| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2022/0184/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/198 |
| Огноо | 2022-11-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Баясгалан, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/198
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин,
улсын яллагч А.Баясгалан,
хохирогч Б.Галбадрах,
хохирогчийн өмгөөлөгч М.Гансүх,
шүүгдэгч Б.Батдэлгэр,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхцэцэг нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Орхон овогт Батсүхийн Батдэлгэрт холбогдох эрүүгийн 2231002540188 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Энх Агаруут Транс” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3-р баг, 2-р хэсэг, 144 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Орхон овогт Батсүхийн Батдэлгэр, /РД: МЭ90021015/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдснаар/
Шүүгдэгч Б.Батдэлгэр нь согтуугаар 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Коллектив” баарны гадна Б.Галбадрахын толгой, нүүрэн тус газарт нь цохисны улмаас түүний биед 22 дугаар шүд угны хэсгээр суларч хөдөлсөн, 27 дугаар шүд захын хэсгээр эмтэрсэн, зовхи, уруул, хуйханд цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Батдэлгэр нь согтуугаар 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Коллектив” баарны гадна Б.Галбадрахын толгой, нүүрэн тус газарт нь цохисны улмаас түүний биед 22 дугаар шүд угны хэсгээр суларч хөдөлсөн, 27 дугаар шүд захын хэсгээр эмтэрсэн, зовхи, уруул, хуйханд цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.Батдэлгэр гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүгдэгч Б.Батдэлгэр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн нэхэмжилсэн эмчилгээний зардлыг нөхөн төлнө...” гэжээ.[1]
2.Хохирогч Б.Галбадрахын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...эмчилгээ хийлгэсэн 1,080,000 төгрөгийг төлсөн. Цаашид эмчилгээнд хамгийн багадаа 3,000,000 төгрөг гарах байх...” гэжээ[2].
3.Хохирогч Б.Галбадрахын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр найз Пүрэвдамбын хамтаар “Коллектив” нэртэй бааранд орж 1 шил архи авч уусан. Тамхи татах зорилгоор үүдэнд байх үед баарны гадна үл таних залуу хүмүүстэй маргаад хөөцөлдөөд байгаа бололтой байсан. Тухайн үед баарны орчим эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа бололтой цагдаа Билгүүндалай ирсэн. Би юм яриад зогсож байхад хойноос маргаан үүсгээд байсан залуу шууд ирээд миний толгойн ар дагз хэсэг рүү нэг хатуу зүйлээр 1 удаа цохисон. Тэгэхээр нь би эргээд хартал миний нүүрний үүдэн дээд шүд хэсэг рүү 2 удаа гараараа цохисон. Би тухайн залууд хандаж чи яаж байгаа юм бэ? миний шүдний аппарат гэмтчихлээ гэхэд тэр залуу хохино гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаа Билгүүндалайд энэ залуу намайг 3 удаа цохилоо, энэ үйл явдлыг чи нүдээрээ харлаа шүү гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[3],
4.Гэрч Б.Билгүүндалайгийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 15-16-ны шилжих шөнө эргүүлд гарж байх үед “Коллектив” баарны гадаа хүмүүс маргалдаад байхаар нь очтол миний зүс мэдэх Галбадрах гэх залуу намайг цохичихлоо гэж хэлээд зогсож байсан. Тэгээд Галбадрах гэх хүн тухайн цохисон гэх хүн рүү хандаж “би шүдэндээ 1,000,000 төгрөг зарцуулсан төлж өг” гэж хэлээд байж байтал Галбадрахыг миний хажууд зогсож байхад нь тухайн залуу гараараа баруун эрүү рүү нь 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг[4],
5.Гэрч П.Пүрэвдаваагийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 18-19 цагийн үед Батдэлгэр, Алтантулга, Бадрах хуурай дүү Баттулга бид хэд гол орж мах шарангаа 2 шил архи уучихаад “Коллектив” баар руу 23 цагийн үед орсон. Тэгээд 1 шил архи аваад манай найз Батдэлгэр тамхи татлаа гэж гарсан удалгүй араас нь гартал тэр Галаа гэх залуутай маргалдаад хэрэлдээд зогсож байсан. Тэгээд би юу болсон талаар асуухад “Миний аманд байсан тамхийг булаачихлаа” гэж хэлээд байж байтал эргүүлийн 2 цагдаа ирээд салгасан...” гэх мэдүүлэг[5],
6.Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 242 дугаартай шинжээчийн: “...1.Б.Галбадрахийн биед 22 дугаар шүд угны хэсгээр суларч хөдөлсөн, 27 дугаар шүд захын хэсгээр эмтэрсэн, зовхи, уруул, хуйханд цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[6], 7.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол[7], 8.Яаралтай тусламжийн хуудас[8], 9.Дүрс оношилгооны эмчилгээний дүгнэлт, эмчийн тодорхойлолт[9], 10.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа[10], 11.Зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[11], 12.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[12], 13.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[13] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Батдэлгэрийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэг нэг завсарлагаантайгаар явагдаж, хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс: “Улсын яллагчийн дүгнэлтэд татгалзах зүйлгүй. Цаашид гарах эмчилгээний зардлыг нээлттэй үлдээж шийдэж өгнө үү” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг;
Шүүгдэгчийн өмгөөлөгчийг зүгээс: “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн. Түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан улсын яллагчийн саналын хүрээнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгож, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү. Хохирогчтой эвлэрэн хохирогч 12 дугаар сард шүдний аппаратыг авахуулах үед хамт эмнэлэгт үзүүлээд хэдэн төгрөгийн зардал гарах вэ? гэдгийг ярьж тохирсон учир түүнд бол тусгайлсан саналгүй” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг тус тус гаргажээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг,
шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Б.Батдэлгэрт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирлыг нөхөн төлсөн” болон түүний хувийн байдлыг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батдэлгэр нь хохирогчийн эмчилгээний зардалд 1,080,000 төгрөг нөхөн төлснийг дурьдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтыг бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч Б.Батдэлгэрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, түүний цалин хөлс бусад орлого олох боломжийг харгалзан, торгуулийн шийтгэлийг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Батдэлгэрт анхааруулж шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Б.Батдэлгэр нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батдэлгэрт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батдэлгэрийн хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Батдэлгэрт анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батдэлгэр нь хохирогчийн эмчилгээний зардалд 1,080,000 төгрөг нөхөн төлснийг дурьдаж, хохирогч Б.Галбадрах нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтыг бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шүүгдэгч Б.Батдэлгэр нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