Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/201

 

 

 

                                     Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхзул,

 улсын яллагч Т.Нансалмаа,

 шүүгдэгч Д.Шарав, Б.Алтаннаран, Д.Батчулуун,

 шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Гансүх нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Модныхон овогт Дэжидийн Шарав, Боржигин овогт Бооройгийн Алтаннаран, Зөөд овогт Дамирангийн Батчулуун нарт холбогдох эрүүгийн 2231001480194 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, 1972 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, дулааны тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Булган аймаг Бугат сум 1 дүгээр баг, Баянтөгөл гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Модныхон овогт Дэжидийн Шарав /РД:ФМ72021613/;

2.Монгол улсын иргэн, 1975 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, экскаваторын операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүү, бэр, ач нарын хамт Дархан-Уул аймаг Дархан сум 3 дугаар баг Булгын 5-93 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт Бооройгийн Алтаннаран /РД:ТГ75010571/;

3.Монгол улсын иргэн, 1980 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охиныхоо хамт Сэлэнгэ аймаг Ерөө сум 3 дугаар баг Бугант тосгоны Чулуутын 1-36 тоотод оршин суух хаягтай,

-урьд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1-р шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсгүүдэд зааснаар 2 жилийн хорих ялаар, мөн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Зөөд овогт Дамирангийн Батчулуун, /РД:МТ80031112/;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Д.Шарав, Б.Алтаннаран, Д.Батчулуун нар нь бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Бугант тосгоны нутаг дэвсгэр “Хэрээн гол” гэх газарт “Хьюндай 3000” маркийн экскаваторыг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж газрын хэвлийд халдаж байгаль экологид 80,685,89 (наян мянга зургаан зуун наян таван)-н төгрөгийн шууд хохирол, 337,137,29 /гурван зуун гучин долоон мянга нэг зуун гучин долоо/-н төгрөгийн хор уршиг учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.Шарав, Б.Алтаннаран, Д.Батчулуун нар нь бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Бугант тосгоны нутаг дэвсгэр “Хэрээн гол” гэх газарт “Хьюндай 3000” маркийн экскаваторыг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр, ашигт малтмалын эрэл хайгуул явуулан газрын хэвлийд халдаж байгаль экологид 80,685,89 (наян мянга зургаан зуун наян таван)-н төгрөгийн шууд хохирол, 337,137,29 /гурван зуун гучин долоон мянга нэг зуун гучин долоо/-н төгрөгийн хор уршиг учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Д.Шарав, Б.Алтаннаран, Д.Батчулуун нар нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Шарав өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өмнөх мэдүүлгээ дэмжиж оролцоно” гэжээ[1],

2.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Алтаннаран өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өмнөх мэдүүлгээ дэмжиж оролцоно” гэжээ[2],

3.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Батчулуун өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өмнөх мэдүүлгээ дэмжиж оролцоно” гэжээ[3],

4.Хохирогч Д.Эрдэнэбулган 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Дэжид овогтой Шарав гэх иргэнийг танихгүй юм байна. Ямар нэгэн тусгай зөвшөөрөл олгогдоогүй. Байгаль орчинд учруулсан хохиролыг нөхөн төлүүлэх шаардлагатай байна” гэх мэдүүлэг[4],

