| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Александрын Сарангэрэл |
| Хэргийн индекс | 119/2026/0001/З |
| Дугаар | 221/МА2026/0296 |
| Огноо | 2026-05-05 |
| Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2026/0296
“ТАПИНМТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Э.Зоригтбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Гз, Ж.Го, түүний өмгөөлөгч Ж.С
Нэхэмжлэгч: “ТАПИНМТ” ХХК, /TAPINMT Co.,ltd/
Хариуцагч: “ЭҮ” ТӨҮГ, “ЭҮ” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд
Гуравдагч этгээд: “ХШМИ” ХХК /HSME Co., Ltd/
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дүгээр сарын 27-ны өдрийн 22 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Гз, Ж.Го, хариуцагч “ЭҮ” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лс, А.Аб, хариуцагч “ЭҮ” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Аз
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Чулуунцэцэг
Хэргийн индекс: 119/2026/0001/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “ТАПИНМТ” ХХК-иас Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗН, “ЭҮ” ТӨҮГ, “ЭҮ” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан ““ЭҮ” ТӨҮГ-ын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн М-ДБ-112-12/12066 дугаар мэдэгдэл, “ЭҮ” ТӨҮГ-ын “ХШМ И” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн М-ДБ-112-12/12064 дугаар мэдэгдэл, 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар хуралдааны тэмдэглэл, 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 03 дугаар тэмдэглэлүүдийг тус тус хүчингүй болгуулах, “ЭҮ” ТӨҮГ, “ХШМИ” ХХК-тай байгуулсан 2026/16-11-079 дугаартай гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дүгээр сарын 27-ны өдрийн 22 дугаар шийдвэрээр:
“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 22 дугаар зүйлийн 22.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.3, 26.9, 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2, 28.2, 30 дугаар зүйлийн 30.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 50 дугаар зүйлийн 50.2.2, 51 дүгээр зүйлийн 51.1, Цахим гарын үсгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.3, Захиргааны Ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “TAPINMT Co.,Ltd”-ийн “ЭҮ” ТӨҮГ, тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “ЭҮ” ТӨҮГ-ын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн М-ДБ-112-12/12066 дугаар мэдэгдэл, “ЭҮ” ТӨҮГ-ын “HSME Co.,Ltd”-д гэрээ байгуулах эрх олгосон 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн М-ДБ-112-12/12064 дугаар мэдэгдэл, 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар хуралдааны тэмдэглэл, 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 03 дугаар тэмдэглэл”-үүдийг тус тус хүчингүй болгуулах, “ЭҮ” ТӨҮГ, "HSME Co.,Ltd"-тай байгуулсан 2026/16-11-079 дугаартай гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Гз, Ж.Го, түүний өмгөөлөгч Ж.С нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
“TAPINMTCo.,Ltd” нэхэмжлэлтэй "ЭҮ” ТӨҮГ, ЭҮТӨҮГ/202501021449 дугаартай МПСи 9.75х4.88 тээрмийн доторлогооны хуяг, туршилт /иж бүрдэл/ нэртэй тендер шалгаруулалтын Үнэлгээний хороонд тус тус холбогдох "ЭҮ" ТӨҮГ-н 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн М-ДБ-112-12/12066 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах, “ЭҮ" ТӨҮГ-н "HSME Co., Ltd" ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн М-ДБ-112-12-12064 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах, 2025 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 2 дугаар МПСи 9.75х4.88 тээрмийн доторлогооны хуяг, туршилт /иж бүрдэл/ хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах, 2025 оны 12 дүгээр сарын 5-ны өдрийн 3 дугаар МПСи 9.75х4.88 тээрмийн доторлогооны хуяг, туршилт /иж бүрдэл/ хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах, "ЭҮ" ТӨҮГ-т холбогдуулан "ЭҮ" ТӨҮГ болон "HSME Co., Ltd" ХХК-тай нарын байгуулсан Худалдах худалдан авах тухай 2026/16-11-079 тоот гэрээг нь илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөр хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 22 дугаар шийдвэрийг 2026 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр гардаж аваад бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
