Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2020/ШЦТ/105

 

                    

                            Монгол Улсын нэрийн өмнөөс

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Улсын яллагч                                          В.Батдэлгэр

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Р.Баярхүү

Нарийн бичгийн даргаар                       Ө.Энх-Амар нар  оролцов.

 

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж тус аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1-р зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Бүүвэйбаатарын Төвшинтөрд холбогдох 2031000000074 тоот  хэргийг хянан хэлэлцэв.

Үндсэн захиргаа: Монгол улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 29-нд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, аав, ээж, ах, өвөө нарын хамт Дархан Уул аймаг Дархан сум 6-р баг тээвэрчдийн15-6 тоотод оршин суух хаягтай гэх, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Сум дундын шүүхийн 2017 оны 08-р сарын 10-ны өдөр 36 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж байсан, Дархан Уул  аймаг дах сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 08-р сарын 07-ны 78 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн үлдэгдэл 6 сар 12 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон, Боржигон овогт Бүүвэйбаатарын Төвшинтөр, РД:ТА90032912,

Шүүгдэгч Б.Төвшинтөр нь 2020 оны 03-р сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын 1-р багийн нутаг “Эрээн нарс” гэх газар С.Оюундэлгэрийнд малчнаар ажиллаж, амьдарч байхдаа гэрийнх нь авдраас 1.860.000 /нэг сая найман зуун жаран мянга/ төгрөг, “Турбо” загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

1.Шүүгдэгч Б.Төвшинтөр нь 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:  ...2020 оны 03-р сарын 08-ны өдөр ажиллаа хийж байхад 19 цагийн үед гэрийн эзэн Санжаа ах, түүний эхнэр Оюундэлгэр эгч хоёр “айл руу явчихаад ирье” гэж хэлээд гараад явсан ба би гэрт үлдсэн юм. Тэр хооронд гэрт архи байсныг ганцаараа задалж уугаад бага зэрэг халсан ба тухайн үедээ авдар дотор түрийвч байхаар нь нээгээд үзтэл их хэмжээний бэлэн мөнгө байсан. Тухайн үед харчихаад орхисон ба гэрийн эзэн Санжаа, Оюундэлгэр нар 23 цагийн орчим гаднаас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд шууд унтаад өгсөн. Тэр хоёрыг унтсаны дараа авдар дотор байсан бэлэн мөнгийг аваад гадаа гарч гэрийн баруун гар талд байсан цэнхэр өнгийн мотоциклийг асаагаад Дархан Уул аймаг чиглэл рүү явсан. Намайг мотоцикль жолоодоод 10-15 км газар явж туулах үед миний жолоодож явсан мотоциклийн гинж мултраад байхаар нь хаячихаад цааш алхаад явсан юм. Алхаж явсаар байгаад Дархан Уул аймаг руу үүрийн 06 цагт орсон ба шууд такси барьсан. Би Дархан Уул аймаг руу орох замдаа хулгайлсан мөнгөө тоолсон чинь 1.860.000  мянган төгрөг байсан. Дархан Уул аймагт ороход үүрийн 6 цаг болж байсан учраас Дарханы үйлчилгээний газрууд хаалттай байхаар нь такси барьсан жолоочтойгоо танилцахад Түмэнжаргал гэх залуу байсан бөгөөд уг залуутай Дархан Уул аймгаар хэссэн. Мөн уг Түмэнжаргалын машинд 30.000 төгрөгөнд шатахуун хийж өгөөд дэлгүүр орж архи, хиам, ундаа, тамхи зэрэг эд зүйлийг 46.000 төгрөгөнд худалдаж авсан. Тэгээд “Ихэр могой” гэх газар руу таксины жолооч Түмэнжаргалтай хамт ороод хоол идэхэд 16.700 төгрөг болсон. Хоолны газраас гараад Шинэ Дархан руу Баясаа гэдэг танил эгчтэйгээ уулзах замдаа дэлгүүр ороод ундаа, дарс, набор, шоколад зэрэг авахад 120.000 төгрөг болж байсан ба уг эд зүйлийг Баясаа эгчид өгсөн. Баясаа эгч тухайн үед завгүй гэж байсан бөгөөд бид хоёр орой 18 цагт уулзахаар болсон. Нөгөө таксинд суугаад хуучин Дарханд хүргүүлээд буухдаа жолоочид 100.000 мянган төгрөг өгсөн. Би зах дээр буугаад зогсож байтал, нэг үл таних залуутай юм ярьж зогсож байгаад танилцаад “архи уух уу” гэсэн.чинь “манай гэрт очиж ууя” гэхээр нь би дэлгүүрээс 0.75 литрийн “Соёрхол” нэртэй архи аваад гэрт очиж хувааж уусан. Архи ууж байх явцдаа тасарсан байсан бөгөөд надад үлдсэн байсан мөнгө алга болчихсон байхаар нь хамт архи ууж байсан залуугаа нэгжээд үзэхэд ямар нэг мөнгө байхгүй байсан. Тэгэхээр нь дахиад архи авах зорилгоор вокзал ороод архи хайж байгаад цагдаагийн алба хаагчид баригдсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 42-43-р ху/,

2.Шүүгдэгч Б.Төвшинтөрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ... Би энэ хэргийг хийсэндээ үнэхээр их гэмшиж байна. Өөрийн буруугаас болж хулгай хийсэн. Миний буруу. Би гэмт хэрэгт холбогдсондоо үнэхээр гэмшиж байна. Өөрийн буруугаас болж хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би одоо энэ айлдаа малыг нь маллаж, ямаа самнаж амьдарч байгаа. Бас өөр айлуудын ямааг нэг ямааг 4000 төгрөгөөр самнаж  хохирлоо төлөхөөр тохиролцсон. Хохирогчид учирсан хохирлыг 2020 оны 07-р сарын 01-ний дотор нөхөн төлөхөө илэрхийлж байна. ...гэх мэдүүлэг,

3.Хохирогч С.Оюундэлгэрийн 2020 оны 03-р сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Тэгээд 2020 оны 03-р сарын 09-ний өглөө босоод гэрээс гараад харахад манай мотоцикл байхгүй байсан. Тэгэхээр нь би гэртээ ороод авдраа онгойлгоод үзсэн чинь манай нөхрийн хэтэвчинд байсан 1.860.000 төгрөг байхгүй болохоор нь сандраад цагдаад мэдэгдсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 10-р ху/,

4.Гэрч Б.Түмэнжаргалын 2020 оны 03-р сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...би 2020 оны 03-р сарын 09-ний өдөр такси үйлчилгээгээр явж байтал “Буян” захын урдаас нэг залуу миний машинд орж ирээд “өнөөдөр таныг хөлсөлж явна” гээд хэтэвчтэй мөнгөө миний машины салон дээр тавиад “тамхи зардаг дэлгүүр ороод өг” гэхээр нь би Баян давааны дэлгүүрт очсон. Тэгээд дэлгүүрээс 0.75 граммын “Болор” архи 1 хайрцаг тамхи, өргөст хэмх, хиам, ундаа зэргийг авахад 40.000 төгрөг болсон. Тэгээд дэлгүүрийн тэр хавиас нэг хүн дуудаж уугаад архиа ууж дуусаад нөгөө хүнээ буулгаад доошоо буугаад бензин түгээгүүр орж 10.000 төгрөгөнд бензин хийсэн. ...Би тэр хүнээс такси тээвэрт явсан бүтэн өдрийн орлого болох 100.000 төгрөг авсан. Мөнгөн дэвсгэрт нь хорин мянгатын дэвсгэрт байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 11-12-р ху/,

5.Гэрч Г.Баасанжаргалын 2020 оны 03-р сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би “одоо чамтай уулзах зав байхгүй. Орой 18 цагт уулзъя” гэж хэлсэн нь үнэн. Б.Түвшинтөр нь надад бэлэг өгөхөөс гадна 80.000 төгрөг өгөөд явсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 13-14-р ху/,

6.Гэрч Я.Пүрэвийн 2020 оны 03-р сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тэгээд оройхон манай дүү дахин залгаад “Мөнгөтийн ард мотоцикл хаясан байна. Та очоод авчих” гэж хэлэхээр нь би явж очиж авсан. Тэгээд 2020 оны 03-р сарын 12-ны өдөр Х.Санжаагийн хамт гэрт хүргэж өгсөн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 15-р ху/,

7.Гэрч С.Гантулгын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би эцэг, эх хоёроосоо нэхэхгүй болохоор миний ээж Оюундэлгэрийн эзэмшлийн мөнгө байсан юм. Надад өөр нэмж ярих зүйлгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 16-р ху/,

