Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/98

 

            

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

С******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ,

улсын яллагч А.Энхтуяа

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх,

шүүгдэгч Ч.Н*******,

хохирогчийн өмгөөлөгч Г.Амартүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

С******* аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Ч.Н*******д холбогдох, эрүүгийн 2031001110055 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт

Монгол Улсын иргэн ******* оны 09 дүгээр сарын 23-ны өдөр С******* аймгийн С******* суманд төрсөн 49 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, дуу хөгжмийн багш мэргэжилтэй, С******* аймгийн Х******* х******* үйлчилгээний хэлтэст жижүүр ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт С******* аймаг С******* сум 1-р баг, 3-р хэсэг, 010 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй

Б******* овогт Ч******* Н*******, /РД:*******/,

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Ч.Н******* нь 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр С******* аймгийн С******* сумын 7 дугаар баг 104 тоотод иргэн Д.Х нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас баруун нүдний алимны урагдсан шарх, нүдний агуулагдахуун гадагшилсан байдал, баруун нүдний зовхины цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэг холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

С******* аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Наранбямбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Наранбямбын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ажлаасаа буугаад явж байсан. Тэгээд дарга намайг шон эвдэрсэн янзлаарай гэж хэлсэн. Тэгээд би найзыгаа дуудсан. Би хувцсаа солиод гагнуурын бэлтгэлд гарсан. Х болон түүний авгай, найзуудтайгаа архи уугаад сууж байсан. Дөнгөж гэрт ороод үүдэнд зогсоход Х хар Бямба ахын дүү наашаа суу гэж хэлсэн. Тэгэхээр нь би чам шиг ахтай байснаа санахгүй юм байна гэж хэлсэн. Намайг хамт сууж архи уухыг шаардаад байсан. Би суухгүй гэсэн чинь Х авгай нь надад хүн суу гэж хэлээд байхад ямар их зантай пизда вэ? гэж хэлсэн. Би тэгж хэлэхээр нь миний суух суухгүй чамд ямар хамаатай юм бэ? гэж хэлчхээд үүдний тольд маскаа янзлаад зогсож байхад Хадаа хажууд ирсэн ална гэж хэлээд архины шилээр далайсан. Тэгээд би сандраад түлхсэн. Архины шилийг нэг нь булааж аваад тавьсан. Би тэгээд шууд гэрээс нь гарж явсан. Араас авгай нь орилоод гараад ирсэн. Тэгэхээр нь би буцаж ороод та нар бүгдээрээ суу цагдаа орье гэж хэлсэн. Тэгээд тийм юм байхгүй гэж хэлсэн. Гэрээс гараад би дүү рүүгээ утасдаад Хыг үзэж өгөхийг хүссэн тэгсэн манай дүү тийм зүйл байхгүй цагдаа аваад шууд яв гэж хэлсэн. Манай дүү сувилагч, эмч хийдэг байсан. Тэгээд би цагдаа нар дээр очсон. Цагдаа дээр очиж мэдүүлэг өгсөн. Хүний нүд сохолсон үйлдэл маань миний буруу. Би сүүлд Хтай уулзсан. Би эмчилгээ хийлгээрэй гэж 1,000,000 төгрөг өгсөн. Тэгээд архинаас болоод нүдээ сохолчихлоо гэж Хадаад хэлсэн. Би өөрөө 8 жил 6 сар архи уугаагүй. Тухайн үед би ажилтай явж байсан. Намайг очиж уулзахад Хадаа намайг машинаа өгч байна гэж ойлгосон юм шиг байгаа юм. Намайг хууль цагдаа дээр очвол баларна харин надад 20,000,000 төгрөг өгчих гэж хэлж байсан. Түүний дараа Хадаатай уулзах гэхээр эрэгтэй дүү нь ажил дээр хүрч ирээд ингэж явахыг чинь харна гэсэн. Дараа нь шинэ захын урд талд тараад чамайг шоронд хатаана гэж хэлсэн. Тэгээд Хадаатай уулзаж чадаагүй...” гэжээ.

Шүүгдэгч Ч.Наранбямбын 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр яллагдагчаар өгсөн: “...Би өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 35 дугаар хуудас/,

