| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2018/0135/Э/208/2018/0068 |
| Дугаар | 2018/ШЦТ/229 |
| Огноо | 2018-11-12 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 2018/ШЦТ/229
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч М.Энхбаатар
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Отгонбаяр
Хохирогч Ч.Ур өмгөөлөгч Л.Даваасүрэн, Л.Түвшинцэнгэл
Хохирогч У.М өмгөөлөгч Д.Эрдэнэ-Оргил
Хохирогч Ж.Н өмгөөлөгч Г.Амартүвшин
Хохирогч Ж.Н төлөөлөгч Ж.Бямбаа
Иргэний хариуцагч “Б Г” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуунзул нарыг оролцуулан С аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж, аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар М.Лд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1831001160115 дугаартай хэргийг хянан хэлэлцэв..
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, оны дүгээр сарын -нд С аймгийн С суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, аав ээж ахын хамт, С аймгийн С сумын баг тоотод оршин суудаг, , улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Л овогт М Л, /РД: /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Л нь ***** оны 04 дүгээр сарын 08-ны өдөр С аймгийн Жт сумын нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн ***** *** улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргаж тухайн машинд зорчиж байсан У.Мийн биед хүндэвтэр, Ч.У, Ж.Н нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч М.Л нь ***** оны 04 дүгээр сарын 08-ны өдөр С аймгийн Жт сумын нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн ***** *** улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргаж тухайн машинд зорчиж байсан У.Мийн биед хүндэвтэр, Ч.У, Ж.Н нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэгт шүүгдэгч М.Л гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
Шүүгдэгч М.Лгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр буюу ***** оны 04 дүгээр сарын 08-нд У хот руу явах хүмүүсийн зар хараад 3 хүн аваад бинзенээ хийгээд С аймгаас У хот руу гараад замдаа 130 км цагийн хурдтай явж байтал урд талын дугуй хагараад зогсоох арга хэмжээ авах гэж байтал арын дугуй хагарч, машин жолоодлогогүй болж замын хажуу руу унаж 2 эргэсэн. Тухайн үед арын дугуй хагарчихна гэж бодоогүй, машины жолоо дийлдэгүй. Тухайн үед манай эхнэр миний хажууд сууж байсан ба надаас “чи зүгээр үү яаж байна” гэж асуусан. Арын суудалд сууж байсан хүмүүсийг хараад би маш их айж цочирдсон. Би Ч.У эгчийг эмнэлэгт 1 сар сахисан. Дараа нь гэмтлийн эмнэлэгт сахисан. Миний алдаанаас болж хүмүүс хохирсонд маш их харамсаж байна. Хохирлыг сургуулиа төгсөөд ажил төрөл эрхэлж байж бүрэн төлж барагдуулж хохиролгүй болгоно...” гэх мэдүүлэг
Хохирогч Ж.Нийн төлөөлөгч Ж.Бгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний охин энэ ослоос болж биеийн байдал нь хүнд, бүсэлхийнээс доош мэдээгүй болсон байгаа бөгөөд одоо Хөх хотод эмчилгээ сувилгаа хийлгэж байна. Хохирол төлбөрийг даруй төлж барагдуулахыг шаардаж байна. Миний охин хохирол төлбөр төлж барагдуулах 5 жилийг хүлээхэд хэцүү шүү дээ. Тийм боломж байхгүй. Чиний гэр бүлийнхэн чамд туслахад бэлэн байгаа гэдгийг мэдэж байна. Чамд би маш их гомдолтой байна. Чиний аав, ээж, ах, эгч нар бидний хохирлыг барагдуулах ёстой. Өөр ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг
Иргэний хариуцагч Б Г ХХК-ний төлөөлөгч Ж.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хохирогч нарын өмгөөлөгчид “Б Г” ББСБ-аас хохирол төлүүлэх талаар санал хэллээ. Тоёота приус маркын ***** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэн М.У гэх шүүгдэгчийн ах нь манай байгуулагаас 1.000.000 төгрөгийн зээл хүсч тухайн авто машиныг барьцаалан ***** оны 02 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулан зээл авсан. Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1-6-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулах аргаар фидуцийн гэрээ байгуулж зээл өгсөн. Зээлдэгч нь үүргээ биелүүлээгүй бол тухайн авто машиныг үүргээ биелүүлээгүй үнийн дүнгийн хэмжээнд худалдан борлуулах эрхийг манай байгууллага энэ гэрээгээр олж авсан ба энэ Иргэний хуулийн зүйл заалтыг оролцогчид олж хараасай гэж хүсч байна. Үүнийг уг гэрээний 1.6 дахь заалтаас харж болно. Хавтаст хэргийн 209-210 дугаар хуудсанд барьцаат зээлийн гэрээ бий. Уг тээврийн хэрэгслийг зээлдэгч нь ***** оны 08 дугаар сард гэрээний үүргээ бүрэн гүйцэтгэж зээлээ хааж тээврийн хэрэгслээ өөрийн нэр дээр бус Баярхүү гэх хүний нэр дээр шилжүүлсэн. Фидуцийн гэрээгээр зээлдэгч зээлээ төлж барагдуулаагүй бол барьцаалж буй авто машиныг “Б Г” ББСБ тухайн биелэгдээгүй үнийн дүнд тааруулан захиран зарцуулах эрхтэй. Түүнээс бус өөр хэн нэгэн этгээдэд түрээслүүлж, худалдаж, ашиглуулах эрх байхгүй. Учир нь тухайн тээврийн хэрэгслийн жинхэнэ өмчлөгч нь “Б Г” ББСБ биш юм. Энэ гэмт хэрэгт манай байгууллага хариуцагч болохгүй байх гол үндэслэл нь тухайн тээврийн хэрэгсэл манай байгууллагын мэдэл, эзэмшилд байгаагүй. Барьцаалж буй тээврийн хэрэгслийг зээлдэгчийн өөрийнх нь хүсснээр унаж явах нөхцөлтэйгээр фидуцийн гэрээ хийсэн ба энэ гэрээнд хэн алины үүрэг хариуцлагыг тодорхой тусгаж өгсөн. Энэ гэрээний үндсэн дээр тухайн тээврийн хэрэгсэл М.У гэх хүний эзэмшил ашиглалтанд байсан ба манай байгууллагын эзэмшил ашиглалтанд байгаагүй, хэн нэгэн этгээд бидний зөвшөөрөлтэйгээр тээврийн хэрэгслийг унаж ашиглаж байгаад зам тээврийн осол гаргаагүй. Жолооч зам тээврийн осол гаргасан нь манай байгууллагын хяналтан дор үйлдэгдээгүй бөгөөд М.Уын эзэмшил ашиглалтанд байх хугацаанд түүний дүү М.Л машиныг нь жолоодож яваад тухайн ослыг гаргасан нь хавтаст хэргийн материалтай танилцаж байх явцад тодорхой харагдаж байна. 1 дүгээр хх-ийн 48-49 дүгээр хуудсанд М.Уын мэдүүлэг, хх-ийн 196-197 дугаар хуудсанд М.Лгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хх-ийн 55-56 дугаар хуудсанд яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг судлахад хохирогч нарын өмгөөлөгчдийн хэлснээр манай байгууллага хохирогч нарын хохирлыг төлөх үндэслэлгүй байна. Уг тээврийн хэрэгсэл манай байгууллагын өмч биш, хэн нэгэнд түрээслээгүй, манай байгууллагын хэн нэг нь тухай тээврийн хэрэгсэл ашиглаж байгаад осол аваар гаргаагүй бөгөөд уг гэмт хэрэгт иргэний хариуцагчаар оролцож, төлбөр төлөх боломжгүй. Манай байгууллага үүрэг гүйцэтгүүлэгч гэдэг нь фидукцийн гэрээ болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хохирогч нарын нэхэмжилж буй төлбөрийг М.Л төлж барагдуулах нь зүйтэй байна...” гэх мэдүүлэг
Хохирогч У.Мийн ***** оны 05 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...***** оны 04 дүгээр сарын 08-ны өдөр У хот руу хувийн ажлаар явахаар ***** *** улсын дугаартай Приүс-20 маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэлд суусан. Бид нар хөдлөөд явж байхад ямар нэгэн эвдрал гэмтэл машинд сонсогдоогүй. Би тээврийн хэрэгсэлд суугаад унтах Мгтай зүүрэглээд явсан. Нэг сэрэхэд бидний урд цагаан өнгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл явж байсныг гүйцэт түрүүлээд урд нь гараад хэсэг явж байгаад миний талаар буюу машин зүүн талаараа бөгс нь хаяад замын эсрэг урсгал руу орж байсан. Нэг мэдсэн би машинаас гарчихсан гадаа хэвтэж байсан. Хэсэг хугацааны дараа ухаан ороод харахад бидний сууж явсан машин 4 дугуй нь дээшээ хараад зогсож байсан. Түүний хажууд миний хажууд сууж явсан Ч.У, Ж.Н нар цус болчихсон орилцгоож байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 25-26 дугаар тал/
Хохирогч Ч.Уийн ***** оны 05 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...***** оны 04 дүгээр сарын 08 юм уу 09-ний өдөр байх би С аймгийн С сумаас У хот руу явсан...би тухайн таксины арын суудалд голд суугаад унтаж явж байхад дугуй хагарчихлаа гэж сонссон Тэгээд онхолдсон....миний сонссоноор 180 км/ц-ийн хурдтай явж байсан гэж миний хажууд сууж явсан залуу хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 31 дүгээр тал/
Хохирогч Ж.Нийн ***** оны 06 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ***** оны 04 дүгээр сарын 08-ны өдөр У хот руу явна гэсэн зарын дагуу ***** *** улсын дугаартай цагаан өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн ар талын баруун хаалга талдаа суусан. Миний дотор эвгүй болоод машин арай л хурдтай явж байгаа юм шиг санагдаад би жолоочид хандан хурдаа хасаарай гэж шаардлага тавиад явж байгаад төд удалгүй эрэгтэй хүний хоолой дугуй хагарчихлаа гэж сандарсан байдалтай хэлсэн. Би тэрхэн зуур бүсээ бүсэлдэг байж дээ гэж бодоод нэг мэдсэн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт өвчнөө мэдрээд ёооё гэж орилоод хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 38 дугаар тал/
Гэрч Б.У ***** оны 04 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...***** оны 04 дүгээр сарын 08-ны өдөр С аймгаас ***** *** улсын дугаартай тээврийн хэрэгслээр манай найз залуугийн хамт 3 хүн У хот руу явж байсан. Нэг сум өнгөрөөд явж байтал машины дугуй харачихлаа гээд тоормос гишгээд зогсохгүй байсаар замын хажуу руу гараад өнхөрсөн тэгсэн чинь нэг ард сууж байсан нэг хүн гадаа гарчихсан 2 хүн нь арын цонхоор гарч байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 45 тал/
Шинжээчийн ***** оны 04 дүгээр сарын 29-ний өдөр №5316 дугаартай
“...1.Ж.Нийн биед хүзүүний 5,6-р нугалмын хагас мултрал, хүзүүний 7, сээрний 1,2-р нугалмын арын сэртэнгийн зөрөөтэй хугарал, бүсэлхийн 1-р нугалмын нугас гэмтээсэн шахагдсан хугарал, мултрал, бүсэлхийн 1-р нугалмын арын сэртэн ууцны 1-р нугалмын жийргэвч мөгөөрсний цүлхийлт гэмтэл учирсан байх бөгөөд эдгээр гэмтлийн улмаас доод мөчдөд саажилт үүссэн, аарцгийн үйл ажиллагаа алдагдсан нь тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5, 3.1.6-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4.Дээрх гэмтлийн улмаас ерөнхий хөдөлмөрийн чадвар хэдэн хувь тогтонги алдахыг одоогоор тогтоохгүй...” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 55 дугаар тал/
Ж.Нийн эмчилгээний баримтууд /1 дүгээр хх-ийн 57-73 дугаар тал/
Шинжээчийн ***** оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн №5315 дугаартай
“...1.Ч.Уийн биед 2 талын олон хавирганы хугарал, 2 талын цээжний хөндийн шингэн хуралдалт, 2 уушгины уналт, сээрний 7,8-р нугалмын нийлмэл хугарал, сээрний 1, 7, 9, 12-р, бүсэлхийн 1-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, сээрний 6-10-р нугалам, бүсэлхийн 1-р нугалмын баруун хөндлөн сэртэн, сээрний 12-р нугалмын арын сэртэнгийн хугарал, нугасны дарагдалт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6, 3.1.10-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4.Дээрх гэмтлүүдийн улмаас ерөнхий хөдөлмөрийн чадвар хэдэн хувь тогтонги алдагдахыг одоогоор тогтоохгүй...” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 75 дугаар тал/
Ч.Уийн эмчилгээний баримтууд /1 дүгээр хх-ийн 76-106 дугаар тал/
Шинжээчийн ***** оны 05 дугаар сарын 01-ний өдрийн №168 дугаартай
“...1.У.Мийн биед эгэм ясны хугарал, зүүн ташаанд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэьтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 115 дугаар тал/
Ж.Мийн эмчилгээний баримтууд /1-р хх-ийн 117-130 дугаар тал/
Шинжээчийн ***** оны 05 дугаар сарын 16-ны өдрийн №29 дугаартай
“...1.Жолооч М.Л нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал. Иймд зам тээврийн осол мөн байна.
