Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2016/0790

 

“Жаргалант-Үйлс” ХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонихүү даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Аюуш, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Дамба, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан нарыг оролцуулан хийж, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 19 дүгээр шийдвэртэй, “Жаргалант-Үйлс” ХК-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Татварын хэлтэст холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

   Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 19 дүгээр шийдвэрээр Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2.1, 31.2.3, 33 дугаар зүйлийн 33.2.3, 33.2.4, 43 дугаар зүйлийн 43.1, 53 дугаар зүйлийн 53.2, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.1 дэх заалтуудыг баримтлан “Жаргалан үйлс” ХК-ийн Орхон аймгийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын өр шаардаж байгаа үйл ажиллагааг илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “... Шүүхийн энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт: “Орхон аймгийн Татварын хэлтсээс ирүүлсэн “Татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэл”-ээр “Жаргалант үйлс” ХК-ийн төлөөгүй татварын үлдэгдэл 2001 онд 20,399,000.0 төгрөг, 2002 онд 48,638,520.0 төгрөг, 2003 онд 53,217,570.0 төгрөг байсан бөгөөд 2004 онд 41,630,400.0 төгрөгийн татвар төлөгдсөн мэдээлэл байна” гэжээ. Эндээс үзэхэд манай компанийн 2004 он хүртэл хуримтлагдсан татварын өр нь 2004 онд төлөгдсөн нь “Татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сан”-гийн мэдээллээр нотлогдож байна. Мөн үндэслэх хэсэгт “Харин 2013 оны мэдээллээр 39,712,610.0 төгрөгийн 2014 оны мэдээлээр 39,712,310.0 төгрөгийн төлөөгүй татварын үлдэгдэл байна” гэжээ. Энэхүү татварын үлдэгдэл гэх мэдээлэл нь Орхон аймгийн татварын хэлтэс “татварын өр сэргэсэн” гэсэн үндэслэлээр 2013 оноос эхлэн 39,712,400.0 төгрөгийг нэхэмжилж байгаатай холбоотойгоор “Татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сан”-д оруулсан мэдээлэл гэдэг нь илэрхий бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “Орхон аймгийн татварын хэлтсээс “Жаргалант үйлс” ХК-д 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 02/319 дугаартай албан бичиг, 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 02/625 дугаартай албан бичиг, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01/765 дугаартай албан бичгүүдийг хүргүүлж, татварын өр сэргэсэн талаар болон “Эрдэнэт хүнс” ХК-ийн нэрээр суутган тооцуулсан татварын өрөнд “Жаргалант үйлс” ХК-ийн 39,712,400.0 төгрөгийн татварын өр байсан гэдгийг мэдэгдэж байжээ гэсэн нь үүнийг нотолж байна.

Бид үл хөдлөх хөрөнгө авах замаар “Эрдэнэт хүнс” ХК-ийн татварын өрийг хаасантай холбогдох бүхий л баримтыг судалж үзээд манай компанид “Сэргэх өр” байгаагүй, “Эрдэнэт хүнс” ХК-ийн нэрээр суутган тооцуулсан татварын өрөнд манай компанийн 39,712,400.0 төгрөгийн татварын өр байсан гэдэг нь баримтаар нотлогдохгүй байгаа учраас “татварын өр сэргэсэн” гэх үндэслэлээр татварын өртэй гэж үзэж, өр нэхэмжилж байгаа үйлдэл нь хууль бус юм гэдгийг тогтоолгохоор шүүхэд хандсан билээ.

Гэтэл Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь нотлох баримтуудыг ул үндэслэлтэй судалж үзэлгүй, зөвхөн Орхон аймгийн Татварын хэлтсээс шүүхэд гаргаж ирүүлсэн “Татварын өрөнд хөрөнгө өгөхөөр санал болгосон аж ахуйн нэгжүүдийн өрийг хаах тооцоо” болон “Эрдэнэт хүнс” ХК болон “Жаргалант үйлс” ХК-ийн хооронд байгуулсан  “Худалдах,  худалдан  авах  гэрээ”-ний  өр төлбөр барагдуулах графикт “Жаргалант үйлс” ХК-ийн өмнөөс татварын өрийг барилгын үнээс суутган тооцох талаар харилцан тохиролцож байсан гэсэн баримтыг үндэслэл болгон шийдвэрээ гаргажээ.