Хохирогч Д.Х 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн: “...Намайг тэр өдөр Э гэрт архи уугаад сууж байхад Н*******, Алтансүх нар гаднаас орж ирсэн. Би архи уусан согтуу байсан учир зарим зүйлийг санахгүй, хольж солиод яриад байсан байж магадгүй. Миний санаж байгаагаар манай эхнэр Шүрэнцэцэг, Н*******тай маргалдсан. Тэгээд би эхнэрээ өмөөрсөн байх. Нэг ухаан ороход Н******* хуруугаа миний баруун нүд рүү хатгахад би нүдээ дараад доошоо суучихсан байсан. Би урд нь Э гэрийн гадна Н******* намайг дуудаад цохисон гэж мэдүүлэг өгсөн. Тэнд Н*******ас гадна Алтансүх гэж эрүүл, огт архи уугаагүй хүн байсан. Тэр хүн хаана муудалцаж маргалдсан талаар хэлэх байх. Би болохоор байшин дотор хаалганы орчим хэрэг болсон гэж санаад байна. Нүдээ гэмтээчхээд Наранбямбын араас гарсан байж болно. Тэрийгээ хольж солиод яриад байгаа байж магадгүй. ...Н******* миний нүд рүү цохиж, хуруугаараа хатгахад шал бохирдуулахаар их хэмжээний цус нүднээс гараагүй. Бага зэрэг гарсан...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 242 дугаар хуудас/,

Хохирогч Д.Х шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хэрэг болохын урьд орой ууссан байсан. Тэгээд Амарбаясгалан Бямба найзтай сууж байна гэж дуудсан. Өглөө 7 өнгөрч байхад дуудсан. Би таксигаар очсон. 1 шил архи авсан байсан. Тэгээд Бямбааг ажлаас бууж байна гэж ярьсан. Одоо хүртэл миний мөр мултарсан. Би гараа дээшээ болгож чадахгүй. Худлаа ярьж байна. Нэг удаа ч болтугай миний биеийг яаж байна гэж асуугаагүй. Надад 1,000,000 төгрөг өгөөд алга болсон. Би гомдол мэдүүлнэ гэж бодоогүй. Надтай утсаар хүртэл яриагүй. Бямбаа надад байнга нь энэ машин гэж хэлсэн. Одоо очоод нэр дээр чинь шилжүүлээд өгье гэж хэлсэн. Би өөрөө хувиараа тохироод салъя гэж хэлсэн. Шүүхээр явахгүй гэж хэлсэн. Надтай өмгөөлөгч авснаас хойш огт яриагүй. Би байнга очиж эмчилгээ хийлгэсэн. Одоо нүдээ авхуулсан байгаа, энэ миний нүдийг санаатай ирж нүд рүү хатгаагүй. 4 үүлээ 2 шил архи хувааж уусан. 2,000,000 төгрөг нэхэмжилж байна...” гэжээ.

Гэрч Д.А 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: “...Би Цагааннуур сумаас 2020 оны 02 дугаар сард гараад С******* суманд байх өөрийн найз залуу Э гэрт ирсэн. С******* суманд ирснээс хойш найз залуу Э гэрт амьдарч байна. 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр талийгаач нөхрийн найз болох Хт мэнд хүргэж чадсангүй гээд 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 08 цагийн үед Х гар утас руу яриад Цэргийн баярын мэнд хүргэе юу хийж байна завтай байвал хүрээд ирээч гэсэн чинь за за яваад очъё гэхээр нь Э гэрт хүрээд ир гээд дуудсан. Тэгсэн чинь Х 08 цаг 40 минутын үед эхнэр болох Шүрээгийн хамт ирсэн бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байдалтай ирсэн. Тэгээд Х болон түүний эхнэр Шүрээ, Эрдэнэбаяр бид нар юм ярьж суунгаа 0.5 литрийн Ерөөл нэртэй архийг хувааж уугаад сууж байсан чинь гаднаас Алтансүх, Н******* 2 ороод ирсэн. Тэгсэн чинь Х ширээн дээр байсан архины шилийг аваад зогсож байсан Н******* руу шууд далайгаад цохисон ба Н******* биеэ хамгаалахдаа Хыг гараараа цохичихсон юм. Ийм л асуудал болсон өөр ямар нэг асуудал байхгүй...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 08 дугаар хуудас/,

Гэрч Д.А 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр дахин өгсөн: “...Эрдэнэбаяр бол уг өдөр өглөө эрт найзууд нь орж ирээд архи уучхаад гараад явсан ба Х, Шүрэнцэцэг 2 бол урд өдөр нь уучихсан гэж ирсэн. Тэгээд бид нар 0.5 литрийн Хараа мөн 0.75 литрийн Хараа нэртэй архийг хувааж уусан ба Х Шүрэнцэцэг нар бол халамцуу, Эрдэнэбаяр нэлээн муудчихсан, Н*******, Алтансүх 2 бол архи уугаагүй эрүүл байсан. Харин би эрүүл байсан. Бүх болсон зүйлийг сайн санаж байна. Н******* Алтансүх гэх залуутай орж ирсэн ба Наранбямбыг орж ирэхэд Х Н*******д хандаж “Хар Бямбаа чи юу” гээд сууж байснаа боссон ба Алтансүх “боль, боль” гээд буцаагаад суулгасан юм. Тэгсэн чинь Х ширээн дээр байсан 0.75 литрийн архины шилийг аваад үүдэн зогсож байсан Н******* руу очоод гартаа барьсан архины шилээр хаашаа цохисон гэдгийг сайн мэдэхгүй ямар ч байсан нэг удаа цохиход Н******* “ёо, ёо” гэж хэлээд зүүн гар нь тэнийлттэй чигээрээ Х зүг рүү явах шиг харагдсан. Тэгсэн чинь Х “ёо, ёо” гээд нүдээ бариад буцаад сандал дээр суусан. Тэгээд харсан чинь Х баруун нүднээс цус гараад байхаар нь яана аа гээд байж байтал Шүрэнцэцэг утсаар яриад гарсан араас нь Х утсаар яриад гараад явсан юм. Ийм л асуудал болсон...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 09-10 дугаар хуудас/,

