Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 139/ШШ2020/00542

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А овогт Д.Н ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 05 сарын 20-ны өдөр хүлээн авч, 2020 оны 05 сарын 27-ны өдөр 139/2020/004.../И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:    нарийн бичгийн дарга Б.Цоролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:   Д.Н миний бие нь 1964 онд төрсөн эрэгтэй, Энэ жил 56 нас хүрч, малчнаар  өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн. Миний бие  нь Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Залуу хүч нэгдэлд бага наснаасаа ээж аавын хамт мал маллаж   тухайн үеийн Хөдөлмөрийн хуулийн дагуу ээжийнхээ туслах малчнаар нэгдэлд 1978 оны 6 сараас эхлэж мал маллаж эхэлсэн. Тухайн үеийн миний ажлын цалин хөлс ээжтэй хамт олгогддог байсан. Би ээжийн хамт  1982 оны 6 сард цэрэгт явах хүртлээ мал маллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр тухайн үеийн хариуцлагагүй байдлаас болоод нэгдлийн бичиг баримт сумын тамгын газрын байр шатахад устаж үгүй болсон болохоор тухайн үед ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Мөн би 1985 оны 6 сард цэргийн албанаас халагдаж  ирээд Дэлгэрэх сумын Залуу хүч нэгдэлд 1985 оны 6 сараас 1987 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байгаад Дундговь аймгийн Адаацаг сумын бүсгүй Алтанцэцэгтэй гэр бүл болж Адаацаг сумын Ар урт бригадад  гэр бүлийн хүний хамт 1988 оноос хойш  мал маллаж эхэлсэн. Тухайн үед хөдөлмөрийн дэвтэр авсан байгаа  боловч тамга тэмдэгийн зөрчилтэй тул шүүхээр ажиллаж байсан байдалаа тогтоолгох шаардлагатай болсон. Тус Амьдралын туг нэгдэлдээ 1988 оны 1 сараас 1994 оныг дуустал Амьдралын туг нэгдэл, Амьдралын туг ХК-нд малчнаар ажиллаж байсан.   Өөр ямар нэг баримт гарч ирэхгүй байгаа учраас шүүхээр ажиллаж байсан жилээ тогтоолгох шаардлагатай болсон тул  хөдөлмөрийн дэвтэр, гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн  1978 оны 6 сараас  1982 оны 6 сарын 01-ний өдрийг хүртэл, 1985 оны 6 сараас 1987 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Залуу хүч нэгдэлд малчнаар, мөн Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэл, Амьдралын туг ХК-нд 1988 оны 1 сарын 1-ний өдрөөс 1995 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл тасралтгүй мал маллаж малчнаар ажиллаж  байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Д.Ннь 1978 оны 6 сараас  1982 оны 6 сарын 01-ний өдрийг хүртэл, 1985 оны 6 сараас 1987 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Залуу хүч нэгдэлд малчнаар, мөн 1988 оны 1 сарын 1-ний өдрөөс 1995 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэл, Амьдралын туг ХК-нд малчнаар  ажиллаж байсан   болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

           

            Нэхэмжлэгч Д.Ннь 1979 оны 05 сарын 30-ны өдрөөс 1982 оны 6 сарын 01-ний өдрийг хүртэл, 1985 оны 6 сарын 18-ны өдрөөс 1987 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Залуу хүч нэгдэлд малчнаар, мөн 1988 оны 1 сарын 1-ний өдрөөс 1995 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэл, Амьдралын туг ХК-нд малчнаар ажиллаж байсан  болох нь:

 

-Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Засаг даргын 2020 оны 04 сарын 03-ны өдрийн 01/109 дугаартай “тус сумын Цагаанхад багт амьдарч байсан Алтан-Овоо овогт Дугарын Намсрайжав нь 1979-1989 онд Дэлгэрэх сумын 1-р багт мал маллаж амьдарч байсан нь үнэн болно” гэх тодорхойлолт /хэргийн 3-р хуудас/