Гэтэл Орхон аймгийн Татварын хэлтсээс шүүхэд ирүүлсэн “өрийг хаах тооцоо” болон “өрийг нөхөн сэргээх тооцоо” зэрэг бичиг баримт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т “Төрийн байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна” гэж заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангаагүй байсны зэрэгцээ чухам ямар албан ёсны бичиг баримт, эх сурвалжийг үндэслэн үйлдсэн тооцоо болох нь тодорхойгүй байсан болно. Мөн түүнчлэн дээр заасан “Худалдах, худалдан авах гэрээ” нь “Жаргалант үйлс” ХК-д илтэд хохиролтой гэрээ байсан бөгөөд “Эрдэнэт хүнс” ХК нь 361,0 сая төгрөгийн өрөнд шилжүүлэхийг зөвшөөрсөн Санхүү эдийн засгийн сайд болон Татварын ерөнхий газрын шийдвэр гарчихаад байхад 150,0 сая төгрөгөөр үл хөдлөх хөрөнгөө худалдахаар хийсэн бөгөөд хууль зөрчсөн гэдэг нь нотлогдож Орхон аймгийн сум дундын шүүхийн 2010 оны 1245 тоот шийдвэрээр хүчингүй болгосон билээ. Хууль зөрчиж хийсэн энэхүү гэрээгээ халхавчлах зорилгоор “Жаргалант үйлс” ХК-ийн татварын өр 50,0 сая төгрөгийг хааж тооцно гэсэн хуурамч зүйлийг гэрээний хавсралтад оруулсан нь илэрхий байгаа юм. Мөн түүнчлэн 50,0 сая төгрөгийн өр гэдэг нь тухайн үед “Татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сан”-д тусгагдсан мэдээллээс ихээхэн зөрүүтэй байгаа нь үүнийг давхар гэрчилж байна.

Мөн түүнчлэн шүүхийн шийдвэр гаргахдаа гол үндэслэл болгосон Орхон аймгийн Татварын хэлтсээс шүүхэд гаргаж ирүүлсэн “Татварын өрөнд хөрөнгө өгөхөөр санал болгосон аж ахуйн нэгжүүдийн өрийг хаах тооцоо” гэдэгтэй холбогдуулан нэмэлт тайлбар гаргахад “татварын өрөнд хөрөнгө өгөхөөр санал болгосон аж ахуйн нэгж” гэдгийн тоонд манай компани байхгүй байгаа болно. “Эрдэнэт хүнс” ХК-аас Орхон аймгийн татварын хэлтэст 2002 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүргүүлсэн Төлбөр барагдуулах тухай 176 тоот, 2003 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүргүүлсэн Хүсэлт гаргах тухай 169 тоот зэргийн аль алинд нь “Эрдэнэт хүнс” ХК нь зөвхөн өөрийн компанийн өр болох 361,2 сая төгрөгийн өрийг барагдуулах тухай дурьдсанаас бус “Жаргалант үйлс” ХК-тай байгуулсан гэрээний дагуу мөн компанийн өрийг хааж байгаа тухай ямар ч үг, өгүүлбэр байгаагүйг шүүгч огт анхаараагүй байна.

Орхон аймгийн татварын хэлтэс “татварын өр сэргэсэн” гэдэг үндэслэлээ 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 02/625 тоот болон 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01/765 тоот албан бичиг зэрэгт дараах байдлаар тайлбарласан байна:

1.Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 399 тоот шийдвэр гарсныг үндэслэсэн Татварын Ерөнхий газрын 2013 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 2а/3427 тоот албан бичгийг үндэслэн өрийг сэргээсэн.  Бид “Эрдэнэт хүнс” ХК-ийн татварын өрийг барагдуулсан тухай баримт материалыг судлан үзээд, Орхон аймгийн татварын албанд манай компанийн өр сэргэсэн гэх үндэслэл байхгүй болох талаар гомдол гарган, татварын өр сэргээсэн гэх шийдвэрээ хянаж үзэхийг хүссэн боловч 2015 оны 12 дугаар сарын 21-ний 01/765 тоотоор хариу ирүүлэхдээ: “Хэдийгээр энэ тушаалын /Монгол улсын санхүү эдийн засгийн сайдын 2004 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 190 дүгээр тушаалыг хэлж байна/ холбогдох заалтыг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон боловч тухайн үеийн эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудын шийдвэр, холбогдох гэрээ, хүсэлтүүдэд үндэслэн “Эрдэнэт хүнс” ХК-ийн төвлөрсөн төсөвт төлөх байсан татварын өр 281384,9 мянган төгрөг, тухайн үед “Жаргалант үйлс” ХК-ийн төсөвт төлбөл зохих 39714,4 мянган төгрөгийн татварын өр нийт 321097,3 мянган төгрөгийг тус тус “Эрдэнэт хүнс” ХК, “Жаргалант үйлс” ХК-ийн өрнөөс хасалт хийсэн байна. Энэ 2 компанийн худалдах худалдан авах гэрээний хавсралтад зааснаар “Жаргалант үйлс” ХК-ийн өмнөөс татварын өрийг барилгын үнээс суутган тооцож, танай компанийн төлбөл зохих 39,712,4 мянган төгрөгийн татварын өр хасагдсан байна” гэжээ.

Уг албан бичигт заасны дагуу “тухайн үеийн эрх бүхий байгууллага албан тушаалтны шийдвэр, холбогдох хүсэлт гэрээ” гэдэгт ямар ямар шийдвэр хүсэлт гэрээ байгааг судлахад дараах нөхцөл байдал тогтоогдож байгаа болно.

Тухайн үеийн эрх бүхий байгууллага албан тушаалтны шийдвэр гэдэгт дараах шийдвэр, актууд хамрагдаж байгаа бөгөөд эдгээрийн алинд нь ч “Жаргалант үйлс” ХК-ийн өрийг хаасан тухай мэдээлэл байхгүй байгаа.

... Ийм ч учраас Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 399 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт “2003 оны 11 дүгээр сарын 27-ны байдлаар “Жаргалант үйлс” ХК 55,083,900.0 төгрөгийн татварын өртэй гэж, мөн “Худалдах, худалдан авах гэрээ”-ний хавсралтын төлбөр төлөх графикт 50,000,000.0 төгрөгийг “Жаргалант үйлс” ХК-ийн татварын өрөнд суутган тооцно гэж тусгагдсан байх боловч Үндэсний татварын Ерөнхий газрын даргын 2003 оны 191 дүгээр тушаал, Санхүү эдийн засгийн сайдын 2004 оны 190 дүгээр тушаалаас үзэхэд дээрх объектийг 321,097,300.0 төгрөгөөр үнэлж, “Эрдэнэт хүнс” ХК-ийн өмнөх жилүүдийн татварын өрөнд тооцохдоо “Жаргалант үйлс” ХК-ийн татварын өрийг хамтад нь суутгасан гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж заасныг шүүгч үл хайхран илтэд нэг талыг баримтлан нотлох баримтын шаардлага хангаагүй “Тооцоо” гэх нэртэй баримтыг үндэслэн шийдвэрээ гаргасан бөгөөд мөн үндэслэх хэсэгтээ: Үүнээс дүгнэхэд “Жаргалант үйлс” ХК нь Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 /хуулиар тогтоосон хугацаандаа төлөөгүй дор дурьдсан татвар... татварын өрөнд хамааруулна/-д зааснаар татвар төлөгчийн тайлангаар тодорхойлогдсон 39712,4 мянган төгрөгийн татварын өртэй байсан байх бөгөөд татварын өргүй гэдэг нь нотлогдохгүй байна гэжээ. Гэтэл хэргийн материалд энэхүү өрийг тусгасан “татвар төлөгчийн тайлан” гэх баримт огт байхгүй билээ. Ийм байдлаар нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үндэслэх, байхгүй баримтыг дурьдах, шүүхийн шийдвэрийн үндэслэлд заасныг гуйвуулан тайлбарлах зэргээр илт нэг талыг баримтлан шийдвэр гаргасан учраас шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, шаардлага хангаагүй баримтыг нотлох баримтаар үнэлснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Жаргалант-Үйлс” ХК нь Орхон аймгийн Татварын хэлтсийн  татварын өр шаардаж байгаа үйл ажилагааг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч Татварын хэлтэс нь нэхэмжлэгч “Жаргалант-Үйлс” ХК-ийн 2003 оны татварын өрийг тухайн үед “Эрдэнэт хүнс” ХК нэхэмжлэгчээс худалдан авсан үл хөдлөх хөрөнгөөр өөрийн татварын өртэй хамт төлсөн боловч шүүхийн шийдвэрээр уг үл хөдлөх эд хөрөнгийг татварын өрөнд төрийн өмчид шилжүүлсэн захиргааны актыг хүчингүй болгосон учраас “Жаргалант-Үйлс” ХК-ийг тухай өрийг сэргэсэн гэж үзэн нөхөн төлүүлэхээр шаарджээ.

