Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/52

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ

улсын яллагч А.Баясгалан

шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Хо******* овогт О******* Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 2131000090040  дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны 03 дугаар сарын 21-ний өдөр Х******* аймгийн Ж******* суманд төрсөн. 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэдээлэл технологийн инженер мэргэжилтэй, “Хурд” групп ХХК-д гэрээт ажилтан, ганц бие, Ул******* хот С******* д******* 27-р хороо, “*******” шар хадны 1-9 тоот оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Хо******* овогт О******* Б, /РД:ПД:/,

Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч О.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Шаамар сумын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд мэдээлэл технологи ашиглан техас покер буюу үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Бы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, дахиж ийм үйлдэл хийхгүй ... гэх мэдүүлэг,

Шүүгдэгч О.Бы 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр яллагдагчаар өгсөн: “...Би өөрийн “Батуш Батуш” нэртэй фэйсбүүк хаягаар дүрстэй шууд дамжуулалт хийж “техас” хөзөр тоглуулсан юм. Надад гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй. Би ганцаараа зохион байгуулсан. Надтай хамтарсан хүн байхгүй. Би тухайн үед ковидын хөл хорионд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байранд сар хөл хорионы дэглэм сахих хугацаандаа уйдаад өөрийн “Батуш Батуш” нэртэй фэйсбүүк хаягаар дүрстэй шууд дамжуулалт хийж техас хөзөр тоглуулсан юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 59 дүгээр хуудас/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 01 дүгээр хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 12-р хуудас/, О.Бы Хаан банкны 5863115210 дугаартай дансны хуулга, /хх-ийн 25-30 дугаар хуудас/, Хаан банкны 5863115210 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 52 дугаар хуудас/, О.Бы “Батуш Батуш” нэртэй цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 49-51 дүгээр хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол /хх-ийн 55-56-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед  шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэх хангалттай нөхцөл бүрдсэн байна  гэж шүүх дүгнэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч О.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Шаамар сумын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд мэдээлэл технологи ашиглан техас покер буюу үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч О.Бы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, дахин ийм үйлдэл хийхгүй ...”  гэх, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “... Би өөрийн “Батуш Батуш” нэртэй фэйсбүүк хаягаар дүрстэй шууд дамжуулалт хийж “техас” хөзөр тоглуулсан юм. Надад гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй. Би ганцаараа зохион байгуулсан. Надтай хамтарсан хүн байхгүй. Би тухайн үед Ковидын хөл хорионд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байранд сар хөл хорионы дэглэм сахих хугацаандаа уйдаад өрийн “Батуш Батуш” нэртэй фэйсбүүк хаягаар дүрстэй шууд дамжуулалт хийж техас хөзөр тоглуулсан юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 59 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүдээр, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 12-р хуудас/, О.Бы Хаан банкны 5863115210 дугаартай дансны хуулга, /хх-ийн 25-30 дугаар хуудас/, Хаан банкны 5863115210 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 52 дугаар хуудас/, О.Бы “Батуш Батуш” нэртэй цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 49-51 дүгээр хуудас/  зэрэг болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч О.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч О.Быг “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч О.Бы үйлдлийг зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ялын санкц нь дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих шийтгэхээр хуульчлагдсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгааг харгалзан үзэв.

Шүүгдэгч О.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд харин    6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.  

Шүүгдэгч О.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. 

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар О.Б нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт ******* болгох нь зүйтэй байна.

            Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, О.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

            Шүүгдэгч О.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Хо******* овогт О******* Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Хо******* овогт О******* Быг 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар О.Б нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт ******* болгосугай.  

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Э.ОЮУНТУНГАЛАГ