Гэрч А.А 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: “...Би өөрийн найз Наранбямбын хамт 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 11 цаг өнгөрч байхад найз Э гэрт очиход тэдний гэрт Эрдэнэбаяр, түүний эхнэр Амраа зүс таних Хадаа түүний эхнэр, эдгээр 4 хүн архи уугаад сууж байсан. Харин Н******* суулгүй үүдэнд суугаад байхад Х босоод Ч.Наранбямбын зүүн мөрний хэсэгт архины шилээр цохиход нь би босоод Хадаагийн барьж байсан архины шилийг булааж аваад орны араар тавьсан. Энэ хооронд Ч.Н******* Хадаагийн нүдний орчим цохисон байсан.  ...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 13 дугаар хуудас/,

Гэрч А.А 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр дахин өгсөн: “...Н******* бид хоёрыг зогсож байсан чинь Х намайг Оля ахын дүү наашаа суу гэхээр нь Эрдэнэбаяр, Х хоёрын хажууд очоод сууж байтал Х эхнэр Н*******д хандаж “хүн юм яриад байхад наашаа суугаач ямар их зантай пязда вэ” гэж хэлсэн. Тэгсэн чинь Н******* “суухгүй гэж байхад яах гээд байгаа юм бэ” гээд жаахан уурласан маягтай хариулсан. Тэгсэн чинь Х өөрийн эхнэрээ өмөөрөөд ширээн дээр байсан шилтэй архийг аваад Н******* руу очихоор нь би араас нь очихын завдалгүй Наранбямбын зүүн мөр рүү нь шилтэй архиараа цохисон. Би цохингуут нь очоод шилтэй архийг нь булааж аваад орны араар архины шилийг хийсэн чинь Х нүүрээ дараад суучихсан байсан. Би Наранбямбыг цааш нь түлхэж гаргаад байж байтал Х эхнэр “ашгүй, ашгүй. Бөөн мөнгө” гээд байхаар нь би Наранбямбын араас гараад “чи яаж байгаа юм бэ наадах чинь одоо бөөн мөнгө нэхэх нь байна шүү дээ” гэсэн чинь Н******* “цагдаа руу орж учраа олъё” гэсэн чинь Х түүний эхнэр 2 “явахгүй” гэсэн. Түүний дараа Х Н******* 2 гар бариад зогсож байсан чинь эхнэр нь цагдаа дуудчихсан байсан...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 14 дүгээр хуудас/,

Гэрч Ж.Э 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: “...Х шилтэй архи бариад миний хөл дээгүүр даваад гарахаар нь яа яа гэж хэлээд харсан чинь Х гартаа барьсан архины шилээр Наранбямбын зүүн мөр рүү цохиод авсан. Тэгтэл Н******* гараараа хамгаалах шиг л харагдсан. Тэгээд Х буцаж ирээд суухад Х баруун нүднээс нь цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 16-18 дугаар хуудас/,

