Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/197

 

 

 

                                     Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,                                                                                       

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин,

улсын яллагч Т.Нансалмаа,

хохирогч О.Золзаяа,

шүүгдэгч Г.Өнөрмандах нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Захнайм овогт Ганболдын Өнөрмандахад холбогдох эрүүгийн 2231003420209 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1994 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, хувиараа борлуулалт хийдэг ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Сонсголонгийн 8 дугаар гудамж 358 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Захнайм овогт Ганболдын Өнөрмандах, /РД:УВ94062519/;

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдснаар/

Шүүгдэгч Г.Өнөрмандах нь 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нэгдсэн эмнэлгийн гаднах тээврийн хэрэгслийн зогсоол дээр 49-42 УБН улсын дугаартай “Тоуоtа Аqua” маркийн тээврийн хэрэгслийн жолооч О.Золзаяатай тээврийн хэрэгслийг шүргэсэн гэх шалтгаанаар маргалдаж, улмаар уурандаа түүний тээврийн хэрэгслийн хаалгыг хөлөөрөө санаатайгаар өшиглөж, 540,000 төгрөгийн хохирол, хүзүүн дэх шүрэн зүүлтийг тасалж, 275,025 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Г.Өнөрмандах нь 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нэгдсэн эмнэлгийн гаднах тээврийн хэрэгслийн зогсоол дээр 49-42 УБН улсын дугаартай “Тоуоtа Аqua” маркийн тээврийн хэрэгслийн жолооч О.Золзаяатай “тээврийн хэрэгслийг шүргэсэн” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар уурандаа түүний тээврийн хэрэгслийн хаалгыг хөлөөрөө санаатайгаар өшиглөж, 540,000 төгрөгийн хохирол, хүзүүн дэх шүрэн зүүлтийг тасалж, 275,025 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Г.Өнөрмандах гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. 

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүгдэгч Г.Өнөрмандахын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Нэгдүгээрт хохирогчоос уучлалт гуймаар байна. Хоёрдугаарт хохирогч бууж ирээд хүн тоохгүй утсаар ярьсан шинжтэй байсан. Мөн ээжтэйгээ юм уу эмээтэйгээ явж байгаа нь мэдэгдэхгүй байна гэж утсаар ярьж байсан. Би тухайн машинд эхнэр, хүүхэдтэйгээ явж байсан. Гэтэл миний эхнэрийг ээж, эмээ гэж ярьсан нь миний уурыг хүргэсэн. Энэ нэг юм чинь гайгүй байна, шүргэсэн байна гэж хэлэхээр нь энэ чинь бас хүний эд хөрөнгө шүү дээ тэгэж хэлж болохгүй. Гэтэл өөрөө машиндаа суугаад хөдлөх гэж үзсэн. Би та буугаад ир цагдаагаа дуудчих гэж хэлсэн. Би авгай минь гэж доромжилсон нь үнэн. Энэ хүн харин энэ төмрийн сэг чинь яагаач үгүй байна гэдэг үгийг надад хэлэхээр нь би төмрийн сэг ийм байдаггүй юм гээд өөрийнх нь машины хаалгыг хоёр удаа хөшиглөсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэжээ.[1]

2.Хохирогч О.Золбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...7см шүрэн зүүлт тасрахад 270,000 төгрөгийн үнэлгээ тогтоосон. Хамгийн гол нь зүүлтэндээ биш мөрдөн шалгах хугацаанд Г.Өнөрмандах надаас уучлалт гуйсан бол шүүхийн өмнө яллагдагчаар татагдахгүй байсан. Цаашдаа залуу хүн уур омгоо дарж сураарай. Надад хүний мууг үзнэ гэсэн бодол байхгүй. Хүн хийсэн хэрэгтээ хариуцлага хүлээдэг байх хэрэгтэй. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн эхний;

-Миний буруутай үйл ажиллагаа байгаа. Г.Өнөрмандах дүрэм зөрчиж тухайн зорчих хэсгийг хааж машинаа тавьсан байсан учраас би энэ хүний машиныг шүргэсэн тэгэхдээ ямар нэг хонхойлт үүсгээгүй. Утсаар ярьж байсан хүнтэйгээ гайгүй байна гэж ярьсан энэ хүнийг үл хүндэтгэсэн юмгүй. Харин түүнийг уурлахад нь “энэ хүний амь амьдрал уу энэ төмрийн сэгийг би засаад өгнө” гэж хэлсэн нь миний буруу. Хажууд суусан хүнийг нь би эхнэр гэж хараагүй, хөгшин хүн шиг харагдахаар нь ээжтэйгээ явж байж яасан муухай харьцаатай юм, ядаж ээжийгээ хүндэлдэггүй юм уу? гэж хэлсэн. Эхнэрийг нь ээж гэж хэлсэнд уучлаарай” гэжээ.[2]

3.Хохирогч О.Золзаяагийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 12 цагийн үед нэгдсэн эмнэлэг рүү орчихоод гарч ирээд машиндаа суугаад гарах гэтэл зорчих хэсэг битүү болохоор нь би ухраад явж байтал машин шүргэх шиг болоод буугаад хартал тухайн тээврийн хэрэгслийн тоос нь арилсан, ямар нэгэн гэмтэл учраагүй байсан. Тэгээд би тухайн үед утсаар ярьж байгаад “өө гайгүй байна” гээд хэлчихсэн чинь тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч бууж ирээд намайг “Авгай минь хүний машин мөргөчихөөд гайгүй байна гэлээ” гээд орилоод доромжлоод байсан. Тэгээд миний толгой руу гараараа цохиод миний шүрэн хүзүүний зүүлтийг тасалсан. Мөн тээврийн хэрэгслийн баруун, хойд хаалгыг 2 удаа өшиглөж гэмтээсэн...” гэх мэдүүлэг[3],

4.Гэрч Т.Өлзийжаргалын 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 12 цагийн үед Шаамар сум руу явах гээд 49-42 УБН улсын дугаартай эмэгтэй жолоочийн машинд суусан. Тэгээд аймгийн нэгдсэн эмнэлгийн гаднаас хөдлөөд ухраад явж байсан чинь зорчих хэсгийн зам дээр 19-62 УАТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зогсож байсныг баруун талаараа очиж шүргэсэн. Тэгээд миний сууж явсан машины жолооч машинаасаа буусан чинь тэр машинаа шүргүүлдэг жолооч машинаасаа “авгай минь замаа харахад яадаг юм” гэж хэлээд буугаад ирсэн. Би машинд сууж байсан чинь миний сууж байсан машины жолооч намайг цохиод байна ш дээ гэж орилохоор нь би машинаас буусан чинь газар унасан байсныг олж авсан. Тэр машины жолооч 49-42 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун хойд хаалга руу нь 2 удаа өшиглөөд авахаар нь “хөөе чи болиоч” гэсэн чинь өөр эмэгтэй, эрэгтэй 2 хүн ирээд тэр залууг машинд суулгасан...” гэх мэдүүлэг[4],

5.“Ашид Билгүүн” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Шинжээчийн ТХҮ-822/4287 дугаартай: “...шүрний нийт бодит үнэ цэнийг 275,025 /хоёр зуун далан таван мянга хорин таван төгрөг/ байх боломжтойг тодорхойллоо...” гэх дүгнэлт[5],

6.“Ашид Билгүүн” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний 885 дугаартай: “...4942 УБН улсын дугаартай “Toyota Aqua” маркийн автомашин, ...баруун хойд хаалга эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 450,000 төгрөг, солих, ...будах зардал эвдрэлийн зэрэг бага, үнэлгээ 90,000 төгрөг, ажлын хөлс, шууд зардлын дүн 540,000 төгрөг, ...100 грамм будаг, тус-мат, лак, өнгө гаргах материалын үнэ 20,000 төгрөг, эд анги солих ажлын хөлс 20,000 төгрөг, ...шууд бус зардлын дүн 40,000, ...нийт дүн 540,000 төгрөг...” гэх тайлан[6],

