хариуцагчийн уурхайд очиход тоног төхөөрөмжүүд дараах нөхцөл байдалтай байна.

Үүнд:

1. ... арлын дугаартай ДА40 маркийн өөрөө буулгагч машины

-Ухрахын гэрэл байхгүй

-Ухрахын камер байхгүй

-Хойд тоормос дохионы гэрлүүд байхгүй

-Ухрахын дуут дохио байхгүй

-Хойд гэрлийн цахилгаан утаснууд тасарсан

-Түлшний шланк гоожилттой

-Шил арчигчийн шилбэ байхгүй

-Түлшний банкыг цоолсон байсан

-Тэвшний баруун цилиндр гоожилттой

-Копудны түгжээ, тросс эвдэрсэн

-Аюулгүй ажиллагааны унтраалга эвдэрсэн

-Тог салгагч байхгүй

-Хойд дөрвөн дугуйны хий гарсан, хийн хошуу байхгүй

-Түлшний хоёрдугаар шүүрлийн таг эвдэрсэн

 

2. ... арлын дугаартай ДА40 маркийн өөрөө буулгагч машины

-Шил арчигчийн шилбэ байхгүй

-Гидрийн шланк гоожилттой

-Гидрийн банкны тагны бариул болон түгжээ эвдэрсэн

-Ухрахын гэрэл байхгүй

-Ухрахын камер байхгүй

-Хойд тоормос дохионы гэрлүүд байхгүй

-Ухрахын дуут дохио байхгүй

-Тэвшний баруун цилиндр гоожилттой

-Түлшний банкыг цоолсон байсан

-Тэвшний мэдрэгч эвдэрсэн

-Зүүн хойд дугуй хийгүй, хийн хошуу байхгүй

 

3. ... арлын дугаартай ДА40 маркийн өөрөө буулгагч машины

-Хөдөлгүүр эвдэрсэн

-Зүүн талын толь хагархай

-Ухрахын камер байхгүй

-Ухрахын гэрэл байхгүй

-Хойд тэвшний хаалт бүхлээрээ байхгүй

-Тэвшний зүүн талын цилиндр гоожилттой

-Ухрахын дохио байхгүй

-Түлшний банкыг цоолсон байсан

Бид ... арлын дугаартай машиныг Улаанбаатар хотын өөрийн агуулахад авч ирэн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр дахин шалгаж үзэх үед илэрсэн гэмтлийг засварлах болон дутсан сэлбэгийг нөхөж тавихад 68 804 700 төгрөг шаардлагатай байна.

Хойд тоормос дохионы гэрэл /зүүн/ 1 ширхэг 2 200 000 төгрөг, ухрахын гэрэл 1 ширхэг 770 000 төгрөг, ухрахын камер 1 ширхэг 3 960 000 төгрөг, хойд тоормос дохионы гэрэл /баруун/ 1 ширхэг 2 200 000 төгрөг, кабин өргөгч цилиндр 1 ширхэг 2 794 000 төгрөг, тог салгагч 1 ширхэг 385 000 төгрөг, тог салгагчийн хаймран жийрэг 1 ширхэг 73 700 төгрөг, аюулгүй ажиллагааны унтраалганы даруулга 1 ширхэг 71 500 төгрөг, аюулгүй ажиллагааны унтраалга 1 ширхэг 258 500 төгрөг, тэвш өргөгчийн цилиндрийн сальник 2 ширхэг*935 000=1 870 000 төгрөг, цилиндрийн пальц 4 ширхэг*1 386 000=5 544 000 төгрөг, түлшний шланк 2 ширхэг*44 000 төгрөг= 88 000 төгрөг, копудны түгжээ 1 ширхэг 445 500 төгрөг, копудны түгжээний суурь 1 ширхэг 203 500 төгрөг, түлшний шүүрний таг 1 ширхэг 159 500 төгрөг, шил арчигчийн шилбэ 1 ширхэг 104 500 төгрөг, дугуй 4 ширхэг*11 550 000 төгрөг= 46 200 000 төгрөг, түлшний банкны засварын зардал 1 ширхэг 300 000 төгрөг, ухрахын дуут дохио 1 ширхэг 693 000 төгрөг, гидрийн банкны тагны бариул түгжээ 1 ширхэг 484 000 төгрөг, нийт 68 804 700 төгрөг,

Бид ... арлын дугаартай машиныг Улаанбаатар хотын өөрийн агуулахад авч ирэн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дахин шалгаж үзхэд дараах нөхцөл байдал илэрсэн.

 

 

Үүнд:

-Зөв талын жижиг толь хагарсан

-Аюулгүй ажиллагааны унтраалга эвдэрсэн

-Тог салгагч эвдэрсэн

Ш.г-ын уурхайгаас ... арлын дугаартай машиныг авах үед болон дахин шалгаж үзэх үед илэрсэн гэмтлийг засварлах болон нөхөж тавихад 36 843 100 төгрөг шаардлагатай байна.