3.1.Анхан шатны шүүх цахим гарын үсэг, цахим итгэмжлэлийг буруу тайлбарлаж, дүгнэсэн талаар:
Анхан шатны шүүх шүүхийн шийдвэртээ ... Ж.Го нь итгэмжлэлийн үндсэн дээр цахим тамгыг хэрэглэх ба түүнд олгосон итгэмжлэл нь 2025 оны 08 дугаар сарын 20- ны өдөр хүчингүй болсон, итгэмжлэлд хүчингүй болсны дараа хийсэн аливаа үйлдэл компанийг төлөөлөхгүй болохыг заасан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар үндэслэлгүй гэж шүүх үзлээ гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь шүүхийн дүгнэснээр Ж.Гоод нэхэмжлэгч компани тоон гарын үсэг бүхий итгэмжлэл олгосон, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй юм. Нэхэмжлэгч компанийн тендерээс 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн цаасаар олгосон итгэмжлэлийн хугацаа дууссан байна гэх үндэслэлээр татгалзсан. Дээрх цаасаар олгосон итгэмжлэлээс гадна тендерийг баталгаажуулж явуулсан Ж.Го нь Цахим гарын үсгийн тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч компанийн тоон гарын үсэг бүхий цахим итгэмжлэлийг авсан байдаг. Гэтэл анхан шатны шүүх цаасан итгэмжлэл, цахим итгэмжлэл хоёрыг хооронд нь нэг итгэмжлэл байсан мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Цаасан итгэмжлэлийн хугацаа дууссан ч цахим итгэмжлэл Ж.Гоод байсан, цахим итгэмжлэлийн хугацаа дуусаагүй байсан тул нэхэмжлэгч компани Тендерийг баримт бичгийн ТШЗ 13.2.2 дахь заалтыг зөрчөөгүй болно.
3.2.Гуравдагч этгээд ТШЗ 20.1-н 3-д заасан шаардлагыг хангасан гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй тухай.
Нэгдүгээрт Гуравдагч этгээд нь тендертээ Тендерийн баримт бичгийн ТШЗ 20.1-н 3-т заасан гэрээ дүгнэсэн акт биш хүлээн авсныг гэрчлэх баримт бичиг гэх нэг хуудас баримтыг хавсаргасан, Хоёрдугаарт тус баримт бичгийг нотариатаар гэрчлүүлээгүй зөвхөн гэрээгээ нотариатаар гэрчлүүлсэн байдаг. Тендерийн баримт бичигт гэрээ, гэрээн дүгнэсэн акт бүрийг нотариатаар гэрчлүүлж ирүүлэхээр заасан бөгөөд дээрх шаардсан материалуудын аль нэгийг ирүүлээгүй тохиолдолд тендерээс татгалзах үндэслэл болохоор заасан. Гэтэл анхан шатны шүүх нотариатын гэрчилгээ болон бараа нийлүүлсэн гэрээ ба гэрээ дүгнэсэн актыг албан ёсны орчуулгын товчоогоор орчуулуулж ирүүлсэн нь хуульд нийцсэн байна гэсэн нь үндэслэлгүй байна.
3.3.Үнэлгээний хорооны 2025 оны 11 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаар тэмдэглэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Анхан шатны шүүх үнэлгээний хорооны 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2 дугаар хурлын тэмдэглэл хүчингүй болж, үйлчлэл нь дуусгавар болсон гэж дүгнэсэн. 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэлээр Нэхэмжлэгч компанийн тендерийг үнэлж, тендерээс татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Сангийн яамны гомдол хянасан тухай албан бичигт захиалагчийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн М-ДБ- 112-12/11337 тоот шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн харин үнэлгээний хорооны тэмдэглэлийг хүчингүй болгоогүй юм. Хэрвээ 2025 оны 11 сарын 06-ны өдрийн Үнэлгээний хорооны тэмдэглэл хүчингүй болсон юм бол үнэлгээний хороо дахин хуралдахдаа тендерт оролцож байгаа 4 компанийг 4-лэнг нь дахин үнэлэх ёстой байсан гэтэл нэхэмжлэгч компанийн талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй юм. Иймээс нэхэмжлэгч 02 дугаар үнэлгээний хорооны тэмдэглэл хүчингүй болоогүй гэж үзсэн учраас тус тэмдэглэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үнэлгээний хорооноос гаргасан актууд нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасан захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байх шаардлагыг огт хангаагүй байна.
Иймд Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 22 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.
1.Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн тухайд:
Нэхэмжлэгч “ТАПИНМТ” ХХК-иас “ЭҮ” ТӨҮГ, “ЭҮ” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ. Үүнд:
1.1.“ЭҮ” ТӨҮГ-ийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн М-ДБ-112-12/12066 дугаар мэдэгдэл илт хууль бус болохыг тогтоолгох,
1.2.“ЭҮ” ТӨҮГ-ийн “ХШМИ” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн М-ДБ-112-12/12064 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах,
1.3.Үнэлгээний хорооны 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдааны 2 дугаар тэмдэглэл, 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 03 дугаар тэмдэглэлүүдийг тус тус хүчингүй болгуулах,
1.4.“ЭҮ” ТӨҮГ-ийн “ХШМИ” ХХК-тай байгуулсан 2026/16-11-079 дугаартай гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох
1.5.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “...манай компаниас Ж.Гоод компанийг төлөөлөх 2 жилийн хугацаатай тоон гарын үсэг бүхий итгэмжлэлийг олгосон байдаг бөгөөд дээрх тоон гарын үсгээр баталгаажуулан тендерийг илгээсэн боловч Ж.Гоод олгосон итгэмжлэлийн хугацаа дууссан гэх үндэслэлээр шаардлага хангахгүй гэж үзсэн нь үндэслэлгүй, ТШЗ 19.1-д зааснаар санхүүгийн тайланд аудит хийсэн аудитын байгууллагын аудит хийх эрхтэй эсэх баримтыг шаардаагүй байтал захиалагчаас баримтыг шаардсан мэтээр шаардлага тавьж тухайн баримтыг ирүүлээгүй гэх мэдэгдэл нь үндэслэлгүй. Гуравдагч этгээдийн тухайд тендерийн баримт бичгийг Монгол хэлээр ирүүлэх, бараа нийлүүлсэн гэрээ, гэрээ дүгнэсэн актыг ирүүлэх шаардлагыг хангаагүй” гэж маргажээ.
1.6.Хариуцагчаас “...нэхэмжлэгч компаниас Ж.Гоод олгосон тендерт ирүүлсэн итгэмжлэлийн хугацаа дууссан байсан тул тус компанийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзсэн, тус компанийг Ж.Го нь итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй талаар, цахим хэлбэрээр итгэмжлэл олгосон талаарх өөр баримт байхгүй болно. Мөн тус компанийн ирүүлсэн аудитын тайланд аудит хийсэн компанийн мэдээлэл болон аудит хийсэн аудиторуудын мэдээллийг ирүүлээгүй байсан.” гэж хариу тайлбар гаргажээ.
1.7.Гуравдагч этгээдээс “...гуравдагч этгээдийн тендерийн баримт бичгийг Монгол хэлээр ирүүлсэн шаардлагыг зөрчсөн гэх тайлбарын тухайд зарим техникийн нэр төрлийн үг хэллэгийг Монгол хэл рүү орчуулах боломжгүй бөгөөд нэхэмжлэгч компани өөрөө захиалагчийн дээрх техникийн нэр төрлийг англи хэл дээр нь тендерийн материалдаа ирүүлсэн байдаг. Мөн бараа нийлүүлсэн гэрээ ба гэрээ дүгнэсэн актыг тендерт ирүүлээгүй гэж тайлбарласан байх боловч манай компаниас тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтэд заасны дагуу дээрх баримт бичиг болон түүнтэй адилтгах баримт бичгийг цахим тендерт ирүүлсэн болно” гэж тайлбарлан маргажээ.
2.Маргааны үйл баримтын тухайд:
2.1.Тендерийн Үнэлгээний хороо нь ЭҮ ТӨҮГ-аас ЭҮТӨҮГ /202501021449 дугаартай МПСИ 9.75х4.88 тээрмийн доторлогооны хуяг, туршилт /иж бүрдэл/ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зарлаж, 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тендерийг нээж, 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хянан үзэж үнэлсэн байна.
