| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Эрдэнэбилэг |
| Хэргийн индекс | 204/2020/00005/э |
| Дугаар | 05 |
| Огноо | 2020-01-15 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Г.Цолмонгэрэл |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 05
2020 оны 01 сарын 15-ны өдөр Дугаар 2020/ДШМ/05 Арвайхээр сум
Б.Ц-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Г.Цолмонгэрэл
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн
Нарийн бичгийн дарга Э.Энхболд нарыг оролцуулан
Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Отгонжаргалын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2019/ШЗ/569 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр Б.Ц-д холбогдох эрүүгийн 1926002950268 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Сэрээтэр овгийн Б.Ц
Б.Ц нь согтуурсан үедээ 2019 оны 06 дугаар сарын 25-ны орой 23 цагийн орчимд цагдаа Г.Б-г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний хууль ёсны шаардлагыг үл биелүүлж баруун хөл рүү архины шилээр цохиж хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн, эсэргүүцэх явцдаа хохирогчийн баруун хөл рүү архины шилээр цохиж баруун хөлийн шилбэ хэсэгт шарх, баруун хөлийн шилбэ, шагай, тавхай хэсгийн зөөлөн эдийн гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх Б.Ц-н хууль сахиулагчийн албан үүрэгтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж хөнгөн гэмтэл учруулсан гэж прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэн Б.Ц-д холбогдох 1926002950268 дугаартай эрүүгийн хэргийг Өвөрхангай аймгийн прокурорт буцаан, Б.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэх, прокурор шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.
Прокурор Г.Цолмонгэрэл эсэргүүцэлдээ:
Б-н Ц нь согтуурсан үедээ 2019 оны 06 дугаар сарын 25-ны орой 23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын нутагт хууль сахиулагч болох цагдаа Г.Банзрагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний хууль ёсны шаардлагыг үл биелүүлж баруун хөл рүү нь архины шилээр цохиж хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцэх явцдаа хохирогчийн баруун хөл рүү архины шилээр цохиж баруун хөлийн шилбэ хэсэгт шарх, баруун хөлийн шилбэ, шагай, тавхай хэсгийн зөөлөн эдийн гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон байна.
Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Б.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд буруутгаж 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийн энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9-д/ эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэхээр, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж тус тус хуульчилжээ гэж дүгнэсэн нөхцөл байдалд дараах тайлбар хийж байна.
Эрх зүйн суурь зарчим бол хууль тогтоох болон хэрэглэх үйл ажиллагаанд заавал хэрэглэгдэх суурь үзэл баримтлал юм. Өөрөөр хэлбэл зарчмуудаар нь салбар эрх зүйн ямар байх ёстой талаарх үзэл баримтлалыг илэрхийлж бэхжүүлдэг. Эрүүгийн хуульд зарчмуудыг тусгай бүлэг болгон хуульчилсны дээр Үндсэн хуульд эрүүгийн эрх зүйн материаллаг болон процесс зарим зарчмыг тусгасан байна.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.2-1.4 зүйлд хууль ёсны, шударга ёсны гэм буруугийн зарчмууд бэхжүүлэгдсэн.
Үүнээс “шударга ёсны зарчим”-ын нэг агуулга нь латины “Non bis is idem” буюу нэг гэмт хэрэгт 2 удаа хариуцлага хүлээхгүй гэсэн томьёоллоор илэрхийлэгддэг. Үүнийг эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тухайн гэмт хэрэгт нь “зөвхөн нэг удаа” хариуцлага хүлээлгэнэ хэмээн томьёолсон нь гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэсэн утга санааг илэрхийлнэ.
Өөрөөр хэлбэл яллагдагч Б.Ц нь хууль сахиулагч болох Г.Б-г “албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан” түүний хууль ёсны шаардлагыг үл биелүүлж буй үйлдэл нь үндэсний аюулгүй байдлын гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах чиг үүрэг бүхий албан хаагч”-ийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан эсэргүүцсэн, эсэргүүцэх явцдаа хөнгөн хохирол учруулсан.
Агуулгаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн объектив талд “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан” гэсэн байхад яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулж давхар “эрхэлж байгаа албан үүрэгтэй нь холбогдуулж” гэж хүндрүүлэн зүйлчлэх нь эрүүгийн эрх зүйн шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.
“Хууль сахиулагч” нь олон нийтийн эрх ашгийг хамгаалах талаар хуулиар хүлээлгэсэн үүргээ хэрэгжүүлэх явцад тэдэнд хүч хэрэглэхээр заналхийлэх, эсэргүүцэх, саад хийх тохиолдлууд цөөнгүй байсан тул 2015 оны Эрүүгийн хуульд тусгайлан нэг зүйл болгон хуульчлахдаа гэмт хэргийн бүрэлдэхүүнд материаллаг хор уршиг шаардаагүй, үйлдэл хийснээр төгсөх хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, үндсэн болон хүндрүүлэх шинжтэйгээр хуульчилсан.
Илүү ойлгомжтой байдлаар томьёолохын тулд дараах кейсээр жишээ авч ялгааг нь тайлбарлахыг хичээе.
Өмгөөлөгч өмгөөллийн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх явцдаа бусдын халдлагад өртөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан тохиолдол бол эрхэм шүүгчийн хүсээд буй “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан” гэж хүндрүүлэн зүйлчлэх асуудал яригдах ёстой гэдгийг анхаарч үзнэ үү.
Иймд яллагдагч Б.Ц-д холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2019/ШЗ/569 дүгээр захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү ...гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Б.Ц нь согтуурсан үедээ 2019 оны 06 дугаар сарын 25-ны орой 23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын нутагт хууль сахиулагч болох цагдаа Г.Банзрагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний хууль ёсны шаардлагыг үл биелүүлж баруун хөл рүү нь архины шилээр цохиж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэжээ.
Эндээс үзэхэд нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг агуулсан, гэмт хэргийн хүндрүүлэх нөхцлийг өөр гэмт хэргийн шинжид хамаарсан байна гэж үзэн тухайн гэмт хэргийн хүндрүүлэх нөхцлийг орхигдуулан хэргийг хөнгөрүүлэн зүйлчлэх үндэслэлгүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүхээс дүгнэн Б.Ц-д холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэхээр түүнд холбогдох хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж хууль ёсны үндэслэлтэй байна.
Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээн, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2019/ШЗ/569 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаар прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.