| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Александрын Сарангэрэл |
| Хэргийн индекс | 128/2025/0463/З |
| Дугаар | 221/МА2026/0319 |
| Огноо | 2026-05-12 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2026/0319
“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч:Шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Зоригтбаатар
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цс
Нэхэмжлэгч: “М” ХХК
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар
Гуравдагч этгээд: Ц.Жб, Х.Э
Нэхэмжлэлийн шаардлага: “М” ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, **-р хороо, **-р хороолол, Нарны зам гудамж **а байр, *** тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-220410**** дугаартай үл хөдлөх хөрөнгийг Ц.Жбт мөн Ц.Жбаас Х.Эт шилжүүлсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулж, маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд буцаан бүртгэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн **5 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цс, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Уянга, гуравдагч этгээд Ц.Жбын өмгөөлөгч О.Бс, гуравдагч этгээд Х.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Хатантуул
Хэргийн индекс: 128/2025/0463/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн **5 дугаар шийдвэрээр:
1.1.“ Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 11.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ““М” ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, **-р хороо, **-р хороолол Нарны зам гудамж **а байр, *** тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-220410**** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг Ц.Жбын өмчлөлд шилжүүлсэн бүртгэл, Ц.Жбаас Х.Эт шилжүүлсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгож, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг "М" ХХК-ийн өмчлөлд буцаан бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн М.Цсаас гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Нэг: Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Ц.Жбын өмчлөлд хууль зөрчиж шилжүүлсэн бүртгэлийг хүчингүй болгох шаардлагын тухайд:
Нэхэмжлэгчээс Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.3-д "... Иймд хариуцагч нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг иргэн Ц.Жбын өмчлөлд шилжүүлэхдээ Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсгийг зөрчөөгүй ба "М" ХХК-ийг мэдүүлэг гаргаагүй байхад шилжүүлсэн нь уг заалтыг зөрчсөн" гэж маргасан нь үндэслэлгүй гэж шүүх үзлээ." гэж дүгнэхдээ нэхэмжлэгч талын хэлээгүй үгийг хэлсэн болгож дүгнэлт гаргаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Мөн хариуцагч тал хууль зөрчөөгүй байна гэж дүгнэсэнд гомдолтой байна.
Учир нь Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай 11 дүгээр зүйлийн 11.3-д "Шүүх, өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх болон арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана." гэж заасны дагуу манай "М" ХХК-д холбогдох шүүхийн шийдвэрийн үндсэн дээр манай компанийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөд холбогдох шилжүүлгийг хийхийг хуульчилсан байна.
Гэтэл үндэслэл болгож байгаа Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/2021/00337 дугаар шийдвэр нь Ж.Гбт холбогдох шийдвэр бөгөөд Ж.Гбын өмчлөлөөс маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэхийг даалгасан байна. Манай "М" ХХК-д холбогдох шүүхийн шийдвэр биш болно.
Тиймээс уг шүүхийн шийдвэрийн дагуу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Ц.Жбын өмчлөлд шилжүүлэх боломжгүй болохыг Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10-3/1270 тоот албан бичгээр "...орон сууц нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд иргэн Ж.Гбын өмчлөлд бүртгэгдэж байгаагүй байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3, 29 дүгээр зүйлийн 29.1.3, 29.1.5-т заасны дагуу өмчлөх эрхийг Ц.Жбын өмчлөлд шилжүүлэн бүртгэх боломжгүй..." гэх хариуг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байдаг.
Үүнээс дүгнэхэд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-д заасны дагуу мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийн бүрдэл дутуу, мэдээлэл зөрүүтэй, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-д заасан мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгүүд зөрүүтэй, агуулга нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөд байна. Мөн өмчлөх эрх шилжүүлэх шүүхийн шийдвэрт Ж.Гбын өмчлөлөөс маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэхийг даалгасан байхад тухайн үл хөдлөх хөрөнгө Ж.Гбын өмчлөлд бүртгэгдэж байгаагүй байх тул шилжүүлэх боломжгүй гэжээ.