2.2.Үнэлгээний хороо 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хуралдаж 02 дугаар тэмдэглэлээр[1] 4 компани тендерт материал ирүүлснээс “ШМХК” ХХК /“SMHC Cо.,Ltd”/-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулах саналыг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн.
2.3.Захиалагчаас Үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн тендерт оролцогч “ХШМИ” ХХК, “ТАПИНМТ” ХХК, “ЛЖМИ” ХХК /LJME CO., LTD/-д тус тус тендерт шалгараагүй тухай мэдэгдлийг 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр, “ШМХК” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн М-ДБ-112-12/11337 дугаартай мэдэгдлийг тус тус хүргүүлсэн.
2.4. Дээрх Үнэлгээний хорооны шийдвэр болон захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч “ХШМИ” ХХК нь Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яам гомдлыг хянан үзээд 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 02/10597 дугаартай “Гомдол хянасан тухай” шийдвэрээр[2] захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл болон тендерээс татгалзсан мэдэгдлүүдийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийх шийдвэр гаргасан.
2.5. Тендерийн Үнэлгээний хороо Сангийн яамны шийдвэрийн дагуу 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хуралдаж 03 дугаартай тэмдэглэлээр[3] “ХШМИ” ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн М-ДБ-112-12/12064 дугаартай мэдэгдлийг[4] хүргүүлж, нэхэмжлэгч “ТАПИНМТ” ХХК-д тендерт шалгараагүй тухай 2025 оны 12 дугаар сарын 10-ний өдрийн М-ДБ-112-12/12066 дугаар мэдэгдлийг[5] тус тус хүргүүлсэн байна.
2.6. Дээрх Үнэлгээний хорооны шийдвэр болон захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч “ТАПИНМТ” ХХК нь Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан боловч 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 02/11100 тоот “Гомдол буцаах тухай” албан бичгээр[6] “...танай албан бичигт гүйцэтгэх захирлын гарын үсгийг эх хувиар хэрэглээгүй байна” гээд “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-ын 2.4-т зааснаар буцааж шийдвэрлэсэн байна.
3. “ТАП ИН МТ” ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэр нь хууль бус гэх давж заалдах гомдлын тухайд:
3.1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ”, 26.2-т “Захиалагч оролцогчийн ерөнхий шаардлагыг энэ хуулийн 7.2-т заасан мэдэгдэл, 7.3-т заасан баримт бичиг, 15.2-т заасан мэдээлэлд үндэслэн хянан үзнэ.”, 26.9-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 26 дугаар зүйлийн 26.10-д “Энэ хуулийн 26.9-д зааснаас бусад тендер болон дараах тендерийг шаардлага хангаагүй гэж үзэж татгалзана” гэж тус тус заасан.
3.2.Тендерийн баримт бичгийн ТШЗ-ын 13. Тендерийн иж бүрдэл 13.2.2-т Оролцогчийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдээс өөр этгээд тендерийг баталгаажуулсан бол холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн олгосон итгэмжлэл /гадаадын этгээдийн хувьд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг нотлох/ гэсэн шаардлагыг заажээ.
3.3.Дээрх хуулийн зохицуулалт болон Тендер шалгаруулалтын бичгийн шаардлагад зааснаар “итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдээс өөр этгээд тендерийг баталгаажуулсан бол холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн олгосон итгэмжлэл”-ыг хавсаргахаар заасан байна.
3.4.Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч компанийн тендерийн баримт бичгийг Ж.Гооос баталгаажуулан ирүүлэхдээ тендерийн баримтад нэхэмжлэгч компанийн төлөөлөгч /МВТ/-аас борлуулалтын менежер Ж.Гоод олгосон “Бид дээр дурдсан үйлчлүүлэгчийг манай компани болон Эрдэнэт зэсийн уурхай хоорондын гэрээний нөхцөлийг хэлэлцэх эрхтэйгээр итгэмжилж байна. Энэхүү итгэмжлэл нь 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хүчинтэй бөгөөд уг хугацаа дуусмагц автоматаар хүчингүй болно. Итгэмжлэл хүчингүй болсны дараа үйлчлүүлэгчийн хийсэн аливаа үйлдэл манай компанийг төлөөлөхгүй” гэх итгэмжлэлийг хавсарган ирүүлжээ.