Гэрч Ж.Ш 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 19-ний өглөө манай нөхөр Х бид 2 өглөө 06 цагийн үед сэрсэн юм. Гэртээ сэрчхээд байж байтал манай нөхрийн гар утас руу талийгаач найзынх нь эхнэр Амараа гэх эмэгтэй залгаад “өнгөрсөн ч гэсэн баярын мэнд би найз залуугийнхаа гэрт байна. Хүрээд ирээч” гэж хэлсэн талаар надад хэлсэн. Бид 2 Амараагийн дуудсан газар руу 08 цагийн үед такси дуудаж гараад замаараа дэлгүүр орж боов, ундаа авчхаад явсан. Амараа гэх эмэгтэйн байгаа газар нь дан байшин байсан бөгөөд нөхөр Х бид 2-г ороход Амараа болон түүний найз залуу 2 сууж байсан. Тэгээд бид 4 ширээ засаж суугаад 0.5 литрийн Ерөөл нэртэй архийг юм ярьж суунгаа хувааж уусан юм. Уг шилтэй архи дуусаад дахиад 0.5 литрийн Ерөөл нэртэй архи талаас доогуур орчихсон уугаад сууж байтал Н******* нэг залуутай орж ирсэн. Манай нөхөр Х болон Н******* нар хоорондоо урьд нь танил байсан юм шиг байсан “сайн уу” гээд мэндлээд багадаа хороололд тоглож байсан талаараа яриад сууж байсан. Манай нөхөр Х баруун талын мөр нь мултарч байсан ба яг тэр хэвээрээ эдгэчихсэн юм. Тэгээд яасан юм бүү мэд ямар ч байсан манай нөхөр Х гар эвгүй болгочихлоо гээд Н*******тай маргалдаад байсан. Тэгээд манай нөхөр Х ширээн дээр байсан 0.5 литрийн Ерөөл нэртэй архины шилийг бариад авахаар нь би “боль” гэж хэлээд гараас нь архины шилийг булааж буцаагаад суулгасан юм. Тэгсэн чинь Н******* нь манай нөхөр Хыг гараад ирээч гэж хэлээд аваад гарч байсан. Нээх удалгүй манай нөхөр Х баруун нүдээ дарчихсан, гарынх нь завсраар цус урсаад буцаад ороод ирсэн. Би тэрийг харчхаад “яасан юм бэ” гэж асуусан чинь “Н******* намайг цохичихлоо” гэж хэлэхээр нь шууд гараад хартал Н******* хашааны хаалгаар гарч байхаар нь “чи хүний нүд рүү цохичихсон байна, нүднээс нь цус гараад байна шүү дээ ах дүү нарт нь хэллээ шүү” гэсэн чинь “би өөрөө цагдаад очиж мэдэгдэнэ” гэж хэлээд яваад өгсөн юм...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 22-23 дугаар хуудас/,

Гэрч Ж.Ш 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр дахин өгсөн: “...Н******* болон түүний дагуулж орж ирсэн залуу / Алтансүх / нар Э байшин дотор орж ирчхээд зогсоод байсан. Яг хэн нь суу гэж хэлсэн юм бүү мэд миний санаж байгаагаар бол би бас орж ирсэн 2 залуу / Н*******, Алтансүх / нарт хандаж “модон өмд өмсчихсөн юм уу” гэж хэлж байсан. Н******* болон түүнтэй цуг орж ирсэн залуу / Алтансүх / нар суугаагүй, зогсож байгаад гарсан. ...Ямар ч байсан тухайн үед хамт байсан Амарбаясгалан гэх эмэгтэй Хыг “Наранбямбын толгой хэсэгт архины шилээр цохичихлоо” гэж хэлж ярьж байсан. Тэр үед нь Н******* руу харсан чинь толгойдоо бол ямар нэг гэмтэл шарх авсан гэж бол харагдаагүй. Х бид 2 Э гэрт сууж байхад Х Н*******тай маргалдах шиг болоод ууж байсан архины шилээ аваад босохоор нь би Х гартаа барьсан байсан архины шилийг булааж аваад ширээн дээр тавьсан. Мөн Х босоод зогсохоор нь буцаагаад суулгасан. Түүнээс өөр ямар нэг байдлаар бол архины шил барьж босоогүй, Наранбямбыг архины шилээр цохисон зүйл байхгүй....” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 22-23 дугаар хуудас/,

Гэрч Н.Х 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр дахин өгсөн: “...2020 оны 03 дугаар сард ковид гээд гэртээ каринтилагдсан байсан. Миний эцэг Н******* нь С******* аймгийн х******* х******* үйлчилгээний газарт жижүүрээр ажилладаг бөгөөд түүнээс хойш уулзаагүй байж байгаад 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 09-10 цагийн хооронд гэрт орох гээд явж байхад Алтансүх гээд найзтайгаа гэрээс гараад явж байсан. Тэр өдөр аавтайгаа орой уулзсан. Миний эцэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй найз нь мөн адил эрүүл саруул байсан...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 31 дугаар хуудас/,

Дархан Уул аймгийн Шүүх шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 268 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Д.Х биед баруун нүдний алимны урагдсан шарх, нүдний агуулагдахуун гадагшилсан байдал, баруун нүдний зовхины цус хуралт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4-д зааснаар ерөнхий х*******ийн чадварыг их хэмжээгээр буюу 35 хувиар алдагдуулах хүнд зэргийн гэмтэл болно гэх дүгнэлт, /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

С******* аймгийн Шүүх шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 101 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Ч.Наранбямбын биед зүүн мөр, эгэмний орчим зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4.цаашид ерөнхий х*******ийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт, /хх-ийн 54-55 дугаар хуудас/,

