Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 1529

 

Д.О-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг, бүрэлдэхүүнд шүүгч А.Отгонцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 184/ШШ2018/00990 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Д.О-н нэхэмжлэлтэй хариуцагч “Б...” ХХК, “Г...” ХХК тус тус холбогдох

Гэм хорын хохиролд 34 317 783 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, хариуцагчийн өмгөөлөгч Э.Хашчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл  нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б...” ХХК-ийн барьж буй барилгад 2011 оны 7 дугаар сараас эхлэн туслах ажилчинаар ажилласан. 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Кореа тауны цаана байрлах “Б...” ХХК-ийн 11 давхар барилга дээр ажиллаж байгаад 1 давхраас 2 давхарт ажиллах газраа очих гэж яваад харанхуй гэрэлтүүлэггүй лифтны хонгилд доошоо унаж хүнд гэмтэл авч нуруу нугасны хүнд хагалгаанд орсон. Унаж гэмтсэн лифтний нүх ямар нэгэн хаалт хашлагагүй, анхааруулга, тэмдэг, тэмдэглээгүй, гэрэлтүүлэггүй байсан. Тухайн үед цагдаагийн байгууллага шалгаж байх явцад ажлын газраас надад эмчилгээний зардал 5.000.000 төгрөг өгч, цаашид дэмжиж туслана гэсэн учраас гомдолгүй гэснээр эрүүгийн хэрэг хаагдаж, үйгдвэрлэлийн ослын акт гараагүй өнгөрсөн. Одоо гэмтлийн дараах нугасны саажилт, доод мөчидын саажилт гэсэн оноштой, байнгын асаргаатай байх болсон. Түүнийг гэмтсэнээс хойш байгууллага нь 5.000.000 төгрөг өгснөөс өөрөөр дахин ямар нэгэн дэмжлэг туслалцаа үзүүлээгүй, миний биеийн байдлыг ч лавлаагүй. Иймээс прокурорт дахин гомдол гаргасан боловч Баянгол дүүргийн прокурорын газраас 2017 оны 03 сарын 09-ний өдөр 242 дугаар албан бичгээр эрүүгийн хариуцлагад татах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн хариу ирүүлсэн. БНСУ-ын Сөүл хотын нуруу нугасны мэдрэлийн эмнэлэгт монгол дахь төлөөлөгчийн газар БНСУ-ын Би Ти Мөди компанийн Улаанбаатар дахь салбар төлөөлөгчийн газраар дамжуулан холбогдох материалуудаа явуулснаар Мэдрэлийг дарж буй нугасны даралт шахалтыг чөлөөлж өгнө. Ингэснээр нурууны өвдөлт болон хөл гуя дагаж өвдөх өвдөлтийг багасгах, бөгсөн биеийн мэдээ алдалтаас сэргийлнэ, төлбөрийн зардал 12.500.000 вон гэсэн хариуг ирүүлсэн болно. Уг гэмтлийн улмаас байнгын асаргаа шаардлагатай болж Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн нэгдсэн эмнэлгийн төрөлжсөн эмч нарын хяналтад орж 2018 оны 08 сарын 02-ныг хүртэл асаргаанд байх шийдвэр гарсан. БНСУ-д эмчилгээнд явахад асран хамгаалагч хамт явах зайлшгүй шаардлагатай болох нь асаргаанд байдаг болохыг тодорхойлсон холбогдох баримтуудаар нотлогдоно. БНСУ явж энэ эмчилгээнд орж эмчилгээ хийлгэх зардал мөнгийг Д.О-н ажиллаж байсан, гэмтэл учруулж, бие махбодид насан туршийн гэм хор учруулсан байгууллагаас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Иймд Монгол банкны зарласан ханшаар 2017 оны 10 сарын 06-ны өдрийн хаалтын ханш БНСУ-ын вон 2.16 байх тул 12.500.000 вон нь монгол төгрөгт шилжүүлэхээр 27,000,000 төгрөг, БНСУ эмчилгээнд асран хамгаалагчийн хамт онгоцоор явах ирж очих тийзийн үнэ нийт 4.064.200 төгрөг, хоёр хүний буудалд байх зардал 1.321 ам.доллар буюу 3.253.583 төгрөг, нийт зардал 34.317.783 төгрөгийг “Б...” ХХК болон “Г...” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Б...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Г...” ХХК-тай 2011 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Намуун дэнж орон сууцны цогцолбор хорооллыг барьж байгуулахдаа “Г...” ХХК-тай барилгын каркасын бүтээцийн ажил гүйцэтгэх гэрээг харилцан тохиролцож байгуулан, барилгын зургийн дагуу зоорь, 7-12 давхруудад төмөр бетон багана, шат, дам нуруу, хучилтын хавтан, лифтний хана, шат цутгах ажил, тагтны хавтан зэрэг ажилуудыг хийлгэсэн юм. Ийнхүү ажиллаж байх хугацаанд “Г...” ХХК-ийн ажилтан гэх Д.О унаж гэмтсэн гэдэг. Осол гэмтэл гарсан үед “Г...” ХХК, Д.О нар холбогдох байгууллагад хандаж асуудлаа шийдвэрлэсэн гэж бид ойлгосон. “Б...” ХХК-ийн хэрэгжүүлсэн төсөл “Намуун дэнж цогцолбор” хорооллын барилга угсралтын ажил хийгдэж байх явцад Д.