3.5.Тодруулбал, Ж.Гоод олгосон итгэмжлэлийн хугацаа 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр дууссан байхад 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зарласан цахим тендерт хугацаа дууссан итгэмжлэл ирүүлсэн нь “тендер шалгаруулалтын зааварчилгааны 13.2.2-д заасан шаардлагыг хангаагүй” гэж үзсэн Үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй байна.
3.6.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д “Худалдан авах ажиллагаанд холбогдох барим бичгийг Цахим гарын үсгийн тухай хуульд заасан тоон гарын үсгээр баталгаажуулж, энэ хуульд зааснаар цахим системээр илгээсэн бол бичгээр үйлдсэнд тооцно.”, 22 дугаар зүйлийн 22.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол оролцогч тендерийг тоон гарын үсгээр баталгаажуулж, цахим системээр илгээнэ”,
Цахим гарын үсгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Цахим тамгыг хуулийн этгээдийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд эзэмшинэ.”, 7.3-д “Цахим тамгыг хуулийн этгээдийг итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлөх этгээд итгэмжлэлээр олгосон эрхийн хүрээнд хэрэглэж болно”,
Тендерийн баримт бичгийн ТШЗ 25.3-д “Оролцогчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд тендерийг тоон гарын үсгээр баталгаажуулсан бол V бүлэгт заасан маягтыг ТШЗ-ны 25.1-д зааснаар тамга, тэмдгээр баталгаажуулсан гэж үзнэ” гэж тус тус заасан байна.
3.7.Нэхэмжлэгчээс “...манай компаниас Ж.Гоод компанийг төлөөлөх 2 жилийн хугацаатай тоон гарын үсэг бүхий итгэмжлэлийг олгосон бөгөөд энэ нь тендер шалгаруулалтын зааварчилгааны ТШЗ-ны 25.3-т заасан шаардлагыг хангасан” гэж марган, нэхэмжлэгч компаниас Ж.Гоод “...компанийн нэрийн өмнөөс ТК болох тоон гарын үсгийг авах, ашиглах эрхийг” олгосон 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 5/19 дугаар итгэмжлэлийг[7] олгосон байх боловч тендерийн баримт бичигт дээрх цахим гарын үсэг бүхий баримтыг хавсарган ирүүлээгүй талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.
3.8. Иймд анхан шатны шүүх “...нэхэмжлэгч “ТАПИНМТ” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь гүйцэтгэх захирал, гүйцэтгэх захирал нь тендерийг тоон гарын үсгээр баталгаажуулсан тохиолдолд итгэмжлэл үйлдэх, хуулийн этгээдийн тамга, тэмдэг шаардахгүй гэдгийг тодорхойлсон байна” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “…анхан шатны шүүх цаасан итгэмжлэл, цахим итгэмжлэл хоёрыг хооронд нь нэг итгэмжлэл байсан мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Цаасан итгэмжлэлийн хугацаа дууссан ч цахим итгэмжлэл Ж.Гоод байсан” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
3.9.Мөн тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ын 19.1.5-д “Гадаадын хуулийн этгээд бол санхүүгийн тайланд аудит хийлгэх үүрэгтэй оролцогчийн хувьд санхүүгийн тайланд хийсэн 2022, 2023, 2024 он тус бүр аудитын дүгнэлт ирүүлнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч компаниас 2022, 2023, 2024 оны аудитын тайланг ГЮ аудитын байгууллагаар хийлгэсэн аудитын тайлан ирүүлсэн байна.
