Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 382

 

Ж.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч

Б.Д-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Атарцэцэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, гуравдагч этгээд “Мнд” ХХК болон “Нт” ХХК-ийн өмгөөлөгч К.Ж, гуравдагч этгээд “ЭЭА” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц нарыг оролцуулан хийж, Ж.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0253 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0439 дүгээр магадлалтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор, шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0253 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйл, 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д-ийн “ЭЭА” ХХК-ийн XY-012472, “НТ” ХХК-ийн ХҮ-013107, ХҮ-013108, “Мнд” ХХК-ийн ХҮ-013109, “ЭСАА” ХХК-ийн ХҮ-014879, “Э-о” ХХК-ийн ХҮ-014145 дугаар тусгай зөвшөөрлүүдийг цуцлахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, дээрх тусгай зөвшөөрлүүдийг цуцлахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0439 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0253 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 33 дугаар зүйл, 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасныг тус тус гэснийг 31 дүгээр зүйлийн 31.1-д заасныг гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0253 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0439 дугаар магадлалыг хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарласан гэсэн үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл, заалтын талаар:

1. Анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн, ямар хуулийн заалтыг үндэслэж хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус гэж үзэхгүй байгаа нь тодорхойгүй, Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоолуудыг буруу үнэлсэн. Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэс хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, тусгай зөвшөөрлүүдийг цуцлах хуулийн зохицуулалт байхад цуцлахгүй байгаа эс үйлдэхүй нь нэхэмжлэгчийн “...байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах...” хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна гэж үзэж байна.

2. Анхан шатны болон давж заалдах шатны шүүх нь Ашигт малтмалын тухай хууль болон Улсын Их Хурлын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн тогтоол, Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолыг буруу ойлгуулан тайлбарласан хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбарыг үндэслэсэн шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийг анх 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр гаргаснаас хойш дээр дурдсан Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоолууд батлагдсан. Анхан болон давж заалдах шатны шүүх эдгээр тогтоол гарснаар “...компаниуд хайгуулын ажил явуулах боломжгүй болсон...” гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

Учир нь, гуравдагч этгээдээр оролцсон компаниудад хайгуулын тусгай зөвшөөрлийг 2006-2007 онуудад олгосон байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан “...тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална...” гэж зохицуулсан. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллаагүй нь маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэгээр батлагдсан. Энэ баримтыг үндэслэн шүүх захиргааны байгууллагын эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх ёстой байсан. Шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасантай нийцсэн тул магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж болохыг хуульчилжээ.

Нэхэмжлэгчээс “...тухайн компаниуд нь Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд нөхцөл шаардлагыг хангаж ажиллах үүргээ биелүүлээгүй, энэ тохиолдолд хариуцагчаас тусгай зөвшөөрлийг нь цуцлах үүрэгтэй атал цуцлахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус, үүнээс шалтгаалан Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх зөрчигдсөн” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална”, 56 дугаар зүйлийн 56.1-д төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлүүдийг, тухайлбал 56.1.1-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангахгүй болсон”, 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” тохиолдолд цуцлахаар тус тус заажээ.  

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч “ЭЭА” ХХК /ХҮ-012472/, “НТ” ХХК /ХҮ-013107, ХҮ-013108/, “Мнд” ХХК /ХҮ-013109/,  “ЭСАА” ХХК / ХҮ-014879/, “Э-о” ХХК /ХҮ-014145/-ууд нь Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан шаардлагыг хангаж ажилласан, хайгуулын ажлын зардлын доод хэмжээгээ баталгаажуулж, холбогдох тайлан, мэдээгээ төрийн захиргааны байгууллагад хүргүүлсэн, мөн байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар холбогдох байгууллагын дүгнэлт гараагүй байхад хариуцагчийг эдгээр компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлахгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж буруутгах үндэслэлгүй, тодруулбал, төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах хуульд заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд л цуцлах үүрэгтэй байна.  

 Түүнчлэн, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын шийдвэрүүдээр гуравдагч этгээд нарт олгосон дээрх тусгай зөвшөөрлийн талбайнууд нь Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 512 дугаар тогтоолоор “Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тост, Тосон бумбын нурууны 652527.98 га газар бүхий талбайг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн бүртгэлийг цэгцлэх зорилгоор хилийн заагийг тогтоож, 3 жилийн хугацаагаар нөөцөд авсан” талбайтай давхацсан.

Мөн Улсын Их Хурлын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” 35 дугаар тогтоол, Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоох тухай” 91 дүгээр тогтоолуудаар эдгээр тусгай зөвшөөрөл бүхий газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авчээ. 

Эдгээр эрх зүйн актуудын улмаас тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд нь зөвшөөрөл бүхий талбайдаа 2015 оноос хойш хайгуулын үйл ажиллагаа явуулаагүй, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, фото зургаар тухайн талбай нь байгалийн төрхөөрөө байгаа нь нотлогдож байхад нэхэмжлэгчээс Үндсэн хуулиар хамгаалагдсан миний “эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх” зөрчигдсөн гэж маргаж буй нь хууль бус байна. 

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэхэд нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн буруутай, хууль бус эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдоогүй, хариуцагч төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах хуульд заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд цуцлах үүрэгтэй тул шүүхүүдийн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасантай нийцсэн байна.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0439 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын  журмаар  гаргасан  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.АТАРЦЭЦЭГ

                                         ШҮҮГЧ                                                           Б.МӨНХТУЯА