О унаж гэмтсэн ч гүйцэтгэгч компани болох “Г...” ХХК барилга угсралтад ажиллах ажилтнууд болон хөдөлмөр хамгаалалттай холбогдох бүхий л ажлыг гэрээний дагуу хариуцаж ажилласан. Д.О нь “Г...” ХХК-ийн ажилтан байсан бөгөөд унаж гэмтсэн тухайгаа холбогдох хууль хяналтын байгууллагад мэдэгдэж, улмаар “Г...” ХХК, ажилтан Д.О-т учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Иймд манай компани тус хэрэгт огт хамааралгүй, хариуцагч биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч “Г...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхцэцэг шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компанийн шууд буруутай үйлдэл биш “Б...” ХХК-ийн буруутай үйлдлээс болсон гэж үзэж байна. Б.О-т “Г...” ХХК-ийн аюулгүй ажиллагаа журам зөрчсөн буруутай үйлдлээс болж гэмтэл учирсан нь тогтоогдоогүй гэж үзэж байна. “Б...” ХХК, “Г...” ХХК нарын хооронд байгуулсан 2011 оны 05 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ байдаг. Энэ гэрээний 2.1.1-т “Б...” ХХК-д туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа “Г...” ХХК ямар ажлыг ямар талбайд хийж гүйцэтгэх талаар тодорхой зааж өгсөн байгаа. Тухайн гүйцэтгэх ажлын дагуу 7-12 давхарын бетон, шал, дам нуруу зэргийг хийж гүйцэтгэх гэсэн. Гэтэл осол болсон газар нь 1 давхарт болсон. Тэгэхээр энэ нь “Г...” ХХК-ийн хариуцаж байсан ажлын талбай биш болж байна. Гэхдээ Б.О-н мэдүүлгээр лифтний нүх рүү унаж гэмтсэн гэдгийг цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ дурьдсан байдаг. Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст өгсөн мэдүүлэгтээ нэг давхар харанхуй байсан. Би хувцасаа солиод дээшээ гарах гэж яваад лифтний нүхээр зоорийн давхарт уначихсан. Ер нь гэрэлтүүлэгтэй байдаг байсан. Тухайн үед гэрэлтүүлэггүй лифтний хаалтгүй байсан. Урд нь гэрэлтүүлэгтэй, лифтний нүхэнд панераар хаалт хийчихсэн байдаг байсан. “Б...” ХХК урд өдөр нь гагнуур хийсэн гэсэн. “Г...” ХХК нь өөрийн хариуцаж байгаа 7-12 давхарын хаалт хашилтыг зохицуулах ёстой болохоос биш 1 давхарын үйл ажиллагаанд үүрэг хүлээхгүй гэж үзэж байна. Түүнээс биш барилгыг бүхэлд нь “Г...” ХХК хариуцаж ажиллаж байгаа биш. Зөвхөн 7-12 дугаар давхарын үйл ажиллагааг явуулж аюулгүй ажиллагааг хангаж ажиллаж байсан гэж үзэж байна. “Б...” ХХК нэг давхарын лифтний хаалтыг тавиагүй. 1 давхараас унаж гэмтсэнийг цагдаагийн байгууллага шалгаж Б.О нь лифтний нүх рүү унаж өөртөө гэмтэл учруулсан нь тогтоогдсон тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан прокурорын тогтоолыг гаргасан. Хөдөлмөр хамгаалалын аюулгүй байдлын заавар, дүрэм, журам гэдэг бол хүн өөртөө л хайртай байх, ажлын аюулгүй байдлыг өөрөө л хангах. Байгууллагад алдаатай ажиллагаа байгаа тохиолдолд аюулгүй байдлыг шаардах үүрэгтэй. Баригдаж байгаа барилга нь өөрөө аюултай нөхцөлд байдаг. Хөдөлмөр аюулгүй байдлыг урьдчилан сэргийлэх боломжтой байсан. Компаний зүгээс нэхэмжлэгчид 10.850.000 төгрөгийн мөнгөн тусламж үзүүлсэн. Энэ хүнийг маш түргэн яаралтай эмнэлэгт хүргэж яаралтай мэс засал хийлгэх ёстой гэдэг үүднээс энэ хүний хагалгааны зардал, эмчилгээний зардлыг төлсөн. Д.О нь 2011 оны 07 сараас “Г...” ХХК-д туслах ажилтнаар орсон байдаг. Компаний зүгээс Д.О-г маш сайн хүн байсан учраас эрүүл мэндийг нь хохироохгүйн үүднээс туслалцаа үзүүлэх зорилгоор зардлыг төлсөн. Энэ хүнийг “Г...” ХХК-ийн зүгээс зөнгөөр нь хаячихаагүй. Байнга уулзаж утсаар ярьж боломжийнхоо хэрээр туслалцаа үзүүлсээр ирсэн. Энэ туслалцааг  үзүүлсэнээр манайх буруутай гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй гэдгийг тайлбарласан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б... ХХК, Г... ХХКомпани тус бүрээс 11.439.261 /арван нэгэн сая дөрвөн зуун гучин есөн мянга хоёр зуун жаран нэгэн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.О-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11.439.261 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагч нараас 272.342 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч “Б...