Шил арчигчийн шилбэ 1 ширхэг 104 500 төгрөг, аюулгүй ажиллагааны унтраалга 1 ширхэг 258 500 төгрөг, толь /жижиг/ 1 ширхэг 467 500 төгрөг, тоормосны шингэний шланк 1 ширхэг 342 100 төгрөг, гидрийн банкны бариул, түгжээ 1 ширхэг 484 000 төгрөг, хойд тоормос дохионы гэрэл /зүүн/ 1 ширхэг 2 200 000 төгрөг, хойд тоормос дохионы гэрэл /баруун/ 1 ширхэг 2 200 000 төгрөг, ухрахын гэрэл 1 ширхэг 770 000 төгрөг, ухрахын камер 1 ширхэг 3 960 000 төгрөг, тэвш өргөгчийн цилиндрийн сальник 1 ширхэг 935 000 төгрөг, түлшний банкны засварын зардал 1 ширхэг 300 000 төгрөг, тэвшний мэдрэгч 1 ширхэг 643 500 төгрөг, дугуй 2 ширхэг*11 550 000 төгрөг=23 100 000 төгрөг, ухрахын дуут дохио 1 ширхэг 693 000 төгрөг, тог салгагч 1 ширхэг*385 000 төгрөг=385 000 төгрөг, нийт 36 843 100 төгрөг.

 

Ш.г-ын уурхайгаас ... арлын дугаартай машиныг авах үед илэрсэн гэмтлийг засварлах болон дутсан сэлбэгийг нөхөж тавихад 320 895 000 төгрөг шаардлагатай байна. Хөдөлгүүр 1 ширхэг 242 000 000 төгрөг, тэвшний хаалт 1 ширхэг 70 730 000 төгрөг, ухрахын камер 1 ширхэг 3 960 000 төгрөг, ухрахын гэрэл 1 ширхэг 770 000 төгрөг, тэвш өргөгчийн цилиндрийн сальник 2 ширхэг*935 000 төгрөг=1 870 000 төгрөг, толь /жижиг/ 1 ширхэг 467 500 төгрөг, түлшний банкны засварын зардал 1 ширхэг 300 000 төгрөг, ухрахын дуут дохио 1 ширхэг 693 000 төгрөг, шил арчигчийн шилбэ 1 ширхэг*104 500 төгрөг, нийт 320 895 000 төгрөг

Ийм учраас бид 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ..., ... арлын дугаартай машинуудад шинээр 6 ширхэг дугуйг сольж тавин буцаан авч чадсан боловч ... арлын дугаартай машины мотор эвдэрсэн байсан тул уг тоног төхөөрөмжийг буцаан авч чадсангүй. Бидний тооцоогоор ... арлын дугаартай машины сэлбэгийн үнэ болон засварын ажлын хөлсөнд 68 804 700 төгрөг, ... арлын дугаартай машины сэлбэгийн үнэ болон засварын ажлын хөлсөнд 36 843 100 төгрөг, ... арлын дугаартай машины сэлбэгийн үнэ болон засварын ажлын хөлсөнд 320 895 000 төгрөг буюу нийт 426 542 800 төгрөг болж байна. ... арлын дугаартай ДА40 маркийн машины тухайд хөдөлгүүр ажиллахгүйн улмаас бусад эд ангиудыг шалгах боломжгүй байсан ба хөдөлгүүрийг шинээр тавьж бусад эд ангиудыг шалгасны дараа нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ нэмэгдэж болзошгүй юм.

Улсын Дээд Шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийг үндэслэж тоног төхөөрөмжүүдийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн, хариуцагч нь тоног төхөөрөмжүүдийг ердийн элэгдэл хорогдлоос гадуур гэмтээсэн, муутгасан, дутаасан байх тул бид Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2, 205.2.3-т заасан заалтуудыг мөн 2013 оны 06 дугаар гэрээний 4.2.4 ба 4.4 дэх заалтуудыг үндэслэн дутаасан сэлбэгийн үнэ болон засварын ажлын хөлс 426 542 800 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

   Өмнөх шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа ярьсан учраас одоо товчхон яръя гэж бодож байна. Хариуцагчаас нийтдээ 426,542,800 төгрөгийг гаргуулахыг шаардаж байгаа, энэ нь ямар учиртай вэ гэхээр холбогдох ..., ..., ... арлын дугаартай ДА40 маркийн нугасан холбоост автомашинуудын сэлбэгийн үнэ, засварын ажлын хөлс гэж нэхэмжилж юм.

   Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл бол Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2, 205.2.3 дахь хэсэгт заасан заалтуудыг үндэслэсэн. Мөн Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 заасныг мөн адил үндэслэж байна. Анх цоо шинэ тоног төхөөрөмж хүлээлгэж өгсөн гэдэг дээр талууд маргадаггүй. Харин маргаж байгаа гол асуудал нь машиныг буцааж авахад тоног төхөөрөмжүүдийн тодорхой сэлбэгүүд нь байхгүй, нэг тоног төрөөхөмжийн хөдөлгүүр нь ашиглах боломжгүй эвдэрсэн, 6 ширхэг

 

дугуй нь мөн адил ашиглах боломжгүй болсон. Тэгээд мөн бензин банкны дээд хэсгийг цоолоод тоног төхөөрөмж суурилуулсан. Тэр тоног төхөөрөмжөө эднийх буцаагаад авсан, ийм нөхцөл байдлууд баримтаар тогтоогдож байгаа юм. Ийм учраас бид хамгийн гол нь ердийн элэгдэл хорогдлоос гадуур муутгасан байна, байх ёстой сэлбэг нь алга байна, байгаа сэлбэгүүд нь ашиглагдах ямар ч боломжгүй байна, ийм учраас энэ сэлбэгүүдийн үнийг гаргуулъя, гэхдээ хийх ёстой ажлын хөлсийг бас шаардсан. Учир нь тэр цоолсон бензин банкыг битүүлэх шаардлагатай учраас үүний ажлын хөлсийг шаардаж байна. Тоног төхөөрөмж тус бүр дээр нь бодох юм бол ... арлын дугаартай машины сэлбэг 68.804.700 төгрөг, ... арлын дугаартай машины дутсан сэлбэг 36.843.100 төгрөг, ... арлын дугаартай машины дутсан сэлбэг засварын зардал 320.895.000 төгрөг нийт 426.542.800 төгрөг болох тооцоо гарсан, үүнийг шаардсан. Тоног төхөөрмжийн догодлыг бол бид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамт очин хариуцагч талаас хурааж авсан. Энэ үед эдгээр сэлбэгүүд машинуудад байхгүй гэдгийг хариуцагч тал хүлээн зөвшөөрөөд, шийдвэр гүйцэтгэгч байгууллагын үйлдсэн баримт бичигт төлөөлсөн этгээд нь гарын үсэг зурж, баталгаажуулсан. Мөн Э ХХК, Ш.г ХК тухайн тоног төхөөрөмжүүдэд үзлэг хийгээд тэр үзлэгийн үндсэн дээр эвдрэл гэмтэл гарсан, сэлбэгүүд байхгүй байгаа гэдгийг хариуцагч талаас зөвшөөрч гарын үсэг зурсан. Шинжээчийн дүгнэлтээр ердийн элэгдэл, хорогдлоос гадуур муутгасан гэдэг гарсан. Ямар шалтгааны улмаас яагаад сэлбэгүүд эвдэрсэн бэ?, тэр дугуйнууд нь яагаад ашиглах боломжгүй болсон юм бэ?, ямар сэлбэг байхгүй байгаа юм бэ? гэдэг дээр шинжээч дүгнэлтээ гаргасан. Шүүгчийн захирамж ч гарахдаа энэ бол ашиглалтын явцад үүссэн доголдол уу?, аль эсхүл ердийн элэгдэл хорогдол уу гэдгийг захирамжид зааж өгсөн. Үүний дагуу шинжээчийн дүгнэлт гарсан. Хууль зүйн хувьд бол Иргэний хуулийн 247 дугаар зүйлд заасны дагуу тухайн эд хөрөнгийн эрсдэл болон үр шим бол тухайн эд хөрөнгийг хүлээн авснаас хойш буцааж өгөх хугацаанд худалдан авагч талд шилжинэ. Ийм учраас бид ердийн элэгдэл хорогдлоос гадуурх муутгасан асуудлыг хариуцагч хариуцах шаардлагатай гэж үзэж байна гэв.

 

Хариуцагч Ш.г ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Манай компани 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ... тоот Зээлээр тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээг Э ХХК-тай байгуулж ..., ..., ... арлын дугаартай гурван ширхэг ДА40 маркийн нугасан холбоост буулгагчийг худалдан авахаар гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээтэй холбоотой маргааныг өмнө нь Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаар тогтоолоор тус тус эцэслэн шийдвэрлэсэн байдаг. Ийнхүү шийдвэрлэхдээ ..., ..., ... арлын дугаартай гурван ширхэг ДА40 маркийн нугасан холбоост буулгагчийг ашигласан байдал, элэгдэл хорогдлыг тооцох боломжгүй гэж дүгнэн Э ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн 1 245 372 940 төгрөгийн 50 хувь болох 622 686 470 төгрөгийг ашиглалт, элэгдэл хорогдолд тооцон нэхэмжлэгч Э ХХК-д үлдээхээр шийдвэрлэсэн юм.