5.Гэрч М.Түвшинжаргал 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “БТЕГ ХХК-ийн засварчин Сайнхуяг гэх хуурай ах маань намайг 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр надад “миний дүү Бугантад очоод “экскаваторт гагнуурын ажил хийгээд өгөөч” гэж гуйсан. Сайнхуяг ах нутгийн Мөнхбат гэх залуугийн экскаваторт гагнуур хийх байсан юм байна лээ. Тэгээд би Сайнхуяг ахад үгүй гэж хэлж чадахгүй “багахан юм бол за тэгье” гэж зөвшөөрсөн. Удалгүй Мөнхбат гэх Бугант тосгоны залуу над руу залгаж “би Хуягаа ахыг гуйсан юм тэгсэн цаадах чинь завгүй болсон байна тэгээд өөрийн чинь дугаарыг өглөө” гэхэд би “за Хуягаа ах гуйсан юм чинь би очоод хийгээд өгье” гэж хэлсэн бөгөөд Мөнхбат надад Дарханаас тэндерийн унаа зохицуулж өгч би 2022 оны 03 дугаар сарын 14-ний орой Бугант тосгонд ирсэн бөгөөд хоол идчихээд шууд “Хэрээн гол” гэх газар руу явсан. Очиход танихгүй 5, 6 залуучууд засвар хийгээд байж байсан. Би 2022 оны 03 дугаар сарын 15,16-ны өдрүүдэд Мөнхбат гэх залуугийн “liugong 220” маркийн экскаваторт гагнуур болон жижиг засварын ажил хийсэн бөгөөд засвар хийгээд байж байтал цагдаа ирсэн. Ийм л зүйл болсон. 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр намайг Мөнхбатын liugong 220 маркийн экскаваторт засвар хийгээд байж байтал Шарав гэх иргэний Hyundai 3000, Батсайхан гэх иргэний “Hyundai 2800”, “Doosan 2800” маркийн улаан өнгийн экскаваторууд нь засвар үйлчилгээ хийгээд дээшээ очиж ажилласан” гэх мэдүүлэг[5],

6.Гэрч Л.Батжаргал 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3-р баг Бугант тосгонд төрсөн өссөн бөгөөд 8 дугаар ангиа төгсөж, Улаанбаатар хотруу суурьшин амьдрахаар явж байсан. 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгаас бага ангийн найз Сокын машиныг янзлах зорилгоор Бугантад ирсэн. Тэгээд Мөнхбаттай төвд таарсан ба надад “ахаа экскаваторт гагнуур хийгээд өгөөч гэж гуйсан” тэгээд Мөнхбаттай “Хэрээн гол” гэх газар руу явсан. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 03 дугаар сарын 15-ны өглөө Мөнхбатын “liugong 220” маркийн экскаваторт гагнуурын ажил хийсэн. 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр помп /ус татах ноцос/ янзалсан. Мөнхбатын экскаваторт хүндийн гагнуурчин гэх Дарханаас ирсэн хүн гагнуур хийгээд байж байхад нөгөө гурван экскаватор дээшээ гол дээр оччихсон ажиллаж байсан” гэх мэдүүлэг[6],

7.Гэрч Б.Өсөхбаяр 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Бугант тосгоны таньдаг ах Мөнхбат над руу залгаж “ахын дүү ирж ажил хийх үү” гэхэд “ямар ажил вэ” гэж асуухад “зарааланд гүйгээд байж байхад болно” гэсэн. Тэгээд би зөвшөөрч 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгаас гарч Бугант тосгонд ирээд л шууд уул руу буюу “Хэрээн гол” гэх нэртэй газарт очоод унтаж амраад өглөө босч дээшээ шланк, ус сордог помп зэргийг зөөж өгч туслачихаад доошоо ирж Мөнхбат ахын “liugong 220” маркийн экскаватор дээр засвар хийгээд байж байтал цагдаа ирсэн. Монгол гэрийн хажууд Булган аймгийн Шарав гэх ахын “Hyundai 3000”, Улаанбаатар хотын Батсайхан гэх ахын “Hyundai 2800”, улаан өнгөтэй “Doosan 2800” маркийн экскаваторууд байсан. Бүгд гэрийн хажууд байрлуулж тавьсан байсан. 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр тухайн 3 экскаватор нь дээшээ очиж ажилласан” гэх мэдүүлэг[7],

