Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 08

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Г.Уламбаяр, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                                                     Прокурор Д.Ганцэцэг

                                                      Шүүгдэгч Ц.Х /цахим сүлжээгээр/

                                                      Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш /цахим сүлжээгээр/        

                                                     Нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал нарыг оролцуулан

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Э.Дулмаагийн  даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/09 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Г-н гаргасан давж заалдах гомдлоор Ц.Х-д холбогдох эрүүгийн 1802003920294 дугаартай 2 хавтас хэргийг 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ял шийтгэл, гавьяа шагналгүй, Боржигон овогт Ц.Х

Ц.Х нь 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулж хууль бусаар газрын хэвлийд халдаж 19468029 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ. 

 

Анхан шатны шүүх, Боржигон овогт Ц.Х-г хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х-с байгаль орчинд учруулсан хохиролд 17968029 төгрөг, нөхөн сэргээх зардалд 4360300 төгрөг нийт 22274329 төгрөгийг гаргуулж байгаль орчин уур амьсгалын санд оруулахаар, Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 3000000 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар, шүүгдэгч  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Ц.Х-н эзэмшлийн 16187500 төгрөгийн үнэлгээтэй алтны шороо угаадаг, усаар шүршдэг төхөөрөмжийг хурааж, худалдан борлуулж хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан дараах тээврийн хэрэгсэл нь бусдын эзэмшлийнх болох нь тогтоогдож байх тул 2009 онд үйлдвэрлэсэн  STEYR маркын ачааны авто машины үнэ 28000000 төгрөгийг, 2008 онд үйлдвэрлэсэн STEYR маркын ачааны авто машины үнэ 24800000 төгрөгийг, хьюндай маркын экскавотарын үнэ 20000000 төгрөгийг, , LIU GONG маркын авто ачигчийн үнэ 35000000 төгрөгийг нийт 107800000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг төлүүлж илүү гарсныг нь улсын орлогод оруулахаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж мөн өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорихоор, Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан, шийтгэх тогтоолд гомдол гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш гаргасан давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/09 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хохирол төлбөр төлөгдөөгүй гэж шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Х-н зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зарим хэсэг буюу 1500000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэгдэл хохирол төлбөр 22274329 төгрөгийг төлж барагдуулахыг илэрхийлсэн байдаг. Гэвч анхан шатны шүүхээс хохирол төлбөр төлөгдөөгүй гэж үзэж хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэсэн заалтыг хэрэглэх боломжтой байтал түүний хувийн байдал болон хохирол төлөхийг илэрхийлж байгаа байдлыг харгалзан үзэлгүйгээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн мэт харагдаж байна. Өмгөөлөгч миний зүгээс хохирол төлбөрийг төлөх асуудал дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хохирол төлбөрийн үлдэгдэл 22274329 төгрөгийг хэсэгчлэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Байгаль хамгаалах сан”-гийн 100100355401 тоот дансанд төлөхөөр хугацаатай байгуулсан гэрээ, баталгааны баримтын хамт гомдолдоо хавсарган өгч байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж өгнө үү гэжээ.

Прокурор Д.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Ц.Х-д Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан байна. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, байгаль орчинд учруулсан хор уршиг, хохирол төлөгдөөгүй байгаа байдлыг харгалзан хорих ял оногдуулж шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж прокурорын зүгээс дүгнэж байна. Хохирол төлөхөө илэрхийлж байгаа гэрээ байгуулсан боловч хэзээ, яаж, хэрхэн төлөх талаарх нотлох баримт хангалттай бус байсан байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч Ц.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү. Хохирлоо заасан хугацаандаа төлж барагдуулна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Ц.Хыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Гомдлоо дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Шүүгдэгч Ц.Х нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлөхөө мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд илэрхийлж, илэрхийлсэн баталгаагаа тухайн үед бичгээр гаргаж өгч байсан. Анхан шатны шүүхээс эдгээр зүйлийг анхаарч үзэлгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар тэнсэж үүрэг хүлээлгэх боломжтой байхад хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Бат-Өлзий сумын Засаг дарга болон байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Янжиндулам нартай гэрээ байгуулж хохирлоо хувааж төлөхөөр тохиролцсон. Уг гэрээний нэг хувийг давж заалдах гомдолдоо хавсаргасан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Ц.Х-д хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Боржигон овогт Ц.Х нь 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2-р баг “Баруун сөдтий” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулж хууль бусаар газрын хэвлийд халдаж 19468029 төгрөгний хохирол учруулсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Я, гэрч Б.Б, Б.Ганхүү, Б.Б, Б.Ө, П.Г, Н.А нарын мэдүүлгүүд, шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг болон шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 18/05  тоот дүгнэлт зэрэг анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс Ц.Х-г тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулж хууль бусаар газрын хэвлийд халдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтанд хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг үйлдсэн гэж бичин техникийн шинжтэй алдааг гаргажээ.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 5 жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирлын заримыг төлж барагдуулсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Г-н давж заалдах шатны шүүхэд гаргасан шүүгдэгчид тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж өгөхийг хүссэн гомдлыг хүлээн авах боломжтой байна.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/09 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

Анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл шүүгдэгч Ц.Х нь 47 хоног цагдан хоригдсон болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.9 дүгээр зүйлийн 1.4-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/09 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

а/ 1 дэх заалтыг бүхэлд нь “Ц.Х-г хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай” гэснийг “Боржигон овогт Ц.Х-г тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулж хууль бусаар газрын хэвлийд халдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай” гэж,

б/ 2 дахь заалтыг бүхэлд нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2.2-т тус тус зааснаар шүүгдэгч Боржигон овогт Ц.Х-г 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй” гэж,

в/ 3 дахь заалтыг бүхэлд нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг дурдсугай” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Х-г шүүх хуралдааны танхимаас сулласугай.

3. Шүүгдэгч Ц.Х нь 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 47 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

4. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 30 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.