Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 07

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                                  Прокурор Д.Алимаа /цахим сүлжээгээр/

                                  Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш /цахим сүлжээгээр /

                                  Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Алдар

                                  Шүүгдэгч Х.Т /цахим сүлжээгээр /

                                   Нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал нарыг оролцуулан

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаагийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2019/ШЦТ/100 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Зунчив овгийн Х.Т-д холбогдох эрүүгийн 1827001750102 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Монгол улсын иргэн, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Зунчив овгийн Х.Т

 

Зунчив овгийн Х.Т нь 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 10-12 цагийн орчимд Г.С-н хүн байнга амьдрах орон байр болох гэрт нэвтрэн орж 32 инчийн зурагт, хүлээн авагч зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 210000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх, Зунчив овгийн Х.Т-г хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгчийн бичгийн баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн
баримтаар хураагдсан эд зүйлгүй, хилийн хориг тавигдаагүй, цагдан хоригдсон
хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус
дурдан, шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.Т-н урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолыг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.Т-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Алдар давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2019/ШЦТ/100 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1  дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Зунчив овгийн Хүүхэнзийн Туяаг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлснийг  эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.  Үндэслэл нь:

Х.Т гэрчээр өгсөн мэдүүлэгтээ... Асуулт: Та ямар зорилгоор С гэх айлын телевизор, хүлээн авагчийг авсан бэ? Хариулт: Би С гэх айлын хүргэн О гэх залуугаас 150000 төгрөг авах байсан юм. Тэгээд би эгч Сэлэнгийн юмыг нь авчихвал өгөх болов уу гээд телевизор зурагтыг нь авсан. Асуулт: Та С гэх айлыг таньдаг байсан юм уу. Хариулт: Би С-г сайн танихгүй О гэх залуугийн хадам эгч л гэж л мэднэ. Гэрээр нь ганц нэг удаа орж байсан ... гэх мэдүүлэг,

Хохирогч С шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Би Х.Т-д холбогдох хэрэгт хохирогчоор оролцож байгаа. 2018 оны намар О бид хоёр Х.Т-д 150000 төгрөгийн өртэй байсан юм. Х.Т нь манайхаар удаа дараа орж ирж өрөө нэхдэг байсан. Заримдаа зурагт, хүлээн авагчийг чинь эзгүй хойгуур чинь авна гэж удаа дараа хэлж байсан. Би тухайн үед уурлаад зурагт, хүлээн авагчийг авбал ав гэж хэлж байсан. Одоо өг гэхээр нь өгөөгүй. Ер нь 150000 төгрөгний барьцаанд зурагт, хүлээн авагчийг авахыг зөвшөөрч байсан. Х.Т надруу мессеж бичээд манайхыг онгорхой байхад зурагт, хүлээн авагчийг аваад явсан байсан. Мөн утсаар хэлсэн. Би уурандаа цагдаад мэдэгдсэн. Онгорхой байхад аваад явсан байсан. Би уурандаа гэмт хэрэгт холбогдуулсандаа гэмшиж байна. Ийм байдалд хүрнэ гэж мэдсэнгүй. Хуулийн мэдлэг дутуу дулимаг байснаас боллоо. Энэ хүнд гомдол санал байхгүй гэх. Дээрх гэрч болон хохирогчийн шүүхэд гаргасан хүсэлтээс дараах дүгнэлтэнд хүрч байна.

Шүүгдэгч Х.Т нь О-д зээлүүлсэн 150000 төгрөгөө байнга нэхэж байсан ба С-д хандаж зурагт, хүлээн авагчийг зээлүүлсэн мөнгөнийхөө барьцаанд авч байгаагаа хохирогч С-д урьдчилан мэдэгдсэн байна. Үүнийг хохирогч шүүхэд гаргасан хүсэлтэндээ тодорхой дурдсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах тухай хүсэлтийг шүүх, прокурор, мөрдөгчид гаргах эрхтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.13-т зааснаар “оролцогч” гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг гэж заасан байна. Иймд хохирогч С-ийн шүүхэд гаргасан хүсэлтийг нотлох баримтаар үнэлэгдэх бүрэн боломжтой ба шүүх хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь үнэлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь бодит байдалд нийцэхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2019/ШЦТ/100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Зунчив овгийн Хүүхэнзийн Туяаг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Шүүгдэгч Х.Т хэрэг шүүхэд шилжих явцад намайг өмгөөлөгчөөр авсан бөгөөд гэм буруугийн асуудлыг шүүгдэгч өөрөө болон өмгөөлөгч миний бие хүлээн зөвшөөрдөггүй. Учир нь:

Х.Т мэдүүлэг өгөхдөө “ ... Би С, О нараас 150000 төгрөг авах байсан юм. Тэгээд би эгч Сэлэнгийн юмыг авчихвал өгөх болов уу гээд зурагтыг нь авсан. Би Сэг сайн танихгүй. О гэх залуугийн хадам эгч л гэж л мэднэ. Гэрээр нь ганц нэг удаа орж байсан ...” гэх мэдүүлэг,