8.Гэрч М.Мөнхбат 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Дархан-Уул аймагт оршин суух манай хуурай ах Баясаа нь Пидопд 220 маркийн экскаватортой юм. Тухайн экскаватор нь “Хэрээн гол” гэх газар байсан бөгөөд тухайн экскаваторыг миний бие энэ сараас түрээсээр авч ажиллаж байгаа юм. Тухайн экскаваторт гагнуурын хийх ажил байсан бөгөөд миний бие Дархан-Уул аймгаас гагнуур хийдэг 2 ажилчин Хэрээн голд 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр аваачиж өнөөдрийг хүртэл засвар хийлгэсэн. 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “Ланд-80” маркийн тээврийн хэрэгсэлтэй Бугантаас гагнуурын электрот авч Хэрээн голд аваачиж өгөх зорилгоор Бугантаас 10 цагийн үед явсан ба Булганы Шарав гэх танилыг хэрээн гол гэх газар хүргэж өгсөн ба Шаравын “Hyundai 3000” маркийн экскаватор тэнд байсан юм. Буцаж Бугантад ирээд байж байтал дахиад экскаваторт гагнуур хийх электрот хэрэг болсон гээд би дахиад “хэрээн гол” руу явсан ба явахдаа хүргэн Баяраа, дүү Мөнхбаяр, дүүгийн найз Хуаныш, нутгийн танил Батсайхан нарыг авч явж тухайн газарт хүргэж өгөөд буцаад Бугантад ирэхэд 00 цаг орчим болж байсан. Дахиж би очоогүй” гэх мэдүүлэг[8],

9.”Эрдэнийн Ногоолин” ХХК-ний үнэлгээний тайлан хэсэгт:

Талбайн төрөл

Хохирлын төрөл

Хохирлын нийт хэмжээ, төгрөг

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйл. Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлөх

Нөхөн төлбөрийн хэмжээ, төг

 

 

 

 

 

 

Эвдрэлд оруулсан 81.14м2 талбай

 

 

Эдэлбэр газарт учирсан хохирол

4,448,09 төгрөг

49 дүгээр зүйлийн 4 дахь хэсгийн 5-д зааснаар экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр

13,344,27 төгрөг

Газрын хэвлийд учирсан хохирол

54,769,5 төгрөг

49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1-д зааснаар экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр

109,539 төгрөг

Хөрсөн бүрхэвчинд учирсан хохирол

19,008,63 төгрөг

49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 2-д зааснаар экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр

57,025,89 төгрөг

Ургамлан нөмрөгт учирсан хохирол

2,459,67 төгрөг

49 дүгээр зүйлийн 4 дахь хэсгийн 3-д зааснаар экологи-эдийн засгийн үнэлгээг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр

512,298,35 төгрөг

Нийт дүн

80,685,89 төгрөг

 

 

192,207,51 төгрөг

дүгнэлт[9],

10.Шүүгдэгч Д.Шаравын 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр яллагдагчаар өгсөн: “Би алт олборлох үедээ өөрийн танил Д.Батчулууныг хамт ажиллаад өгөөч гэж хэлсэн. Мөн би Ганзүрхээс авсан экскаваторыг жолоодох хүн хэрэгтэй байсан тул Батчулууныг экскаватор жолоодох хүн олоод өгөөч гэсэн. Батчулуун үүний дагуу Дархан суманд оршин суух Алтаннаран гэх хүнийг олж бид хамт ажиллахаар болсон. Би анх Ганзүрхээс экскаваторыг нь авахдаа “Би чиний экскаваторыг засаж янзлаад хэрэглэе” гэсэн юм. Түүнээс алт олборлох талаар хэлээгүй юм. Би тухайн үед хүний техник хэрэгслээр зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан гээд асуудал үүсчих байх гэж айгаад дээрх мэдүүлгийг өгсөн. Гэвч тухайн мэдүүлгээс болоод Ганзүрхийг асуудалд оруулчих шиг боллоо. Би Ганзүрхэд экскаватораар нь алт олборлох гэж байгаа талаар хэлээгүй. Би тухайн алт угаах төхөөрөмж болон ус татах насос төхөөрөмжийг хэний эзэмшлийн эд хөрөнгө болохыг сайн мэдэхгүй байна. Би Батчулууныг хамт ажиллаад өгөөч гэхэд Батчулуун тухайн төхөөрөмжүүдийг олж өгсөн юм. Бид тухайн хэргийн байгаль экологид учирсан 80.685.89 (наян мянга зургаан зуун наян таван)-н төгрөгийн шууд хохирол, 337,137.29 /гурван зуун гучин долоон мянга нэг зуун гучин долоо/-н төгрөгийн хор уршгийг хаана, хэрхэн барагдуулах талаар мэдэхгүй байсан учир одоогоор барагдуулаагүй. Гэхдээ бид тухайн хохирлыг барагдуулахад бэлэн байна” гэх мэдүүлэг[10],

11.Шүүгдэгч Д.Батчулууны 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр яллагдагчаар өгсөн: “Би 2022 оны 03 дугаар сарын 15-ны орчимд манай танил болох Д.Шарав нь надад “Би хүний экскаватор гуйчихлаа. Би энд хүн сайн танихгүй байна. Чи экскаватор барих нэг хүн олчих. Хэдүүлээ “Хэрээн гол” ороод жаахан алт ухаад ирье гэж хэлсэн. Би өөрийн танил Аптаннаранг гуйгаад экскаватор бариулахаар болоод тэр шөнөдөө “Хэрээн гол” гэх газар руу явсан. Ингээд тухайн газартаа очоод жаахан амраад хоол унд хийж идээд, ойр зуурын засвараа хийгээд 13 цагийн орчимд экскаватороо асаагаад Алтаннаран экскаватороо бариад гэр байсан газраас дээш жаахан яваад бид газар ухаад эхэлж байтал цагдаа нар ирсэн. Шарав нь “Би хүний экскаватор гуйчихлаа. Би энд хүн сайн танихгүй байна. Чи экскаватор барих нэг хүн олчих. Хэдүүлээ “Хэрээн гол” ороод жаахан алт ухаад ирье гэсэн. Тэгээд намайг өдрийн 60.000 /жаран мянга/-н төгрөгөөр ажиллуулахаар тохирсон. Би хэдэн төгрөг ольё гэж бодоод л очсон юм” гэх мэдүүлэг[11],

12.Шүүгдэгч Б.Алтаннарангийн 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр яллагдагчаар өгсөн: “Би анх тухайн “Хэрээн гол” нэртэй газар очих үед согтуу байсан. Ингээд өглөө босоод ажлаа эхэлтэл алт ухах ажил байсан. Би очоод л мэдсэн. Тэгээд би тухайн “Хьюндай 3000” маркийн экскаваторыг ажиллуулан Шарав ахын заасан газарт газар ухаж эхэлсэн. Би Шарав гэх хүнээс тусгай зөвшөөрөл байгаа эсэх талаар асуугаагүй. Тухайн хүнд тусгай зөвшөөрөл байгаа болоод уг үйл ажиллагааг явуулж байгаа юм байна гэж ойлгосон. Гэтэл цагдаа ирээд бидний үйл ажиллагааг зогсоох үед л би Шаравыг тусгай зөвшөөрөлгүй юм байна гэж мэдсэн. Бид тухайн хэргийн байгаль экологид учирсан 80.685.89 (наян мянга зургаан зуун наян таван)-н төгрөгийн шууд хохирол, 337,137.29 /гурван зуун гучин долоон мянга нэг зуун гучин долоо/-н төгрөгийн хор уршгийг барагдуулсан эсэх талаар мэдэхгүй байна. Шарав гэх хүн тухайн үйл ажиллагааг явуулсан тул өөрөө төлж барагдуулах байх” гэх мэдүүлэг[12], 13.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[13], 14.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[14], 15.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[15], 16.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[16], 17.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[17],18.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[18], 19.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[19], 20.МУ-ын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн акт зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Шарав, Б.Алтаннаран, Д.Батчулуун нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчаас: “...Шүүгдэгч Шарав, Батчулуун, Алтаннаран нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэгт гэм буруутайд тооцох саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна. Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн хувийн байдал, хохирол, хор уршиг, хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж тус бүр 5,800,000 төгрөгөөр торгох саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна. Шүүгдэгч нарын цалин хөлс, орлого олох байдлыг харгалзан үзээд уг ялыг Эрүүгийн хуульд зааснаар 1 жилийн хугацаанд төлүүлэх санал гаргаж байна. Гэмт хэргийн улмаас бодит хохирол 80,685, хор уршиг 337,437 төгрөгийн хохирол учирсан. Уг төлбөрийг шүүхийн шатанд төлж барагдуулсан байна. Гэмт хэргийн улмаас учирсан хор, хохирлыг нөхөн төлсөн. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Hyundai 3000” маркийн экскаватор нь Ганзүрх гэдэг хүн түрээслүүлдэг, Ганзүрх, Шарав нар нь хамаатан садангийн холбоотой, Шарав энэ экскаваторыг засаж, янзлая гээд авсан. Энэ техник бол ерөнхийдөө Бугант тосгоны нутаг дэвсгэрт байж байдаг ийм техник байгаа. Ганзүрхийн хувьд энэ тухайд би ажиллаж байгаад ажлынхаа хөлсөнд энэ техникийг авсан гэж мэдүүлдэг боловч энэ талаар ямар нэгэн баримт байдаггүй. Ер нь энэ төрлийн гэмт хэргүүдийг үйлдэхэд техникүүдийг удаа дараа ашигладаг. Энэ техникүүдийн хувьд аваад үзэхэд ямар нэгэн техникийн гэрчилгээ огт байдаггүй, хилээр оруулж ирсэн техникүүдээр босгож, биет байдлаар бий болгож, ашигладаг нөхцөл байдал тогтоогдсон. Ганзүрхийн хувьд бол ажиллаж байгаад авсан гэдэг ч нотлох баримт байхгүй учраас энэ техникийг хурааж, улсын орлого болгох саналыг гаргаж байна. Мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан алт угаах төхөөрөмж, усны насос нь тодорхой хүний эзэмшилд байдаггүй тул хурааж улсын орлогод оруулах саналыг тус тус гаргаж байна. Гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцлийг аваад үзэхэд амар хялбар аргаар мөнгө олох гэсэн байна” гэсэн саналыг шүүхэд гаргажээ.[20]

Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс: “Миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хор уршгийг учруулж байгааг та анхаарч үзвэл, экскаваторт шанага биш соёо байсан энэ нь болохоор дөнгөж газрыг суллах, сул шороог холдуулж байсан. Ухаж эхлээгүй байсан. Энэ тал дээр төрийн бодлогын хэмжээнд анхаарахгүй бол ял өгөөд нэмэргүй гэж харж байна. Оросууд аль эрт ухаад дуусчихсан газар Монголчууд дахин зөвшөөрөлгүй ухаад ийм асуудлууд гараад байна гэв. Нөгөөтэйгүүр “Эрдэнийн ногоолин” ХХК-н үйл ажиллагааг зөв гэж бодож байна. Өмнө нь зөндөө хүмүүс ухаад дуусчихсан газар дээр олборлолт хийж байгаад баригдаж, зөндөө мөнгөөр торгуулдаг байсан. Улсын яллагчийн талаас торгох ялыг санал болгож байгааг би дэмжиж байна бидний зүгээс 5,400,000 төгрөгөөр торгож өгөөч, мөн 2 жилийн хугацаагаар тогтоож өгөөч гэж хүсэж байна. Ганзүрхийн “Hyundai 3000” маркийн экскаватор нь шударга эзэмшилд байгаа тул улсын орлогод оруулах шүүхийн шийдвэр гарах боломжгүй учраас тээврийн хэрэгслийн үнийн дүнг 3-т хуваадаг ч юм уу боломж байгаа нөгөөтэйгүүр алт угаах төхөөрөмж нь тэндээ байж байсан зүйл. Харин газрын хэвлийд халдахдаа ашигласан зүйлийг нь гаргуулаад, нөгөө 2 саналыг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг гаргажээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Д.Эрдэнэбулган нь (төрийн төлөөлж хохирогчоор тогтоогдсон болно) мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон газрын хэвлийд халдсан экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг нөхөн төлүүлж, нэхэмжилмээр байна гэжээ.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.3, 2.5, 2.6, 3, 4.3, 4.5, 5.1, 5.2 дахь заалтуудад тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас Д.Шарав, Б.Алтаннаран, Д.Батчулуун нарын хууль бус ашиглалтаас өртөгдсөн газар, газрын хэвлий, хөрс, ургамлан нөмрөгт учирсан хохирол 192,207,51 төгрөг, техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн зардал 144,929,78 төгрөг, нийт 337,137 /гурван зуун гучин долоон мянга нэг зуун гучин долоо/-н төгрөгийг шүүгдэгч нар нь Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлснийг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,[21]

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүрээлэн байгаа орчинд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа тусгай зориулалтын том оврын техник, тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, тусгай зориулалтын эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж, учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник, хэрэгслийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд заасан.