Гэтэл шүүх хариуцагч талаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн хариу албан бичгийг үнэлээгүй хирнээ Ц.Жбын өмчлөлд шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй байна гэж үндэслэлгүй дүгнэсэнд гомдолтой байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.4- "... Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т ... заасны дагуу хариуцагч нь ... эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдэд ... мэдэгдэх үүрэгтэй. ... хуулийн энэхүү заалтын үндсэн зорилго нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдэд урьдчилан мэдэгдэж, тайлбар мэдээлэл гаргах боломжийг олгоход чиглэсэн бөгөөд ямар хэлбэрээр мэдэгдсэнээс үл шалтгаалан захиргааны байгууллага оролцогчийн уг эрхийг хангасан байх тул шийдвэрийн үр дагаварт нөлөөлөхгүй ..." гэж дүгнэхдээ манай компани хуульд заасан эрхийнхээ хүрээнд хариуцагч талд болон холбогдох байгууллагуудад тайлбар, хүсэлт, гомдол гаргаж, гомдлуудыг эцэслэн шийдвэрлээгүй байхад өмчлөх эрхийн шилжүүлсэн хууль бус ажиллагаанд дүгнэлт өгөлгүй захиргааны байгууллага оролцогчийн эрхийг хангасан гэж үндэслэлгүй дүгнэсэнд гомдолтой байна.
Учир нь 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс шүүхийн шийдвэрийн дагуу “М" ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг Ц.Жбын өмчлөлд шилжүүлэх ажиллагаа явагдах болсон гэж мэдэгдсэний дагуу очиж уулзаж, манай компанийн хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу бусдад шилжүүлэх гэж буй талаар анх олж мэдээд амаар тайлбар өгсөн. 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 4/24 дугаар албан бичгээр Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст дахин тайлбар өгсөн.
2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч 91996265 дугаарын утаснаас залгаж, танай эд хөрөнгийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор Ц.Жбын өмчлөлд шилжүүлэхийг даалгасан албан бичгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас манайд ирүүлсэн гэж мэдэгдсэний дагуу 2024 оны 12 дугаар 19-ний өдрийн 4/28 дугаар албан бичгээр манай компани “Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт гомдол гаргасан, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4/31 дугаар албан бичгээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан, мөн "Шинээр илэрсэн нөхцөлд байдлын улмаас хэргийг дахин хянуулах хүсэлт"-ийг шүүхэд гаргасан" тус тус холбогдох байгууллагуудад гаргасан гомдол, нэхэмжлэл, хүсэлтийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд манай компанийн өмчлөлд бүртгэлтэй маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг Ц.Жбын өмчлөлд шилжүүлэхгүй байхыг хүссэн албан бичгийг гаргасан. Хариуцсан улсын бүртгэгч танайхаас гомдол гаргаад явж байгаа нөхцөлд бид тухайн эд хөрөнгийг бусдад шилжүүлэхгүй гэж хэлсэн.
Гэтэл хариуцсан улсын бүртгэгч нь ээлжийн амралтаа аваад явсан хойгуур нь зохион байгуулалттай манай үл хөдлөх хөрөнгийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бусдын өмчлөлд шилжүүлж, энэ талаар 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр бидэнд мэдэгдсэн. Үүнд 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 4/32 дугаар албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасан. Тус газрын 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1/266 дугаар албан бичгээр гомдлыг хангахаас татгалзаж, шүүхэд хандана уу гэсэн хариуг өгсөн тул 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд хандсан.
Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана" гэж заасны дагуу манай компанийн зүгээс хуульд заасны дагуу холбогдох байгууллагуудад гомдлоо гаргаж, гомдол шийдвэрлэгдээгүй, маргаантай байхад өмчлөх эрхийг бусдад шилжүүлсэн хариуцагчийн үйлдлийг зөвтгөн захиргааны байгууллага оролцогчийн эрхийг хангасан гэж дүгнэж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д заасны дагуу нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзэж байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.5-д "... Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10-3/1270 дугаар албан бичгээр "Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх заалт, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3 дэх заалт, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, 29.1.5 дэх заалтын дагуу өмчлөх эрхийг Ц.Жбын өмчлөлд шилжүүлэн бүртгэх боломжгүй." гэсэн хариуг хүргүүлж.... орон сууц нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд иргэн Ж.Гбын өмчлөлд бүртгэгдэж байгаагүй ..." гэх шалтгаанаар тус тус татгалзсан байна" гэж дүгнэсэн хирнээ уг хариу мэдэгдэх албан бичгийг үнэлээгүй.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.6-д "... Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т "Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй." гэж, 23.2-т "Шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ.” гэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн хууль ёсны шаардлагыг хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй." гэж тус тус заасны дагуу улсын бүртгэлийн байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээ хэрэгжүүлсэн тул хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй." гэж дүгнэхдээ өмчлөх эрх шилжүүлэх үндэслэл болсон шүүхийн шийдвэр нь биелэх боломжтой эсэх, тухайн шүүхийн шийдвэрийн хэргийн оролцогч нь "М” ХХК мөн эсэх, "М" ХХК-аас үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Ц.Жбт шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн эсэхийг - үнэлээгүй, мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр авагч, төлбөр төлөгч талууд хэн бэ гэдгийг үнэлээгүй хирнээ хариуцагчийн үйлдэл хууль зөрчөөгүй гэж үндэслэлгүй дүгнэсэн.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2021/00337 дугаар шийдвэрийн хэргийн оролцогч нь нэхэмжлэгч Ц.Жб, хариуцагч Ж.Гб байх бөгөөд Ж.Гбаас маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг гаргуулан Ц.Жб өмчлөх эрхтэй гэж шийдвэрлэсэн. Гэтэл тухайн үл хөдлөх хөрөнгө нь Ж.Гбын өмчлөлд огт бүртгэгдэж байгаагүй.
Мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 302 дугаар гүйцэтгэх хуудас "... төлбөр төлөгч Ж.Гб, ... төлбөр авагч Ц.Жб..." гэж гарсан байх бөгөөд гүйцэтгэх хуудас гарснаас хойш 3 жил 6 сарын дараа төлбөр авагч Ц.Жб нь төлбөр төлөгч Ж.Гбт холбогдуулан - шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах хүсэлтээ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан байдаг. Тус газрын "Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай" 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 24370867 дугаар тогтоол төлбөр төлөгч Ж.Гбт холбогдох гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахаар үүссэн байдаг.
Үүнээс дүгнэхэд "М" ХХК-д холбогдох шүүхийн шийдвэр гараагүй, мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаагүй байхад шүүхээс үүнийг үнэлээгүй.
Мөн Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10-3/1270 тоот албан бичгээр "... орон сууц нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд иргэн Ж.Гбын өмчлөлд бүртгэгдэж байгаагүй байна. өмчлөх эрхийг Ц.Жбын өмчлөлд шилжүүлэн бүртгэх боломжгүй..." гэх хариуг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн уг нотлох баримтыг ч 1 үнэлээгүй хариуцагчийн үйлдэл хууль зөрчөөгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.6-д "... "Нөгөөтэйгүүр, маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн бүртгэл шүүхийн шийдвэрээс зөрүүтэй болон иргэн Ж.Гб, "М" ХХК-ийн нарын хооронд хөрөнгө оруулалтын маргаан үүссэн зэрэг нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээс татгалзах үндэслэл болохгүй бөгөөд ийнхүү хариуцагч дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс өмнө нь татгалзаж байсан нь 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн иргэн Ц.Жбын өмчлөлд шилжүүлсэн бүртгэлийг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй." гэж дүгнэж байгаа нь шүүхийн шийдвэрт дурдсан хариуцагч болох Ж.Гбын өмчлөлд маргаан бүхий үл хөдлөх огт бүртгэгдэж байгаагүй ч уг хэрэгт ямар ч хамааралгүй, хэргийн оролцогч биш "М" ХХК- ийн өмчлөлийн хөрөнгийг Ц.Жбт өгөх нь зөв, хариуцагч анх шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзаж байсан нь ямар ч хамааралгүй тул өмчлөлийг шилжүүлсэн нь зөв гэж манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн илт үндэслэлгүй дүгнэлт гаргаж байгаад гомдолтой байна.
Улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д "Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч, өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана" гэж заасан бөгөөд шүүхийн шийдвэрт маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө Ж.Гбын өмчлөлд бүртгэлтэй байхыг хуульчилсан байхад шүүх өмчлөгч биш байх нь хамаагүй, хэргийн оролцогч биш, хэний ч өмчлөлд байсан хамаагүй эрх, хууль ёсны ашиг сонирхлын хөндөөд шилжүүлэх нь үндэслэлтэй гэж дүгнээд байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.7-д "Мөн нэхэмжлэгчийн зүгээс "маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөтэй холбоотойгоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан талаар мэдэгдсээр байхад шилжүүлсэн" гэж маргадаг бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар за асуудлаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-0 "мэдүүлэг гаргасан өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн талаарх маргааныг шүүхээр хянан хэлэлцэж байгаа" гэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ талаар хариуцагч мэдээгүй байна." гэж дүгнэхдээ нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг тал бүрээс нь үндэслэлтэй, үнэн зөвөөр үнэлээгүй дүгнэсэнд гомдолтой байна.
Манай компанийн зүгээс хариуцагч талд гаргасан гомдол болон хүсэлтдээ дээд шатны байгууллагад болон холбогдох байгууллагуудад цаг тухай бүрд нь гомдол гаргаж, шүүхэд хүртэл хандсан талаар албан бичгээр мэдэгдэж, ямар гомдол хаана гаргасан талаарх баримтаа хавсарган албан бичгээр өгч байсан бөгөөд энэ талаарх баримтууд Улсын бүртгэлийн ерөнхий газраас шүүхэд гаргаж өгсөн баримтууд дотор мөн байж байхад шүүх үнэлээгүй үндэслэлгүй дүгнэлт гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.4-д гаргасан гомдлын үндэслэлдээ гаргасан гомдлын талаарх он, сар, өдрийг тодорхой дурдсан болно.
Хоёр: "Ц.Жбаас Х.Эт маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн бүртгэлийг хүчингүй болгуулж, "М" ххк-ийн өмчлөлд буцаан бүртгэхийг улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах" шаардлагын тухайд:
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.2-д "... Энэхүү захиргааны хэрэг нь иргэн Х.Эт маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг 2025 оны 05 дугаар сарын **-ний өдөр шилжүүлснээс хойш буюу Нийслэл дах Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШЗ2025/3666 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсжээ. Харин Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 102/Ш32025/00126 дугаар шүүгчийн захирамжаар "М” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн байх боловч энэ талаар хариуцагчид мэдэгдээгүй байна." гэж үндэслэлгүй дүгнэсэн.
Манай компанийн зүгээс хариуцагч талд гомдол, хүсэлт гаргасан бөгөөд гомдлыг эцэслэн шийдвэрлээгүй байсан. Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, шүүхэд гомдол гаргасан тул тухайн байгууллагуудаас гомдлыг эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаанд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх ажиллагаа хийхгүй байхыг хүссэн албан бичигтээ бүх гомдлуудаа хавсаргаж өгсөн. Хариуцагч талд огт мэдэгдэж байгаагүй мэтээр шүүх үндэслэлгүй дүгнэж байна.
Манай компани 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст амаар тайлбар өгч, 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 4/24 дугаар албан бичгээр дахин тайлбар өгч өмчлөх эрх шилжүүлэх нь үндэслэлгүй талаар гомдол гаргасан бөгөөд Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10-3/1270 тоот албан бичгээр "... орон сууц нь Ж.Гбын өмчлөлд бүртгэгдэж байгаагүй байна.... өмчлөх эрхийг Ц.Жбын өмчлөлд шилжүүлэн бүртгэх боломжгүй..." гэх хариуг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн нь манай компани гомдол гаргаад явж байгааг мэдэж байсан нь нотлогдоно.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.3-д ".. Ингэснээр иргэн Ц.Жб нь хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч бөгөөд тэрээр өөрийн өмчлөлийн хөрөнгийг бусдад худалдсантай холбоотойгоор маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлийг иргэн Х.Эт шилжүүлэн бүртгэсэн хариуцагчийн үйлдэл хуульд нийцсэн бөгөөд хүчингүй болгох үндэслэл байхгүй байна. Үүнээс үзэхэд хариуцагчийн "Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т заасан үндэслэлээр иргэн Х.Эт маргаан бүхий эд хөрөнгийг шилжүүлэхээс татгалзах үндэслэл тогтоогдоогүй." гэсэн тайлбар нь үндэслэлтэй байна." гэж дүгнэснийг эс зөвшөөрч байна.