Иймд өмнө энэ асуудлыг хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд хууль зүйн үндэслэлтэй холбогдох дэлгэрэнгүй тайлбарыг өмгөөлөгчөөс хууль зүйн мэргэжлийн туслалцаа авсны дагуу нэмж өгнө гэжээ.

 

Хариуцагч Ш.г ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, өмгөөлөгч Г.Дэлгэрсайхан нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

   Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 3 үндэслэл байна.

   1. Өмнө нь энэ асуудлыг шүүхээр ороод шийдвэрлэсэн. 2016 оны 11 дүгээр сарын 10-нд 3 нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Өнөөдрийн нэхэмжлэлийн шаардлага болох 3 автомашиныг буцаах, түрээсийн төлбөрт 2 тэрбум 500 сая төгрөг гаргуулах, сэлбэгийн үнэд 1,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагууд гаргасан байдаг. Шүүхээс 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр шийдсэн. Улсын Дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолоор шийдвэрлэж дууссан. Шийдвэрлэхдээ ..., ..., ... гээд маргааны зүйл болж байгаа тоног төхөөрөмжүүдийг ашигласан байдал, элэгдэл хорогдлыг тооцох боломжгүй гэж дүгнээд Э ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 3 тоног төхөөрөмжийг буцаах шаардлагыг нь хангаад үлдсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. 

   2. Ш.г ХК нь уг тоног төхөөрөмжийг худалдан авахдаа зориулж төлсөн үнэ болох мөнгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байсан. Анхан шатны шүүхээс уг төлбөрийг гаргуулахаар шийдсэн байсан. Дээд шүүх дээр өөрчлөлт оруулахдаа түрээсийн төлбөр шаардсан нэхэмжлэлийн шаардлагаас нэг ч төгрөг гаргуулаагүй, бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Эд хөрөнгийг гаргуулж шийдвэрлэхдээ ..., ..., ... арлын дугаартай тоног төхөөрөмжийг бүрэн бүтэн гаргуулах шаардлагыг хангахдаа элэгдэл хорогдлыг тооцоогүй байна, ашигласан байдлыг нь харгалзаж үзээгүй байна, энэ талаарх нотлох баримт байхгүй боловч 50 хувь бууруулаад, өөрөөр хэлбэл ямар нэгэн асуудал техник тоног төхөөрөмжид байгаа бол буцааж гаргуулж авахдаа өгсөн мөнгийг буцааж өгөөд бүх юм анхны байрандаа буцаад ирэх ёстой. Тийм учраас анхны байранд нь оруулахад аль аль тал нь тооцоолол гаргаагүй учраас 50 хувь гэж үнийн дүнгээс нь тооцоод, манай сөрөг нэхэмжлэлээс шууд хассан. Түүнээс биш үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлээд 600,000,000 төгрөг авч байгаа юм биш. Өөрөөр хэлбэл тоног төхөөрөмжийг анхны байдалд нь оруулахын тулд ямар нэг баримт тооцоолол юу ч байхгүй байсан учраас шүүх маргааныг эцэслэн шийдвэрлэх зорилгоор энэ хэргийг шийдсэн. Гэтэл өнөөдөр

тэр 600,000,000 төгрөгийг авчхаад, дахиад элэгдэл хорогдлыг гаргуулна гээд нэхэмжлэл гаргасан байна. Тэгвэл ердийн элэгдэл хорогдлыг та нар юу гэж үзээд байна вэ?, түүний үнэлгээ нь хаана байна вэ?, Ийм ийм юмыг ердийн элэгдэл хорогдол, ийм хохирол учирсан байна, энэ чинь 600,000,000 төгрөгөөс даваад байна, дутсан гэсэн зүйл байхгүй байна.

   3. Анх 2013 онд тоног төхөөрөмжүүдийг авсан, 2 жил ашигласан. Дараа нь 2015 оны 11 сарын 23 өдөр гэрээ цуцлагдсан. Түүнээс хойш уг тоног төхөөрөмжийг ашиглаагүй, өөрсдөө тоног төхөөрөмжөө сансараас унтраадаг юм билээ. Ингэж унтрааснаас хойш хаана унтарсан түүндээ л байгаа. Үүнээс хойш 5 жил өнгөрчихсөн байхад ирж аваагүй, тоног төхөөрөмж алга болсон, дугуй хагарсан гээд байна. Үүнд өөрөө буруутай, 5 жил болж байхад ирж аваагүй. Хадгалалтын явцад хатаж муудна гээд дүгнэлт нь гарсан.

