Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2018/ШЦТ/231

 

 

 

 

     

                   

                                                                           

 

                               Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 Улсын яллагч                              Д.Нямдэлэг

 Нарийн бичгийн дарга              Б.Намуунзул нар оролцов.

 Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Батбаярын Ганбатад холбогдох 1802003990227 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин, гагнуурчин  мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо 7 дугаар хэсэг 139-б тоотод оршин суух, Эрхэлсэн ажилшүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, Боржигон овогт Батбаярын Ганбат РД:ТЕ-94040913

        

Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч Б.Ганбат нь 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Буянжаргалын Амгаланбаатарын Е1500012 дугаартай гадаад паспортыг ашиглан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суман дахь Төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт тус холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

 

 Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Ганбат нь 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Буянжаргалын Амгаланбаатарын Е1500012 дугаартай гадаад паспортыг ашиглан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суман дахь Төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.Ганбат гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүгдэгч Б.Ганбатын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би өмнө нь Турк улс руу явсан юм. Тэнд очоод 1 сар болоод ирэх байсан ба хугацаа хэтрүүлээд 4 сар болоод буцаж ирсэн. Ирээд нэг жилийн дараа өөр хүний паспорт ашиглан ОХУ руу гарч тэндээсээ Турк улс руу явж ажил хийх зорилготойгоор ийм үйлдэл хийсэндээ харамсаж байна...” гэх мэдүүлэг

2.Гэрч Г.Бямбасүрэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн үед шалгагч Б.Энхзаяа 6 дугаар галт тэрэгт хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэж байсан ба Буянжаргалын Амгаланбаатар гэх хүний бичиг баримтыг авчирч “энэ хүний зурагт тулгалтыг хийхэд арай өөр харагдаад байна, гүнзгийрүүлсэн шалгалтыг хийж өгөөч” гэж хэлээд өгсөн. Тэгээд Амгаланбаатар гэх хүнийг вагоноос дуудуулаад нарийвчилсан шалгалтыг хийхэд өөр хүний зураг байсан. Тэгээд би тэр хүнд “чи өөр хүний бичиг баримтыг ашиглаж байна, үнэнээ хэл, ингэж болохгүй” гэж хэлэхэд тэр хүн “үгүй ээ, би хүний бичиг баримт ашиглаагүй, би Амгаланбаатар мөн байна” гээд байсан. Тэр хүн Амгаланбаатар гэх хүний бүх мэдээллийг хэлж цээжилсэн байсан байсан ба тэр хүнээс регистрийн дугаар, ах, дүү, эцэг, эхийнх нь мэдээллийг асуухад бүгдийг нь хэлж байсан. Тэгэхээр нь би “чи тэгвэл ээжийнхээ утасны дугаарийг хэл” гэхэд Амгаланбаатар гэх хүний ээжийн утасны дугаарыг хэлсэн ба уг дугаарт залгаж “танай хүүхэд ОХУ руу явах гэж байгаа юм уу? эсвэл хотод байгаа юм уу?” гэж асуухад “одоо Улаанбаатар хотод байна” гэсэн. Тэгээд тэр хүнийг Амгаланбаатар гэх хүний бичиг баримтыг ашиглаж явж байгаа юм байна гэж үзээд уг хүний галт тэрэгний билетийг авч шалгахад Батбаярын Ганбат гэсэн нэрээр билет авсан байсан. Б.Ганбат нь хүний бичиг баримт ашиглаж улсын хилээр хууль бусаар нэвтэрч байгаагаа хүлээн зөвшөөрөхгүй байсан. Тагнуул руу шилжүүлсний дараа Амгаланбаатар гэх хүний бичиг баримтаар улсын хил нэвтэрч байгаад баригдсан гэдгээ хэлсэн байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 дүгээр тал/

            3.Гэрч Б.Энхзаяагийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...6 дугаар галт тэрэгний зорчигчийн бичиг баримтыг шалгах явцад Буянжаргалын Амгаланбаатар гэх хүний бичиг баримтын зураг нь уг хүнийхээс өөөр байсан учраас тэр хүнээс “та нэрээ хэл дээ” гэхэд тэр хүн “Ганбат” гэж хариулсан. Тэгэхээр нь “та Амгаланбаатар биш юм уу?” гэхэд “харин тиймээ би андуураад найзынхаа нэрийг хэлчихлээ” гэж хэлсэн. Тэгээд би зорчигчдын бичиг баримтыг хураан авч өрөөндөө авчирч мэдээллийн сангаас Амгаланбаатарын мэдээллийг шалгаж үзэхэд өөр хүний зураг байсан. Тиймээс ээлжийн дарга Жамбалсүрэнд “энэ Амгаланбаатар гэх хүн эргэлзээтэй байна, нарийвчилсан шалгалт явуулах шаардлагатай байна” гэж хэлээд бичиг баримтыг нь хүлээлгэж өгсөн....” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 дугаар тал/

