Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 299

 

Т.О, Б.Х нарт  

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын туслах прокурор Э.Амарбат, шүүгдэгч Б.Х-ын өмгөөлөгч Ө.Нарантуяа, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 35 дугаар шийтгэх тогтоол, Увс аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018  оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 14 дүгээр магадлалтай, 1735002120006 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Т.О-ийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Т-ын О,

2. Монгол Улсын иргэн, 1999 онд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ш овогт Б-н Х нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан “Машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ. 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Х, Т.О нарыг машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар Б.Х, Т.О нар тус бүрт 1 жил хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Увс аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Х, Т.О нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Т.О гаргасан гомдолдоо “Миний бие анхан шатны шүүхээс 1 жил хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн хоригдож хорих ялаа 84 хоног эдэлсэн байтал шүүгдэгч Б.Х-ын өмгөөлөгч Ө.Нарантуяа давж заалдах гомдол гаргаснаар хэрэг ийнхүү хүндэрлээ. Хулгайн хэрэгт холбогдолгүй хүний автомашины хохирлыг хувааж төлөх шийдвэр гарч байгаа нь дэндүү харамсалтай санагдаж байна. Харин Л.Б-ын 06-83 УВХ улсын дугаартай “Тоёота алион” загварын автомашиныг бид хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаагүй байхад давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж бидний эрх зүйн байдлыг дордуулсанд гомдолтой байна. Бид хоёр ярилцан тохиролцож тор хулгайлж авсан үйлдэл төгссөн. Хулгайн гэмт хэрэгт ямар ч машин механизм ашиглаагүй, хулгайлах үйлдэл нь бие даасан бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэж үзэж байна. Бид хоёр гэрээс бахь, отверка авч Ц.А-ийн ногооны талбайн торыг очиж таслаад уг торыг эвхэж авснаар хулгайн гэмт хэрэг төгссөн.

Хулгайн гэмт хэргийн талаар Улсын дээд шүүхийн тайлбарт ингэж ойлгохоор тайлбарлаж байгааг шүүх анхаарч үзээгүй. Хулгайлах гэдэг нь шунахай сэдэлтэйгээр бусдын өмчийн эд хөрөнгийг хууль бусаар нууцаар авч өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлдэг. Машин механизм ашиглаж хулгай хийх гэдэг бол төрөл бүрийн тээврийн хэрэгслийг хулгай хийх арга болгон хэрэглэхийг ойлгох ба харин нэгэнт хулгайлсан зүйлээ машин механизм ашиглан хэрэглэж тээвэрлэж явах, борлуулах явдлыг хулгай хийх арга болгон ашигласан гэж үзэхгүй хэмээн тайлбарласан тул уг тээврийн хэрэгслийн үнийг бид төлөх ёсгүй гэж үзэж байна. Ногооны талбайд очих буцахдаа авч явсан тээврийн хэрэгслийг бид хулгайлах гэмт хэрэгтээ ашигласан гэж үзэх боломжгүй. Бид хулгай хийх гэж байгаагаа жолоочид огт хэлээгүй болох нь гэрч Т.О-ын мэдүүлгээр тогтоогдож байх тул хулгайн гэмт хэрэгт Бямбацогтын өмч болох “Тоёота алион” загварын 06-83 УВХ улсын дугаартай автомашиныг ашигласан гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй.

Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”,  16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хувийн өмчийг хууль бусаар хураан авахыг хориглоно” гэж заасныг давж заалдах шатны шүүх зөрчсөн. Гагцхүү үндсэн хуульд нийцсэн магадлал байж хүчин төгөлдөр болно гэж үзэж байна. Тор тасалж аваад машинд авч ирэх хүртэл уг машиныг ашиглаагүй, торыг машинаар татсан, тасалсан зэрэг машины оролцоо энэ хулгайлах гэмт хэрэгт огт байхгүй байхад иргэн Б-ын машиныг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэж дүгнэж Эрүүгийн хуулийг буруу ойлгож хэрэглэсэн. 90,000 төгрөгийн үнэтэй төмөр торыг эзэнд нь буцааж өгч, хохирлыг дахин төлсөн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд “Гэмт хэрэгт хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно” гэсэн хуулийн заалт нь хулгайлж ирсэн тороо тээвэрлэж явсан тээврийн хэрэгсэлд холбогдолгүй байх тул Монгол Улсын Үндсэн хуулийн заалтад бусад шийдвэр нийцсэн байвал зохино. Монгол Улс Үндсэн хуульдаа харшилсан Олон улсын гэрээ бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй байхаар хуульчилсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-т заасны дагуу иргэн Б-ын машины үнийг албадан гаргуулах боломжгүй гэж үзэж  байна. Дөнгөж 18 нас хүрсэн коллежийн сурагч Б.Х-аас машины үнэ төлүүлэхгүйгээр түүнд оногдуулсан ялыг хойшлуулж, цаашид сурч боловсрох боломжийг олгож өгөхийг хүсье. Иймд Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хуулийн дагуу миний хувийн байдал, хохирол төлбөрөө төлсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирогч хохирол төлбөргүй, 7 сартай нялх хүүхэд, 90 хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан дүү, өндөр настан эцэг, эх зэрэг ар гэрийн байдлыг харгалзан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Х-ын өмгөөлөгч Ө.Нарантуяа хэлсэн саналдаа “Прокурор эсэргүүцэлдээ Эрүүгийн хуулийг хэрхэн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар заагаагүй байна. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Х хэрхэн оролцсон нь тодорхойгүй, хохирлын хэмжээ нь 90,000 төгрөг байхад машин механизм ашигласан гэсэн үндэслэлээр хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж ял шийтгэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Б.Х-т холбогдох хэргийг түүнд ашигтайгаар шийдвэрлэж, хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд Улсын ерөнхий прокурорын туслах прокурор Э.Амарбат гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч нарт холбогдох хэргийг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тогтоосон. Хоёр хүний хамтаар хулгайн эд зүйлийг тээвэрлэсэн Б гэх хүнийг шалгаж байгаад үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгосон. Анхан шатны шүүх шүүгдэгч нарыг хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ машин, механизм ашигласан гэж дүгнэж Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад хулгайн гэмт хэргийг үйлдэхдээ машин, механизм ашигласан гэх үйл баримт харагдахгүй байна. Хулгайн эд зүйлийг авах газраа Бямбацогтыг машинтай нь авч очоод хулгайлсан төмөр тороо ачаад буцах замдаа цагдаад баригдсан үйл баримт хэрэгт тогтоогдсон. Хулгайн зүйлийг авахдаа машин, механизм ашигласан бол дээрх хуулийн хүрээнд хэргийг зүйлчлэх боломжтой байсан. Энэ шинж хэрэгт авагдсан баримтаар үгүйсгэгдэж байна. Хохирол 90,000 төгрөг гэж үнэлэгдсэн нь хулгайлах гэмт хэргийн шинжийг хангахгүй байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.О-ийн гаргасан гомдлыг үндэслэн Т.О, Б.Х нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Т.О, Б.Х нар нь 2017 оны 12 дугаар сарын 08-ны шөнө Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт “Тоёота алион” загварын саарал өнгийн 06-83 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглаж хохирогч Ц.Алимаагийн эзэмшлийн ногооны талбайн 20 метр урттай төмөр торыг хулгайлж 90,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон боловч энэхүү үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхийн тулд уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирлын хэр хэмжээг зайлшгүй харгалзан үзэх учиртай.

Гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэмт санаа буюу гэм буруугийн хэлбэр, байдлаас гадна учруулсан хохирол, хор уршгийн хэмжээгээр тодорхойлогддог болно.

Шүүгдэгч Т.О, Б.Х нарын ногооны талбайн 20 метр урттай төмөр тор хулгайлж учирсан 90,000 төгрөгийн хохирлыг нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодитой хохирол учирсан гэж дүгнэхээргүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцох үндэслэлгүй гэсэн прокурорын дүгнэлтийг хүлээн авахаар тогтов.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, Т.О, Б.Х нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 35 дугаар шийтгэх тогтоол, Увс аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018  оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 14 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Увс аймгийн прокуророос шүүгдэгч Т.О, Б.Х нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Б овогт Т-ын О, Ш овогт Б-н Х нарыг цагаатгасугай.

2. Т.О, Б.Х нарын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.   

 

                       

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН