Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 657

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2020/00485/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ... хот, ... дүүрэг, ... хороо, ... гудамж, ... тоотод оршин суух, /утас .../, ... регистрийн дугаартай, Т овогт О-ийн Г-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... гудамж, ...тоотод оршин суух, /утас .../, ... регистрийн дугаартай, И.у овогт Ц-ийн Ц-д холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах, гал тогооны тавилга, гэр интернэт, 500 000 төгрөг нийт 800 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Г, хариуцагч Ц.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            О.Г миний бие 2015 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Ц.Цтай танилцаад 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс нэг гэрт орж Улаанбаатар хотод миний түрээслэсэн түрээсийн байранд байхад хамтран амьдрах болсон. 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ батлуулсан. 2019 оны 5 сард нөхөр Ц.Ц Дарханд байдаг аавынхаа хашаа байшин амьдаръя гээд Дарханд хамт амьдрах болсон. Бид хамтран амьдрах хугацаанд бидний дундаас хүүхэд төрөөгүй. Нөхөр Ц.Ц нь 2016 оны 7 дугаар сараас эхлэн намайг элдвээр доромжилж удаа дараа эрх чөлөөнд минь халдаж эрүүл мэндээр минь хохироосон. Бид хамт амьдарч байх хугацаанд нөхөр болох Ц.Ц нь миний нэр хүндэд халдаж олон нийтийн сүлжээгээр янз бүрийн зураг оруулж миний фэйсбүүк болон үеэл эгчийн минь фэйсбүүк кодыг сольж хэд хэдэн удаа олон нийтийн сүлжээгээр доромжилсон. 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр нөхөр Ц.Ц нь хамт явж машины сэлбэг авсангүй гэсэн шалтгаанаар баруун хөл рүү минь 2 удаа өшиглөж гэмтээсэн бөгөөд элдэв хараалын үгээр доромжилсон учир миний бие цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгч шалгагдаж 450 000 төгрөгөөр торгуулсан бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн орой Дархан-Уул аймгийн 14-р багт харьяалагдах Цаньд эмнэлэг дээр ирж нүүр рүү минь 4-5 удаа цохиж зодсон. 102 дугаарт дуудлага өгч, цагдаа ирж нөхрийн маань авч явсан. Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж шүүх эмнэлгийн дүгнэлтээр миний зүүн нүдний алимны доргилт, зүүн нүдний зовхи, хацар, дух, зүүн шанаа, баруун, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдож энэ гэмтлүүд нь хөнгөн зэргийн гэмтэлд орно гэсэн дүгнэлт гарч, шүүхээс Ц.Цд 600 000 төгрөгийн торгох ял оноосон. Миний бие 2020 оны 01 дүгээр сард зүрхний хэм алдагдсан гэсэн онош тодорч, би нөхөр Ц.Цгаас салахаар шийдэж, Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд аавындаа ирсэн байх хугацаанд Ц.Ц нь 2020 оны 01 дүгээр сарын 16-ны орой Сэлэнгэ аймаг, Орхонтуул суманд ирж хүчээр намайг Дархан-Уул аймаг руу авч явсан бөгөөд 14 хоног хорионд байлгасан. Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь Цагдаагийн байгууллага энэ хэргийг шалгаж Ц.Цд Зөрчлийн тухай хуульд зааснаар 50 цагийн албадан сургалт, 30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан. Миний бие цаашид энэ хүнтэй хамт амьдрах хүсэлгүй бөгөөд миний эрүүл мэнд, амь насанд аюул учруулж болохоор байдалд хүргэж байгаа тул шүүхэд гэрлэлтээ цуцлуулах, гэм бүл болохдоо өөрийн цалингаар авсан хөргөгч, гэр интернэт, аав, ээж хоёрын авч өгсөн гал тогооны ком тавилгыг тус тус гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

            Хариуцагч Ц.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Миний бие эхнэр О.Гтэй 2015 оны 7 дугаар сарын 19-ний өдөр танилцаж, хамт амьдарсан. Тэр хугацаанаас хойш эхнэр О.Гтэй хардалтын улмаас хэрүүл маргаан хийж, эхнэр маань удаа дараа хүнтэй явалдаж мэдэгдсэн. Одоо хүртэл 2020 оны 02 сараас хойш нэг залуутай явж байгаа. Тэр залуу нь эхнэр, хүүхэдтэй, Дарханд байдаг, нэг нэгэнтэйгээ нууцаар очиж уулздаг. Манай хадам ээж хүртэл энэ харилцааг нь мэддэг хэрнээ болиулдаггүй, намайг араар тавьж, гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж явсныг би уучилсан. Би энэ хүнд хайртай салж чадахгүй болохоороо тэр бүх алдааг нь уучилсаар ирсэн. Одоо уулзаж байгаа залуу болох 10 жилийн ангийнх нь хүүхэд Д гэдэг. Энэ залуу нь хүртэл намайг шоронд орж байсан найзаараа ална, хядна гэж дарамтлуулдаг байсан. Би өмнөх бүх алдаа, оноон дээр нь энэ хүнийг ухаарах байх гэж уучилж хамт амьдрахыг хүсдэг байсан. Миний хүү Ц.Ц нь О.Гт ээжээсээ илүү хандаж хайрладаг. Би энэ хоёрыг ийм асуудлаас болж салгахыг хүсээгүй. Одоо хүү маань над дээр байгаа. О.Г бид хоёр өчигдөр айлд хүүхдээ үлдээсэн. Д гэх залуу нь шөнө бүр над руу залгадаг байсан, би утсаа авдаггүй, өчигдөр О.Г рүү залгаж ярьсан. Би энэ бүх гэр бүлээс гадуурх харилцаанд үнэхээр их гомдолтой байгаа. Миний эхнэртээ гар хүрсэн нь буруу үйлдэл. Хадам талууд энэ бүхнийг нь дэмжээд зөвхөн миний буруу болгож намайг ийм байдалд оруулдагт нь гомддог. Эхнэр болох О.Г бид хоёр машин авсан нь үнэн. Дараа нь машинаа зарж үрж дундаа л хэрэглэж дуусгасан. Хөргөгч, гэр интернэтийг би хэрэглэхгүй. Гал тогооны комыг би цалингийн зээл авахдаа бид хоёр хамт явж авч байсан. Өмнө нь хадам ээж, аав хоёроос 200 000 төгрөг зээлсэн байсан. Тэрийг гал тогооны комыг авч өгсөн гэж яриад байгаа. Би эхнэр О.Гээс салах хүсэлгүй байгаа. Гадны хүмүүсээс болж гэр бүлээс гадуурх харилцаанаас нь болж нэг нь хэрэгт орж, араа тавьсан хүмүүс нь хохирогч болж ийм асуудал болж байгаад харамсаж байна, амьдралаа л авч үлдэхийг хүссэн юм гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч О.Г нь хариуцагч Ц.Цд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, гал тогооны тавилга, гэр интернэт, 500 000 төгрөг нийт 800 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, гэрлэлт цуцлуулах шаардлагыг дэмжиж оролцсон бөгөөд хариуцагч нь гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч О.Г, хариуцагч Ц.Ц нар нь 2015 онд танилцаж, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулан 2020 оны 1 сар хүртэл хамтран амьдарсан байна.

Хамтын амьдралын хугацаанд хариуцагч Ц.Ц нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр О.Гийн эрх чөлөөнд халдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улмаас Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны

 

шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 334 дүгээр шийтгэл оногдуулах тухай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Ц.Цг 10 цагийн албадан сургалтад хамруулж, 30 хоног баривчлах шийтгэл оногдуулж, 450 000 төгрөгөөр торгох ялаар, тус шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 410 дугаар шийтгэх тогтоолоор гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 000 төгрөгөөр торгох ялаар, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 12 дугаар баривчлах шийтгэл оногдуулах тухай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасныг баримтлан 50 цагийн албадан сургалтад хамруулж, 30 хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэгдсэн байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газар шалгагдаж, 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын газрын хяналтад байгаа болох нь шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбар, Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын тодорхойлолтоор тогтоогдож байна.

Нэхэмжлэгч О.Г нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас удаа дараа бие махбодид нь гэмтэл учирч, сэтгэл санааны дарамтанд байсан болон цаашид амь нас эрүүл мэндэд нь ноцтой хохирол учирч болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж зааснаар талуудын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч О.Г нь дундын эд хөрөнгөөс 800 000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасныг баримтлан И.у овогт Ц-ийн Ц, Т овогт О-ийн Г нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч О.Г-ийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс 800 000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 93 950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Цгаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн               119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ө.Ягаанцэцэгт даалгасугай.

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

    

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.АЛТАНТУЯА