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх шийдвэрийнхээ "ҮНДЭСЛЭХ" хэсэгт "хариуцагч талууд хөдөлмөрийн аюулгүй байдлын шаардлагыг хариуцах этгээдийг гэрээгээр тодорхойлсон гэх хэдий ч "Г..." ХХК болон "Б..." ХХК-ийн хооронд байгуулсан эрсдэл хуваарилах тухай тохиролцоо нь нэхэмжлэгчийн гэм хорын хохирол шаардах эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй” гэж заасан ч энэ нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь талуудын хоорондын харилцаанд "Б..." ХХК болон "Г..." ХХК-ийн хоорондын "Ажил гүйцэтгэх гэрээ"-гэх сурвалжийн эрэмбэ дарааллын хувьд нэн түрүүнд авч ашиглах ёстой байсан. Иймд тус "Ажил гүйцэтгэх гэрээ"-ний 3 дугаар зүйлийн 3.1.3.5, 3.3.3, 3.3.8, 3.3.17, 3.3.19, 3.3.20, 8 дугаар зүйл, 13 дугаар зүйлийн 13.3.3-тус тус заасны дагуу харвал Д.О-н нэхэмжлэлтэй иргэний хэрэгт "Б..." ХХК болон "Г..." ХХК-иуд нь хамтран хариуцагч болохгүй. Ажилтны эрүүл мэндэд гэм хор учирсан үйлдэлд хариуцлага хүлээх этгээд нь түүний ажил олгогч "Г..." ХХК болно. Иймд талуудын хоорондын маргааныг хянан шийдвэрлэсэн Сонгинохайрхан дүүргийн  иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн  184/ШШ2018/00990 шийдвэрийн "Б..." ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Нэхэмжлэгч Д.О нь гэм хорын хохиролд 34 317 783 төгрөгийг хариуцагч Б... ХХК, Г... ХХК-иас тус тус гаргуулахаар  нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллагууд эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Д.О нь Б... ХХК-ийн захиалгаар баригдаж байгаа Намуун дэнж орон сууцны цогболборын барилга дээр гүйцэтгэгч “Г...” ХХК-ийн ажилтан Б.О нь 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тус барилгын 1 давхрын лифтний хонгил нүх рүү унасны улмаас  түүний биед бүсэлхийн 1-р нугалмын их  биеийн нугалам суваг руу түрж орсон дарагдаж шахагдсан хугарал, нугасны дарагдал, доод мөчдийн саа саажилт, 2 хөлийн булчингийн хатингаршил, зүүн сарвууны 1-р хурууны няцарсан шарх, зүүн шилбэнд зулгаралт бүхий хүнд зэргийн гэмтэл учирсан,  хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан, байнгын асаргаанд байдаг болох нь зохигчдын тайлбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1312 тоот шинжээчийн дүгнэлт, прокурорын тогтоол, Д.О-н цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдсон байна. /хх-ийн 9-15, 18-20, 29/ Иймд нэхэмжлэгч Д.О-н эрүүл мэндэд гэм хор учирсан гэх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хэрэгт баримтаар тогтоогджээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.О-н “...хаалт, хашлагагүй, анхааруулга тэмдэг тэмдэглэгээгүй, гэрэлтүүлэггүй, хамгаалалтгүй лифтний нүхэнд унаснаас бие махбодид хүнд гэмтэл учирсан”  гэх тайлбар болон  Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст  “...2011 оны 10 дүгээр сарын 24-ний өглөө ажилдаа ирээд 8-8.30 цагийн хооронд ажиллах газарлуу очих гэж яваад 1 давхрын харанхуй лифтний хонгилд унаж бэртсэн, одоогоор бөгсөн бие мэдээгүй болсон тул эмчилгээний төлбөр хохирлыг барагдуулж өгнө үү гэх өргөдөл, мөн цагдаагийн хэлтэст өгсөн ...ер нь бол нэг давхар гэрэлтэй байдаг байсан, тухайн өдөр гэрэлгүй байсан, лифтний урд хаалт панер байдаг байсан, тэр үед хаалтыг авчихсан байсан, хамгаалалтын бүс малгай байсан боловч доор ажилтай учир хэрэглээгүй, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өмнө нь авч байсан, ойрын үед ямар ч зааварчилгаа өгөөгүй, лифтэн дээр Б... ХХК-ийнхан урд өдөр нь гагнуур хийсэн...”  гэх тайлбар мэдүүлгийг /хх-ийн 8-12/ Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагчийн 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 23 цагт гар чийдэнгийн гэрэлд хийсэн “...хэрэг учрал болсон гэх баригдаж байгаа 11 давхар барилга нэлэнхүйдээ гэрэлгүй харанхуй, хүн унасан гэх газрыг заалгахад барилгын хойд хэсэг харанхуй орц хонгил байна, хонгилын хойно ажилчдын өрөө байна, өрөөний баруун урд талд 2 ширхэг лифтний хаалгагүй нүх байна, нүхүүдийг хар өнгийн панераар дарж хаасан байдалтай байна”  гэх хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-14/-тэй харьцуулан дүгнэж, барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч буюу захиалагч “Б...” ХХК, гүйцэтгэгч буюу туслан гүйцэтгэгч “Г...” ХХК-иуд нь хөдөлмөрийн аюулгүй байдлын шаардлагыг хуульд заасны дагуу хангаагүй, хяналт тавиагүйгээс буюу аюултай байдлыг тэмдэглэсэн тэмдэг тэмдэглэгээ тавиагүй, гэрэлтүүлэг тавиагүй, хайс хашилт хийгээгүйгээс нэхэмжлэгчийн  биед гэм хор учирсанд гэм буруутай гэж үзсэн нь үндэслэлтэй.