3.10. Үнэлгээний хорооноос “аудит хийлгэсэн ГЮ аудитын байгууллага болон аудиторууд нь аудит хийх эрхтэй эсэхийг тодорхойлсон баримт бичгийг ирүүлээгүй байна.” гээд баримт бичгийн шаардлагад нийцэхгүй байна гэж үзсэнийг анхан шатны шүүх “...аудитын байгууллага нь аудит хийх эрхтэй эсэхийг тодорхойлох баримтыг шаардаагүй, өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-ын 5-ын шаардлагыг нэхэмжлэгч компани хангасан боловч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ.” гэж зааснаар ТШЗ 13.2.2 заасан шаардлага хангаагүй учраас “ТАПИНМТ” ХХК-ийн тендерээс татгалзсан захиалагчийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн М-ДБ-112-12/12066 дугаартай мэдэгдэл үндэслэлтэй байна” гэх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.
3.10.Дүгнэвэл, хэрэгт нэхэмжлэгч “ТАПИНМТ” ХХК-иас “Тендерийн өгөгдлийн хүснэгтийн 13.2.2. Оролцогчийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдээс өөр этгээд тендерийг баталгаажуулсан бол холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн олгосон итгэмжлэл /гадаадын этгээдийн хувьд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг нотлох/-ийг тендерт оролцохдоо ирүүлээгүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаас тогтоогдож байх тул нэхэмжлэгч компанийн тендерийн баримт бичиг нь хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн хариуцагчийн шийдвэрийг хуульд нийцээгүй гэж шүүхээс дүгнэх үндэслэлгүй юм.
4.Нэхэмжлэгчийн “гуравдагч этгээд “ХШМИ” ХХК-ийн ирүүлсэн тендер шаардлага хангаагүй” гэх давж заалдах гомдлын тухайд:
4.1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ:”, 26.4.3-д “захиалагчаас тогтоосон, эсхүл холбогдох гэрээний нөхцөлөөр тодорхойлсон талуудын эрх, үүргийг хүлээн зөвшөөрсөн байх”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиалагч шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-т заасан үнэлгээний үндсэн шалгуурын дагуу үнэлнэ.”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана” гэж заасан.
4.2.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, “ЭҮ” ТӨҮГ-ийн тендерийн Үнэлгээний хорооноос 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 03 дугаар хурлаар “ХШМИ” ХХК-иас ирүүлсэн тендерийн материал нь техникийн шаардлага хангасан хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн гэж нийт гишүүдийн 100 хувийн саналаар үнэлсэн бөгөөд /МПСИ 9.75х4.88 тээрмийн доторлогооны хуяг, туршилт /иж бүрдэл/-ийг нийлүүлэх боломжтой талаар зөвлөмжийг хүргүүлсний дагуу гэрээ байгуулагдсан, хариуцагчаас гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээ, маргаан бүхий захиалагчийн шийдвэрүүд нь дээр дурдсан хуульд заасан нөхцөл, шаардлагыг зөрчсөн, тодруулбал, хариуцагчийн гуравдагч этгээдийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн гэж, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр нь хууль зөрчсөн бөгөөд түүний шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй.
4.3.Тодруулбал, нэхэмжлэгчийн зүгээс гуравдагч хуулийн этгээд нь “...тендер шалгаруулалтын баримт бичиг ...монгол хэлээр байх ба өөр хэлээр үйлдсэн тендер, түүний доторх баримт бичиг, мэдээллийг орчуулсан орчуулгыг тендерт оролцогч бэлтгэн нийлүүлнэ гэх шаардлагыг, бараа нийлүүлсэн гэрээ ба гэрээ дүгнэсэн акт /протокол эсхүл дүгнэлт эсхүл түүнтэй адилтгах баримт бичиг/-ын хуулбарыг нотариатаар гэрчлүүлж ирүүлнэ гэсэн шаардлагуудыг хангаагүй” гэж маргадаг.