            Нэхэмжлэгч нь “...Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 399 дүгээр шийдвэрээр “Жаргалант-Үйлс” ХК-ийн татварын өрийг “Эрдэнэт хүнс” ХК хамтад нь төлнө гэж гэрээнд тусгасан боловч төлсөн нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн, мөн тухайн үед үл хөдлөх хөрөнгийг төрийн өмчид шилжүүлэхэд “Эрдэнэт хүнс” ХК-ийн татварын өрийн нөхөн барагдуулахаар тусгасан, Татварын ерөнхий газраас 2013 онд “Эрдэнэт хүнс” ХК-ийн татварын өрийг нөхөн барагдуулахаар тусгасан, харин манай компанийн нэр тухайн албан бичгүүдэд байхгүй байхад өр төлөхийг шаардаж байгааг илт хууль бус гэж маргажээ.

            Анхан шатны шүүх Татварын ерөнхий газар, Сангийн яам, “Эрдэнэт хүнс” ХК-уудаас тухайн үед үл хөрөнгийг татварын өрөнд шилжүүлэхдээ “Жаргалант-Үйлс” ХК-ийн өрийг барагдуулсан эсэхийг тодруулж, холбогдох баримтыг цуглуулаагүй байна.

Мөн “Жаргалант-Үйлс” ХК нь өөрөө ногдуулж тайлагнасан 2003 оны татварын өр, төлбөрөө “Эрдэнэт хүнс” ХК-аар төлүүлээгүй бол нэхэмжлэгч нь тухайн үед Татварын ерөнхий хуулийн /1992 он/ 10 дугаар зүйлийн 10.1-д “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд  төлөх;” гэж заасны дагуу заавал төлөх үүрэгтэй бөгөөд өөрсдөө төлсөн эсэх талаарх нотлох баримтыг цуглуулаагүй байна. Нөгөө талаас Компанийн тухай /1999 он/ хуулийн 95 дугаар зүйлийн 95.1.7, 95.1.9, Компанийн тухай /2011 он/ хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.6, 97.1.8-д зааснаар компани нь санхүүгийн болон татварын тайлан, анхан шатны баримтуудыг хадгалах үүрэгтэй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь тухайн татварын өрийг “Эрдэнэт хүнс” ХК-аар төлүүлээгүй, өөрөө төлсөн гэдгийг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөх, эсхүл эх сурвалжийг зааж өгөх үүрэгтэй.

            Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “... шийдвэрийн үндэслэл болсон “өрийг хаах тооцоо” болон “өрийг нөхөн сэргээх тооцоо” зэрэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д заасан бичмэл баримтын шаардлага хангаагүй, баримт нь хаанаас хэзээ гаргасан, ямар эх сурвалжийг үндэслэсэн болох нь тодорхойгүй байна” гэсэн нь үндэслэлтэй. Учир нь шүүх дээр дурдсан баримтуудыг цуглуулахгүйгээр зөвхөн татварын газраас ирүүлсэн тооцоо гэх баримтыг үндэслэн шийдвэрлэсэн нь буруу байна. Хэдийгээр хэрэгт архивын хадгалах хугацаа дууссанаас архивт баримтууд байхгүй талаар албан бичиг[1] байгаа боловч нэхэмжлэгч болон холбогдох бусад байгууллагаас дээр дурдсан тодруулга, лавлагаа, холбогдох баримтыг шаардан гаргуулж, хариуцагчийн татварын өрийг шаардаж байгаа үйл ажиллагаа нь хуульд нийцсэн эсэх, уг үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол нь /урьд нь төлсөн татварын дахин төлөх/ зөрчигдсөн эсэхийг тал бүрээс нь бүрэн, бодитой дүгнэж хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгосугай. 

                   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