Манай компанийн зүгээс маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг Ц.Жбын өмчлөлд шилжүүлэх үндэслэл болгож байгаа шүүхийн шийдвэр нь биелэх боломжгүй, маргаан бүхий хөрөнгө шийдвэрт дурдсан хариуцагч Ж.Гбын өмчлөлд огт бүртгэгдэж байгаагүй тул шилжүүлэх үндэслэл байхгүй талаар хариуцагч талд тайлбар хүсэлт гаргасан. 2024 оны 12 дугаар 19-ний өдрийн 4/28 дугаар албан бичгээр Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст өмчлөх эрхийг шилжүүлэхгүй байхыг хүссэн хүсэлт гаргахад даргатай зөвлөлдөж шийдсэний дараа шилжүүлсэн гэсэн атлаа хүсэлтийг шийдвэрлээгүй өмчлөх эрхийг шилжүүлсэн.
Х.Э нь шүүхэд гаргасан тайлбартаа "... 2024 оны 11 сард Ц.Жб миний нэр дээр шилжсэн, одоо чи нэр дээрээ шилжүүлээд авчих гээд улсын бүртгэл дээр очоод материалаа бүрдүүлээд өгсөн чинь 4 хоногийн дараа надад шүүх дээр байгаа маргаан нь эцэслэгдээгүй учир тан руу шилжих боломжгүй байна..." гэх хариуг улсын бүртгэлийн байгууллагаас өгсөн талаар хэлсэн. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдааны 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 05444 дугаар тэмдэглэлийн 5 хуудас, мөн тус шүүхийн шийдвэрийн 8 дугаар хуудас үндэслэх хэсгийн 12.2-д “Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө Ц.Жбын өмчлөлд 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шилжсэн гэрчилгээ гарсан. Улсын бүртгэлийн байгууллага нь Х.Эыг очиход шүүх дээр маргаантай байгаа талаар мэдэж байсан нь уг тайлбараас харагдаж байна. Маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад мэдсээр байж шилжүүлсэн байхад шүүхээс хариуцагчийн тайлбарийг үнэлээгүй Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т заасан үндэслэлээр иргэн Х.Эт маргаан бүхий эд хөрөнгийг шилжүүлэхээс татгалзах үндэслэл тогтоогдоогүй байна гэж үндэслэлгүй дүгнэсэн.
Гурав: Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бусад үйл баримтын хүрээнд:
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.1-д "... Гэтэл иргэн Жгийн Гб нь 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр иргэн Цгийн Жбтай ... "Орон сууц захиалгын гэрээ"-г байгуулсан байх ба ингэхдээ уг гэрээний харилцаанд Ж.Гб нь "төсөл хэрэгжүүлэгч"-ээр оролцжээ. Харин Ц.Жбтай энэхүү гэрээг байгуулснаас хойш 5 сарын дараа буюу 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр "МУХБ" ХХК болон "М" ХХК нарын хооронд байгуулагдсан "Орон сууц худалдах, худалдан авах гэрээ"-нд "М" ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Г.ГЧ, төслийн удирдагч Ж.Гб нар гарын үсэг зурж, тус компанийн тамгаар баталгаажуулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог тул "барилгын төслийн хамтран хэрэгжүүлэгч бөгөөд тухайн үед бусад этгээдтэй байрны захиалгын гэрээг байгуулах эрхтэй этгээд байсан" гэж үзэх үндэслэлтэй байна." гэж дүгнэхдээ Ж.Гб төсөл хэрэгжүүлэгч мөн эсэх, гэрээ байгуулах эрхийг "М" ХХК-аас олгосон эсэхийг нотлоогүй хирнээ барилгын төслийн хамтран хэрэгжүүлэгч бөгөөд тухайн үед бусад этгээдтэй байрны захиалгын гэрээг байгуулах эрхтэй этгээд байна гэж үндэслэлгүй дүгнэжээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.1-д "... Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2021/00337 дугаар шийдвэрээр "иргэн Ж.Гбаас иргэн Ц.Жб нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг захиалсан бөгөөд түүнийг хууль ёсны өмчлөгч мөн болох"-ыг нэгэнт тогтоосон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т ... заасныг үндэслэн иргэн Ж.Гб нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг худалдах эрхтэй эсэх нь захиргааны хэргийн шүүхийн хяналтын хүрээнд хамаарахгүй, энэ талаар нотлох баримт цуглуулах ажиллагаа хийгдэхгүй болно." гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.2.4-д "Маргаан бүхий ... үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр анх "МУХБ" ХХК, улмаар "М" ХХК-ийг тус тус бүртгэгдсэн үйл баримтын талаар талуудын хооронд маргаан үүсээгүй бөгөөд уг хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй..." гэх үндэслэлээр шүүхээс тухайлан дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна.
Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх үндэслэл болсон Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/IIIIII2021/00337 дугаар шийдвэр нь Ж.Гбт холбогдох шийдвэр бөгөөд Ж.Гбын өмчлөлөөс маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг Ц.Жбт шилжүүлэхийг даалгасан шийдвэрлэсэн. Гэтэл маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө Ж.Гбын өмчлөлд огт бүртгэгдэж байгаагүй.
Тухайн шүүхийн шийдвэр өмчлөгч биш этгээдээс өмчлөх эрхийг гаргуулахаар шийдсэн, биелэгдэх боломжгүй шийдвэр байх бөгөөд "М" ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг Ц.Жбт шилжүүл гэж даалгаагүй. Тиймээс шүүх маргаан бүхий хөрөнгө хэний өмчлөлд бүртгэлтэй талаар үнэлж дүгнэлт өгөх нь хэрэгт ач холбогдолтой юм.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 06-ний өдрийн 128/ШШ2026/0**5 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгч “М” ХХК-иас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “М” ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, **-р хороо, **-р хороолол, Нарны зам гудамж **а байр, *** тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-220410**** дугаартай үл хөдлөх хөрөнгийг Ц.Жбт, мөн Ц.Жбаас Х.Эт шилжүүлсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулж, маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд буцаан бүртгэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
2.Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Ц.Жбын өмчлөлд шилжүүлсэн бүртгэлийн тухайд:
2.1. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т “Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч, эзэмшигч, ашиглагч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана”, 11.4-т “Энэ хуулийн 11.3-т заасан нөхцөл үүсвэл эрхийн улсын бүртгэлд бүртгэлтэй, эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдэд улсын бүртгэлийн байгууллага энэ тухай бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ.” гэж тус тус заасан.
2.2.Гуравдагч этгээд Ц.Жб нь анх төсөл хэрэгжүүлэгч Ж.Гбтай 2019 оны 03 дугаар сарын 10 өдөр “Орон сууц захиалгын гэрээ” [1]-г байгуулан Баянзүрх дүүргийн **-р хороо, **-р хороолол /13334/ Нарны зам гудамж, **а байр, *** тоот хаягт байршилтай 52.62 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай байрыг худалдаж авчээ.
2.3.Улмаар Ц.Жбаас Ж.Гбт холбогдуулан “Баянзүрх дүүрэг, ** дүгээр хороо, Нарны замын **а байрны *** тоот 52.62 м.кв талбай бүхий орон сууцыг Ц.Жбыг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2021/00337 дугаар шийдвэрээр[2] маргаан бүхий орон сууцыг Ц.Жб өмчлөх эрхтэй болохыг тогтоосон байна.
2.4.ХИнгэхдээ хариуцагч бүртгэлийн байгууллагаас дараахь баримт бичгүүдийг[3] үндэслэн маргаан бүхий орон сууцыг гуравдагч этгээд Ц.Жбын нэр дээр улсын бүртгэлийн Ү-220410**** дугаарт анх бүртгэж, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэрчилгээ[4] олгосон болох нь тогтоогдож байна:
- Ц.Жбын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сарангоогоос 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гаргасан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, түүнд олгосон итгэмжлэл,
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,
-Иргэн Ж.Гб болон Ц.Жб нарын хооронд 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хийгдсэн 262 дугаар Орон сууц захиалгын гэрээ,
- Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2021/00337 дугаар шийдвэр,
- Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний 102/ШЗ2021/04422 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, мөн өдрийн 302 дугаар гүйцэтгэх хуудас,
-Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 02-**9/22357, 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 02-**9/27589, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 02-**9/28781 дугаар албан бичгүүд,
2.5.Дээрх үйл баримтаас дүгнэхэд, гуравдагч этгээдээс маргаан бүхий орон сууцыг өөрийн өмчлөлд бүртгүүлэх мэдүүлгийг 2024 онд гаргахдаа маргаан бүхий орон сууц нь Ц.Жбын өмчлөлийнх болохыг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хавсарган өгсөн байх тул уг шийдвэрийг үндэслэн хариуцагчаас маргаан бүхий улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон гэдэг нь хэрэгт авагдсан баримтаас тогтоогдож байхад уг маргаан бүхий хариуцагчийн улсын бүртгэлийн үйл ажиллагааг шүүхээс буруутгах үндэслэлгүй юм.