 

Ерөнхийдөө Э ХХК-аас тухайн нугасан холбоост 3 автомашинаа 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр унтраасан байдаг. Түүнийг 3 шатны шүүх дүгнэхдээ 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр өөрсдөө гэрээгээ цуцалсан байна гэж үзсэн. Унтрааснаас хойш Ш.г ХК нь тухайн автомашинуудыг ашиглах ямар ч боломж байгаагүй. 2013 онд авснаас хойш 2015 оны 11 дүгээр сар хүртэл хугацаанд Ш.г ХК нь Э ХХК-аас 1.2 тэрбум төгрөгийн үнэтэй сэлбэг авч засаж сэлбэж байсан. Унтраах хүртэл уг автомашинуудыг энгийн хэвийн байдалтай ашиглаж байсан. Тэгээд 2016 онд Э ХХК-аас Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Түүний дараа 11 сард шүүхийн шийдвэрийг баталгаажуулах арга хэмжээ авсан байдаг. Манайх унтрааснаас хойш ямар ч ашиглах боломж байгаагүй. Тухайн захирамж гарсан ч ашиглах боломжгүй байсан учраас ялгаа байгаагүй. Өөрсдөө шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар битүүмжлүүлсэн. 2016 оны 1 сард машинаа аваач ээ гэдэг мэдэгдэл хүргүүлж байсан. Мэдэгдлийн дагуу машинаа аваагүй. Гэнэт 5 жилийн дараа машинаа авна элэгдэл хорогдол гэж яриад байна. 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс хойших гарсан гэмтлүүдийг бид хариуцах үндэслэлгүй. Мөн Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-т зааснаар шаардаад байна. Энэ бол зөвхөн гэрээний хүчин төгөлдөр хугацаанд хэрэгжинэ. Гэрээний харилцаа 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр дууссан. Бид 2013-2015 оны хоорондох хугацааг л хариуцна. Түүнийхээ үр дүнд бид нар сэлбэг худалдаж авч, засвар хийгээд ашиглаад явж байсан. Түүнээс биш 5 жил ашиглагдаагүй, дугуйг биднээс шаардах нь үндэслэлгүй. 2017 онд гэрээг цуцалснаас хойш буюу Зээлээр худалдах худалдан авах гэрээний 4.5-д бидний зөвшөөрөлгүй машиныг ачиж явах эрхийг өөрсдөө авсан. Энэ эрхийг Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 101.6.1-т зааснаар өөрсдөө хэрэгжүүлээгүй. Бид машинаа ав гэж байсан, машинаа авахыг шаардаж байгаагүй, түрээсийн төлбөр л шаардсан. Тэгээд 2016 онд авах гээд шүүхэд нэхэмжлэл гаргасан гээд байна. Энэ бол үндэслэлгүй түрээсийн төлбөр шаардсан л асуудал, үндэслэлгүй байна гээд Улсын дээд шүүхээс дүгнэсэн, үүнийг л яриад байх шиг байна. Бид машинаа аваач гэж удаа дараа албан тоотыг өгч байсан. Шүүхийн шийдвэрийн тэмдэглэл дээр ч татгалзах зүйлгүй гэж ярьдаг. Тэгээд байхад өөрсдөө машинаа аваагүй.

 

Мөн тэр Дээд шүүхийн тогтоолдоо дурдсан Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1-т заасныг яриад байх шиг байна. 205.2.1 маань өөрөө тухайн автомашиныг биет байдлаар өгөх боломжгүй бол үүрэг гүйцэтгэгч үүргээ мөнгөөр төлнө гэж заасан. 205.2.2, 205.2.3 заалтууд элэгдэл хорогдлоо мөнгөөр төлнө л гэсэн утгатай. Бид түүнийг 600,000,000 төгрөгийг үлдээсэн. Эднийг харин түрээсийн төлбөрийг үндэслэлгүй гэж үзсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Ш.г ХК-д холбогдуулан ..., ..., ... арлын дугаартай DA40 маркийн нугасан холбоост машинуудын сэлбэгийн үнэ, засварын ажлын хөлс нийт 426 542 800 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлыг өмнө шүүх хуралдаанаар хэлэлцэж, Улсын дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаартай тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн, талуудын хооронд байгуулагдсан зээлээр тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр дуусгавар болсон түүнээс хойш 5 жилийн хугацаанд худалдагч тал тоног төхөөрөмжөө буцаан татах эрхтэй байсан боловч аваагүй зориудаар муутгасан тул нэхэмжлэгч буруутай, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

 

Тус шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаартай шийдвэрээр Э ХХК-ийн нэхэмжлэлтэй Ш.г ХК-д холбогдох ..., ..., ... арлын дугаартай гурван ширхэг DA40 маркийн нугасан холбоост буулгагч болон тэдгээрийн түрээсийн төлбөр 2 540 998 358 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн зээлээр тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний төлбөрт төлсөн 1 245 375 940 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг ... хариуцагч Ш.г ХК-ийн эзэмшлээс ..., ..., ... арлын дугаартай DA 40 маркийн нугасан холбоост машинуудыг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д, нэхэмжлэгчээс 1 245 372 940 төгрөг гаргуулан хариуцагчид олгохоор шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасанд нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргасан байна.

Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаартай тогтоолоор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаартай магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна. /1 дүгээр хавтаст хэргийн 39-44 дэх тал/

Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн ..., ... дугаартай Эд хөрөнгө хураах тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор ..., ..., ... арлын дугаартай гурван ширхэг DA 40 маркийн нугасан холбоост буулгагчийг хураан авч Э ХХК-д шилжүүлж, 2019 оны 8 дугаар сарын 27-ны ...  дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байна. /2 дугаар хавтаст хэргийн 27-28, 34 дэх тал/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад эд хөрөнгө хураах тухай тогтоолын дагуу дээрх 3 машиныг хураан авах үед автомашин тус бүрт учирсан эвдрэл, гэмтэл, алга болсон эд зүйлсийг тогтоолд дурдсан байна.

Үүнд

1. ... арлын дугаартай ДА40 маркийн өөрөө буулгагч машины ухрахын гэрэл, камер байхгүй, хойд тоормос дохионы гэрлүүд болон ухрахын дуут дохио байхгүй, хойд гэрлийн цахилгаан утаснууд тасарсан, түлшний шланк гоожилттой, шил арчигчийн шилбэ

 

байхгүй, түлшний банкыг цоолсон байсан, тэвшний баруун цилиндр гоожилттой, копудны түгжээ, тросс эвдэрсэн, аюулгүй ажиллагааны унтраалга эвдэрсэн, тог салгагч байхгүй, хойд дөрвөн дугуйны хий гарсан, хийн хошуу байхгүй, түлшний хоёрдугаар шүүрлийн таг эвдэрсэн,

 

2. ... арлын дугаартай ДА40 маркийн өөрөө буулгагч машины шил арчигчийн шилбэ байхгүй, гидрийн шланк гоожилттой, гидрийн банкны тагны бариул болон түгжээ эвдэрсэн, ухрахын гэрэл, камер, хойд тоормос, дохионы гэрлүүд байхгүй, ухрахын дуут дохио байхгүй, тэвшний баруун цилиндр гоожилттой, түлшний банкыг цоолсон байсан, тэвшний мэдрэгч эвдэрсэн, зүүн хойд дугуй хийгүй, хийн хошуу байхгүй,

 

3. ... арлын дугаартай ДА40 маркийн өөрөө буулгагч машины хөдөлгүүр эвдэрсэн, зүүн талын толь хагархай, ухрахын камер, гэрэл байхгүй, хойд тэвшний хаалт бүхлээрээ байхгүй, тэвшний зүүн талын цилиндр гоожилттой, ухрахын дохио байхгүй, түлшний банкыг цоолсон байсан гэж тус тус тэмдэглэсэн байна.

Дээрх 3 ширхэг буулгагчид учирсан гэмтлүүд, алга болсон эд зүйл зэрэг нь өөрөө буулгагч машинуудын чанар байдалд сөргөөр нөлөөлсөн, ердийн элэгдэл, хорогдлоос гадуур гэмтээсэн гэж үзэж нэхэмжлэгч нь мөнгөөр нөхөн төлүүлэхээр шаардлага гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр гарсан Doosan DA40 маркийн нугасан холбоост ..., ..., ... арлын дугаартай автомашинууд эвдэрч гэмтсэн эсэх, гэмтлийн шалтгааныг тогтоох, хэзээ үүссэн эсэх, гэмтэлтэй эд ангиудад засвар хийж болох эсэх талаар шинжээч томилсон бөгөөд Шинжлэх Ухаан Технологийн их сургуулийн Механик, тээврийн сургуулийн Техникийн шинжээчдийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн ... дугаартай дүгнэлт, мөн тус сургуулийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн ... дугаартай дүгнэлт, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ... дугаартай нэмэлт дүгнэлтээр дээрх өөрөө буулгагч автомашин тус бүрт гарсан гэмтлүүдийг дурдаж, гэмтэл хэзээ үүссэн болохыг тогтоох боломжгүй болохыг, алга болсон эд ангиудыг шинээр суурилуулах, гэмтэлтэй эд ангиудад засвар хийх талаар болон 6 ширхэг резинэн дугуйг дахин ашиглах боломжгүй болсон талаар дүгнэлтийг ирүүлсэн байна. /1 дүгээр хавтаст хэргийн 104-106, 168-177/

 