7.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн 5082 дугаартай: “...1.Шинжилгээнд ирүүлсэн улбар шар өнгийн зүйл нь шинжилгээнд тэнцэж байна. 2.Шинжилгээнд ирүүлсэн улбар шар өнгийн зүйл нь шүр мөн байна. 3.Шүрний төрөл, ангилал тогтооход шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй тул хариулах боломжгүй” гэх дүгнэлт[7],  8.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[8], 9.Үзлэг хийсэн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл[9], 10.Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл[10], 11.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа[11], 12.Зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[12], 13.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[13], 14.Шүүгдэгчийн эд хөрөнгийн бүртгэлтэй эсэх лавлагаа[14], 15.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[15] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Өнөрмандахын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Шүүгдэгч эцсийн үгэндээ: “...Хохирогч О.Золзаяагаас уучлалт гуйж байна. Өөр хэлж ярих зүйлгүй” гэжээ.[16]

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг,

шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Г.Өнөрмандахад эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирлыг нөхөн төлсөн”, 1.3 дахь хэсэгт заасан “хохирогчийн ...зүй бус үйлдлээс шалтгаалан...” болон түүний хувийн байдлыг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүх улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч Г.Өнөрмандахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар Улаанбаатар хотоос гарах зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар тогтоосон.

Энэхүү гэмт хэрэг гарах гол шалтгаан нөхцөл нь иргэд хоорондын таарамжгүй буруу харилцаанаас үүдэлтэй бөгөөд бусдыг хүндлэх, аливаа зүйлд хүлээцтэй хандах, зөв хандлага, зөв харилцаанаас зөв хариу үйлдлийг хүлээн авдаг болохыг анхаарах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд чиглэсэн байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа, ойлгож ухамсарласан үйлдэл, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хохирогчоос уучлалт гуйж “...Хохирогч О.Золзаяагаас уучлалт гуйж байна. Аливаа юманд эелдэг зөөлөн, буурь суурьтай байх ёстой гэдгийг ойлголоо” гэж мэдүүлж байгаа байдал, түүний хувийн байдал зэрэг нь шүүгдэгч Г.Өнөрмандахыг ялаас чөлөөлөх гол үндэслэл юм.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Өнөрмандахад оногдуулсан 3 сарын хугацаагаар Улаанбаатар хотоос гарах зорчих эрх хязгаарлах ялаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Өнөрмандах нь гэмт хэргийн улмаас хохирогч О.Золзаяад учруулсан хохиролд 845,000 /найман зуун дөчин таван мянга/-н төгрөг нөхөн төлснийг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Өнөрмандах нь энэхүү гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдон гарсан зардал 65,000 төгрөг (үнэлгээ хийлгэсний төлбөр) төлсөн байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Захнайм овогт Ганболдын Өнөрмандахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Өнөрмандахад 3 сарын хугацаагаар Улаанбаатар хотоос гарах зорчих эрх хязгаарлах ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Өнөрмандахад оногдуулсан 3 сарын хугацаагаар Улаанбаатар хотоос гарах зорчих эрх хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Өнөрмандах нь гэмт хэргийн улмаас хохирогч О.Золзаяад учруулсан хохиролд 845,000 /найман зуун дөчин таван мянга/-н төгрөг нөхөн төлснийг дурьдсугай.

5. Шүүгдэгч Г.Өнөрмандах нь энэхүү гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдон гарсан зардал 65,000 төгрөг (үнэлгээ хийлгэсний төлбөр) төлсөн болохыг дурьдсугай.

7.  Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.АМАРГЭРЭЛ