Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2022/00155

 

 

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2022/00155

 

 

******* ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2020/00136 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 655 дугаар магадлалтай,

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

*******, *******, ******* нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 26,324,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл,

Хариуцагч *******ын нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 7 хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл мөн болохыг тогтоолгох, илүү төлсөн 15,147,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Алтайхүү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргал, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******, *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 26,324,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* эс зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 7 хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл мөн болохыг тогтоолгож, илүү төлсөн 15,147,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

2. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2020/00136 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2, 286.5, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, *******, ******* нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 26,324,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, хариуцагч *******ын нэр бүхий зээлийн 7 гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, илүү төлсөн 15,147,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289,570 төгрөгийг, хариуцагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,116,770 төгрөгөөс 725,220 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 391,550 төгрөгийг улсын орлогоос гаргуулан *******т буцаан олгож, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 289,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 655 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2020/00136 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.2, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******, *******, ******* нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 19,470,347 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 6,853,653 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, зохигчдын хооронд байгуулагдсан 7 зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, үндэслэлгүй төлсөн 15,147,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын *******аас улсын тэмдэгтийн хураамжид 289,750 төгрөгийг гэснийг *******аас улсын тэмдэгтийн хураамжид 255,302 төгрөгийг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2020/00136 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 655 дугаар магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан 2017.12.10 өдрийн сөрөг нэхэмжлэл, 2019.12.17 өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосон, мөн давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт гаргасан гэж үзэж байна. *******ын гаргасан сөрөг нэхэмжлэл хуулийн үндэслэлтэй гэж үзэж байгаа. Учир нь 2017.12.07 өдөр 10,000,000 төгрөг зээлийн хүү 7 хувь, хугацаа 90 хоног, 2018.02.14 өдөр 15,000,000 төгрөг, зээлийн хүү 7 хувь, хугацаа 120 хоног,