Хариуцагч Ш.г ХК нь дээрх 3 ширхэг өөрөө буулгагч автомашинд гарсан эвдрэл гэмтлийн талаар маргаагүй боловч энэ асуудлыг өмнө нь шүүхийн шийдвэрээр эцэслэн шийдвэрлэсэн гэж тайлбар гаргаж байгаа бөгөөд энэ хэргийг эцэслэн шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн тогтоолын үндэслэх хэсэгт ... хариуцагч Ш.г ХК нь гэрээний зүйл болох тоног төхөөрөмжийг 2013 оны 10 дугаар сард хүлээн авснаас хойш 2015 оны 11 дүгээр сар хүртэл ашигласан буюу тухайн эд хөрөнгийг зориулалтаар нь хэрэглэж ашгийг нь хүртсэн байна, эд хөрөнгийг буцааж худалдан авагчид шилжүүлэхдээ эд хөрөнгийг ашигласан байдлыг харгалзаагүй, эд хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны төлбөрийг тогтоох боломжгүй тул төлсөн төлбөрийн 50 хувийг нэхэмжлэгчид үлдээх боломжтой гэж дүгнэж шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлага болох эд зүйлийг ердийн элэгдэл, хорогдлоос гадуур гэмтээсэн буюу муутгасан сэлбэгийн үнэ, ажлын хөлс гаргуулах шаардлагатай хамааралгүй байна.

Өөрөөр хэлбэл дээрх тогтоолоор хариуцагчийн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах явцдаа олж авсан ашиг болон бүхий л төрлийн хөдөлмөрлөх болоод үйлчилгээ үзүүлэх зэрэг нөхцөл байдал болон техник хэрэгслийн ашиглалтын явцад үүссэн ердийн элэгдэл, хорогдлыг хамааруулан энэ нөхцөл байдлыг тогтоох боломжгүй гэж үзэн шийдвэрлэсэн байх бөгөөд энэ нь эд хөрөнгийг ердийн элэгдэл хорогдлоос гадуур гэмтээсэн шаардлагатай хамааралгүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

Мөн хариуцагч нь эд хөрөнгийг 2013 оны 10 дугаар сараас 2015 оны 11 дүгээр сар хүртэл ашигласан худалдагчийн саналаар гэрээ цуцлагдсан, нэхэмжлэгч тал гэрээний 4.5-д зааснаар гэрээг худалдан авагчийн санаачилгаар цуцалсан тохиолдолд худалдагч нь худалдан авагчийн зөвшөөрөлгүйгээр үл маргах журмаар тоног төхөөрөмжийг буцаан татна. Худалдан авагч нь буцаан татах үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр саад учруулахгүй гэж зааснаар тоног төхөөрөмжөө авах боломжтой байсан боловч аваагүй, бид

 

ашиглаж байх хугацаандаа нэхэмжлэгч талаас тухай бүр нь тоног төхөөрөмжийг худалдан авч засвар үйлчилгээг хийж байсан, гэрээ цуцлагдснаас хойш 5 жилийн хугацаанд автомашинуудад эвдрэл, гэмтэл үүссэнд нэхэмжлэгч тал буруутай гэж маргаж, Ш.г ХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр ... дугаартай Газар чөлөөлүүлэх, 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн ... Газар чөлөөлүүлэх тухай албан бичиг, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ... дугаартай шаардлага хүргүүлэх тухай, 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаартай Шаардлага хүргүүлэх тухай албан бичгүүд, Э ХХК-ийн зарлагын баримт, Нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

Талуудын хооронд байгуулсан 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаартай Зээлээр тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний 2.2-т Тоног төхөөрөмжийг худалдан авагчид хүлээлгэн өгснөөс хойших тээвэрлэлт, хулгай бусад гэмт хэрэг, гал түймэр, байгалийн гамшиг, гэнэтийн осол, тоног төхөөрөмжийг ашиглах болон хадгалах үеийн бүх эрсдлийг худалдан авагч үл маргах журмаар хариуцахаар тусгажээ.

Нэхэмжлэгч нь 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж тус шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ... дугаартай “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д зааснаар хариуцагч Ш.г ХК-д Э ХХК-ийн өмчлөлийн ..., ..., ... арлын дугаартай гурван ширхэг DA 40 маркийн нугасан холбоост буулгагчийг ашиглахгүй байхыг хариуцагчид даалгаж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдаж шийдвэрлэсэн байна. 