4.4.Тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 12.1-т “Тендер шалгаруулалтын зарлал, баримт бичиг, урилгыг гадаад хэлээр давхар нийтэлсэн эсэхээс үл хамааран тендер шалгаруулалтын баримт бичиг ...монгол хэлээр байх ба өөр хэлээр үйлдсэн тендер, түүний доторх баримт бичиг, мэдээллийг орчуулсан орчуулгыг тендерт оролцогч бэлтгэн нийлүүлнэ.” гэж заасны дагуу гуравдагч этгээдээс ирүүлсэн тендерийн баримт бичгийн 206 дахь тал[8] “Тээрэмд суурилагдах нэг иж бүрдэл хуягны тоо хэмжээ” хүснэгтийн 1.29-1.41 хүртэл техникийн нэр төрлийг англи хэл дээр ирүүлсэн байгаа ч гуравдагч этгээдээс гаргасан “...зарим техникийн нэр төрлийн үг хэллэгийг Монгол хэл рүү орчуулах боломжгүй байдаг” гэх тайлбарыг хүлээж авах үндэслэлтэй байна.
4.5.Тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн 20.1-ын 3-т “бараа нийлүүлсэн гэрээ ба гэрээ дүгнэсэн акт /протокол эсхүл дүгнэлт эсхүл түүнтэй адилтгах баримт бичиг/-ын хуулбарыг нотариатаар гэрчлүүлж ирүүлнэ. /Хэрэв ЭҮтэй байгуулсан гэрээ бол нотариатаар батлуулах шаардлагагүй/ Түүнчлэн хагас өөрөө нунтаглалтын тээрэмд суурилуулан хуягийг ашиглагч байгууллагын тодорхойлолтыг ирүүлнэ” гэж заажээ.
4.6.Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл гуравдагч этгээдээс туршлагын шаардлагыг хангах ижил төстэй бараа нийлүүлсэн талаарх хятад хэл дээрх Худалдах, худалдан авах гэрээ, хүлээн авсныг гэрчлэх баримт бичиг, нотариатын гэрчилгээг орчуулгын хамт тендерийн баримт бичгийн 177-202 талд[9] ирүүлсэн болох нь тогтоогдож байна.
4.7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан “...гэрээ дүгнэсэн акт биш хүлээн авсныг гэрчлэх баримт бичиг гэх нэг хуудас баримт байсан, дээрх баримтыг нотариатаар гэрчлүүлээгүй” гэх гомдолд гуравдагч этгээдийн зүгээс “...БНХАУ-ын Нотариатын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасны дагуу гэрээ болон түүний салшгүй хэсэг болох /нэмэлт гэрээ, хавсралт, итгэмжлэл, хүлээн авсан баримт бичиг гэх мэт/ тухайн гэрээтэй холбоотой бүх баримт бичгүүд нь үнэн зөв, хуульд нийцсэн бол нотариатч эх хувиас хуулбарлаж гэрчлэн цэнхэр тэмдэгтэй Нотариатын гэрчилгээ /1 хуудас/ баримтыг олгодог” гэх тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй байна.
4.8.Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр гуравдагч этгээдээс ирүүлсэн тендерийн баримт бичиг нь шаардлага хангаагүй гэж үзэж нэхэмжлэлийн холбогдох шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэл тогтоогдсонгүй.
5.“ЭҮ” ТӨҮГ-ийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн М-ДБ-112-12/12064 дугаар, М-ДБ-112-12/12066 дугаар албан бичгүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
5.1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана”, 28.1.1-д “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох”, 28.1.3-т “шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах”, 28.2-т “Энэ хуулийн 28.1.2, 28.1.3-т заасан шийдвэрт түүний тендер шалгараагүй, эсхүл татгалзсан үндэслэлийг болон гэрээ байгуулах эрх олгосон оролцогчийн нэр, гэрээ байгуулах үнэ зэргийг зааж оролцогч тус бүрд нэгэн зэрэг мэдэгдэнэ.” гэж заасан.
5.2.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Үнэлгээний хороо анх 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хуралдаж нэхэмжлэгч “ТАПИНМТ” ХХК-ийн тендерийг баримт бичгийн шаардлага хангахгүй гэж үзэж татгалзсан бөгөөд гуравдагч этгээдээс Сангийн яаманд гаргасан гомдолтой холбоотойгоор Үнэлгээний хороо дахин 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хуралдаж 4 хуулийн этгээдээс ирүүлсэн тендерийн баримт бичгийг дахин хянаж шалгаад нэхэмжлэгчээс ирүүлсэн тендерийн баримт бичгийг шаардлага хангахгүй хэвээр үлдээж, гуравдагч этгээд “ХШМИ” ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулах саналыг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн.