Уг осол болсон 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж байсан 2008 оны Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д зааснаар “Барилгын ажил гүйцэтгэгч нь барьж байгаа барилга байгууламжийг болзошгүй байгалийн гамшиг, гэнэтийн аюулаас хамгаалах арга хэмжээ авах, барилга байгууламж барих, өргөтгөл, шинэчлэл, засвар хийх явцад байгаль орчин, эрүүл ахуй, галын хяналтын албанаас гаргасан хууль ёсны шаардлага, дүгнэлтийг биелүүлэх” үүрэгтэй. Хариуцагч “Б...” ХХК болон “Г...” ХХК-ны хооронд байгуулагдсан 2011 оны 05 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан гэрээ хэрэгт авагдсан байх бөгөөд уг гэрээний дагуу хариуцагч “Б...” ХХК нь “Г...” ХХК-иар 7-12 давхрын бетон, шал, дам нуруу зэргийг хийж гүйцэтгэх ажил гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан гэрээний талуудын өмнө харилцан үүрэг хүлээсэн агуулгатай байна. Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь тухайн гэрээний талуудын эрх, үүргийг тодорхойлоход хэрэглэх бөгөөд барилгын ажил гүйцэтгэгчийн хувьд хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.  

  Хариуцагч нар нь аюулгүй байдлыг хангахтай холбоотой үүргээ зохих ёсоор биелүүлсээр байтал гэм хор учирсан эсхүл ийнхүү үүргийг гүйцэтгэх боломжгүй байсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, өөрийн гэм буруугүй болохоо нотолж чадаагүй. Иймд хариуцагч нарыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дах хэсэгт зааснаар хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй болно.