 -Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Залуу хүч хоршооны  2020 оны 04 сарын 15-ны өдрийн “Дэлгэрэх сумын Залуу хүч нэгдэл нь анх 1956 оы 08 дугаар сарын 15-нд үүсгэн байгуулагдсан. 1990 оны 01 сараас Залуу хүч ХХК болон өөрчлөгдөж, мал аж ахуй, худалдаа үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгж болон ажилласан. 2000 оны 05 дугаар сараас эхлэн Залуу хүч хоршоо болон үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн  ажиллаж байна” гэх тодорхойлолт /хэргийн 5-р хуудас/

-Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын  2019 оны 05 сарын 01-ний өдрийн 05/1955 дугаартай “Дугарын Намсрайжав нь Дорноговь аймгаас НАХЯ-ны сайдын 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 491 дүгээр тушаалаар  цэрэгт татагдаж, 0229 дүгээр  ангид алба хаагаад мөн сайдын 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 364 дүгээр тушаалаар 06 дугаар сарын 17-ны өдөр халагджээ” гэх архивын лавлагаа /хэргийн 6-р хуудас/

-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны  өдрийн 08/423 тоот  Адаацаг сумын “Амьдралын туг” нэгдэл нь 1991 оны 04 дүгээр сарын 25-нд шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1992 оны 11 сарын 04-нд “Амьдралын туг” ХК, 1996 оны 04 дүгээр сарын 30-нд “Амьдралын туг”  хоршоо болон өөрчлөгдөн үйл ажиллагаа явуулж байгаа гэх тодорхойлолт /хэргийн 10-р хуудас/

-Дундговь аймгийн Адаацаг сумын  Засаг даргын тамгын газрын  2020 оны 05 сарын 18-ны өдрийн 2/171 дугаартай “Амьдралын туг нэгдэлд малчнаар ажиллаж байсан Д овогтой Н-ын 1988, 1990 оны 70-р дансны баримтыг хуулбарлан олгосон нь үнэн болно ” гэх тодорхойлолт /хэргийн 11-р хуудас/

-Д.Н-ын 1988, 1990 оны цалингийн тооцооны хуулбар /хэргийн 12-13 хуудас/

-Д.Н-д Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Залуу хүч нэгдлээс  1986 оны 7 сарын 1-ний өдөр олгосон 1985-1990 онуудад хамаарах ажилласан хоног, авсан хөлсний бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 15-17 хуудас/

Гэрч П.О-ийн “...Би  1982  онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийн мал зүйчийн ангийг төгсөж Адаацаг сумын Амьдралын туг нэгдлийн үржлийн зоо техникчээр  ажилд орсон.  Намайг нэгдэлд үржлийн зоо техникчээр ажиллаж байхад Д.Ннь Амьдралын туг нэгдлийн малчин Ж.А-тэй гэр бүл болж  1988 оноос Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд  мал маллаж эхэлсэн. Д.Ннь Дорноговь аймгаас малчнаар ирж байсан. Тэгээд Н- нь 1988 оны 1 сараас 1992 онд хувьчлал тарах хүртэл Амьдралын туг нэгдэлд бог мал маллаж байсан. Би нэгдлийн ажлаар малчдын гэрээр очдог байсан учраас сайн мэдэж байгаа юм. Амьдралын туг нэгдэлд хувьчлалаар  Амьдралын туг ХК болоход мал маллаж байсан. Д.Н нь 1996 оноос хойш хувиараа Адаацаг сумын Өвөр-Урт бригадад мал маллаж байгаа хүн. Би 1982 оноос Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд 1991 оны 11 сар хүртэл үржлийн зоо техникч, чанарын албаны дарга, нэгдлийн боловсон хүчинээр ажиллаж байсан. Амьдралын туг ХК-нд 1991 оны 11 сараас 1995 оныг дуустал   компанидаа  захирлын туслах, касс зэрэг ажлуудыг хийж байсан. Бид  нэг нутгийн хүмүүс учраас нэгдэлд малчин байсан гэдгийг нь сайн мэднэ. Өөр ажил хийж байгаагүй, насаараа мал маллаж байсан.. Шагнал урамшуулал баярын бичиг авдаг л байсан байх. Тэр үед шагнал ховор байдаг байсан”  гэх мэдүүлэг /хэргийн 25-26 хуудас/

