Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/89

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг

улсын яллагч Т.Нансалмаа

шүүгдэгч Б.Эрдэнэбаатар,

шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Болдын Эрдэнэбаатарт холбогдох эрүүгийн 2231000460056 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1981 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 7 дугаар баг “Ган зам” 1 -р хэсэг, 38 дугаар байр 18 тоотод оршин суух хаягтай,

урьд Сэлэнгэ аймгийн сум дундын 1-р шүүхийн 2000 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 183 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжээр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан,

Боржигон овгийн Болдын Эрдэнэбаатар, /РД:МЮ81041312/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Эрдэнэбаатар нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3-р баг, Бугант тосгоны "Улаан хясаа” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж хууль бусаар газрын хэвлийд халдаж  байгаль экологид 912,569 (есөн зуун арван хоёр мянга таван зуун жаран ес)-н төгрөгийн бодит хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Эрдэнэбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Эрдэнэбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Бугант тосгонд очсон. Энхбаатар гэх найзаасаа экскаватор гуйж аваад нэлээн эвдэрхий экскаватор байсан, засвар үйлчилгээ хийгээд нөгөө газраа очсон. Буу нь нэлээн хөлдүү шороо дарчихсан байсан учраас голын мөсийг хуулж усаар бууг нь цэвэрлэх гэж  байтал цагдаа нар ирсэн. Буугаа цэвэрлэх зорилготой газартаа хүрээгүй мөсийг нь л хуулаад овоолсон байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Эрдэнэбаатарын 2022 оны 03 дугаар сарын 09-нд мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгонд очсон. Маргааш нь буюу 8-ны өдөр найз болох Баагийгийн экскаваторыг хашаанаас нь аваад Бугант тосгоны Улаан хясаа нэртэй газрын наахан талд очиж завсар үйлчилгээг 2 хоног хийсэн. Би уг газарт хаягдал шороог угааж үзэх зорилгоор очсон. Би уг газарт очоод алт угаах төхөөрөмжөө угаах зорилгоор мөс цөмлөсөн. Алт угаах төхөөрөмжөө угаагаад маргааш нь буюу 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө ашигласан хаягдал шороо руу явах гэж байтал цагдаа нар хүрч ирсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 129-130 дугаар хуудас/,

Хохирогч Л.Болормаагийн “....Байгаль, экологид учруулсан хохирлыг - төлүүлмээр байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 35,133-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Н.Энхбаатарын 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр өгсөн: “...миний танил Эрдэнэбаатар над руу холбоо бариад “экскаваторыг чинь нэг удаа ажилд хэрэглэчхээд өгье” гээд аваад явсан. Яг ямар ажилд хэрэглэх гэж байгааг нь мэдээгүй надад хэлээгүй. Миний экскаваторыг Б.Эрдэнэбаатар хууль бус зүйлд ашиглах гэж байгаа талаараа надад хэлээгүй. Тийм болохоор би экскаватороо битүүмжлэлээс чөлөөлүүлж авмаар байна" гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40-р хуудас/,

Гэрч М.Бибишийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр “Улаан хясаа” гэх газарт ирээд байрласан. 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Б.Эрдэнэбаатар нь намайг алт угаах ажилтай байна ирээд туслах хийгээд өгөөч, мөнгө төгрөгийг нь өгнө гэж хэлсэн. Миний хувьд туслах ажилтан хийсэн. 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 17 цагийн үед экскаваторыг У.Отгонбаатар бариад “Улаан хясаа” гэх газарт ” голын эргээс мөс хуулж, удалгүй 18 цагийн үед харанхуй болохоор нь буусан юм” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 49-р хуудас/,

Гэрч У.Отгонбаатарын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Дархан- Уул аймгаас 15 цагийн үед ирсэн. Намайг Б.Эрдэнэбаатар нь тус болоод миний, экскаваторыг хэд хоног бариад өгөөч гэхээр нь би ирсэн өдрийнхөө 17 цагийн үед “Дэевүү 2800” маркийн экскаваторыг барьж голын эргээс мөс цөмлөж хуулалт хийсэн. Б.Эрдэнэбаатар нь хэдэн төгрөг өгье “Улаан хясаа” гэх газарт ажиллаад өгөөч гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 50-р хуудас/,

Гэрч Б.Батмагнайн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн: “Экскаватор ажиллаж байгаа чимээ бол гарч байсан. ...миний хийсэн хоолыг аваад явдаг. Тэгээд орой бүрэнхий болсон хойно л орж ирцгээдэг байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 53-р хуудас/,

Ашигт малтмал газрын тосны газрын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 8/397 дугаартай албан бичигт: “...Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.18, 11.1.1-22 дахь заалтыг үндэслэн албан тоотод дурдагдсан солбицол бүхий талбайг геологи, уул уурхайн кадастрын зураг зүйн мэдээллийн системд 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар шүүлт хийж үзэхэд бичил уурхайн дүгнэлт гараагүй, хүчин төгөлдөр ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл талбайтай давхцалгүй байна.

Харин дээрх солбицол бүхий талбай нь Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор тогтоосон ойн сан бүхий газрын хилийн зааг, гол мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн зааг, засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор тогтоосон усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй тус тус бүхэлдээ давхцалтай байна... гэх хариу албан тоот, /хавтаст хэргийн 64-р хуудас/,

“Эрдэнийн ногоолин” ХХК-ний шинжээч Б.Эрдэнэзаяагийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 22/006 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “...Б.Эрдэнэбаатарын байгаль орчинд учруулсан нийт хохирлын хэмжээ 912.569 төгрөг болж байна” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 69-77-р хуудас/,

Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: алт угаах төхөөрөмж 1 ширхэг 600.000 төгрөг гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 83-84-р хуудас/,

Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: Daewoo 220 маркийн экскаватор 1 ширхэг 15.000.000 төгрөг гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 91-92-р хуудас/,

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 18-04-003/14 тоот актад: “...Нийт хохирлын хэмжээ 2.448.238 төгрөг болж байна....” гэх акт, /хавтаст хэргийн 96-97 дугаар хуудас/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 01 дүгээр хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 02-03-р хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 04-16 дүгээр хуудас/, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 17 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /хх-ийн 124-125-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 105-р хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл /хх-ийн 147-р хуудас/, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Эрдэнэбаатар нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3-р баг, Бугант тосгоны "Улаан хясаа” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, хууль бусаар газрын хэвлийд халдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь  

Шүүгдэгч Б.Эрдэнэбаатарын “...Би 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Ерөө сумын Бугант тосгонд Улаан хясаа гэх газарт хаягдал шороо угааж үзэх зорилгоор очсон. Энхбаатар гэх найзаасаа экскаватор гуйж аваад засвар үйлчилгээ хийгээд нөгөө газраа очсон. Буу нь нэлээн хөлдүү шороо дарчихсан байсан учраас голын мөсийг хуулж усаар бууг нь цэвэрлэх гэж  байтал цагдаа нар ирсэн. ...хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв ..” гэсэн утга бүхий мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр,

 Гэрч М.Бибишийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр “Улаан хясаа” гэх газарт ирээд байрласан. 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Б.Эрдэнэбаатар нь намайг алт угаах ажилтай байна ирээд туслах хийгээд өгөөч, мөнгө төгрөгийг нь өгнө гэж хэлсэн. Миний хувьд туслах ажилтан хийсэн. 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 17 цагийн үед экскаваторыг У.Отгонбаатар бариад “Улаан хясаа” гэх газарт” голын эргээс мөс хуулж, удалгүй 18 цагийн үед харанхуй болохоор нь буусан юм...” гэх мэдүүлгээр,

Гэрч У.Отгонбаатарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Дархан- Уул аймгаас 15 цагийн үед ирсэн. Намайг Б.Эрдэнэбаатар нь тус болоод миний экскаваторыг хэд хоног бариад өгөөч гэхээр нь би ирсэн өдрийнхөө 17 цагийн үед “Даевүү” маркийн экскаваторыг барьж голын эргээс мөс цөмлөж хуулалт хийсэн...” гэх мэдүүлгээр,

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Daewoo-220  маркийн экскаваторыг 15.000.000 /арван таван сая төгрөгөөр үнэлсэн 822/3277 дугаартай, алт угаах төхөөрөмжийг 600.000 төгрөгөөр үнэлсэн 821/2860 дугаартай   “Ашид билгүүн” ХХК-ийн   шинжээчийн  дүгнэлтүүдээр,

Гэмт хэргийн улмаас байгаль, экологид учирсан хохирлыг 912.569 төгрөгийн хохирол учирсан, 604.743 төгрөгийн нөхөн сэргээлтийн зардал шаардлагатай гэж тодорхойлсон “Эрдэнийн ногоолин” ХХК-ны шинжээчийн экологи эдийн засгийн үнэлгээгээр,

Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд нийцүүлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг  2.448.236 төгрөг гэж тогтоосон Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Н.Эрдэнэцогтын акт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Ашигт малтмал газрын тосны газрын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 8/397 дугаартай “Б.Эрдэнэбаатарын ашигт малтмал хууль бусаар эрэл хайгуул хийсэн газар нь бичил уурхайн дүгнэлт гараагүй, хүчин төгөлдөр ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй байна. ...харин солбицол бүхий талбай нь ...Ойн сан бүхий хилийн зааг, гол мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн зааг, ... усан сан бүхий газрын хамгаалалтын бүстэй тус тус бүхэлдээ давхцалтай байна ...” гэсэн утга бүхий албан бичиг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, техник хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд буюу шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Эрдэнэбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Эрдэнэбаатар нь зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар газрын хэвлийд халдаж алт олборлохоор 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл зэхэж, газар ухах, шороо угаах техник  хэрэгсэл, тэдгээрийг ажиллуулах, ажиллаж байгаа хүмүүсийг тодорхой хугацаагаар байрлуулахад хоол ундыг нь бэлдэх хүн хүч цуглуулж, гэмт хэрэг үйлдэгдсэн гэх  Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3-р баг, Бугант тосгоны "Улаан хясаа” гэх газарт аваачиж газрын хэвлийд хууль бусаар халдсан үйлдлийг өөрийн санаачилгаар, бусдын тусламжтайгаар  2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд нэг хоногийн хугацаанд хийсэн байна.

