Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2026/0343

 

 

 

 

 

 

 

 

 

 

Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын

гомдолтой захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Адъяасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч М.Цэцэгмаа

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагч Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Б

Гомдол гаргагч: Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Б

Хариуцагч: Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Н.О

Гомдлын шаардлага: “Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 0107108 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 007 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: прокурор Б.Б, хариуцагч Н.О, гуравдагч этгээд Ч.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул

Хэргийн индекс: 118/2026/0005/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Боос Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Н.Од холбогдуулан “Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 0107108 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-аар маргасан байна.       

2. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 007 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтыг баримтлан Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Н.Огээс “М” ХХК-д 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр оногдуулсан 0107108 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бийн 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “М” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар эрх бүхий албан тушаалтан 5000 нэгжээр торгох шийтгэл ногдуулсан. Шийтгэл оногдуулахдаа хадгалсан, худалдсан гэсэн 2 үндэслэлээр шийтгэл оногдуулсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйл, 4.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 4.3 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээг авна” гэж заасан. Шүүх шийдвэр гаргахдаа энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй. Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэрийг хүчингүй болгуулахаар бичсэн нэхэмжлэлийн шаардлагад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5-д зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах” гэж заасан. Мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн, эсэхийг мөн Зөрчлийн тухай хуульд хохирол төлүүлэх, нөхөн төлбөр гаргуулахаар заасан бол хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох; эсэхийг шалгана гэж заасан. Мөн тус хуулийн 7.3 дугаар зүйлийн 7.3.1-д “Эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуульд заасан албадлагын арга хэмжээ авах үндэслэл байгаа эсэхийг шалган тогтооно” гэж заасныг эрх бүхий албан тушаалтан тогтоогоогүй байсан гэж үзсэн. Гомдолд дэлгэрэнгүй бичсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр хэвээр үлдээж, гомдол гаргагч Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Гомдол гаргагч Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Боос тус аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Н.Од холбогдуулан “Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 0107108 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдол гаргажээ.

3. Хэргийн үйл баримтын тухайд:

3.1. Цагдаагийн ерөнхий газар болон Татварын ерөнхий газартай хамтарч “Цахим-архи худалдаа” нэртэй тусгай ажиллагааны удирдамжийг баталсан байх ба 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 02 дугаар сарын 13-ны өдрийн хооронд согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийхээр болсон байна.

3.2. Улмаар Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Н.О “М” ХХК-ийн “О” нэртэй дэлгүүрт хяналт, шалгалт хийж, хадгалах хугацаа дууссан согтууруулах ундаа хадгалсан, худалдсан үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 0107108 дугаартай шийтгэлийн хуудсаар “М” ХХК-д 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

3.3. Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Б дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 04 дугаартай дүгнэлт гаргасан байх ба дүгнэлтийн үндэслэлээ “... Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна: 1.1. тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн, 1.5. Зөрчлийн тухай хуульд хохирол төлүүлэх, нөхөн төлбөр гаргуулахаар заасан бол хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтооно ... гэснийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл зөрчлийн хэрэгт энэ зөрчлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан эсэхийг шалгаж тогтоох арга хэмжээ аваагүй, хохирол учраагүй бол энэ талаарх нотлох баримтыг холбогдох эрх бүхий байгууллагаас гаргуулаагүй, хэрэгт энэ талаар баримт байхгүй” гэжээ.

3.4. Анхан шатны шүүх “... зөрчлийн улмаас хүний эрүүл мэндэд шууд учирсан үр дагаваргүй, бодит хохирол учирсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй” гэж дүгнэж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, зөв болжээ.

4. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий прокурорын 2021 оны А/94 дүгээр тушаалаар баталсан “Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журам”-ын 2.2-т “хохирол гэдэг нь Зөрчлийн улмаас хүний эрүүл мэндэд шууд учирсан үр дагавар байна” гэж заасан байх ба Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч дараах эрхтэй” гээд 2.7-д “зөрчлийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах” гэжээ.

4.1. Гэтэл дээрх хяналт, шалгалт нь зөрчлийн улмаас хохирсон хүний гомдлоор бус, харин Цагдаагийн ерөнхий газар болон Татварын ерөнхий газартай хамтарч “Цахим-архи худалдаа” нэртэй тусгай ажиллагааны удирдамжийн дагуу цагдаагийн байгууллагаас хийсэн шалгалтаар илрүүлсэн зөрчил бөгөөд үүнд эрх бүхий албан тушаалтан болох Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч хяналт тавьж, шийтгэлийн хуудсыг үйлдсэн.

4.2. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.5-д “Зөрчлийн тухай хуульд хохирол төлүүлэх, нөхөн төлбөр гаргуулахаар заасан бол хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох” гэж заасан байх ба Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт хохирол, нөхөн төлбөр гаргуулах талаар заагаагүй, иргэний эрүүл мэндэд хохирол учирсан талаар гомдол, мэдээлэл гаргаагүй, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул прокурорын дүгнэлтэд дурдсан үндэслэлээр маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл байхгүй байна.

5. Түүнчлэн, Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1-д “хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, эсхүл хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн” гэж заасан.

5.1. Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 0107108 дугаар шийтгэлийн хуудаст “хадгалсан, худалдсан” гэж бичсэн байх ба улсын байцаагчаас “... зарим бараа нь лангууны доор, зарим нь агуулахад байсан ба энэ дэлгүүр төлбөрийн баримт хэвлэдэггүй, бүртгэлгүй тул архи борлуулсныг тогтоох боломжгүй” гэх тайлбарыг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

5.2. Зөрчлийн тухай хуулиар хадгалсан, худалдсан, үйлчилсэн, үйлдвэрлэсэн аль ч үйлдлийг зөрчилд тооцож, ижил хэмжээгээр торгохоор зохицуулсан байх ба зөрчилд холбогдогч нь хугацаа дууссан согтууруулах ундаа болон шар айраг 172 ширхэг, жүүс 18 ширхэг, ундаа 13, нийт 203 ширхэг барааг “О” нэртэй дэлгүүртээ хадгалж, худалдаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нэгэнт тогтоогдсон, уг зөрчлийн улмаас хэн нэгэн этгээдээс эрүүл мэнд болоод, бусад байдлаар хохирсон талаар гомдол мэдээлэл ирүүлээгүй тул улсын байцаагчийг тухайн зөрчилд нь торгох шийтгэл ногдуулсныг буруутгах, хэн нэгний эрүүл мэндэд учраагүй хохирлыг нөхөн төлүүлээгүй гэх үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэсгүй байна. 

5.3. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 007 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэг зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                      ШҮҮГЧ                                                                  Б.АДЪЯАСҮРЭН

 

 

                       ШҮҮГЧ                                                               М.ЦЭЦЭГМАА

 

 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БААТАРХҮҮ