5.3.Дээрх Үнэлгээний хорооны 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 3 дугаар зөвлөмжийн хүрээнд захиалагчаас нэхэмжлэгчид хүргүүлсэн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн М-ДБ-112-12/12066 дугаар мэдэгдэл, гуравдагч этгээдэд хүргүүлсэн М-ДБ-112-12/12064 дугаар мэдэгдлийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
6.Үнэлгээний хорооны 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдааны 2 дугаар тэмдэглэлийг хүчингүй болгуулах гомдлын тухайд:
6.1.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, анх Үнэлгээний хороо 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хуралдаж 02 дугаар тэмдэглэлээр[10] 4 компани тендерт материал ирүүлснээс “ШМХК” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулах саналыг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн.
6.2. Дээрх Үнэлгээний хорооны шийдвэр болон захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд болох “ХШМИ” ХХК нь Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яам гомдлыг хянан үзээд 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 02/10597 дугаартай “Гомдол хянасан тухай” шийдвэрээр[11] захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл болон тендерээс татгалзсан мэдэгдлүүдийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийх шийдвэр гаргасан.
6.3. Улмаар Тендерийн Үнэлгээний хороо Сангийн яамны шийдвэрийн дагуу дахин 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хуралдаж 03 дугаартай тэмдэглэлээр[12] “ХШМИ” ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж “Гэрээ байгуулах эрх олгох” зөвлөмжийг хүргүүлэхээр шийдвэрлэсэн.
6.4.Үүнээс үзвэл “ЭҮ” ТӨҮГ-ийн Үнэлгээний хороо 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр дахин хуралдаж 3 дугаар тэмдэглэл гаргаснаар өмнөх 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хурлын 2 дугаар тэмдэглэлийн эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болж, цаашид хэрэгжихээргүй болсон байх тул “нэгэнт эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болсон захиргааны актыг шүүх хүчингүй болгох зохицуулалт байхгүй” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
6.5.Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан “...Сангийн яамны гомдол хянасан тухай албан бичигт захиалагчийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн М-ДБ- 112-12/11337 тоот шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн харин үнэлгээний хорооны тэмдэглэлийг хүчингүй болгоогүй юм. Хэрвээ 2025 оны 11 сарын 06-ны өдрийн Үнэлгээний хорооны тэмдэглэл хүчингүй болсон юм бол үнэлгээний хороо дахин хуралдахдаа тендерт оролцож байгаа 4 компанийг 4-лэнг нь дахин үнэлэх ёстой байсан гэтэл нэхэмжлэгч компанийн талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй” гэх давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэл тогтоогдсонгүй.
7.Монгол хэлний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, хуулийн этгээд албан хэргээ кирил бичгээр хөтлөн явуулна” гэж заасныг зөрчсөн тул шийдвэрийн тогтоох хэсэгт үг, үсгийн өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дүгээр сарын 27-ны өдрийн 22 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын нэхэмжлэгч “TAPINMT Co.,ltd” гэснийг “ТАПИНМТ” ХХК, гуравдагч этгээд “HSME Co., Ltd” гэснийг “ХШМИ” ХХК болгосон өөрчлөлт, мөн ТОГТООХ хэсгийн 2 дах заалтын нэхэмжлэгч “WCIMC Co.Ltd” гэснийг нэхэмжлэгч “ТАПИНМТ” ХХК болгосон өөрчлөлт тус тус оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
[3] Хэргийн 1-р хавтас 123-134 дэх тал
[4] Хэргийн 1-р хавтас 43 дахь тал
[5] Хэргийн 1-р хавтас 44-45 дахь тал
[6] Хэргийн 1-р хавтас 141 дэх тал
[7] Хэргийн 1-р хавтас 150, 218 дахь тал
[8] Нотлох баримтаар авагдсан плаш диск
[9] Нотлох баримтаар авагдсан плаш диск
[12] Хэргийн 1-р хавтас 123-134 дэх тал