С******* аймгийн Шүүх шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 125 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Ч.Наранбямбын биед зүүн 4 хуруу гэмтлийн улмаас мэдээгүй хөдөлгөөнгүй болж хатингаршсан, зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Ч.Наранбямбын зүүн гарын сарвуу хэвийн бус гэмтлийн улмаас мэдээ алдсан, рефлекс суларсан, хатингаршсан байна.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4.Наранбямбын зүүн гарын сарвуу хэлбэрийн хувьд энгийн бус, тэнийж мэдрэхүй алдсан байна. гэх дүгнэлт, /хх-ийн 65-66 дугаар хуудас/,

Гэрч Б.П 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: “...Би 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр жолооч ажилтай байсан бөгөөд дуудлага гарлаа гэсний дагуу ажлын хэсгийн хамт явсан. Би машин барьж явсан болохоор тухайн үед яг ямар асуудал болсон талаар бол сайн санахгүй байна. уг дуудлага өгсөн газарт байсан хүмүүсийг цагдаа дуудаж ирээд согтуурлын зэрэг шалгах багажаар үлээлгэж тэмдэглэл үйлдсэн ба Шүрэнцэцэг гэх эмэгтэй нэлээн согтуу, Амарбаясгалан гэгч нь бараг эрүүл шахуу, Эрдэнэбаяр гэх залуу нэлээн согтуу харагдаж байсан...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 101 дүгээр хуудас/,

Гэрч А.А 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр дахин өгсөн: “...Намайг харж байхад бол Н******* зөвхөн бултах хөдөлгөөн хийсэн. Яг тийм зүйл болсны дараа би Х гартаа барьсан архины шилийг аваад орны ардуур хийгээд эргээд харахад Х нүдээ дараад сууж байсан...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 102 дугаар хуудас/,

Шинжээч Д.Туяагийн  “... Х биед учирсан баруун нүдний алимны урагдсан шарх, нүдний агуулагдахуун гадагшилсан байдал, баруун нүдний зовхины цус хуралтын гэмтэл нь гарын хурууны үзүүрээр хатгасан, үзүүр хэсэг нь орсон тохиолдолд үүсч болно. ...нэг удаагийн, хүчтэй, огцом үйлдлээр үүсэх боломжтой. ...Гэнэт огцом үйлдлээр нүд рүү гадны биет буюу гарын сарвууны үзүүр хэсэг орсноос ийм гэмтэл үүсч болно...” гэх мэдүүлэг, /хх-ийн 1, 50 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 01 дүгээр хуудас/, гэмт хэрэг, гэмт хэргийн талаар бичгээр гаргасан гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, / 1-р хх-ийн 04-05, 7 дугаар хуудас/, яаралтай тусламжийн хуудас, /1-р хх-ийн 46-47 дугаар хуудас/, гэрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1-р хх-ийн 104-122 дугаар хуудас/,  эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /2-р хх-ийн 30-32 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 38-р хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл /2-р хх-ийн 49-р хуудас/, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.Н******* нь 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр С******* аймгийн С******* сумын 7 дугаар баг 104 тоотод иргэн Д.Х гэрт нь хүн хүргэж очиход Д.Х нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуурсан байсан ба Д.Х нь үүдэнд зогсож байсан Ч.Наранбямбыг хамт сууж архи уу, эхнэртэй маргалдлаа гэх шалтгаанаар агсам тавьж мөрөн тус газар нь архины шилээр цохисны дараа нь  Ч.Н******* Д.Хыг гараараа түлхэж өөрөөсөө холдуулах үйлдэл хийхэд Д.Х нүд рүү нь Ч.Наранбямбын хуруу орж “Д.Х баруун нүдний алимны урагдсан шарх, нүдний агуулагдахуун гадагшилсан байдал, баруун нүдний зовхины цус хуралт гэмтэл” бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Үүнд: Шүүгдэгч Ч.Наранбямбын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...үүдний тольд маскаа янзлаад зогсож байхад Хадаа хажууд ирсэн ална гэж хэлээд архины шилээр далайсан. Тэгээд би сандраад түлхсэн, хүний нүд сохолсон үйлдэл маань миний буруу. Миний хуруунууд  гэмтлийн улмаас шулуунаараа хатингаршиж, хөдөлгөөнгүй болсон, тухайн үед Хыг түлхэхэд миний хуруу нүд рүү нь орсны улмаас ийм зүйл болсон байх ....” гэжээ.

Хохирогч Д.Х шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хот руу очиж  эмчилгээ хийлгэсэн. Одоо нүдээ авхуулсан байгаа, Н******* миний нүдийг санаатай ирж нүд рүү хатгаагүй. ...” гэжээ.

