Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/48

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ,

Улсын яллагч А.Энхтуяа,

Шүүгдэгч Б.Хурцбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Уйгад овогт Буяндэлгэрийн Хурцбилэгт холбогдох эрүүгийн 2231000410060 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 2 дугаар баг, 6-180   тоотод оршин суух хаягтай, урд ял шийтгүүлж байгаагүй гэх,

Уйгад овогт Буяндэлгэрийн Хурцбилэг, РД:/МН75081074/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Хурцбилэг нь 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг сумын “Ар нуга” 2 дугаар багийн нутаг дэвсгэр болох “Цайт” гэх газарт малчин Т.Эрдэнэсүхийн гэрийн гадна Э.Эрдэнэбаатарын нүүрэн тус газарт гараараа цохиж, толгойгоороо мөргөсний улмаас зүүн чихэнд шарх, баруун нүдний салст, дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн чихэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

           Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Хурцбилэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүгдэгч Б.Хурцбилэг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай хоёр малчин архи уугаад явсан байсан. тэгээд би байгаа айлд нь очоод би морио машин дээр ачиж байхад машин өнхөрсөн. тэгэхээр нь би хохирогчийг архи уусан байх гэж бодоод машин доогуур орлоо гээд маргаан үүссэн. Гэм буруу дээр маргаан байхгүй.  Гэмшиж байна...” гэжээ.

Шүүгдэгч Б.Хурцбилэг нь 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 15-н цагийн үед манай малчин Уранбаяр миний уяж байсан хурдан морийг унаад Эрдэнэсүх гэх айлынд архи уугаад байна гэхээр нь би очоод Уранбаярыг “яагаад архи уугаад байгаа юм бэ?” гэж хэлсэн чинь миний өөдөөс хэрүүл маргаан хийгээд байхаар нь би морио Портер машин дээр ачиж байхад Эрдэнэсүх гэх айлд очиход Эрдэнэбаатар гэх малчин ирсэн байсан. Тухайн үед би машинаа уруу газар тавиад алаг морио ачиж байхад машин уруу газар өнхрөхөд Эрдэнэбаатар гарч ирээд машины хаалга онгойлгоод машин зогсоохоор нь Эрдэнэбаатарыг архи ууцан байна гэж бодоод уурлаад чи яахаараа миний машин руу ордог юм гээд Эрдэнэбаатарын нүүрэн тус газар нь нэг удаа цохисон чинь Эрдэнэбаатар намайг зөрүүлээд нэг удаа цохисон, тэгэхээр нь би Эрдэнэбаатарын нүүр болон зүүн талын чих рүү нь 2-3 удаа цохисон. Тэгээд би морио ачаад гэр лүүгээ явсан. Тухайн үед би Эрдэнэбаатарыг манай малчинд архи өглөө гээд буруу ойлгосон байна лээ. Би Эрдэнэбаатараас уучлалт гуйсан, буруу ойлгоод Эрдэнэбаатарыг зодсон, тэрэндээ гэмшиж байна. Харин манай малчин Уранбаяр болон Батцэнгэл нар Эрдэнэбаатарыг зодсон зүйл байхгүй. Тухайн Эрдэнэсүх гэх айлд Эрдэнэбаатар ирсэн ирсэн байсан, тэгэхээр нь би буруу ойлгоод Эрдэнэбаатарыг манай малчинд архи өгсөн гэж бодоод Эрдэнэбаатартай хэрүүл маргаан хийж, Эрдэнэбаатарын биед хөнгөн гэмтэл учруулсандаа Эрдэнэбаатараас уучлалт гуйсан....” гэх мэдүүлэг, /хх-ийн 51-53-р хуудас/,