            Шүүгдэгч Д.Шарав, Б.Алтаннаран, Д.Батчулуун нар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан экскаваторыг Ганзүрх гэдэг хүний шударга эзэмшилд байгаа гэж шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс маргаж байгааг хүлээн авах боломжгүй юм. Учир нь:

“Hyundai Robex-3000” маркийн экскаватор нь арлын дугааргүй, бичиг баримтгүй, чухам хэний эзэмшил, өмчлөлд байдаг болох нь тодорхойгүй бөгөөд хавтаст хэрэгт Баасансүрэн овогтой Ганзүрхийг иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй, түүний эзэмшил, өмчлөлд байгаа эсэхийг тодруулах зорилгоор тээврийн хэрэгслийн лавлагаа авсан боловч дээрх техник нь бүртгэгдээгүй[22],

Улсын яллагч шүүхэд хэлэлцүүлэгт “...Мөнхбат, Ганзүрх нарын техникүүд ...Бугант тосгоны нутаг дэвсгэрт буюу хэрэг учрал болсон газарт байнга байж байдаг техникүүд юм. ...Ер нь энэ төрлийн гэмт хэргүүдийг үйлдэхэд техникүүдийг удаа дараа ашигладаг. Энэ техникүүдийн хувьд аваад үзэхэд ямар нэгэн техникийн гэрчилгээ огт байдаггүй, хилээр оруулж ирсэн техникүүдээр босгож, биет байдлаар бий болгож, ашигладаг нөхцөл байдал тогтоогдсон. ...мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан алт угаах төхөөрөмж, усны насос нь тодорхой хүний эзэмшилд байдаггүй” гэсэн саналыг шүүхэд гаргасан нь үндэслэл бүхий байх тул шүүгдэгч Д.Шарав, Б.Алтаннаран, Д.Батчулуун нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Hyundai Robex-3000” маркийн экскаватор, алт угаах төхөөрөмж 1 ширхэг, усны насос 1 ширхэг зэргийг тус тус хураан авч, Улсын орлого болгох нь хуульд нийцнэ гэж үзсэн.

Гурав. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Д.Шарав, Б.Алтаннаран, Д.Батчулуун нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Шарав, Б.Алтаннаран, Д.Батчулуун нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь хэсэгт заасан “...хохирлыг нөхөн төлсөн” тэдгээрийн хувийн байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч Д.Шарав, Б.Алтаннаран, Д.Батчулуун нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, тэдгээрийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 02 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалган, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд анхааруулан шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Д.Шарав, Б.Алтаннаран, Д.Батчулуун нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь хуульд нийцнэ гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Модныхон овогт Дэжидийн Шарав, Боржигин овогт Бооройгийн Алтаннаран, Зөөд овогт Дамирангийн Батчулуун нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулан хууль бусаар газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Шарав, Б.Алтаннаран, Д.Батчулуун нарт тус бүр 5400 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан тэдгээрт тус бүрт оногдуулсан 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 02 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг Д.Шарав, Б.Алтаннаран, Д.Батчулуун нарт тус тус даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Шарав, Б.Алтаннаран, Д.Батчулуун нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд анхааруулсугай.

5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.3, 2.5, 2.6, 3, 4.3, 4.5, 5.1, 5.2 дахь заалтуудад тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас Д.Шарав, Б.Алтаннаран, Д.Батчулуун нарын хууль бус ашиглалтаас өртөгдсөн газар, газрын хэвлий, хөрс, ургамлан нөмрөгт учирсан хохирол 192,207,51 төгрөг, техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн зардал 144,929,78 төгрөг, нийт 337,137 /гурван зуун гучин долоон мянга нэг зуун гучин долоо/-н төгрөгийг шүүгдэгч нар нь Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлснийг дурьдсугай.

 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Шарав, Б.Алтаннаран, Д.Батчулуун нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Hyundai Robex-3000” маркийн экскаватор, алт угаах төхөөрөмж 1 ширхэг, усны насос 1 ширхэг зэргийг тус тус хураан авч, Улсын орлого болгосугай.

7. Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

8. Шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

                   

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ц.АМАРГЭРЭЛ