Хэдийгээр талуудын хооронд байгуулсан зээлээр худалдах, худалдан авах гэрээ 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр цуцлагдсан боловч маргааны зүйл болох эд хөрөнгүүд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны дагуу нэхэмжлэгч талд шилжих хүртэл хугацаанд хариуцагч Ш.г ХК-ийн хашаанд тэдний эзэмшилд байсан болох нь дээрх шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж, хөрөнгө хураах тухай тогтоол, талуудын тайлбар, гэрч Б.Т, Т.Э нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Иймд гэрээний 2.2-т зааснаар тоног төхөөрөмжийг ашиглах болон хадгалах үеийн бүх эрсдлийг худалдан авагч үл маргах журмаар хариуцах, Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д зааснаар Гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ гэж тус тус зааснаар хариуцагч нь дээрх эд хөрөнгөд учирсан эрсдлийг хариуцах үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл өмчлөгч нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.7-д зааснаар эд хөрөнгөд санамсаргүй эвдэрч гэмтсэн буюу устаж үгүй болсон эрсдлийг хүлээх боловч эд хөрөнгөө худалдах, худалдан авах гэрээний үүрэг биелүүлэхтэй холбоотойгоор бусдын эзэмшилд шилжүүлсэн тохиолдолд эрсдлийг хариуцахгүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

            Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний зүйлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй, 205.2-т дараах тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлнө, 205.2.3-д үүргийн зүйлийг ердийн элэгдэл, хорогдлоос гадуур гэмтээсэн, муутгасан, дутаасан, устгасан бол мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй гэжээ.

            Хариуцагч нь гэрээ цуцлагдснаас хойш эд хөрөнгөө буцаан авах эрхийг гэрээгээр тохиролцсон эд хөрөнгийг муутгасан асуудалд нэхэмжлэгч өөрөө буруутай гэж маргаж байгаа боловч гэрээний зүйлийг буцаан аваагүйгээс эд зүйлс ердийн хэмжээнээс илүүгээр

гэмтэж муудсан болохыг болон гэрээний зүйлийг зохих ёсоор хадгалж хамгаалсаар байхад муудаж, гэмтсэн, устсан гэдгээ нотлох буюу нотлох баримт ирүүлээгүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр Ашидбилгүүн ХХК-ийг автомашин, техникийн эвдрэл хохирлын үнэлгээ тогтоолгохоор томилсны дагуу шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн ..., 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн ... дугаартай үнэлгээний дүгнэлт болон нэмэлт дүгнэлтээр нэр бүхий эд зүйлсийн нэгжийн зах зээлийн үнэ цэнэ шууд болон шууд бус зардлыг тооцож ирүүлсэн байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлттэй зохигчдын хэн аль нь танилцаж санал хүсэлт гаргаагүй болно. /2 дугаар хавтаст хэргийн 74-76, 116-117, 153-155 дахь тал/

            Иймд хариуцагч Ш.г ХК-аас шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нэг бүрийн үнийг машин тус бүрт учирсан сэлбэгийн тоонд тооцож, ... арлын дугаартай DA40 маркийн машины нийт сэлбэгийн үнэ, засварын зардал 41 715 000 төгрөг, ... арлын дугаартай DA40 маркийн машины сэлбэг, засварын зардал 216 950 400 төгрөг, ... арлын дугаартай DA40 маркийн машины сэлбэг, засварын зардал 27 100 400 төгрөг, нийт 285 765 800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 140 777 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

            Хариуцагч нь шүүхээс А ХХК-ийг шинжээчээр томилсон байхад 2020 оны 4 дүгээр сарны 8-ны өдрийн үнэлгээний дүгнэлтэд Б.У, Г.Б, С.Г нар гарын үсэг зурсан Шүүхийн шинжилгээний тухай хуулийг зөрсөн гэж маргаж байгаа боловч шинжээчийн дүгнэлттэй холбоотой А ХХК-аас тодруулга авахад байгууллагын тамга, тэмдгээр баталгаажих хуулийн шаардлагыг хангаагүй дүгнэлт явуулсан талаар албан бичигт дурдаж, шинжээчийн дүгнэлтэд компанийн тамга дарж хуулийн шаардлагыг хангаж ирүүлсэн байх тул, шүүгчийн захирамж хангагдсан гэж үзэж шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлсэн болно.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик, тээврийн сургууль, А ХХК-ийг тус тус шинжээчээр томилж холбогдох зардлыг нэхэмжлэгч тал хариуцахаар захирамжид дурдсаны дагуу шинжээчийн зардалд нийт 440 000 төгрөг + 950 000 төгрөг + 1 050 000 төгрөг + 4 000 000 төгрөг + 1 200 000 төгрөг =7 640 000 төгрөг төлсөн байна. /1 дүгээр хавтаст хэргийн 190, 191, 192, 2 дугаар хавтаст хэргийн 102, 136 дах тал/,

            Дээрх зардлыг нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүнтэй уялдуулан тооцоход 67% байх тул 7 640 000 төгрөг х 67%= 5 118 800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.3, 247 дугаар зүйлийн 247.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ш.г ХК-аас 285 765 800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгож, 140 777 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 290 664 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1 586 779 төгрөг, шинжээчийн зардалд 5 118 000 төгрөг, нийт 6 704 779 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай.   

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.АЛТАНТУЯА