Хохирогч Э.Эрдэнэбаатарын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Би 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Эрдэнэсүх гэх айлд байхад Баагий, Баяраа гэх 2 залуу Эрдэнэсүхийнд ирж, тал шил архи хувааж уугаад Баагий, Баяраа хоёр 16 цагийн үед явсан. Тэгээд удалгүй Баяраа, Баагий, Хурцаа гэх хүнийг дагуулж ирсэн. Тэгсэн Хурцаа намайг хэл үгээр доромжилж, гараараа нүүр рүү цохисон чинь би хойшоо хальтарч унаад босч ирээд Хурцааг нэг удаа гараараа цохисон ...Тухайн үед би ухаан балартсан харин Эрдэнэсүх тэр хүмүүсийг салгасан байсан. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 06-07-р хуудас/

Гэрч Т.Эрдэнэсүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Тухайн өдөр манай хажууханд өвөлждөг Эрдэнэбаатар ах манай гэрт ирсэн Хурцаа ахын малчин болох Баагий, Баяраа хоёр согтуу ирээд тал шил архи гаргаад манай гэрт бид хэд суусан, тэгсэн Баагий, Баяраа хоёр хоорондоо маргалдаад байхаар нь би гэрээс гаргасан чинь Баагий, Баяраа хоёр зодолдох гээд байхаар нь би салгасан. Тэгээд удаагүй Хурцбилэг ах ирээд Баагий, Баяраа хоёр луу уурлаад уяж байсан морь уналаа гээд байсан. Удалгүй Хурцбилэг болон Эрдэнэбаатар ах хоёр хоорондоо зодолдоод байхаар нь би очиж салгаад Эрдэнэбаатар ахыг гэртээ оруулж, харин Хурцбилэг ахыг машинд нь суулгаж өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/

Гэрч П.Уранбаяр, 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Батцэнгэл ахтай хамт 750 граммын Хараа гэх нэртэй архи талд нь ортол хувааж угаад Эрдэнэсүх гэх айлд очоод тал шил архиа гаргаад ууж байсан чинь Хурцбилэг ах ирээд намайг уяж байсан морь гээд уурлаад, миний унаж явж байсан морийг машин дээр ачиж байсан чинь Хурцбилэг ах болон Эрдэнэбаатар хоёр хэрүүл маргаан хийж хоорондоо зодолдоод байхаар нь Батцэнгэл бид хоёр Хурцбилэг ахыг салгаад гэр лүү нь хамт явсан.Тухайн үед хэрүүл маргаан, зодоон юунаас болсон талаар мэдээгүй. Би тухайн үед Эрдэнэбаатарын биед халдаагүй ухаантай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/

Гэрч А.Батцэнгэлийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тухайн үед юу болсныг санахгүй байна, харсан зүйлээ мартаад байдаг...” гэх мэдүүлэг, /хх-ийн 36-37-р хуудас/

Гэрч Д.Отгонжаргалын 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай нөхөр Б.Хурцбилэгийн зан байдлын хувьд хүнтэй маргалдаад юмгүй.Тухайн үед буруу ойлгоод Эрдэнэбаатартай хэрүүл маргаан хийж, зодолдсон гэж надад хэлсэн. Тэрнээс хүмүүстэй хэрүүл маргаан хийгээд байдаггүй, болж өгвөл хүнд тусална гээд байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 60 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Э.Эрдэнэбаатарын зүүн чихэнд шарх, баруун нүдний салст, дээд, доод зовхинд цус хуралт баруун нүдний дээд, доод зовхи, зүүн чихэнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохилтын үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт, /хх-ийн 18-19-р хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тухай прокурорын тогтоол /хх-ийн 46-47-р хуудас/, Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 01-р хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд, /хх-ийн 58-66-р хуудас/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 70-71-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсныг шалгах хуудас, /хх-ийн 57-р хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл /хх-ийн 78-р хуудас/, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Хурцбилэг нь 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг сумын “Ар нуга” 2 дугаар багийн нутаг дэвсгэр болох “Цайт” гэх газарт малчин Т.Эрдэнэсүхийн гэрийн гадна “Малчинтай архи уулаа” гэх шалтгаанаар  Э.Эрдэнэбаатарын нүүрэн тус газарт гараараа цохиж, зодсоны улмаас зүүн чихэнд шарх, баруун нүдний салст, дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн чихэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь    

Шүүгдэгч Б.Хурцбилэг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай хоёр малчин архи уугаад явсан байсан. тэгээд би байгаа айлд нь очоод би морио машин дээр ачиж байхад машин өнхөрсөн. тэгэхээр нь би хохирогчийг архи уусан байх гэж бодоод машин доогуур орлоо гээд маргаан үүссэн. Гэм буруу дээр маргаан байхгүй.  Гэмшиж байна...” гэжээ.

