Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 34

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч А.Цэрэнханд даргалж

Нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн

Улсын яллагч Г.Мөнхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймгийн Хатгал сумын харъяат, 1976 оны 04 сарын 27-ны өдөр төрсөн, 41 настай, яс үндэс халх, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Цагдаагийн 1-38 тоотод оршин суух хаягтай, одоо Замын-Үүд сумын 1 дүгээр баг,  Хангарьд хүнсний дэлгүүрийн 2 давхарт байрлах нийтийн байранд түр оршин суух, энэ хэрэгт татагдахдаа Жимбий зоогийн газарт  тогооч ажилтай байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, Хэргис овогт Өлзийбаатарын Бумандалайд холбогдох эрүүгийн 201710010041 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд  авагдснаар/

Шүүгдэгч Ө.Бумандалай нь  2016 оны 12 сарын 26-ны өдөр Замын-Үүд сумын 1 дүгээр багийн орчимд Сэнгэдорж овогтой Болор-Эрдэнэ нь Самсунг Галакси Жи-1 маркийн  гар утсаа  гээгдүүлсэнийг олж хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ө.Бумандалайгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Тэр өдөр 21 цагийн орчим ажлаа тараад Долоон бурхан буудлын урд талын замаар гэр рүүгээ явж байгаад замын хажуу талаас шаргал өнгийн Самсунг Галакси Жи-1 маркийн утсыг олсон юм. Тэгээд утсыг гэртээ байлгаж байгаад манай оюутан охин Эрдэнэтээс ирэхээр нь гар утас олсон талаараа хэлсэн. Ингээд охиноороо дотор нь байсан мэдээллүүдийг устгуулж, 2 сим карт хийж өөрөө барьсан. Энэ утсыг барьснаас 7-8 хоногийн дараа цагдаагийн байгууллагаас залгаж ямар утас ашиглаж байгаа талаар асуусан. Ингээд цагдаа дээр очиж уулзаж, олсон утсаа хүлээлгэн өгсөн. Миний өөрийн утас интэрнетэд орохгүй болохоор нь тэр утсыг ашигласан. Гээгдэл зүйл олоод хэрэглэвэл хэрэгт холбогдоно гэдгийг мэддэггүй байсан. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Торгуулийн ялыг төлөх боломж надад байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг

Хохирогч С.Болор-Эрдэнийн хэрэг бүртгэлтэнд өгсөн “ 2016 оны  12 сарын 26-нд Долоон бурхан зоогийн газрын Хайрлахуй бүлгээс зохион байгуулж буй шинэ жилийн арга хэмжээнд оролцохоор  үүдэнд очиж, хамт орох хүн рүүгээ  өөрийн гар утсаар  залгасан боловч тухайн  үед утсаа  аваагүй юм. Тэгээд машинаас өөрийн  гар цүнхээ  авч буусан юм. Тэгээд Долоон бурхан буудлын цайны газар орж шинэ жилийн  арга хэмжээнд  оролцсон  ба энэ үед зургаа авахаар 20 цагийн орчимд цүнхэндээ өөрийн гар утсаа үзэхэд алга болчихсон байсан. Тэгээд хамгийн сүүлд Загбазар руу машинд сууж байхдаа залгаж байснаа  санасан ба машинаас  буух үедээ гар утсаа унагааж гээсэн байх гэж бодсон. Тэгээд би тухайн үед хүмүүсийн гар утсаар  өөрийн 94035393, 80004703 дугаарууд руу залгаж үзэхэд дуудаж байсан боловч хариу өгөөгүй. Тэгээд 23 цагийн үед холбогдохоо больсон. Миний гээгдүүлсэн гар утас Самсунг Галакси Жи-1 маркийн шаргал өнгөтэй байсан ба уг утсыг  би Замын-Үүд  сумын мобикомын  салбараас  2016 оны 08 сард  худалдаж авсан юм. Миний гар утасны имэй код 359927075246737, 359928075246735 гэсэн дугаартай байсан юм. Би гар утсаа  олоод авчихсан болохоор надад одоо ямар нэг нэхэмжлэх зүйл, гомдол  санал хүсэлт байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14/

2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Самсунг маркийн Жи-1 утас 160,000 төгрөгөөр үнэлэв гэсэн шинжээчийн 22 тоот дүгнэлт /хх-ийн 16/

Шүүгдэгч Ө.Бумандалайгаас Самсунг Галакси Жи-1 маркийн гар утсыг хураан авсан тухай тэмдэглэл  /хх-ийн 12/

Хохирогч С.Болор-Эрдэнэд Самсунг Галакси Жи-1 маркийн гар утсыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл  /хх-ийн 23/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26/

Хохирогч С.Болор-Эрдэнээс шүүхэд ирүүлсэн “би шүүх хуралдаанд оролцохгүй, Бумандалайгаас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй, бид 2 сайн дураараа эвлэрсэн тул энэ хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлт зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Ө.Бумандалай нь 2016 оны 12 дугаар сарын 26-ны орой 21 цагийн орчимд  Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт байрлах Долоон бурхан зочид буудлын урд талын замын хажуу талаас хохирогч С.Болор-Эрдэнийн гээгдүүлсэн байсан Самсунг Галакси Жи-1 маркийн гар утсыг олж, улмаар уг утсанд байсан мэдээллийг устгаж, өөрийн эзэмшлийн дугааруудыг хийж ашигласан  байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх тул шүүгдэгчийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны орой 21 цагийн орчимд гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ө.Бумандалайгийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Болор-Эрдэнийн хэрэг бүртгэлийн шатанд өгсөн мэдүүлэг, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 22 тоот эд зүйл үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Ө.Бумандалайгаас Самсунг Галакси Жи-1 маркийн гар утсыг хураан авсан тухай тэмдэглэл, хохирогч С.Болор-Эрдэнэд Самсунг Галакси Жи-1 маркийн гар утсыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл  зэргээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-т заасан гэмт хэргийн обьектийн нэг хэлбэр нь  гээгдэл эд хөрөнгө байх энэ  нь өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүйгээс түүний хүсэл  зоригоос үл хамааран  хаягдсан,  тухайн эзэн нь хэн болох нь  мэдэгдэхгүй зүйлийг хэлэх юм.

Иймд шүүгдэгч Ө.Бумандалай нь уг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон байх тул Замын Үүд дэх Сум дундын прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд  тохирсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэдийгээр шүүгдэгчийн уг хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдох боловч тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэргийн 26 дугаар хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон, мөн хохирогч С.Болор-Эрдэнэ нь өөрийн эзэмшлийн Самсунг Галакси Жи-1 маркийн гар утсаа бодит байдлаар хүлээн авч, шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй болсон тухайгаа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Иймд шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан, хохирогч С.Болор-Эрдэнэ нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн  зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т заасан үндэслэлээр шүүгдэгч Ө.Бумандалайд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ө.Бумандалай нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримт хураагдан ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284-286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Хэргис овогт Өлзийбаатарын Бумандалайг гээгдэл эд хөрөнгийг  завшсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Дорноговь аймгийн Замын Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Хэргис овогт Өлзийбаатарын Бумандалайд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар  хэрэгсэхгүй болгосугай.

3. Ө.Бумандалай нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримт хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

4.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Ө.Бумандалайд урьд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгсугай.

5. Энэ шийтгэх тогтоолыг Ө.Бумандалай, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ    А.ЦЭРЭНХАНД