8.Иргэний нэхэмжлэгч Х.Санжаагийн 2020 оны 03-р сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тэгээд унтаж байхад шөнийн 02 цагт эхнэр Оюундэлгэр надад “манай малчин байхгүй байна” гэхээр нь “жижиг гэрт байгаа юм байлгүй дээ” гэхэд эхнэр гарч үзчихээд буцаж орж ирээд “алга байна” гэж хэлэхээр нь “за, за өглөө ирчих байлгүй” гээд буцаад унтсан. Өглөө 06 цагт сэрээд адуугаа тоолчихоод бүрэн байхаар нь гэр лүүгээ орох замдаа мотоциклоо харсан чинь алга болчихсон байсан ба гэрт орж ирээд эхнэрт хэлэхэд “ямар сонин юм бэ” гээд гэрт байдаг авдраа шалгасан чинь бэлэн 1.860.000 төгрөг алга болчихсон байсан юм. Тэгээд бид нар цагдаад мэдэгдсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн –р ху/,

9.Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, /хх-ийн 01-р ху/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 03-05-р ху/, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, /хх-ийн 06-р ху/, шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 18-р ху/, шинжээчийн дүгнэлт/ хх-ийн 19-21-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 23-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 22-р ху/, иргэний нэхэмжлэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 23-р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /хх-ийн 36-37- р ху/, мэдээлэл баримт бичиг гаргуулан авах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 46-р ху/, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 56-р ху/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 50–р ху/, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 76-р ху/, иргэний нэхэмжлэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 75-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 74-р ху/, яллагдагчийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 85-р ху/, сэжигтэн яллагдагчийг баривчилсан тухай тэмдэглэл, /хх-ийн 86-р ху/, мөн хууль сануулагдан асуугдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Төвшинтөр нь 2020 оны 03-р сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын 1-р багийн нутаг “Эрээн нарс” гэх газар С.Оюундэлгэрийнд малчнаар ажиллаж, амьдарч байхдаа гэрийнх нь авдраас 1.860.000 /нэг сая найман зуун жаран мянга/ төгрөг, “Турбо” загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Төвшинтөрийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1-р зүйлийн 1-дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд тухайн хэрэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Төвшинтөрийг гэмт үйлдлийн улмаас С.Оюундэлгэрт 1.860.000  төгрөгийн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцов.         

Шүүгдэгч Б.Төвшинтөр нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн тал дээр маргаан байхгүй гэж мэдүүлж байгаа мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэмт үйлдэл тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй гэсэн, бусдад учруулсан хохирлоо буюу үлдэх 1.620.000 төгрөгийг 2020 оны 07-р сарын 01-ний дотор нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7.1-р зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд хяналт тавихыг  Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгох нь зүйтэй.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.Төвшинтөрийг бусдад учруулсан хохирлоо буюу үлдэх 1.620.000 төгрөгийг 2020 оны 07-р сарын 01-ний дотор нөхөн төлөхөө илэрхийлсэн хугацаандаа төлж барагдуулахыг үүрэг болгож, тэнссэн хугацаанд үүргийг биелүүлэхгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Б.Төвшинтөрд анхааруулав.

Шүүгдэгч Б.Төвшинтөр нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 11 хоногтой, хэрэгт битүүмжлэгдэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Төвшинтөрд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх ага хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар  тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.3-р зүйлийн 1, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Бүүвэйбаатарын Төвшинтөрийг Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.  

2.Шүүгдэгч Б.Төвшинтөрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

           3.Шүүгдэгч Б.Төвшинтөр нь энэ хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн буюу битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, болохыг тус тус дурьдсугай. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар  бусдад учруулсан хохирлоо буюу үлдэх 1.620.000 төгрөгийг 2020 оны 07-р сарын 01-ний дотор нөхөн төлөхөө илэрхийлсэн хугацаандаа төлж барагдуулахыг шүүгдэгч Б.Төвшинтөрд үүрэг болгосугай.

           5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Б.Төвшинтөрд анхааруулсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.Төвшинтөрийн цагдан хоригдсон 11 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

7.Шүүгдэгч Б.Төвшинтөрд урьд авсан хувийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.         

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

10.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

11.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        С.НОЛХООСҮРЭН.