2.Жолооч М.Л нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.
2.3.Жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах гэсэн заалтуудыг зөрчсөн байна гэж үзэв.
4.Хурдыг тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 138 дугаар тал/
Шинжээчийн ***** оны 05 дугаар сарын 09-ний өдрийн №026 дугаартай
“...1.Зам, тээврийн осол гаргасан ***** *** улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал нь ямар байна вэ?
Автотээврийн үндэсний төвийн Дархан салбарын техник оношлогоонд 2017-04-15-ний өдрийн №23476 дугаар техник хяналтын дүгнэлтийн хуудсаар техник оношлогоонд хамрагдсан байдал, тээврийн хэрэгсэл дээр нь техникийн болон ашиглалтын нөхцөл шаардлагад үзлэг хийхэд Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих Ерөнхий шаардлага MNS 4598:211 Улсын стандартын 5.5 дахь заалтын шаардлага хангаагүй тээврийн хэрэгслээр зам тээврийн хөдөлгөөнд оролцсон байна. Техник хяналтын дүгнэлтийн хуудас №23476, /5.16, 9.1/ Зураг №05-06-07-08
2.Уг тээврийн хэрэгсэл осол гаргах үед ямар нэгэн эвдрэл гэмтэл байсан эсэх? Хэрэв эвдрэлтэй байсан бол ямар эд анги нь эвдэрсэн байна вэ?
Осол гарах үед техникийн хувьд урд хойд тэнхлэгийн 3 ш дугуйн хээ арилсан элэгдэлтэй, баруун гар талын дугуй язарсан байсан байна. Зураг №03-05-06-07-08
3.Уг эвдрэл гэмтэл нь осолд нөлөөлөх эсэх?
Урд тэнхлэгийн дугуйн хээ, зүүн гар талын хойд талын дугуйн хээ элэгдэлтэй, баруун хойд талын дугуй задарсан байгаа нь осол гарахад нөлөөлсөн байна...” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 144-148 дугаар тал/
Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан
“...1.Нийт шууд зардлын дүн: 2.715.000
2.Үнэлгээгээр тогтоогдсон дүн: 3.285.000
Иргэний нэхэмжлэгч Б.Үцолмонгийн ***** оны 08 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...М.Лтэй байгуулсан гэрээний хуулбар хавтаст хэрэгт байгаа барьцааны гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар барьцааа хөрөнгө болон тээврийн хэрэгслийг, эзэмшиж, ашиглаж байхдаа бусдад хохирол учруулсан бол уг хохирлыг барьцаалуулагч дангаараа хариуцна гэж заасан байгаа. Энэ заалт гэрээтэй танилцаж ***** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч танилцаж гарын үсэг зурсан. Тийм учраас манай компанид иргэний хариуцагчийн асуудал хамааралгүй гэж бодож байна. Тэглээ ч энэ машиныг барьцаалж авсан зээл дууссан байгаа. Иргэний хариуцагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар тал/
Гэрч М.Уын ***** оны 08 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “...Би 2016 оны 11 дүгээр сард приус-20 маркийн ***** дугаартай тээврийн хэрэгслийг худалдаж авсан. Би дүүдээ чи наад машинаа 1.500.000 төгрөг өгөөд ав гэж хэлээд зарсан. Манай дүү надад ***** оны 01 дүгээр сарын эхээр 500.000 төгрөг өгсөн. ***** оны 02 дугаар сард цагаан сараар гэртээ ирсэн байхад манай дүү М.Л нь би энэ машинаа нэг мөр өөрийн нэр дээр болгомоор байна унах нөхцөлтэйгөөр 1.000.000 төгрөгийн зээл аваад таньд өгөөд энэ машиныг өөрийн болгож авлаа гэж хэлсэн. Бид 2 Ут очоод тээврийн хэрэгслийг М.Лгийн нэр дээр болгоод барьцаанд тавих гэтэл угаасаа барьцаанд тавьж байгаа машины нэр нь зээл гаргаж байгаа компаний нэр дээр шилжиж очдог гэсэн тул М.Лгийн нэр дээр шилжүүлж 2 ажил гаргаад яахав гээд миний нэрээр шууд зээлийн баримт хийсэн. Би Б Г ХХК-аас 1.000.000 төгрөг аваад дүүдээ машинаа бүрэн шилжүүлэн зарсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 48-49 дүгээр тал/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 6-16 дугаар тал/
Хохирогч Ж.Нийн хохирлын баримтууд /1 дүгээр хх-ийн 176-201 дүгээр тал/
Их Засаг хууль зүйн сургуулийн тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 217 дугаар тал/
С аймгийн С сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 219 дүгээр тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 225 дугаар тал/
Хохирогч Ч.Уийн хохирлын баримтууд /2 дугаар хх-ийн 14-26 дугаар тал/
Хохирогч У.Мийн хохирлын баримт эмчилгээний баримтууд /2 дугаар хх-ийн 58-74 дүгээр тал/
Хохирогч Ж.Нээс ирүүлсэн нэхэмжлэлийн баримтууд /2 дугаар хх-ийн 93-129 дүгээр тал/
Шүүгдэгч М.Лгийн ***** оны 06 дугаар сарын 05-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 166-167 дугаар тал/ зэрэг болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч М.Л нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 2.3-д Жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах гэсэн заалтуудыг тус тус зөрчсний улмаас хохирогч Ж.Нийн биед хүзүүний 5,6-р нугалмын хагас мултрал, хүзүүний 7, сээрний 1,2-р нугалмын арын сэртэнгийн зөрөөтэй хугарал, бүсэлхийн 1-р нугалмын нугас гэмтээсэн шахагдсан хугарал, мултрал, бүсэлхийн 1-р нугалмын арын сэртэн ууцны 1-р нугалмын жийргэвч мөгөөрсний цүлхийлт гэмтэл учирсан байх бөгөөд эдгээр гэмтлийн улмаас доод мөчдөд саажилт үүссэн, аарцгийн үйл ажиллагаа алдагдсан, хохирогч Ч.Уийн биед 2 талын олон хавирганы хугарал, 2 талын цээжний хөндийн шингэн хуралдалт, 2 уушгины уналт, сээрний 7,8-р нугалмын нийлмэл хугарал, сээрний 1, 7, 9, 12-р, бүсэлхийн 1-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, сээрний 6-10-р нугалам, бүсэлхийн 1-р нугалмын баруун хөндлөн сэртэн, сээрний 12-р нугалмын арын сэртэнгийн хугарал, нугасны дарагдалт гэмтэл, хохирогч У.Мийн биед эгэм ясны хугарал, зүүн ташаанд зулгаралт гэмтэл тус тус учирсан нь гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч М.Лгийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2.3-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг
Шүүгдэгч М.Лгийн гэмт үйлдлийн улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүнд, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч Ж.Нийн биед хүзүүний 5,6-р нугалмын хагас мултрал, хүзүүний 7, сээрний 1,2-р нугалмын арын сэртэнгийн зөрөөтэй хугарал, бүсэлхийн 1-р нугалмын нугас гэмтээсэн шахагдсан хугарал, мултрал, бүсэлхийн 1-р нугалмын арын сэртэн ууцны 1-р нугалмын жийргэвч мөгөөрсний цүлхийлт гэмтэл учирсан байх бөгөөд эдгээр гэмтлийн улмаас доод мөчдөд саажилт үүссэн, аарцгийн үйл ажиллагаа алдагдсан, хохирогч Ч.Уийн биед 2 талын олон хавирганы хугарал, 2 талын цээжний хөндийн шингэн хуралдалт, 2 уушгины уналт, сээрний 7,8-р нугалмын нийлмэл хугарал, сээрний 1, 7, 9, 12-р, бүсэлхийн 1-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, сээрний 6-10-р нугалам, бүсэлхийн 1-р нугалмын баруун хөндлөн сэртэн, сээрний 12-р нугалмын арын сэртэнгийн хугарал, нугасны дарагдалт гэмтэл, хохирогч У.Мийн биед эгэм ясны хугарал, зүүн ташаанд зулгаралт гэмтэл тус тус учирсан байдал тогтоогдсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар хохирол, хор уршигт тооцов.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ж.Н, Ч.У, У.М нарт шүүгдэгч М.Лгийн зүгээс эмчилгээний зардалд 2.500.000 төгрөгийг Ж.Ут, 500.000 төгрөгийг Ж.Нт, 740.000 төгрөгийг У.Мд төлж барагдуулсан болохыг дурьдав.
Одоо хохирогч Ж.Нийн зүгээс эмчилгээ, сувилгаа, шатахууны зардалд 7.577.250 төгрөг, авч байсан 933.223 төгрөгийн цалин хөдөлмөрийн чадвараа 80 хувиар алдсны улмаас тогтоогдсон 343.762 төгрөгийн тэтгэмж, түүний зөрүү 589.461 төгрөгийг 9,10,11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх нийт 1.768.383 төгрөг, Мэбруг ХХК-иас тэргэнцэр, таяг, нурууны хамгаалат гэх зэрэг хэрэгсэл худалдаж авсны төлбөр 390.000 төгрөг, нийт 9.715.633 төгрөгийг холбогдох нотлох баримтаа ирүүлэн нэхэмжилснээс шүүгдэгчийн төлж барагдуулсан 500.000 төгрөгийг хасч 9.215.633 төгрөгийг, хохирогч Ч.Уийн эмчилгээний зардал 9.987.000 төгрөгийг холбогдох нотлох баримтаа ирүүлэн нэхэмжилснээс шүүгдэгчийн төлсөн 2.500.000 төгрөгийг хасч 7.487.127 төгрөгийг, хохирогч У.Мийн нэхэмжилсэн цалингийн зардал 3.600.000 төгрөгийг шүүгдэгч М.Л нөхөн төлж барагдуулахаар харилцан тохиролцож гэрээ байгаалсанд тус тус үндэслэн шүүгдэгч М.Лгээс гаргуулан тус тус олгоуулах нь зүйтэй.
Мөн хохирогч Ж.Н нь хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсны улмаас түүнд 12 сарын хугацаатай тэтгэмж олгохоор акт тогтоосон болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул авч байсан цалин тэтгэмжийн зөрүү 589.461 төгрөгийг ***** оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл сар бүр шүүгдэгч М.Лгээс гаргуулан олгуулах нь зүйтэй.
Хохирогч Ж.Н, Ч.У, У.М нар нь цаашид эмчлэгдэх эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.
Хохирогч нарын өмгөөлөгчдийн зүгээс “...дээрх хохирлыг шүүгдэгч М.Лгийн жолоодож явсан ***** *** улсын дугаартай Тоёота приус маркийн машиныг барьцаалан зээл олгож өөрийн ББСБ-ийн нэр дээр шилжүүлэн авсан байсан Б Г гэх хуулийн этгээдээс гаргуулан өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь Шүүгдэгч М.Лгийн жолоодож явсан ***** *** улсын дугаартай Тоёота приус маркийн машин нь ***** оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Б Г ББСБ-ын барьцаанд уг машины бичиг баримт нь тухайн хуулийн этгээдийн нэр дээр байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Гэвч Б Г ББСБ нь уг машины бичиг баримтыг өөрийн нэр дээр шилжүүлэн авах үедээ Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ -ний үндсэн дээр шилжсэн байна.
Энэ гэрээний үндсэн дээр уг ББСБ нь тухайн эд хөрөнгийн хувьд өмчлөх эрхийг бүрэн хэмжээгээр эдлэхгүй бөгөөд зээлдэгч үүргийн гүйцэтгэлээ бүрэн биелүүлээгүй нөхцөлд тэр хэмжээгээр уг хөрөнгийг захиран зарцуулах эрх үүсдэг онцгой зохицуулалт бүхий үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэг арга хэлбэр байхаар хуулинд заажээ.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний дагуу ямар нэгэн зөрчил буюу зээлээ хугцаанд нь төлөхгүй байх зэрэг нөхцөл байдал үүсээгүй, тухай авсан зээлээ М.У нь цаг хугацаандаа бүрэн барагдуулж авто машины өмчлөлөө буцаан шилжүүлэн авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогдоогджээ.
Иймд Б Г ББСБ-ийг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд заасан тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч гэж үзэж, хуулийн хариуцлага хүлээлгэхэд учир дутагдалтай, хууль зүйн үндэслэлгүй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б Г ББСБ-ыг иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар тус тус татаж ирүүлсэн боловч нэхэмжлэх зүйлгүй талаараа тухайн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч иргэний нэхэмжлэгч Б.Үцолмон тайлбар мэдүүлэг өгсөн байна.
Иймд шүүх шүүгдэгч М.Л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон учраас гэм буруутай этгээдээс хохирол, хор уршгийг гаргуулан олгуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч М.Л гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирол, хор уршигийн зарим хэсгийг төлсөн боловч дийлэнх хэсгийг төлж барагдуулаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд ороцсон Прокуророос санал болгосон жолоодох эрхийг хасах, хорих ялын хэмжээ хүрээнд жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 01 жилийн хорих ял оногдуулж ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь: Шүүгдэгч М.Л нь хохирогч нарын хохирол төлбөрийг төлж барагдуулна гэж мэдүүлэг, тайлбар өгч байгаа боловч энэ нь хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязрааглах албадлагын арга хэмжээ хэрэглэж болохоор заасан байна.
Гэвч шүүгдэгч М.Л нь “...хохирогч нарын нэхэмжилж буй хохирлыг нөхөн төлнө, өөрийн суралцаж буй сургуулиа төгсөөд ажил төрөлд орсны дараа цалингийн зээл авах эрх үүсэх үед зээл авч төлж барагдуулна” гэсэн мэдүүлэг өгч байгааг хохирогч нарын хохирлыг шүүгдэгч нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэдэг ойлголт нь хохирогч нарын нэхэмжилж буй мөнгөн хөрөнгийн хэмжээтэй хөрөнгийг өөрийн дансанд байршуулсан, эсхүл тийм хэмжээний хөрөнгө мөнгөтэй болохоо нотлох баримтуудаар баримтжуулан шүүхэд ирүүлсэн байхыг ойлгох юм.
Шүүгдэгч М.Лд оногдуулсан хорих ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч М.Лгийн 1117626 дугаар бүхий жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Лхавгагарам овогт М Лг мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.Лгээс 3.600.000 төгрөг гаргуулан хохирогч С аймгийн С сумын 2 дугаар баг 16 дугаар байр 04 тоотод оршин суух Б овогт Уийн Мд /******/, 9.215.633 төгрөг гаргуулан С аймгийн С сумын 7 дугаар баг 3 дугаар хэсэг 135 тоотод оршин суух Ж Нт /******** /, 7.487.127 төгрөг гаргуулан У хот Баянгол дүүрэг 2 дугаар хороо 44 дүгээр байр 4 тоотод оршин суух Бэсүүд овогт Ч Ут /******* / тус тус олгож хохирогч нар цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
3.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 509 дүгээр зүйлийн 509.1-д зааснаар шүүгдэгч М.Лгээс ***** оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл сар бүр 589.461 төгрөг гаргуулан хохирогч Ж.Нт олгосугай.
4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар шүүгдэгч Лхавгагарам овогт М Лгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасч 01 жилийн хорих ял шийтгэсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан М.Лд оногдуулсан 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6.Ялтан энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч М.Лгийн ****** дугаар бүхий жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8.Ялтан М.Лд урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорьсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор С аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