2018.07.18 өдөр 10,000,000 төгрөг, зээлийн хүү 7 хувь, хугацаа 120 хоног, 2018.11.10 өдөр 20,000,000 төгрөг, зээлийн хүү 6 хувь, хугацаа 150 хоног, 2019.02.23 өдөр 30,000,000 төгрөг, зээлийн хүү 5 хувь, хугацаа 180 хоног, 2019.06.09 өдөр 30,000,000 төгрөг, зээлийн хүү сарын 5 хувь, хугацаа 4 сар, 2019.08.14 өдөр 30,000,000 төгрөг, зээлийн хүү сарын 5 хувь, хугацаа 6 сар, нийт 7 удаа зээлийн гэрээ байгуулж 145,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байх боловч ******* дээрх нэр бүхий 7 зээлийн гэрээний дагуу гар дээрээ 116,957,000 төгрөг бэлнээр болон дансаар зээлийн гэрээний дагуу мөнгийг шилжүүлэн авсан байдаг. 1 жил 9 сарын хугацаанд зээлийн гэрээ байгуулсан боловч энэхүү гэрээнүүд нь илт хууль бус гэрээ байсан. Үүнийг бид дараах байдлаар нотолно. Үүнд: Зээлийн эрэн төлөх хуваарийг *******т танилцуулж гарын үсэг зуруулж байгаагүй хэрнээ зээлийг буцаан төлөхдөө өдөр бүр тэнцүү эргэн төлөлт хийлгэж байсан байна. 2017.12.07 өдрийн 10 сая, 2018.02.14 өдрийн 15 сая төгрөг, 2018.07.18 өдрийн 10 сая төгрөг, 2018.11.10 өдрийн 20 сая төгрөг, 2019.02.23 өдрийн 30 сая төгрөг гэх ******* ХХК-ийн Зээлийн гэрээний 1.2-р зүйлийн 1.2.1 дэх хэсэгт зааснаар зээлийн хүү 7, 6, 5 хувь гэсэн шатлалаар явсан. Гэхдээ энэ зээлийн хүү нь зээлийн гэрээний хугацаанд нийт төлөх хүү байсан. Гэтэл сар бүрийн зээлийн хүү гэж *******аас авч байсан. Мөн зээлийн гэрээний бүх хугацаанд хүүг үндсэн зээлээс тооцсон хэрнээ гэрээ байгуулсны маргааш өдрөөс нь үндсэн зээлийг хүүгийн хамт эргүүлж төлүүлж байсан нь Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйл мөн гэрээний эрх тэгш байдлыг хангаагүй нэг талд илт давамгай зээлдүүлэгчид ашигтай гэрээг байгуулж, мөнгө хүүлэх ажиллагааг хуулийн хүрээнд явуулаагүй байна. Хэрвээ Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн агуулгын үгийн шууд утгыг анхаарвал үгийн шууд утгыг харна. 2017.12.07, 2018.02.14, 2018.07.18, 2018.11.10, 2019.02.23 өдрийн зээлийн гэрээнүүдийн 1.2-ийн 1.2.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч зээлдэгчид ...төгрөгийг зээлдүүлнэ. Зээлийн хүү 7 хувь гэж бичсэн байдаг. Зээл өгөгч тал зээлээ сар бүрийн 7 хувь хүүтэй гэсэн бол сар бүр хүүгээ 7 хувиар тооцон авах эрхтэй. Гэтэл зээл өгөгч зээлийн хүү 7 хувь гэж бичсэн байгаа нь зээлийн гэрээний бүх хугацаанд нэг удаа 7 хувийн хүү авах эрхтэйгээр гэрээг байгуулсан байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлд зааснаар гэрээний үүргээ биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгчээс нэмэлт төлбөр тооцож авах тухай хуульчилсан байна. ******* ХХК-ийн зээлийн гэрээний 1.4-т 1 удаагийн хоцролтоос хоног тутам 2000 төгрөгийн торгуулийг нэмж төлнө. Мөн гэрээний 1.6-д зээл, хүүгийн төлбөр бүрэн төлөөгүй тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги нэмж төлнө... Энэ заалтууд нь алданги, торгуулийг аль алиныг хэрэглэхээр заасан байгаа нь хууль бус гэж үзэж байна. Мөн гэрээний 1.9-д Зээлдэгчийн төлөлт хийх өдөр амралт баяр ёслолын өдөр таарвал урьдчилан хамгийн сүүлийн ажлын өдөр төлбөрийг зээлдүүлэгчид төлнө. Зээлийн эргэн төлөх хуваарийг үзвэл зээл авсан өдрийн маргаашаас үндсэн зээл хүүг урьдчилан төлүүлэхдээ тухайн зээлийн гэрээний хугацаанд нийтээр амрах амралт баярын өдрүүдийг тооцож 120 хоногт төлөх төлбөр 1 хоногт 160,000 төгрөг байх байтал 172,000 төгрөгийг төлүүлж байгаа нь зээлдэгчид илт хохиролтой хуулиас давсан гэрээ гэж үзэхээр байна. ******* ХХК-ийн зээлийн гэрээний 1.2.2-т заасан заалт нь хуулиас давсан заалт нөгөөтээгүүр зээлийн бүхий л хугацаанд зээлдэгчийг төөрөгдөлд оруулсан зүйл заалт байсан гэж үзэхээр байна. Мөн зээлийн гэрээний 1.2.2 дахь заалтыг бүхэлд нь авч үзвэл зээлдэгч зээлийг 120 хоногт амралтын өдрүүдэд төлбөр авахгүй, өгөхөөр бусад өдөрт тэнцүү хуваан 172,000 төгрөгөөр хавсралт А-д заасны дагуу төлж барагдуулна. гэжээ. Гэтэл зээлийн гэрээнд хавсралт А. гэсэн хавсралт байхгүй, зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийг хавсралт А байна гэж үзвэл энэ талаар ******* танилцаж гарын үсэг зураагүй байгааг анхаарч үзнэ үү. Мөн зээлийн гэрээний 2.1.1-д гэрээ хүчин төгөлдөр болсноор зээлийг гэрээнд заасан дансанд шилжүүлэх. /зээлийн гэрээний 1-4 дэх заалтад ямар ч дансны дугаар байхгүй байгаа/

******* ХХК-ийн зээлийн хүү бодох аргачлал тооцоолол нь *******т худал эргэн төлөлтийн хуваар гаргаж өгч байсан. Үүнийг дараах байдлаар нотолно. Шударга байх үүднээс жишээ татая: 2018.02.14 өдрийн зээлийн гэрээг иш татвал:

*******т олгосон зээлийн гэрээ 15 сая төгрөг, хүү тооцохдоо сарын 7 хувиар тооцож, зээлийн гэрээний хугацаа 120 хоногоор эргэн төлөлтийн хуваар гаргаж байжээ. ******* ХХК нь 15,000,000х28 хувь/7*/%*4 сар/ нийт 19,200,000 төгрөг болно. 19,200,000 төгрөгийг 120 хоногт хуваагаад 160,000 төгрөг гардаг боловч 172,000 төгрөгийг *******аас эргүүлэн төлүүлсэн байдаг. Зээлийн гэрээний хугацаа 120 хоног хэрнээ 112 хоногт багтаан төлүүлсэн байдаг. Үүнээс үзвэл 15 сая төгрөгийг 120 хоногийн 28 хувийн хүү тооцож ******* төлөхдөө 2018.02.15 өдрөөс төлж эхэлсэн байна. Үндсэн зээл болон хүүг зээлийн гэрээний хугацаа эхэлмэгц тухайн зээлийн гэрээний хугацаанд амралт баяр ёслолын өдрийн зээлийн эргэн төлөлтийг шаардаж төлүүлдэг байсан нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтаар хангалттай нотлогдоно. Нэхэмжлэгч ч өөрөө үүнийгээ хүлээн зөвшөөрдөг. Зээлийн нэмэлт үүргийг тооцохдоо үндсэн зээлээс төлөгдөөд явж байгааг үндсэн үүргийг биелүүлсэн зээлдэгчээс дахин төлүүлсэн байгаа нь дээрх 7 зээлийн гэрээнүүдэд бүгдэд нь байгаа. Энэ нь хуулиас давсан шударга бус зээлдэгчийг илт дарамтад оруулсан гэрээ юм. Зээлийн гэрээний бүхий л хугацаанд үндсэн зээлээс огт эргэн төлөөгүй мэт зээлийг эргүүлж шаардаж төлүүлсэн нь шударга биш хуулиас давсан гэрээ болжээ. Жишээлбэл, 2019.06.09 өдрийн 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд сарын хүү 5 хувь гэж заасан байдаг. Зээлийг авсан өдрөөс хойш 30 хоногт өдөр бүр 308,000 төгрөгөөр эргэн төлөлт хийсэн тэгэхээр нийтдээ 9,240,000 төгрөгийн эргэн төлөлт хийсэн байна. Үүнээс зээлийн хүү 30,000,000х5 хувь гэвэл 1,500,000 төгрөгийг хүүнд тооцон авах эрхтэй байсан. Тэгвэл *******ын 9,240,000 төгрөгөөс 1,500,000 хүүг хасч тооцвол үндсэн зээлээс 7,740,000 төгрөг хасагдаж 22,260,000 төгрөг болох ёстой байсан байна. Гэтэл ******* ХХК нь үндсэн зээл буюу 30,000,000 төгрөгөөс төлбөр хасагдсаар байтал анх өгсөн зээл 30,000,000 төгрөгөөс дараагийн сарын хүүг мөн л тооцоод өдөр бүр 308,000 төгрөгийг төлүүлсэн байгааг шүүх Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлд заасны дагуу гэж үзээд байгаа нь буруу юм. Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.14-ний өдрийн 183/ШШ2020/00136 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.20-ны өдрийн 655 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******, *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 26,324,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ******* эс зөвшөөрч, нэхэмжлэгчтэй 2017.12.07-ноос 2019.08.14-ний хооронд байгуулсан 7 удаагийн зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, үндэслэлгүй төлсөн 15,147,000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

6. Анхан шатны шүүх *******, *******, ******* нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 26,324,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх шийдвэрт хариуцагч нараас 19,470,347 төгрөг гаргуулахаар тооцооны болон хууль хэрэглээний өөрчлөлт оруулжээ.

7. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй.           

7.1. Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* ХХК-аас 2017.12.07-ны өдөр 10,000,000 төгрөг, сарын 7 хувийн хүүтэй, 90 хоногийн хугацаатай, 2018.02.14-ний өдөр 15,000,000 төгрөг, сарын 7 хувийн хүүтэй, 120 хоногийн хугацаатай, 2018.07.18-ны өдөр 10,000,000 төгрөг, сарын 7 хувийн хүүтэй, 120 хоногийн хугацаатай, 2018.11.10-ны өдөр 20,000,000 төгрөг, сарын 6 хувийн хүүтэй, 150 хоногийн хугацаатай, 2019.02.23-ны өдөр 30,000,000 төгрөг, сарын 5 хувийн хүүтэй, 180 хоногийн хугацаатай, 2019.06.09-ний өдөр 30,000,000 төгрөг, сарын 5 хувийн хүүтэй, 120 хоногийн хугацаатай, 2019.08.14-ний өдөр 30,000,000 төгрөг, сарын 5 хувийн хүүтэй, 180 хоногийн хугацаатай тус тус зээлдэн авахаар талууд зээлийн гэрээ бүрийг бичгээр байгуулж, зээлдүүлэгч нь нийт 145,000,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэх үүрэг хүлээсэн боловч зээлдэгч 116,957,000 төгрөгийг хүлээн авсан, зээлийн шимтгэлд төлсөн 620,000 төгрөг, зээлдэгч зээлийн гэрээний үүрэгт 131,511,000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдсон.