Хохирогч Д.Х мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би архи уусан согтуу байсан учир зарим зүйлийг санахгүй, хольж солиод яриад байсан байж магадгүй. Миний санаж байгаагаар манай эхнэр Шүрэнцэцэг, Н*******тай маргалдсан. Тэгээд би эхнэрээ өмөөрсөн байх. Нэг ухаан ороход Н******* хуруугаа миний баруун нүд рүү хатгахад би нүдээ дараад доошоо суучихсан байсан...” гэсэн мэдүүлгээр, /1-р хх-ийн 242 дугаар хуудас/,

Гэрч Д.А  мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн  “...   Х ширээн дээр байсан архины шилийг аваад зогсож байсан Н******* руу шууд далайгаад цохисон ба Н******* биеэ хамгаалахдаа Хыг гараараа цохичихсон юм.  ...” гэсэн утга бүхий 2 удаагийн мэдүүлгээр, /1-р хх-ийн 08, 09-10 дугаар хуудас/,

 Гэрч А.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...  Х босоод Ч.Наранбямбын зүүн мөрний хэсэгт архины шилээр цохиход нь би босоод Хадаагийн барьж байсан архины шилийг булааж аваад орны араар тавьсан. Энэ хооронд Ч.Н******* Хадаагийн нүдний орчим цохисон байсан.  ...” гэсэн утга бүхий 2 удаагийн мэдүүлгээр, /1-р хх-ийн 13, 14 дүгээр хуудас/,

 Гэрч Ж.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Х шилтэй архи бариад миний хөл дээгүүр даваад гарахаар нь яа яа гэж хэлээд харсан чинь Х гартаа барьсан архины шилээр Наранбямбын зүүн мөр рүү цохиод авсан. Тэгтэл Н******* гараараа хамгаалах шиг л харагдсан. Тэгээд Х буцаж ирээд суухад Х баруун нүднээс нь цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 16-18 дугаар хуудас/,

Гэрч Б.П мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр  ... дуудлага өгсөн газарт байсан хүмүүсийг цагдаа дуудаж ирээд согтуурлын зэрэг шалгах багажаар үлээлгэж тэмдэглэл үйлдсэн ба Шүрэнцэцэг гэх эмэгтэй нэлээн согтуу, Амарбаясгалан гэгч нь бараг эрүүл шахуу, Эрдэнэбаяр гэх залуу нэлээн согтуу харагдаж байсан...” гэх мэдүүлгээр, /1-р хх-ийн 101 дүгээр хуудас/,

Гэрч А.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг харж байхад бол Н******* зөвхөн бултах хөдөлгөөн хийсэн. Яг тийм зүйл болсны дараа би Х гартаа барьсан архины шилийг аваад орны ардуур хийгээд эргээд харахад Х нүдээ дараад сууж байсан...” гэх мэдүүлгээр, /1-р хх-ийн 102 дугаар хуудас/,

Шинжээч Д.Туяагийн  “... Х биед учирсан баруун нүдний алимны урагдсан шарх, нүдний агуулагдахуун гадагшилсан байдал, баруун нүдний зовхины цус хуралтын гэмтэл нь гарын хурууны үзүүрээр хатгасан, үзүүр хэсэг нь орсон тохиолдолд үүсч болно. ...нэг удаагийн, хүчтэй, огцом үйлдлээр үүсэх боломжтой. ...Гэнэт огцом үйлдлээр нүд рүү гадны биет буюу гарын сарвууны үзүүр хэсэг орсноос ийм гэмтэл үүсч болно...” гэх мэдүүлгээр,  /хх-ийн 1, 50 дугаар хуудас/

Дархан Уул аймгийн Шүүх шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 268 дугаартай шинжээчийн “... 1.Д.Х биед баруун нүдний алимны урагдсан шарх, нүдний агуулагдахуун гадагшилсан байдал, баруун нүдний зовхины цус хуралт тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4-д зааснаар ерөнхий х*******ийн чадварыг их хэмжээгээр буюу 35 хувиар алдагдуулах хүнд зэргийн гэмтэл болно...” гэх дүгнэлтээр, /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

С******* аймгийн Шүүх шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 101 дугаартай шинжээчийн “... 1.Ч.Наранбямбын биед зүүн мөр, эгэмний орчим зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо. ...” гэх дүгнэлт, /хх-ийн 54-55 дугаар хуудас/,

С******* аймгийн Шүүх шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 125 дугаартай шинжээчийн “... 1.Ч.Наранбямбын биед зүүн 4 хуруу гэмтлийн улмаас мэдээгүй хөдөлгөөнгүй болж хатингаршсан, зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Ч.Наранбямбын зүүн гарын сарвуу хэвийн бус гэмтлийн улмаас мэдээ алдсан, рефлекс суларсан, хатингаршсан байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Наранбямбын зүүн гарын сарвуу хэлбэрийн хувьд энгийн бус, тэнийж мэдрэхүй алдсан байна...” гэх дүгнэлт, /хх-ийн 65-66 дугаар хуудас/, мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагаанууд, бусад гэрч нарын мэдүүлэг зэрэг болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ч.Наранбямбын үйлдлийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах байр суурь илэрхийлж мэтгэлцэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3-т гэм буруугийн санаатай, болгоомжгүй хэлбэрийг тусгасан бөгөөд энэ зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж, түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан,  эсхүл хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсныг болгоомжгүй гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

Шүүгдэгч Ч.Н******* нь эрүүл мэндийн хувьд зүүн гарын 4 хуруу нь гэмтлийн улмаас нугарахгүй, хөдөлгөөнгүй болж хатингаршиж эдгэсэн онцлогтой.

Гэмт хэрэг үйлдсэн үйлдлийн хувьд шүүгдэгч нь А.Алтансүх гэх хүнийг Д.Х гэрт хүргэж өгөхөөр очоод гэрт нь ороход хамт сууж архи уу, уусангүй  гэх шалтгаанаар маргалдаж, хохирогч Д.Х согтуурхаж Ч.Наранбямбыг архины шилээр цохих гэхэд зайлах үйлдэл хийх үед нь зүүн мөрөн тус газар нь онож цохиход нь Ч.Н******* хариу үйлдэл хийж Д.Хыг гараараа түлхэж холдуулах үйлдэл хийхдээ шүүгдэгчийн тэнийж хатингаршиж эдгэсэн зүүн гарын хуруунууд нь хохирогч Д.Х нүд рүү нь орж, нүдийг нь сохолсон болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон гэж үзсэн.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ч.Н******* нь өөр лүүгээ чиглэж ирсэн аюулыг холдуулах зорилгоор зайлах үйлдэл хийгээд архины шилээр мөрөн тус газар нь цохиулсныхаа дараа, хохирогчийг түлхэж, холдуулах үйлдэл хийсэн боловч түүний эрүүл мэндийн онцлог эрхтэн нь буюу тэнийж эдгэсэн хуруунууд нь хохирогчийн нүд рүү орж, нүдийг нь гэмтээсэн. Түүний хийсэн  хохирогчийг түлхэж холдуулах гэсэн  үйлдэл нь хоромхон зуур хийдсэн, нүдийг санаатай гэмтээе гэсэн шууд болон шууд бус санаа агуулаагүй, амжаагүй. Харин шүүгдэгч нь архины шилээр цохиулсныхаа дараа, дараагийн учирч болох аюул, үйлдлээс холдуулах, зайлуулах зорилгоор  хохирогчийг түлхэх үйлдэл хийхдээ гарынх нь хуруунууд нь хохирогчийн нүд, бусад эрхтнийг гэмтээх, хор уршиг учрах боломжтой гэдгийг мэдэх ёстой боловч энэ тухай бодож тооцоогүй, нөхцөл байдлыг дутуу үнэлж хөнгөмсгөөр найдаж түлхэх үйлдэл хийх явцад хохирогчийг нүд рүү шүүгдэгчийг хуруу орж, нүдийг нь гэмтээсэн болох нь хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Ч.Наранбямбын “... би биеэ хамгаалах гээд түлхэхэд хохирогчийн нүд рүү миний хуруунууд орсон байх. ...”, Хохирогч Д.Х “...Н******* миний нүд рүү санаатай хатгаагүй...”,  Гэрч Д.А  “...Х ширээн дээр байсан архины шилийг аваад зогсож байсан Н******* руу шууд далайгаад цохисон ба Н******* биеэ хамгаалахдаа Хыг гараараа цохичихсон юм...”, Гэрч А.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Х босоод Ч.Наранбямбын зүүн мөрний хэсэгт архины шилээр цохиход нь би босоод Хадаагийн барьж байсан архины шилийг булааж аваад орны араар тавьсан. Энэ хооронд Ч.Н******* Хадаагийн нүдний орчим цохисон байсан...” гэх мэдүүлгүүдээр болон Наранбямбын гарын хурууны байдлыг тодорхойлсон шинжээчийн 126 дугаартай дүгнэлт, шинжээч Д.Туяагийн мэдүүлэг зэрэг болон бусад нотлох баримтаар шүүгдэгч Ч.Н******* нь болгоомжгүй үйлдлээр бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь  нотлогдсон, шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэмт үйлдлийн санаатай хэлбэр нь шууд болон шууд бус санаагаар илэрдэг, шүүгдэгчийн тухайд хохирогч Д.Х нүдийг гэмтээе гэсэн шууд санаа агуулж, эсвэл нүдийг нь хараагүй болгоё гэсэн хүнд хор уршигт хүргэхгүйгээр гэмтээе, айлгая гэсэн сэтгэхүйгээр хохирогчид хандсан шууд бус санаатай үйлдэл хийгээгүй харин нүдийг нь гэмтээх хохирол, хор уршгийг хүсээгүй боловч түүнийг өөрөөсөө зайлуулъя, холдуулъя гэсэн сэтгэхүйгээр хандсан учир гэм буруугийн санаатай үйлдэл хийгээгүй.