Шүүгдэгч Б.Эрдэнэбаатарын дээрх үйлдэл нь хууль бус, Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай, хөдөлбөргүй тогтоогдсон бөгөөд шүүгдэгч гэм бурууд маргаагүй, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүдтэй маргаагүй, “Эрдэнийн ногоолин” ХХК-ны гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохирлыг тогтоосон 912.569 төгрөгийг шүүхийн шатанд төлж барагдуулсан байна.

Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд нийцүүлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг 2.448.236 төгрөг гэж Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч актаар тогтоосон бөгөөд үүнээс 912.569  төгрөг төлөгдсөн гэж үзэж, үүн дээр байгаль экологид хийх нөхөн сэргээлтийн зардал болох 604.743 төгрөгийг нэмж тооцох нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Эрдэнэбаатараас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт нийт 2.140.410 төгрөгийг  гаргуулж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3, 7.2.4-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар тооцов.  /2.448.236-912.569+604.743­= 2.140.410 төгрөг/

Иймд шүүгдэгч Б.Эрдэнэбаатарыг “Зохих зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, газрын хэвлийд халдсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.  

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: ,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Эрдэнэбаатар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болгосныг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Эрдэнэбаатарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Эрдэнэбаатарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгааг харгалзан үзэв.

Шүүгдэгч Б.Эрдэнэбаатарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 /арван таван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэхээр шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Эрдэнэбаатарт ял оногдуулахдаа урьд энэ төрлийн гэмт хэрэгт нэг удаа шийтгүүлж байсан хүндрүүлэх нөхцөл байдал, хохирол нөхөн төлсөн, гэмт хэргийн хор уршгаас үүдэн гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн талаараа үнэн зөвөөр мэдүүлж,  гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн шүүгдэгч нь эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлыг нь тал бүрээс нь харгалзан хорих ял оногдуулахгүйгээр, торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3-т “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбаатарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бусдын эзэмшлийн Deawoo-220 маркийн экскаваторын үнэ 15.000.000 төгрөг, шүүгдэгчийн эзэмшлийн алт угаах төхөөрөмжийг худалдан борлуулсны үнэ зэргийг шүүгдэгчээс гаргуулж, эдгээр орлогоос шүүгдэгчийн Байгаль орчинд учруулсан хохирол, хор уршигт төлөх, нөхөн төлөгдөөгүй үлдсэн зардал болох 2.140.410 төгрөгийг төлүүлж, үлдэгдлийг  Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэлээ.

Харин хэрэгт битүүмжлэгдсэн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Daewoo-220 маркийн экскаватор тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч Н.Энхбаатарт /РД:МТ81110932/ буцаан олгохоор тус тус шийдвэрлэв. 

Хэрэгт битүүмжилсэн иргэн Н.Энхбаатарын эзэмшлийн Daewoo-280 маркийн экскаватор тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Эрдэнэбаатарын нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Б.Эрдэнэбаатарын урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Болдын Эрдэнэбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбаатарт 15.000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 арван таван сая төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбаатарт шүүхээс оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.   

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.Эрдэнэбаатараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бусдын эзэмшлийн улсын дугааргүй, Deawoo-220 экскаватор маркийн тээврийн хэрэгслийн үнэ 15.000.000 /арван таван сая/ төгрөг, мөн шүүгдэгч Б.Эрдэнэбаатарын эзэмшлийн 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгийн үнэлгээ бүхий алт угаах төхөөрөмжийг худалдан борлуулсны үнийн дүн зэргээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохирол, хор уршгаас төлөгдөөгүй үлдсэн 2.140.410 төгрөгийг төлүүлж, үлдэгдлийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, хэрэгт битүүмжлэгдсэн улсын дугааргүй Deawoo-220 экскаватор маркийн тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч Н.Энхбаатар, /РД:МТ81110932/-т буцаан олгож тус тус шийдвэрлэсүгэй.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авч, битүүмжлэгдсэн Н.Энхбаатарын  эзэмшлийн гэх Deawoo-220 экскаватор маркийн, улсын дугааргүй тээврийн хэрэгсэл,  Б.Эрдэнэбаатарын эзэмшлийн алт угаах төхөөрөмж зэргийг битүүмжилсэн тогтоолыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт шүүгдэгч Б.Эрдэнэбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд  шүүгдэгч нь шүүхийн шатанд гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохиролд 912.569 /есөн зуун арван хоёр мянга таван зуун жаран есөн/ төгрөгийг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Э.ОЮУНТУНГАЛАГ