Нэхэмжлэгч нь 2019.08.14-ний өдрийн ТМ1908141 дугаар зээлийн гэрээг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч хариуцагч нь дээрх 7 зээлийн гэрээг үндэслэн хариу тайлбар гарган маргаж байгаа тохиолдолд нийт зээлийн гэрээний хүрээнд маргааны үйл баримтыг дүгнэх шаардлагатай байхад анхан шатны шүүх зөвхөн 2019 оны ТМ1908141 тоот зээлийн гэрээнд дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцсэн байна.

7.2. 2017.12.07, 2018.02.14, 2018.07.18, 2018.11.10 болон 2019.02.23-ны өдрийн зээлийн гэрээнүүд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2, 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт тус тус заасан бичгээр байгуулах шаардлагыг хангасан, эдгээр гэрээний үндсэн нөхцөл болох нийт 85,000,000 төгрөгийг зээлдэгч хүлээн авсан үйл баримтын талаар талууд маргаагүй тул мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт тус тус зааснаар гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр байх бөгөөд хариуцагч нар нийт 104,150,000 төгрөг төлснөөр дээрх 5 гэрээний үүрэг дуусгавар болжээ.

7.3. Үүний дараа хариуцагч нар нь нэхэмжлэгчтэй 2019.06.09-ний өдөр 30,000,000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 120 хоногийн хугацаатай, 2019.08.14-ний өдөр 30,000,000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 180 хоногийн хугацаатай тус тус зээлдэн авахаар зээлийн гэрээ тус бүрийг бичгээр байгуулсан боловч зээлдүүлэгч нь 2019.06.09-ний өдрийн гэрээний дагуу 30,000,000 төгрөг бус 17,535,000 төгрөгийг бэлнээр өгч 12,465,000 төгрөгийг өмнөх зээлд суутган авсан, 2019.08.14-ний өдрийн гэрээний дагуу 30,000,000 төгрөг бус 14,422,000 төгрөгийг бэлнээр зээлдэгчид олгож, 15,578,000 төгрөгийг 2019.06.09-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт суутган авсан байна.

Иймээс хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийг бодитоор олгосон мөнгөн хөрөнгөөс тодорхойлох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.4 дэх хэсэгт нийцэх бөгөөд мөнгөн хөрөнгийг шилжүүлээгүйгээс гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр бус гэх хариуцагчийн тайлбар, сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хуульд нийцсэн гэж үзнэ.

7.4. Зээлийн гэрээний дагуу олгогдоогүй 12,465,000 төгрөг болон 15,578,000 төгрөгийг өмнөх үүрэгт тооцсон тул энэ хэмжээнд зээлийн хүү тооцогдохгүй, харин үндсэн зээлийн төлбөрт зээлийн хүү тооцох буюу нийт үүргийг 26,166,347 төгрөгөөр тодорхойлж, үүнээс хариуцагчийн төлсөн 6,076,000 төгрөгийг хасч, хариуцагчийн гүйцэтгэх үүргийг 20,076,347 төгрөг гэж дүгнэхдээ давж заалдах шатны шүүх хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлжээ.

7.5. Давж заалдах шатны шүүх ...хариуцагчийн нэхэмжлэгчид зээлийн шимтгэл гэж нийт 620,000 төгрөгийг төлсөн боловч энэ талаар хууль болон гэрээнд заагаагүй гэсэн үндэслэлээр уг мөнгийг хариуцагчийн төлсөн төлбөрт тооцон зээлийн үүргээс хасч, хариуцагч нараас 19,470,347 төгрөгийг гаргуулж, үлдэх 6,853,653 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулсныг зөв гэж үзнэ. Хамтран зээлдэгчээр *******, ******* нар оролцож, хамтран үүрэг гүйцэтгэхийг зээлийн гэрээний 1.8 дахь заалтад тохиролцсон байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид мөн гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

8. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр гэж дүгнэж байгаа тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, үндэслэлгүй төлсөн гэж 15,147,000 төгрөгийг ******* ХХК-аас буцаан гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангахгүй орхисон нь хуульд нийцсэн байна.

9. Шүүхийн шийдвэрт тооцооллын болон хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан, хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

10. Дээрх үндэслэлээр ...шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэсэн хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 655 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн 725,220 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

П.ЗОЛЗАЯА

Д.ЦОЛМОН