4.Гэрч Б.Амгаланбаатарын 2018 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 8 сарын эхнээс эхлээд Ганбат найз маань надаас “гадаад паспортаа өгчих, би чиний паспортаар Турк яваад ирье, удахгүй буцаад ирнэ” гэээд гуйгаад байсан юм...Би хүнд өөрийн паспортаа ашиглуулах нь хууль бус үйлдэл гэж мэдэж байсан учраас “болохгүй” гэж татгалзсан боловч өдөр бүр гэрт ирээд гуйгаад байсан тул сүүлд нь зөвшөөрөөд өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 124-125 дугаар тал/   

5.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 5668 дугаартай:

“...1.Шинжилгээнд ирүүлсэн Б.Амгаланбаатарын Е1500012 дугаартай гадаад паспорт шинжилгээнд тэнцэнэ.

2.Шинжилгээнд ирүүлсэн Е1200012 дугаартай паспорт нь жинхэнэ.

3.Ямар нэгэн засвар өөрчлөлт хийсэн гэх шинж тэмдэг илрэхгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 74 дүгээр тал/

6.Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 38-48 дугаар тал/

7.Хилийн зөрчил шалгасан материал /хх-ийн 03-14 дүгээр тал/

8.Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаа /хх-ийн 30-34 дүгээр тал/

9.Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 49-50 дугаар тал/

10.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 77-78 дугаар тал/

11..Яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 80-81 дүгээр тал/

12.Яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 81-87 дугаар тал/

13.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 88 дугаар тал/

14.Эд хөрөнгөтэй эсэх хураангүй лавлагаа /хх-ийн 89 дүгээр тал/

15.Тээврийн хэрэглслийн лавлагаа /хх-ийн 90 дүгээр тал/

16.Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 91 дүгээр тал/

17.Яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 80-81 дүгээр тал/

18.Яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 81-87 дугаар тал/

           19.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 88 дугаар тал/

 20.Хан-Уул дүүргийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 103 дугаар тал зэрэг болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Ганбатын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон, дээрх зүйл хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж шүүх үзлээ.

 

 

Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, нийтийн болон үндэсний эрх ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцдог бөгөөд шүүгдэгч Б.Ганбатын гэмт үйлдлийн улмаас бодит байдлаар илэрхийлэгдэх хохирол, хор уршиг учраагүй байна.

Гэвч Эрүүгийн хуулийн 19 дүгээр бүлэгт заагдсан гэмт хэргүүд нь Монгол улсын үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргүүд бөгөөд эдгээр гэмт үйлдлүүдийн улмаас улс орны аюулгүй байдал, нийтийн болон үндэсний эрх ашиг хөндөгддөг болохыг дурьдах нь зүйтэй.

 

Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

   Шүүгдэгч Б.Ганбат анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирол, хор уршиг байхгүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд ороцсон Прокуророос санал болгосон хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг хүлээн авч шйидвэрлэв.

Шүүгдэгч Б.Ганбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаатай тэнсэж, мөн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

          Шүүгдэгч Б.Ганбатад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

      Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Буянжаргалын Амгаланбаатарын Е-1500012 дугаартай энгийн гадаад паспорт, УБТЗ-аас олгосон РЖД-305 дугаар галт тэрэгний тасалбар зэргийг хурааж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.  

  

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Батбаярын Ганбатыг мөн хуулийн тусгай ангийн 19.14 дугаар зүйлийн 1-д заасан “Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

           2.Эрүүгийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Батбаярын Ганбатад мөн хуулийн тусгай ангийн 19.14 дугаар зүйлийн 1-д заасан хорих ял шийтгэл оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж мөн хугацаагаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.            

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Ганбатыг 01 жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч шүүхээс хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй бол уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

           5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Ганбат уг хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

           6.Шүүгдэгч Б.Ганбат нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

     7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Буянжаргалын Амгаланбаатарын Е-1500012 дугаартай энгийн гадаад паспорт, УБТЗ-аас олгосон РЖД-305 дугаар галт тэрэгний тасалбар зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсүгэй.

          8.Шүүгдэгч Б.Ганбатад урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

          9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

          10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ                                              Б.ЭРДЭНЭХИШИГ