Шүүгдэгч Б.Хурцбилэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Эрдэнэбаатарыг архи ууцан байна гэж бодоод уурлаад чи яахаараа миний машин руу ордог юм гээд Эрдэнэбаатарын нүүрэн тус газар нь нэг удаа цохисон чинь Эрдэнэбаатар намайг зөрүүлээд нэг удаа цохисон, тэгэхээр нь би Эрдэнэбаатарын нүүр болон зүүн талын чих рүү нь 2-3 удаа цохисон. ... Эрдэнэбаатарыг манай малчинд архи өгсөн гэж бодоод Эрдэнэбаатартай хэрүүл маргаан хийж, Эрдэнэбаатарын биед хөнгөн гэмтэл учруулсандаа Эрдэнэбаатараас уучлалт гуйсан....” гэх мэдүүлгээр, /хх-ийн 51-53-р хуудас/,

Хохирогч Э.Эрдэнэбаатарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...   Хурцаа намайг хэл үгээр доромжилж, гараараа нүүр рүү цохисон чинь би хойшоо хальтарч унаад босч ирээд Хурцааг нэг удаа гараараа цохисон ...” гэх мэдүүлгээр, /хх-ийн 06-07-р хуудас/

Гэрч Т.Эрдэнэсүхийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хурцбилэг ах ирээд Баагий, Баяраа хоёр луу уурлаад уяж байсан морь уналаа гээд байсан. Удалгүй Хурцбилэг болон Эрдэнэбаатар ах хоёр хоорондоо зодолдоод байхаар нь би очиж салгаад Эрдэнэбаатар ахыг гэртээ оруулж, харин Хурцбилэг ахыг машинд нь суулгаж өгөөд явуулсан...” гэх мэдүүлгээр, /хх-ийн 30-31-р хуудас/

Гэрч П.Уранбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Хурцбилэг ах болон Эрдэнэбаатар хоёр хэрүүл маргаан хийж хоорондоо зодолдоод байхаар нь Батцэнгэл бид хоёр Хурцбилэг ахыг салгаад гэр лүү нь хамт явсан.Тухайн үед хэрүүл маргаан, зодоон юунаас болсон талаар мэдээгүй.  ...” гэх мэдүүлгээр, /хх-ийн 33-34-р хуудас/

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 60 дугаартай шинжээчийн “... .Э.Эрдэнэбаатарын зүүн чихэнд шарх, баруун нүдний салст, дээд, доод зовхинд цус хуралт баруун нүдний дээд, доод зовхи, зүүн чихэнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохилтын үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлтээр болон болсон үйл явдлын талаар өөрийн мэдэх зүйлээ мэдүүлсэн гэрч нарын мэдүүлэг зэрэг болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар энэ зүйлчлэлд оногдуулах ялын санкц нь “Дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорих цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ял шийтгэхээр хуульчилсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлага оногдуулах нөхцөлийг ойлгож хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх үр дагаврыг ойлгосон  зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрдсэн, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Б.Хурцбилэгийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үндсэн үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхэд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Э.Эрдэнэбаатар нь шүүгдэгч Б.Хурцбилэгээс хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэж мэдэгдсэн байх тул шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Хурцбилэг нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Хурцбилэг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон ба харин 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б.Хурцбилэг нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй гэдгээ мэдэгдсэн, мөн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгож тус тус шийдвэрлэв.     

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Хурцбилэг нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.      

Шүүгдэгч Б.Хурцбилэгт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Уйгад овогт Буяндэлгэрийн Хурцбилэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хурцбилэгт 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч Б.Хурцбилэг нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Хурцбилэг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай. 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Э.ОЮУНТУНГАЛАГ