Гэрч Т.М-ын “....Би 1982 оны 8 сард Адаацаг суманд  Хөдөө аж ахуйн дээд сургуулийн мал зүйчээр төгсөж нэгдлийн ахлах зоо техникчээр ажилд орсон. Намайг нэгдэлд зоо техникчээр ажиллаж байхад Д.Н нь  Амьдралын туг нэгдлийн малчин Жуухайн Алтанцэцэгтэй гэр бүл болж  1988 оноос Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд мал маллаж эхэлсэн. Тэгээд Намсрайжав нь 1987 оны 1 сараас 1992 онд хувьчлал тарах хүртэл бог мал маллаж байсан. Би нэгдлийн зоо техникчээр  гэрт нь очиход мал малладаг төл малын эндэгдэл гаргаж байгаагүй сайн малчин байсан. Амьдралын туг нэгдэл  хувьчлалаар Амьдралын туг ХК болоход  мал маллаж байсан. 1996 оноос хойш хувиараа Адаацаг сумын Өвөр урт бригадад мал маллаж байгаа хүн юм.  Би  1982  оноос Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд 1990 оныг дуустал нэгдэлдээ ахлах зоо техникчээр ажиллаж хувьчлал тарснаас хойш сумын мал эмнэлэгт 2005 оныг хүртэл ажиллаж байсан. Бид нэг нутгийн хүмүүс учраас Амьдралын туг нэгдэл, Амьдралын туг ХК-д малчин байсан гэдгийг нь сайн мэднэ. Шагнал авч байсан талаар нь мэдэхгүй,  сайн малчин байсан  гэх мэдүүлэг /хэргийн 25р хуудас/  

-Гэрч Ц.М-ын “Д.Ннь 1979-1989 он хүртэл Дорноговь аймаг, Дэлгэрэх сумын Цагаан хад баг, 1 дүгээр багт мал маллаж байсан. Би Дорноговь аймаг, Дэлгэрэх  сумын Цагаан хад, 1-р багт мал маллаж байсан. Бид хамт нэг бригадад  мал маллаж байсан учир Д.Намсрайжавын ажил байдлын талаар мэдэж байна. Би энэ талаар сайн мэдэхгүй байна. шийтгэл авч байгаагүй ” гэх мэдүүлэг /хэргийн 44-45 хуудас/

-Гэрч Л.Н-ийн “ Д.Ннь 1978-1989 он хүртэл Дорноговь аймаг, Дэлгэрэх сумын 3 дугаар багт сувай мал малладаг байсан. Д.Ннь тухайн үед эцэг эхийн хамт илгээлтээр гарч мал маллаж байсан. Энэ хугацаанд Д.Н нь цэрэгт явсан байж магадгүй. Би Дорноговь аймаг, Дэлгэрэх сумын Залуу хүч нэгдэлд 1975 оноос хойш тэтгэвэрт гартлаа  нэгдэлд ерөнхий мал зүйч , орлогч дарга, багийн дарга зэргээр  ажилладаг байсан. Би Залуу хүч нэгдэлд  ерөнхий мал зүйч байсан учир илгээлтээр ирсэн хүүхдүүдэд мал хуваарилж өгдөг байсан учир Д.Н-ын ажиллаж байсан байдлын талаар мэдэж байна. Нэгдлээс баярын бичиг авч байсан байх. Шийтгэл авч байгаагүй ” гэх мэдүүлэг /хэргийн 47-48 хуудас/ зэрэг шууд баримтууд

-Гэрч Л.Н-д Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Залуу хүч нэгдлээс  1972 оны 9 сарын 1-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 27-29 хуудас/

-Гэрч Ш-ын Моломд Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Залуу хүч нэгдлээс  олгосон 167 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 30-31 хуудас/

-Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлийн даргын  1989 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 80 дугаартай  “ П.О-ийг ажлаас чөлөөлж ажилд томилох” тухай тушаалын хуулбар /хэргийн 32-р хуудас/

- Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлийн даргын  1982 оны 8 сарын 5-ны өдрийн 21 дугаартай “Т-ын М, П-ийн О нарыг ажилд томилох” тухай тушаалын хуулбар /хэргийн 33-р хуудас/

-Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 08 сарын 01 өдрийн 45 дугаартай “Т.М-ыг ажлаас чөлөөлөх” тухай тушаалын хуулбар  /хэргийн 34-р хуудас/

-Адаацаг сумын Амьдралын туг нэгдлийн ерөнхий хорооны даргын 1992 оны 3 сарын 28-ны өдрийн 07 дугаартай “П-ийн О-гийг ажлаас чөлөөлж ажилд шилжүүлэх” тухай тушаалын хуулбар  /хэргийн 35-р хуудас/

-Адаацаг сумын Амьдралын туг ХК-ний захирлын  1993 оны 06 сарын 30-ны өдрийн 09 дугаартай “П.О-ийг ажлаас чөлөөлөх” тухай тушаалын хуулбар  /хэргийн 36-р хуудас/

-Адаацаг сумын Амьдралын туг ББХК-ий захирлын  1993 оны 07 сарын 01 өдрийн 10 дугаартай “П.О-ийг ажилд томилох” тухай тушаалын хуулбар  /хэргийн 37-р хуудас/

-Адаацаг сумын Амьдралын туг ББХК-ий захирлын  1996 оны 07 сарын 01 өдрийн 04 дугаартай “П.О-ийг ажилд томилох” тухай тушаалын хуулбар  /хэргийн 38-р хуудас/

-Дорноговь аймаг дахь Сум дундын  1 дүгээр шүүхийн  2013 оны 06 сарын 12-ны өдрийн 187 дугаартай Ц.М-ыг Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Залуу хүч нэгдэлд  1976 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 12 сарын 15-ныг хүртэл ажиллаж байсан болохыг тогтоосон шүүхийн шийдвэрийн хуулбар /хэргийн 52-53 хуудас/  зэрэг дам баримтууд болно.

БНМАУ-н Ардын их хурлаас  1973 оны 07 сарын 03 өдөр баталсан Хөдөлмөрийн хуулийн 10-р бүлгийн 163-р зүйлд “Залуучуудын нийгмийн тустай хөдөлмөрт оролцуулах зорилгоор 16 нас хүрсэн хүүхдүүдийг улс ардын аж ахуйн соёлын салбаруудад ажиллуулахыг зөвшөөрнө. Онцгой тохиолдолд 15 нас хүрсэн хүүхдийг үйлдвэрчний эвлэлийн хорооны зөвшөөрөлтэйгөөр ажилд авч болно” гэж заасан байна. Мөн БНМАУ-н Сайд нарын зөвлөлийн 1973 оны 07 сарын 27 өдрийн 276 дугаартай тогтоолоор батлагдсан “Хөдөө аж ахуйн нэгдлийн үлгэрчилсэн дүрэм”-ийн 2-р бүлгийн 3-р зүйлд “нэгдлийн нийгмийн үйлдвэрлэлд өөрийн биеэр оролцож, ... нэгдлийн дүрмийн шаардлагыг дагаж биелүүлэхээ хүсэж илэрхийлсэн, 16 нас хүрсэн иргэн.... ХАА-н нэгдлийн гишүүн байж болно” гэж заасан байна. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан эрх зүйн актуудаар хөдөлмөр эрхлэх нас 15 /хамгийн багадаа/ байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1978 оны 06 сарын 01-ээс 1979 оны 05 сарын 30-ны өдрийг  хүртэлх хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

            Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шууд   болон дам   байдлаар үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Д.Ннь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтийг тус шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн  82.1.6, 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн   115.2.2, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар А о овогт Д.Н /РД/-ыг 1979 оны 05 сарын 30-ны өдрөөс 1982 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл, 1985 оны 06 сарын 18-ны өдрөөс 1987 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Залуу хүч нэгдэлд, 1988 оны 01 сарын 01-ний өдрөөс  1992 оны 11 сарын 04-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд, 1992 оны 11 сарын 04-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг ХК-нд тус тус малчнаар ажиллаж байсан болохыг  тогтоож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Н-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Г.БАЯРДАВАА