мөн хохирогч С шүүхэд гаргасан хүсэлтэндээ “... Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5-р багийн иргэн Очирбатын С би Х.Ттай холбогдох хэрэгт хохирогчоор оролцож байгаа. 2018 оны намар О бид хоёр Х.Т-д 150000 төгрөгийн өртэй байсан юм. Х.Т нь манайхаар удаа дараа орж ирж өрөө нэхдэг байсан. Заримдаа зурагт, хүлээн авагчийг чинь эзгүй хойгуур чинь авна гэж удаа дараа хэлж байсан. Би тухайн үед уурлаад зурагт, хүлээн авагчийг авбал ав гэж хэлж байсан. Одоо өг гэхээр нь өгөөгүй. Ер нь 150000 төгрөгний барьцаанд зурагт, хүлээн авагчийг авахыг зөвшөөрч байсан. Х.Т надруу мессеж бичээд манайхыг онгорхой байхад зурагт, хүлээн авагчийг аваад явсан байсан. Мөн утсаар хэлсэн. Би уурандаа цагдаад мэдэгдсэн. Онгорхой байхад аваад явсан байсан. Би уурандаа гэмт хэрэгт холбогдуулсандаа гэмшиж байна. Ийм байдалд хүрнэ гэж мэдсэнгүй. Хуулийн мэдлэг дутуу дулимаг байснаас боллоо. Энэ хүнээс бидэнд гомдол санал байхгүй ...” гэсэн байдаг.

Шүүгдэгч Х.Т нь О-д зээлүүлсэн 150000 төгрөгөө байнга нэхэж байсан ба С-д хандаж зурагт, хүлээн авагчийг мөнгө зээлүүлснийхээ барьцаанд авч байгаагаа хохирогчид урьдчилан мэдэгдсэн байдаг.

Мөн тухайн үйл явдлыг мэдэх гол гэрч болох Р.О, Ганбат нараас гэрчийн мэдүүлэг аваагүй байдаг ба зурагтыг орж авах үед Огийн хадам аав Ганбат гэх хүн гэрт байсан учир Х.Тг зурагт авсаныг мэдээд Сэд хэлж, цагдаад мэдэгдсэн гэж шүүгдэгч хэлдэг. Иймд хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь тогтоохгүйгээр, чухал шаардлагатай нотлох баримтыг үнэлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна. Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2019/ШЦТ/100 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай өмгөөлөгч Ч.Алдарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.  

Прокурор Д.Алимаа давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Х.Т нь 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 10-12 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн Цехийн хороонд байх Г.С-н хүн байнга амьдрах зориулалттай гэрт нэвтрэн орж 32 инчийн телевизор, хүлээн авагч зэрэг эд зүйлийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогдсон.

Шүүгдэгч Х.Т нь уг гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан: Хохирогч Г.С-н өгсөн: “...12 цагийн үед гэртээ ирсэн чинь 32 инчийн зурагт, хүлээн авагчийн хамт хулгайд алдсан байсан. Тэгээд Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-27-р хуу/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 16-р хуу/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогддог бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүх хууль болон эрх зүйн ухамсарыг удирдлага болгон нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд нягт нямбаа, бодит байдлаар үнэлж дүгнэн уг хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй юм. Шүүгдэгч Х.Т-д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Т-д оногдуулсан ял шийтгэл тохирсон байна. Иймд гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байх тул Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2019/ШЦТ/100 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Алдар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байна. Хулгайн гэмт хэргийг Эрүүгийн хуульд маш тодорхой хуульчилсан байдаг. Шууд санаатай, шунахайн сэдэлтээр үйлдэгддэг гэмт хэрэг бол хулгайн гэмт хэрэг. Х.Т нь хохирол учраад байгаа 150000 төгрөгнийхөө асуудал дээр тухайн хүнд хандаад хүлээн авагч, зурагтыг чинь авна гэсэн байдаг. Хэргийн бодит байдлыг нь шалгаж тогтоогоогүй гэж үзэж байгаа. Тухайн үед шүүгдэгч өөрөө хүчирхийлэлд автчихсан, нүүр ам нь цус болчихсон, нутаг руугаа явах гээд мөнгөө очиж авах гэсэн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын нэгийг ч тогтоож шийдвэрлээгүй. Шүүгдэгч өөрөө би О гэдэг хүнд 150000 төгрөг зээлүүлчихсэн гэж хэлээд байхад прокурор нь тэрийг гэрчээр ч юм уу, хохирогчоор ч юм уу асуусан зүйл хэргийн материалд байхгүй... Шүүгдэгч Х.Т нь өрх толгойлсон бага насны буюу 9 настай хүүхэдтэй, шүүх хэргийг шийдвэрлэхдээ хүүхдэд асран хамгаалагч тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Хүүхэд нь сургуулийн дотуур байранд үлдсэн байж байгаад айлд очсон байгаа. Энэ асуудал дээр хүүхэд хохирох ёсгүй... Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй учир шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Алдар өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Шүүгдэгч Х.Т-д хулгай хийх санаа зорилго байгаагүй. Авлагынхаа оронд барьцаанд эд зүйлийг нь авахаар Сэгийнд ороход хүн байсан байдаг. Хэргийн гол гэрч болох О, Г нараас гэрчийн мэдүүлэг аваагүй. Хэргийг 3 хоногийн дотор илрүүлж шалгаж эд зүйлийг нь эзэнд нь буцааж олгосон мөртлөө 1 жил 3 сарын дараа бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж байгаа нь учир дутагдалтай, ойлгомжгүй байна. Шүүх хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй  болгож өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Х.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би О-д 150000 төгрөг зээлсэн байсан. Мөнгөө өгөхгүй 1 жил гаруй болохоор нь зурагтыг чинь авна шүү гэж хэлээд зурагтыг авсан байдаг. Зурагт авах үед Огийн ах нь гэрт байсан. Би хулгай хийгээгүй. Мөнгөө л авах гэж очсон. Зурагтыг нь аваад гарсан. Гэрт нь  согтуу хүн байсан. Нөхөр зодоод нүүр амаас цус гарсан байсан болохоор хэцүү байсан. Гэртээ ирж цусаа арилгаад, цагдаад хэлдэг юм уу гээд гараад явж байсан чинь 2 цагдаа ирээд айлын зурагт авсан юм уу гэхээр нь тэгсэн, 150000 төгрөгийн авлагатай байсан юм гээд зурагтыг тэр даруйд буцааж хүлээлгэж өгсөн гэв.

 

Прокурор Д.Алимаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.12 дугаар зүйлд заасан хэрэг хэзээ, хаана, хэн үйлдсэн болох нь бүрэн дүүрэн тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэрэгт зохих нөхцөл байдлууд тогтоогдсон учраас хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хэргийг шийдвэрлэх боломжтой. Анхан болон давж заалдах шатны шүүхэд яригдаж эхэлж байгаа  О, Ганбат гэх хүмүүсийг өмгөөлөгч  нараас гэрчээр асуухгүйгээр энэ гэмт хэргийг нотлох боломжгүй гэж байгаа ч эдгээр хүмүүс нь хэрэгт төдийлөн ач холбогдолтой гэрч биш юм. Сэ эд зүйлээ алдсан, цагдаагийн газар эд зүйлээ алдсан болохоо мэдээлсэн. Сэгийн эд зүйл болох нь түүний мэдүүлгээр тогтоогддог. О болон бусад хүний эд зүйл бол биш юм. Тийм учраас хохирогчоор С тогтоогдсон. Шүүгдэгч сая хэлэхдээ би зодуулчихсан, балмагдсан байсан учраас зурагтыг аваад явчихсан гэдэг. Хавтас хэрэгт энэ нөхцөл байдал төдийлөн харагддаггүй. Тухайн өдөр бусдад зодуулсан гэх гомдол, мэдээлэл цагдаагийн газарт ирээгүй. Огоос 150000 төгрөгөө авах бол иргэний журмаар шийдвэрлүүлэх боломжтой. Бусдын орон байр халдашгүй байх ёстой... Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршиг, гэм буруугийн нөхцөл байдалд тохируулан Эрүүгийн хуульд заасан ялыг хөнгөрүүлэн 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь үндэслэлтэй. Иймд  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Алдарын гаргасан гомдлыг үндэслэн Зунчив овгийн Х.Т-д холбогдох хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг мөрдөн байцаалтын шатанд хангалттай шалгаж тодруулаагүй байна.

Х.Т-н 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гэрчээр өгсөн “ ... Би С, О нараас 150000 төгрөг авах байсан юм. Тэгээд би эгч Сэгийнх нь юмыг авчихвал өгөх болов уу гээд зурагтыг нь авсан”...гэх мэдүүлэг болон хохирогч С-н “...2018 оны намар О бид хоёр Х.Т-д 150000 төгрөгийн өртэй байсан юм. Х.Т нь манайхаар удаа дараа орж ирж, өрөө нэхдэг байсан. Зурагт, хүлээн авагчийг чинь эзгүй хойгуур чинь авна гэж удаа дараа хэлж байсан. Би тухайн үед уурлаад зурагт, хүлээн авагчийг авбал ав гэж хэлж байсан. Одоо өг гэхээр нь өгөөгүй...барьцаанд зурагт, хүлээн авагчийг авахыг зөвшөөрч байсан. Х.Т надруу мессеж бичээд манайхыг онгорхой байхад зурагт, хүлээн авагчийг аваад явсан байсан. Мөн утсаар хэлсэн. Би уурандаа цагдаад мэдэгдсэн гэх анхан шатны шүүхэд өгсөн хүсэлт зэргээс үзэхэд гэмт хэргийн сэдэлт, зорилгыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн гэх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй, дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

 

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2019/ШЦТ/100 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Х.Т-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон                                              

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2019/ШЦТ/100 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасугай.

 

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Х.Т-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 30 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.