Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 111/ШШ2018/0024

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сувдмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаартай захирамжийг хүчин төгөлдөр бусад тооцуулан хүчингүй болгож, *******г урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд томилуулахыг Баянхонгор аймгийн Засаг даргад даалгах, Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаартай захирамжийн 4 дэх заалтыг илт хууль бусад тооцуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* овогтой ******* нь Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 07 сарын 27-ны өдрийн Б/552 дугаартай захирамжаар Баянхонгор аймгийн Баацагаан сумын сургуулийн захирлын албан тушаалд томилогдсон. Төрийн үйлчилгээний албан хаагч бөгөөд аймгийн Засаг даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байсан. Гэтэл хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь заалт буюу ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон гэдэг үндэслэлээр 2018 оны 06 сарын 19-ний өдөр ******* дугаартай захирамжаар ажлаас чөлөөлж, намайг хохироолоо. Би Баацагаан сумын арван жилийн дунд сургуульд тасралтгүй 15 жил багшаар ажилласан туршлагатай, боловсрол судлалын магистр зэрэгтэй, удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орж тэнцсэн. Гэтэл одоо ямар ч ажилгүй болж хохирч үлдэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан баталгаагаар хангагдах ёстой атал шууд ажлаас чөлөөлж, төрийн үйлчилгээний албанд олон жил ажилласан хөдөлмөр, зүтгэл, цаг хугацааг минь үгүйсгэж байгаад гомдолтой байна. Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д заасны дагуу Баянхонгор аймгийн Боловсролын газраас санал авалгүй ажлаас шууд чөлөөлсөн. Шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоогдож байгаа хүнд намайг ажлын байраар хангахыг үүрэг болгосон. Ажил олгогч нь аймгийн Засаг дарга байтал огт хамааралгүй шүүхийн шийдвэрээр эгүүлж ажилд тогтоогдож байгаа хүнд намайг ажлын байраар хангахыг үүрэг болгоод байгаа нь үндэслэлгүй, хариуцлага үүргээс зугтсан үйлдэл юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* нь Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 6 сарын 19-ний өдрийн ******* дугаартай захирамжийн 4 дэх хэсэг, 2018 оны 06 сарын 19-ны өдрийн ******* дугаартай захирамж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийг зөрчиж түүний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж үзэж нэхэмжлэл гаргасан бөгөөд хэдийгээр шүүхийн шийдвэрээр *******ыг ажилд томилж байгаа боловч ажил олгогч нэхэмжлэгчийг ажлын байраар хангах үүрэгтэй юм.

******* нь Баянхонгор аймгийн Баацагаан сумын арван жилийн дунд сургуульд тасралтгүй 17 жил ажилласан, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-т заасны дагуу сонгон шалгаруулалтад орж тэнцэн захирлын албан тушаалд хуулийн дагуу томилогдсон. Энэ хүн одоо өөрийн урьд эрхэлж байсан захирлын албан тушаалтай ижил түвшин, цалин, зэрэглэлтэй ажлын байраар хангуулах бүрэн эрхтэй гэж үзэж байна. Засаг даргын хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгч дахин хохирч үлдэх учиргүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.2 дахь хэсгийг ажил олгогч буюу аймгийн Засаг дарга хэрэгжүүлж шийдвэр гаргах ёстой атал ******* гэдэг хүнд нэхэмжлэгчийг ажлын байраар хангахыг үүрэг болгож шийдвэр, захирамж гаргаж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.4, 47.1.5-т зааснаар илт хууль бус захиргааны актын шинжтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгч өөрт олгогдсон эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны ******* дугаартай тушаалыг хүчин төгөлдөр бусад тооцуулж хүчингүй болгох, 2018 оны ******* дугаартай тушаалын 4 дэх заалтыг илт хууль бусад тооцуулж, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд томилуулахыг Баянхонгор аймгийн Засаг даргад даалгуулахаар өөрчилсөн, энэхүү шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:******* нь аймгийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны Б/552 дугаар захирамжаар Баацагаан сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлаар томилогдсон. Томилогдсон албан тушаал дээрээ аймгийн Засаг даргатай гэрээ байгуулан ажиллаж байсан бөгөөд нэгэнт тухайн албыг хашиж байгаа тохиолдолд хуульд заасны дагуу гэрээ байгуулж ажиллаж ёстой. ******* нь энэ албан тушаалд томилогдохоос өмнө тус сургуульд багшаар ажиллаж байсан. Харин тус сургуулийн захирал *******ыг ажлаас нь чөлөөлж *******г томилсон. ******* нь ажлаас чөлөөлөгдөх үндэслэлгүй гэж үзэн шүүхэд гомдол гаргаснаар 1 жилийн хугацаанд Захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэрээр *******ыг Баацагаан сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар хариуцагч Аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийг биелүүлэн *******ыг сумын сургуулийн захирлын ажилд нь 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар захирамжаар эгүүлэн томилж, захирамжийн 4 дүгээр заалтаар Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар *******г ажлаар хангахыг *******т үүрэг болгосон.

Захирлын хувьд ажил олгогч нь Аймгийн Засаг дарга тул захирлыг томилж харин *******г Засаг дарга багшийн болоод бусад ажилд томилох эрхгүй тул захирамжийн заалтаар үүрэг болгосон нь хууль зөрчөөгүй. Нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.4, 47.1.5 дахь заалтыг зөрчсөн гэжээ. Аймгийн Засаг даргын ******* тоот захирамж нь 30 дугаар зүйлийн 30.1.10 д зааснаар өөрийн эрх хэмжээний хүрээнд багтах асуудлаар шийдвэр гаргасан тул 47 дугаар зүзйлийн 47.1.3 дахь заалтыг зөрчөөгүй. Захирамжийн 5 дахь заалтад *******ыг ажлыг хүлээлцүүлэхийг Баацагаан сумын Засаг даргын орлогч Ц.Дэмчигт даалгасан нь уг захирамжийг гүйцэтгэх этгээдийг маш тодорхой заасан гэж үзэж байгаа тул 47 дугаар зүйлийн 47.1.4 дэх заалтыг зөрчөөгүй. 47 дугаар зүйлийн 47.1.5 д зааснаар хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан гэжээ. Аймгийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд төсвийн байгууллагын удирдлагыг томилох чөлөөлөх эрхтэй. Түүнд албан үүрэгт хамаарал бүхий асуудлыг даалгах эрхтэй. Тиймээс ч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Баацагаан сумын сургуулийн захирал *******т *******г ажлаар хангахыг үүрэг болгосон нь хууль бус үйлдэл хийхийг шаардсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд *******г ажлаас чөлөөлсөн, ******* дугаар захирамжийн 4 дүгээр заалтаар ажлаар хангахыг үүрэг болгосон нь хууль зөрчөөгүй бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоолыг хэрэгжүүлсэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь тус шүүхэд хандан, Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдуулан Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаартай захирамжийг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаартай захирамжийн 4 дэх хэсгийг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагаа Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаартай захирамжийг хүчингүй болгож, *******г урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд томилохыг Баянхонгор аймгийн Засаг даргад даалгах, Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаартай захирамжийн 4 дэх заалтыг илт хууль бусад тооцуулах гэж өөрчилсөн тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаартай захирамжийг хүчингүй болгож, *******г урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд томилохыг Баянхонгор аймгийн Засаг даргад даалгах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч ******* нь Баянхонгор аймгийн Баацагаан сумын сургуульд багшаар ажиллаж байгаад Амйгийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Б/552 дугаар захирамжаар *******г Баянхонгор аймгийн Баацагаан сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлаар томилж, ажил олгогчоос *******тай хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээ зэргийг байгуулан ажиллаж байгаад Аймгийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар захирамжаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Аймгийн Засаг дарга нь 2018 оны ******* дугаар захирамждаа, Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 73 дугаар тогтоол, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 1/ШШ2017/0027 дугаар шийдвэр, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь заалтыг үндэслэсэн байна.

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 1/ШШ2017/0027 дугаар шийдвэрээр *******ын нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн Б/146 дугаар захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баянхонгор аймгийн Баацагаан сумын Цагаан далай бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох... шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан, энэхүү шийдвэрийг хариуцагч талаас эс зөвшөөрч дээд шатны шүүхүүдэд хандаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 221/МА2017/0822 дугаар магадлалаар, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 73 дугаар хуралдааны тогтоолоор тус тус анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.

Мөн *******ын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг Монгол Улсын Дээд шүүхэд хянуулах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг тус шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 125 дугаар Шүүхийн тогтоолоор хангахаас татгалзаж, уг тогтоол хүчин төгөлдөр болсон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй гэж хуульчилсны дагуу Аймгийн Засаг дарга нь 2018 оны ******* дугаар захирамждаа дээрх шүүхийн шийдвэрүүдийг үндэслэн *******ыг Баянхонгор аймгийн Баацагаан сумын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилсон бөгөөд энэ нь хууль зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч ******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь *******ыг Баацагаан сумын сургуулийн захирлаар эгүүлэн томилсонтой маргаагүй, харин *******г урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд томилохыг аймгийн Засаг даргад даалгуулахыг хүсч байгаа нь үндэслэлгүй бөгөөд боломжгүй.

Захиргааны хэргийн шүүхийн зорилго нь захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагаа, шийдвэрийн улмаас зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй хүн, хуулийн этгээд, нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх явдал юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхол нь маргаан бүхий захиргааны актын улмаас зөрчигдсөн тохиолдолд тухайн зөрчигдсөн эрхийг хуулийн дагуу, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд сэргээх асуудал юм, харин нэхэмжлэгчид шинээр эрх үүсгэх асуудал биш юм.

Хоёр. Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаартай захирамжийн 4 дэх заалтыг илт хууль бусад тооцуулах-ыг хүссэн шаардлагын хувьд:

Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар захирамжаар *******ыг Баацагаан сумын сургуулийн захирлын албан тушаалд томилсон бөгөөд нэхэмжлэгч энэхүү томилгоотой маргаагүй, маргаагүй гэдгээ нэхэмжлэгч тал илэрхийлсэн.

Харин уг захирамжийн дөрөв дэх заалт буюу Тус сургуулийн захирлаар ажиллаж байсан *******г ажлын байраар хангаж ажиллахыг *******т даалгасугай. гэснийг нэхэмжлэгч илт хууль бусад тооцуулахаар маргасан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д утга агуулгын илэрхий алдаатай, бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй, тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй зэргээр захиргааны актын илт хууль бус шинжүүдийг нарийвчлан хуульчилсан.

Захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай гэдэгт актыг гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны хүсэл зориг тухайн актад бүрэн гүйцэд илэрхийлэгдээгүй, актын заалтууд нь хоорондоо зөрчилдснөөс хоёрдмол утгатайгаар ойлгогдож болохоор агуулга нь тодорхой бус байхыг хэлнэ. Түүнчлэн найруулга зүйн болон үг, үсэг, тооны алдаа нь үр дагаврын хувьд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихөөр байвал тухайн актыг утга агуулгын хувьд илэрхий алдаатайд тооцож болно гэж Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 37 дугаар тогтоолд тайлбарлажээ.

Өөрөөр хэлбэл илт хууль бус гэдэг нь тухайн захиргааны актыг хэн ч харсан илт алдаатай, алдаа нь ноцтой байхыг шаардах бөгөөд дээрх тохиолдолд захиргааны акт илт хууль бус гэж тодорхойлох юм.

Үүнээс гадна, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө. гэж заасан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ...Аймгийн Засаг дарга нь 2018 оны ******* захирамжийн дөрөв дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу нэхэмжлэгч *******гийн хөдөлмөрлөх эрхийг хамгаалахаар тусгайлан оруулж, энэхүү хуулийн заалтыг бололцооны дагуу хэрэгжүүлэхээр авч буй арга хэмжээ юм гэсэн тайлбараас харахад ажил олгогчийг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд, Аймгийн Засаг даргын 2018 оны ******* захирамжийн дөрөв дэх заалт нь хуульд заасан илт хууль бусад тооцох шинжийг агуулаагүй байна гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулaaийн 4 дүгээр зүйлийн 4.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 40 дүгээр зүйлийн 40.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******гийн гаргасан Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаартай захирамжийг хүчингүй болгож, *******г урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд томилохыг Баянхонгор аймгийн Засаг даргад даалгах, Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаартай захирамжийн 4 дэх заалтыг илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаадлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.СУВДМАА