2.6.Түүнчлэн хариуцагч улсын бүртгэлийн хэлтсээс Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т зааснаар эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээд болох “М” ХХК-д шүүхийн шийдвэрээр маргаан бүхий хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийг шилжүүлэх тухай мэдэгдэж, тайлбар гаргах ажиллагааг хуульд заасан бичгээр болон цахимаар мэдэгдэх шаардлагыг бүрэн хангаж явуулсан болох нь тогтоогдохгүй байх боловч “утсаар мэдэгдэж, тайлбар авсан” гэдэг нь нэхэмжлэгчээс Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст гаргасан 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1206 дугаар[5], 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 4/24 дугаар гаргасан тайлбар[6] талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
2.7.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.”, 23.2-т “Шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ.”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн хууль ёсны шаардлагыг хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй.” гэж тус тус заасан.
Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл, иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллага нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй байна.
2.8.Нэхэмжлэгч компаниас Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой “...холбогдох газруудад гомдол, хүсэлтээ гаргасан байгаа талаар, дээрх хүсэлтүүдийг шийдвэрлэх хүртэл хугацаагаар манай компанийн өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэхгүй байхыг хүссэн” тайлбар гаргасан үйл баримтууд байх боловч нэгэнт Ц.Жбын өмчлөлийнх болохыг тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хариуцагч захиргааны байгууллагаас биелүүлэхгүй байх үндэслэлгүй байна.
2.9.Иймд нэхэмжлэгчийн гаргасан “...холбогдох байгууллагуудад гаргасан гомдол хүсэлтүүдийг эцэслэн шийдвэрлээгүй байхад өмчлөх эрхийг шилжүүлсэн нь захиргааны байгууллага оролцогчийн эрхийг хангасан гэж үзэх үндэслэлгүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй бөгөөд хариуцагчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан “... эхний удаа манайх бүртгэл хийхээс татгалзсан ч шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас албадан гүйцэтгэх бичиг дахин ирсний дагуу бүртгэл хийсэн” гэх тайлбарыг буруутгах үндэслэлгүй байна.
3.Иргэн Ц.Жбаас иргэн Х.Эт маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн бүртгэлийг хүчингүй болгуулж, “М” ХХК-ийн өмчлөлд буцаан бүртгэхийг улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” шаардлагын тухайд:
3.1.Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т “Улсын бүртгэгч дараах үндэслэлээр эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаана”, 29.1.5-т “мэдүүлэг гаргасан өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн талаарх маргааныг шүүхээр хянан хэлэлцэж байгаа” гэж заасан.
3.2.Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Ц.Жб нь иргэн Х.Этай 2025 оны 05 дугаар сарын **-ний өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” [7] байгуулж, маргаан бүхий орон сууцыг Х.Эт шилжүүлж, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг 2025 оны 05 дугаар сарын **-ний өдөр олгосон үйл баримтууд тогтоогдож байна.
3.3.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлдээ “...шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад шилжүүлсэн нь хууль бус” гэж, давж заалдах гомдолдоо “...Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 4/24 дугаартай “Тайлбар гаргах тухай” албан бичгээр[8] тайлбар гаргасан, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10-3/1270 дугаар албан бичгээр[9] хариу өгсөн зэрэг нь хариуцагчаас шүүх дээр маргаантай байсныг мэдэж байсан” гэж тайлбарлан маргадаг.
3.4.Гэвч дээрх албан бичгүүдийн агуулгаас үзвэл маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой иргэний маргаан үүссэн буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа талаар дурдаагүй байх бөгөөд мөн хэрэгт авагдсан “М” ХХК, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газруудын хооронд харилцсан албан бичгүүдээр хариуцагчийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үүссэн “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох “үл хөдлөх эд хөрөнгөөс чөлөөлүүлэх” шаардлага бүхий маргааныг мэдэж байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
3.5.Иймд хариуцагч захиргааны байгууллагыг Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.5-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн “...иргэн Ц.Жб нь хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч бөгөөд тэрээр өөрийн өмчлөлийн хөрөнгийг бусдад худалдсантай холбоотойгоор маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлийг иргэн Х.Эт шилжүүлэн бүртгэсэн хариуцагчийн үйлдэл хуульд нийцсэн бөгөөд хүчингүй болгох үндэслэл байхгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
4.Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бусад үйл баримтын тухайд:
4.1.Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч “М” ХХК “МУХБ” нарын хооронд 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 2/122 дугаар “Орон сууц худалдах, худалдан авах” гэрээ[10] /Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ/ байгуулагдаж, уг гэрээний дагуу “МУХБ” ХХК нь 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст анх удаа бүртгүүлж, эд хөрөнгийн гэрчилгээ авах хүсэлтийг холбогдох баримтын хамт гаргаснаар Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө буюу “маргаан бүхий орон сууцны зориулалттай байрыг 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-220410**** дугаарт бүртгэж, “МУХБ” ХХК-д 000755759 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон[11] байна.
4.2.Улмаар “МУХБ” болон “М” ХХК нарын хооронд байгуулагдсан 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2/156 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах ерөнхий гэрээ”[12], 2024 оны 8 дугаар сарын **-ний өдрийн 2/122 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ”[13]-ний дагуу нэхэмжлэгч “М” ХХК нь өмчлөх эрхийг шилжүүлэх хүсэлт гаргаснаар маргаан бүхий орон сууцыг 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-220410**** дугаарт бүртгэж, “М” ХХК-д 001271616 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ[**] олгожээ.
4.3.Дээрх үйл баримтуудаас үзвэл маргаан бүхий орон сууцны зориулалттай байрны өмчлөгчөөр “М” ХХК-г бүртгэсэн үйл баримтууд тогтоогдож байна.
4.4.Гэтэл “М” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдэхээс өмнө гуравдагч этгээд Ц.Жб нь төсөл хэрэгжүүлэгч Ж.Гбтай “Орон сууц захиалгын гэрээ”-ыг байгуулсан бөгөөд уг гэрээний хүчин төгөлдөр байдлыг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 337 дугаар шийдвэрээр дүгнэсэн байх тул “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.” гэж заасныг үндэслэн иргэн Ж.Гб нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг худалдах эрхтэй эсэх нь захиргааны хэргийн шүүхийн хяналтын хүрээнд хамаарахгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
4.5.Түүнчлэн анхан шатны шүүх “...барилгын төслийг хамтран хэрэгжүүлсэн эсхүл, хэрэгжүүлэхээр тохиролцсон гэх хөрөнгө оруулагч нарын хооронд үүссэн гэмт хэргийн шинжтэй маргааны улмаас тус барилгын төлбөрийг төлж, шүүхээр хууль ёсны өмчлөгч болох нь тогтоогдсон захиалагч буюу гуравдагч этгээд (Ц.Жб, Х.Э)-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх, зөрчигдөх ёсгүй буюу тэдгээрийн эрхийг баталгаажуулж бүртгэсэн хариуцагчийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.
Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн **5 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш ** хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
[1] Хэргийн 1-р хавтас 152 дахь тал
[2] Хэргийн 1-р хавтас 9-10 дахь тал
[3] Хэргийн **2-155 дахь тал
[4] Хэргийн 1-р хавтас 156 дахь тал
[5] Хэргийн 2-р хавтас 17 дахь тал,
[6] Хэргийн 1-р хавтас 136-137 дахь тал
[7] Хэргийн 2-р хавтас 59 дэх тал
[8] Хэргийн 1-р хавтас 15-16
[9] Хэргийн 1-р хавтас **0 дэх тал
[10] Хэргийн 1-р хавтас 79-83 дахь тал
[11] Хэргийн 1-р хавтас 97 дахь тал
[12] Хэргийн 1-р хавтас 34 дэх тал
[13] Хэргийн 1-р хавтас 104 дэх тал
[**] Хэргийн 1-р хавтас 124 дахь тал