| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 135/2020/00449/и |
| Дугаар | 135/ШШ2020/00571 |
| Огноо | 2020-05-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 135/ШШ2020/00571
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2020/00449/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 11-р баг, 13-р хороолол, 18-р байранд оршин байгаа, Дархан.МХО-18 СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 11-р баг, 13-р хороолол, 18-р байр, 45 тоот хаягт оршин суугаа, Хатанбаатар овогт Балжхүүгийн Наранцэцэг /рд:ГН65011501/-т холбогдох,
Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээний зардал 160,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Лхагвасүрэн, хариуцагч Б.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тус СӨХ-д харьяалагдах 45 тоотод оршин суух Б.Наранцэцэг нь Иргэний хуулийн 147.1, 148.2.3-т заасан үүргээ, Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13.2.3-т заасан үүргээ тус тус зөрчин СӨХ-ны төлбөрийг төлөөгүй байгаа болно.
СӨХ-ны төлбөр нь нэг сарын 20,000 төгрөг байгаа. Үүнд засвар үйлчилгээний хуримтлал 11,000 төгрөг, лифтний үйлчилгээний хөлс 4,000 төгрөг, цэвэрлэгээ, үйлчилгээний хөлс 5,000 төгрөг багтсан байдаг.
Б.Наранцэцэг нь сүүлийн 8 сарын СӨХ-ийн төлбөрийг төлөөгүй тул түүнээс 160,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Тус холбооны гүйцэтгэх захирал Ч.Лхагвасүрэн нь холбооны тамга тэмдэг, гэрчилгээг авсан цагаасаа эхлэн тодорхой ажил хийгдээгүй, гадна дотно орчны цэвэрлэгээ хангалтгүй, цахилгаан шатны засвар үйлчилгээ хийдэг гэх боловч тогтмол ажиллагаа байхгүй, осолтой, явж байгаад гацна, эсвэл гэрэл нь тасарна. 7 хоногт 2 удаа зайлшгүй эвдэрнэ, гацаатай. Өмнөх онуудад ч ийм байсан. 2020 он гараад ч энэ хэвээрээ үгүйсгэх аргагүй үнэн.
Холбооны дүрэм, бүх гишүүдийн болон удирдах зөвлөлийн хурлын шийдвэр, засвар үйлчилгээний зардал тайлангаа танилцуулдаггүй, сууц өмчлөгчдийн эрх хязгаарлагдмал, эрхээ эдэлж, үүргээ биелүүлэх эрх зүйн орчин бүрдүүлдэггүй, оршин суугчдаас өгсөн төлбөрийг юунд зарцуулсан нь тодорхойгүй өнөөдрийг хүртэл оршин суугчидтай харьцдаггүй, иргэдтэйгээ ажилдаггүй, яагаад төлөхгүй учир шалтгааныг сонсдоггүй, шүүхэд хандах эрхээ сайн мэддэг, үүргээ мэддэггүй. Сар бүр цалин авахдаа юу хийсэн гэж авдаг нь сэтгэл зовмоор оршин суугчид ярьдаг. СӨХ-ны ажил ил тод нээлттэй биш.
Дархан.МХО-18 СӨХ-оос одоог хүртэл сууц өмчлөгчтэй гэрээ байгуулаагүй. Гэрээ байгуулахгүй байгаа нь сонирхолтой. Холбооны дүрмийг бүх гишүүдийн хурлаар батлаагүй, танилцуулаагүй. Ирц хүрээгүй. Шаардлага гарвал хуулийн байгууллагад болон эрх бүхий байгууллагад хандах хүсэлтэй байгаа.
СӨХ-ны хураамжийн тариф нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь заалттай нийцэж байгаа эсэх нь эргэлзээтэй.
Дээрх хуулийн 13.1.3, 13.1.4, 13.2.1, 13.2.2-т заасан эрх, үүрэг хязгаарлагдмал байгаад гомдолтой байна. Эрхээ эдэлж, үүргээ биелүүлэх саналтай байгааг уламжилж өгнө үү. Холбооны дүрэмтэй танилцмаар байна, хурлаа хийж тайлан сонсмоор байна.
2020 оны 05 сард багтааж СӨХ-ны бүх гишүүдийн хурлыг хийж, тайлангаа тавьсны дараа оршин суугчтай гэрээ байгуулсны дараа төлбөрөө төлөхөд татгалзахгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дархан.МХО-18 СӨХ нь хариуцагч Б.Наранцэцэгт холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээний зардалд 160,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Б.Наранцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагаас 100,000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн боловч 2020 оноос хойшхи зардал гэх 60,000 төгрөгийг тус СӨХ-ны үйл ажиллагаа муу, ажлаа тайлагнадаггүй, оршин суугчдад нээлттэй биш гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргаас тус сумын 11-р баг, 13-р хороолол, 18-р байрны оршин суугчдын хурлын шийдвэрийг үндэслэн Дархан.МХО-18 СӨХ-г бүртгэж, 2017 оны 10 сарын 06-ны өдөр 07 дугаартай гэрчилгээг олгожээ.
Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд оролцох үүрэгтэй гэж тус тус заасан байдаг.
Дархан.МХО-18 СӨХ-ны 2017 оны 05 сарын 24-ний өдрийн Бүх гишүүдийн хурлаар нэг өрхөөс авах нийт төлбөр нь 20,000 төгрөг байхаар, үүнд засвар үйлчилгээний зардал 11,000 төгрөг, цэвэрлэгээний зардал 5,000 төгрөг, цахилгаан шат ашигласны зардал 4,000 төгрөг багтахаар тус тус шийдвэрлэсэн нь холбогдох хурлын тэмдэглэлээр тогтоогдож байх ба хариуцагч Б.Наранцэцэг тус хуралд оролцон үг хэлж байжээ.
Нэхэмжлэлийн шаардлага болох 160,000 төгрөг нь сүүлийн 8 сарын /8 сар х 20,000 = 160,000 төгрөг/ зардал юм гэж нэхэмжлэгч Дархан.МХО-18 СӨХ нь тайлбарлаж байх ба хариуцагч Б.Наранцэцэг нь үүнтэй маргахгүй байна.
СӨХ-ны үйл ажиллагаа муу, ажлаа тайлагнадаггүй, оршин суугчдад нээлттэй биш зэрэг шалтгаан нь сууц өмчлөгчийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэх үүргээс чөлөөлөхгүй.
Учир нь, орон сууц өмчлөгч үүргээ биелүүлж байгаа эсэхээс бусад сууц өмчлөгчдийн эрх ашиг хөндөгдөх эсэх нь шалтгаалах бөгөөд СӨХ нь сууц өмчлөгч нарын өөрсдийнх нь оролцоотойгоор байгуулагддаг, өөрсдөө үйл ажиллагаанд нь хяналт тавьдаг, нийт сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор байгуулагддаг холбоо юм.
Иймд, хариуцагч Б.Наранцэцэгээс дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээний зардлыг гаргуулан нэхэмжлэгч Дархан.МХО-18 СӨХ-нд олгох үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар хариуцагч Б.Наранцэцэгээс 160,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Дархан.МХО-18 СӨХ-нд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Наранцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид 5,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Дархан.МХО-18 СӨХ-нд буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР