Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/93

 

    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг     

улсын яллагч                                   Т.Нансалмаа                       

шүүгдэгч                                           Ч.Наранцогт

шүүгдэгчийн өмгөөлөгч                 Г.Энхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Ч.Наранцогтод холбогдох эрүүгийн 2131000000217 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймгийн Мянгад суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн Салхитын ам 360 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Чойсүрэнгийн Наранцогт, /ЖИ80121212/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  Ч.Наранцогт нь 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 09-ний хооронд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум Тийрэг 3 дугаар багт байрлан, үйл ажиллагаа явуулдаг усны худгийн вакум цонхыг хагалж, худгийн автомат тоолуурын дэлгэцийг санаатайгаар гэмтээсний улмаас бусдын эд хөрөнгөд 693.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Наранцогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүгдэгч Ч.Наранцогтын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би согтуудаа ам цангаад ус уух зорилготой худгийн цонхыг хагалчихсан, ухаан орон гаран байсан, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэм буруу дээр маргаан байхгүй...” гэжээ

Шүүгдэгч Ч.Наранцогтын 2021 оны 11 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Эрхэмбаярын 2021 оны 11 дугаар сарын 02-ны өдрийн Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан 2131000000217 дугаартай тогтоолтой өмгөөлөгчийн хамт танилцлаа. Уг тогтоолтой холбоотой ойлгоогүй үлдсэн зүйл байхгүй бөгөөд өөрийн хийсэн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Цагааннуур сумын Цацан гэх газарт ажил хийж байгаад 18 цагийн үед замын унаанд дайгдаж орж ирээд ах Ганболд гэх хүний гэрт очиж байгаад Ганболд ахад загнуулсан юм. Тэгээд би 23 цагт ахын гэрээс гараад эгч Дашцэрэнгийн гэрт нь очиж унтах гэж замдаа явж байгаад ам цангаад байхаар нь худаг дээр ус уух зорилгоор очсон юм.Тэгтэл худагт хүн байхгүй байсан бөгөөд тухайн худгийн цонхыг хагалсан юм. Би өөрийн хийсэн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хийсэн үйлдэлдээ үнэхээр их гэмшиж байна...” гэх мэдүүлэг  /хх-ийн 27 дугаар хуудас/,

Хохирогч М.Батцогтын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын тамгын газарт харьяалагддаг тохижилт үйлчилгээний газарт нь сантехникчээр ажилладаг юм. Би ер нь Цагааннуур суманд байгаа худаг болон цэвэр усаа хариуцан ажилладаг юм. Ингээд 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө “Тийрэг” багт байрлах худгийн автомат тоолуурын цонхыг нь хагалаад дэлгэцийг нь эвдэлсэн талаар 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр мэдсэн юм. Ингээд би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн юм. Одоогоор худгийн тоолуур хэвийн ажиллаж байгаа. Тэр эвдэлсэн өдрөөс хойш хоёр хоногийн дараа цагдаа нар нөгөө худгийн тоолуур эвдэлсэн гэх хүнийг олсон байсан. Тэгээд тухайн худгийн тоолуур эвдэлсэн залуу 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотоос эвдэлсэн тоолуурын дэлгэцийг авчирч янзалж тавьж өгөөд худаг одоо зүгээр хэвийн ажиллаж байгаа. Манай худгийн тоолуурыг эвдэлсэн залуу вакум цонх худгийн тоолуур зэргийг сольж янзалж өгсөн болохоор гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 10 дугаар хуудас/,

Гэрч Д.Дарьсүрэнгийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний хүү болох Наранцогт нь урьд өмнө ямар нэг байдлаар гэмт хэрэг зөрчилд холбогдож цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаагүй. Манай дүү болох Наранцогт нь 2015 онд Солонго гэх эмэгтэйтэй гэр бүл болж одоо 2 хүүхэдтэй Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд амьдарч байна. Элдэв муу зуршилгүй, ажилч хичээнгүй хүнтэй зөв боловсон харьцдаг. Ганц муу тал нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг...” гэх мэдүүлэг, /хх-ийн 12 дугаар хуудас/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ТХҮ-621/2091 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Дээр дурьдагдсан эд зүйлсийн нийт бодит үнэ цэнийг 693.000 /зургаан зуун ерэн гурван мянга/-н төгрөг байх боломжтойг тодорхойллоо...”  гэх дүгнэлт /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 03 дугаар хуудас/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 20-22-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 35 дугаар хуудас/, зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 36 дугаар хуудас/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 43-45 дугаар хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл /хх-ийн 52-р хуудас/, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.Наранцогт нь 2021 оны 10 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө  Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум Тийрэг 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг усны худгийн вакум цонхыг хагалж, худгийн автомат тоолуурын дэлгэцийг санаатайгаар гэмтээсний улмаас бусдын эд хөрөнгөд 693,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг  үйлдсэн болох нь  

Шүүгдэгч Ч.Наранцогтын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн  “...би архи согтуурхуулах ундааны зүйл хэрэглэсэн явж байгаад ам цангаад, худаг хаалттай байхаар нь худгийн цонхыг хагалж, тоолуурыг нь эвдээд ус уусан юм. Буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч байгаа, гэмшиж байна. Хохирлоо нөхөн төлж барагдуулсан ...”, гэх, хохирогч М.Батцогтын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “... Манай худгийн тоолуурыг эвдэлсэн залуу вакум цонх худгийн тоолуур зэргийг сольж янзалж өгсөн болохоор гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгүүд, “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ТХҮ-621/2091 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч Ч.Наранцогтын эвдсэн эд зүйлсийг    693.000 /зургаан зуун ерэн гурван мянга/-н төгрөгөөр үнэлсэн үнэлгээ зэрэг болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.Наранцогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар  гэмтээсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

 Шүүгдэгч Ч.Наранцогтын үйлдэл нь худаг хаалттай, ажиллах боломжгүй байгаа гэдгийг мэдсээр байж өөрийн хүсэл зоригт нийцүүлэн бусдын эзэмшлийн эд хөрөнгөд халдаж, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан идэвхтэй үйлдэл  бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. 

            Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байх ба гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Хохирогч М.Батцогт нь шүүгдэгчээс хохирол төлбөрөө барагдуулж авсан, одоо худаг хэвийн ажиллаж байгаа, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул Ч.Наранцогтыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.     

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын   шүүгдэгч Ч.Наранцогт нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болгов.   

Шүүгдэгч Ч.Наранцогтод эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Ч.Наранцогтод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “ Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд харин 6.6 дугаар зүйлд заасан   хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Ч.Наранцогт нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувиараа хөдөлмөр эрхэлж орлого олдог гэх зэрэг болон түүний хувийн байдал болон үйлдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Наранцогтод 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгож шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.Наранцогт нь шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ зөрчиж 35 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон 35 хоногийг шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялаас дүйцүүлэн хасаж, энэ өдрөөс эхлэн шүүгдэгчид авсан    цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахыг шүүгчийн туслахад даалгаж тус тус шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Чойсүрэнгийн Наранцогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар   гэмтээсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Наранцогтод 550 /таван зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 /таван зуун тавин мянга/-н  төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Наранцогтод шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Наранцогтын цагдан хоригдсон 35 хоногийг торгуулийн ялаас 1 хоногийг 15 нэгжтэй тэнцүү хэмжээгээр төгрөгөөр дүйцүүлэн хасаж тооцож, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж хувийн баталгаа авах таслах сэргийлэх арга хэмжээ авсугай.

5.Шүүгдэгч Ч.Наранцогт нь бусдад төлөх төлбөргүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ч.Наранцогтод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Э.ОЮУНТУНГАЛАГ