Мөн өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд чиглэсэн довтолгооны эсрэг үйлдэл хийсний улмаас хохирогчийн нүдийг гэмтээсэн аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл хийгээгүй, харин өөрийг нь чиглэсэн довтолгоо дууссаны дараа буюу архины шилээр шүүгдэгчийг өөрийг нь хохирогч цохиход,  цохисон архины шилийг нь А.Алтансүх аваад өөр тийш нь холдуулж байх үед хохирогчийг түлхэж өөрөөсөө холдуулах үйлдэл хийсэн бөгөөд энэ нь шууд чиглэсэн аюулын өөдөөс, яг тухайн үедээ учирч болох аюулыг зайлуулах, холдуулах, хамгаалах үйлдэл хийхдээ хохирогчийг гэмтээсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн болох нь тогтоогдоогүй учир аргагүй хамгаалалтын үйлдэл хийсэн гэж үзээгүй болно.

С******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсгийг өөрчлөн шүүгдэгч Ч.Наранбямбын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Д.Х нь шүүгдэгч Ч.Н*******ас баримтаар 2.745.000 төгрөг нэхэмжилснийг шүүх хангах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн бөгөөд мөрдөн байцаалтын шатанд 1.000.000 төгрөг, шүүхийн шатанд 1.745.000 буюу нийт 2.745.000 төгрөг төлөгдсөн бөгөөд шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцлоо.

Харин Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгаас үүдэн гарах гэм хорын зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг хохирогч Д.Хт  нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Наранбямбын өмгөөлөгчөөс хохиролд 1.000.000 төгрөг төлсөн тухай дансны мэдээлэл 1 хуудас, Ч.Наранбямбын хувийн байдлыг илэрхийлсэн ХААН банкны дансны мэдээлэл 1 хуудас, мөн түүнийг Х******* х*******ийн үйлчилгээний газарт жолооч албан тушаалд ажилладаг, цалин хөлс авдгийг тодорхойлсон тодорхойлолт 1 хуудас зэргийг гаргаж  өгснийг хэрэгт хамааралтай гэж үзэж авч, хэрэгт хавсаргав. 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ч.Н******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Ч.Н*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Ч.Н*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд зааснаар шүүхийн хэлэлцүүлэгт гэм бурууд маргаангүй, үйлдсэн гэмт хэрэг, бусдад учруулсан хохирол, хор уршигт хандсан байдал, түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Ч.Н*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар жолоодох эрхийг хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг журамлан жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа хугацааг тоолохоор тус тус шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

2021 оны Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь хэсэгт : ...2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн энэ хуулийн үйлчлэлд хамаарна гэж,

Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “... 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2 –т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсвэл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэтрүүлнэ гэж,

 Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт ...яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Ч.Н******* нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2021 оны 06 дугар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн байх бөгөөд 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл Үзүүлэх тухай хуульд хамрагдах үндэстэй байна.

Мөн зүйлийн 3.2 дахь хэсэгт: Өршөөл Үзүүлэх тухай 1991 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хууль, 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хууль, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл Үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Ч.Н******* нь урьд “Өршөөл үзүүлэх” тухай хуульд хамрагдаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна. 

Иймд 2021 Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар жолоодох эрхийг хасах нэмэгдэл болон 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих үндсэн ялыг тус тус бүхэлд нь өршөөн хэлтрүүлэх нь хуульд нийцнэ гэж үзлээ.   

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б******* овогт Чогсомжавын Наранбямбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар жолоодох эрхийг хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Ч.Н*******д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа хугацааг тоолохоор тус тус шийдвэрлэсүгэй.

4.2021 Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н*******д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар нээлттэй хорих байгууллагад эдлэх үндсэн болон 1 /нэг/ жилийн хугацаагаар жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялаас тус тус өршөөн хэлтрүүлсүгэй.

            5.Хохирогч Д.Х нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хэрэгт баримтаар 2.745.000 /хоёр сая долоон зуун дөчин таван мянган төгрөг/ нэхэмжилснийг шүүгдэгч Ч.Н******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд  хохирогчид төлж барагдуулсныг дурьдаж, Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Д.Х нь цаашид гарах гэм хорын зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Н******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор С******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Э.ОЮУНТУНГАЛАГ