Нэхэмжлэгч Д.О нь дээрх ослын улмаас нуруу нугасандаа хүнд гэмтэл авснаас гэмтлийн дараах нугасны саажилт, доод мөчдийн саажилт гэсэн оноштой байнгын асаргаатай болсон тул Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт зааснаар хохирогчийн шаардах эрх, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дах хэсэгт зааснаар уг гэмтлийг эмчлүүлэхэд гарах зайлшгүй зардал болох БНСУ-ын Наноори эмнэлгийн эмчилгээний төлбөр 12 500 000 вон буюу 27 000 000 төгрөг, асран хамгаалагчийн хамт онгоцоор ирж очих тийзийн үнэ 4 064 200 төгрөг, 2 хүний Солонгос улсад байрлах буудлын үнэ 1.321 ам.доллар буюу 3 253 583 төгрөг, нийт 34 317 783 төгрөгийг нэхэмжилсэн нотлох баримтыг шүүх зөв үнэлжээ. Нэхэмжлэгч Д.О-н анхаарал болгоомжгүй байдал осол гарахад нөлөөлсөн гэж анхан шатны шүүх үзэн  Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг багасган хариуцагч нараас нийт 22 878 522 төгрөг гаргуулж анхан шатны шүүх баримтаар нотлогдсон, зайлшгүй зардал гэж үзэх нэхэмжлэлийн зарим хэсгийг нь хангасныг буруутгах үндэслэлгүй болно. Энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй.

Харин Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Амарбаясгалангийн 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 5113 тоот эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоолд “ Д.О өөрөө лифтний нүх рүү унаж өөртөө гэмтэл авсан...” гэж заасан нь нэхэмжлэгч Д.О-г гэм буруутай болохыг эргэлзээгүй тогтоох баримт биш болно. Нэхэмжлэгч Д.О, хариуцагч “Г...” ХХК тус тус анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй тул нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчимд нийцжээ.

“Б...” ХХК нь барилгын ажлын зарим хэсгийг гүйцэтгүүлэхээр “Г...” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг 2011 оны 5 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан байх бөгөөд захиалагч буюу ерөнхий гүйцэтгэгч, “Г...” ХХК нь туслан гүйцэтгэгч болох нь тэдний хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдсон.

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дах хэсэгт зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсаны хариуцлагаас чөлөөлөгддөг бол хариуцагч “Б...” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, учирсан хохирол түүний буруугаас болоогүй гэдгийг нотлох баримтуудыг шүүхэд гаргаагүй байх тул тайлбар болон гомдлыг нь үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.