Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2026/0342

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“А” хоршооны нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч М.Цэцэгмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Адъяасүрэн

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О

Нэхэмжлэгч: “А” хоршоо

Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар

Хариуцагч: Сүмбэр сумын хоршоо хөгжүүлэх сангийн Төсөл сонгон шалгаруулах хороо

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн “мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох, хоршоо хөгжүүлэх сангийн Төсөл сонгон шалгаруулах хорооны “сонгон шалгаруулалт зохион байгуулаагүй” эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Хоршоо хөгжүүлэх сангийн Төсөл сонгон шалгаруулах хороонд 2025 оны 09 дүгээр сарын 17-23-ны байдлаар цугларсан төслийн хүрээнд сонгон шалгаруулалт зохион байгуулахыг даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 113/ШШ2026/0003 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуруалдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н, Б.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул

Хэргийн индекс: 113/2025/0013/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “А” хоршоо нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар, Сүмбэр сумын Хоршоо хөгжүүлэх сангийн Төсөл сонгон шалгаруулах хороонд тус тус холбогдуулан “Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох, Хоршоо хөгжүүлэх сангийн Төсөл сонгон шалгаруулах хорооны “сонгон шалгаруулалт зохион байгуулаагүй” эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Хоршоо хөгжүүлэх сангийн Төсөл сонгон шалгаруулах хороонд 2025 оны 09 дүгээр сарын 17-23-ны байдлаар цугларсан төслийн хүрээнд сонгон шалгаруулалт зохион байгуулахыг даалгах”-аар маргасан байна.

2. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 113/ШШ2026/0003 дугаар шийдвэрээр: Хоршооны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.9, “Хоршоо хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын 5.5, 6.3-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “...  А хоршоо нь төсөл сонгон шалгаруулалтад оролцохоор материалаа хүргүүлсэн ч төсөл сонгон шалгаруулалтад оролцоогүй, төсөл сонгон шалгаруулах хорооны хуралд төсөл төлөвлөгөөгөө танилцуулаагүй байдаг. Төсөл сонгон шалгаруулах хороо нь журмын дагуу олон нийтэд ил тод хуралдаагүй, хоршооны төлөөллийг байлцуулаагүй, бизнес төсөл төлөвлөгөөтэй танилцаагүй, хоршооны төлөөлөлд төлөвлөгөөтэй танилцах боломжоор хангаагүй нь “Хоршоо хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын 6.5-д заасныг зөрчсөн. Түүнчлэн, мөн журмын 6.3, 6.4-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянаж, 6.4-т заасан шалгуураар хорооны гишүүн тус бүр оноогоор дүгнэн, дундаж оноогоор эрэмбэлэн жагсаалт батална. Энэхүү шийдвэрээ ажлын 3 хоногийн дотор тухайн сумын Засаг даргад хүргүүлнэ” гэсэн байтал шүүх үүнийг харгалзаж үзээгүй” гэжээ.

ХЯНАВАЛ

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “А” хоршоо нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар, Сүмбэр сумын Хоршоо хөгжүүлэн сангийн Төсөл сонгон шалгаруулах хороонд тус тус холбогдуулан “Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох, Хоршоо хөгжүүлэх сангийн Төсөл сонгон шалгаруулах хорооны “сонгон шалгаруулалт зохион байгуулаагүй” эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Хоршоо хөгжүүлэх сангийн Төсөл сонгон шалгаруулах хороонд 2025 оны 09 дүгээр сарын 17-23-ны байдлаар цугларсан төслийн хүрээнд сонгон шалгаруулалт зохион байгуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

3. Нэхэмжлэлийн “Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох” шаардлагын тухайд:

3.1. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 6 дугаар хуралдаанаар “Хоршоо хөгжүүлэх сан”-ийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах хороог 5 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, тус өдрийн 05 дугаар тогтоолоор төсөл сонгон шалгаруулах товыг тогтоожээ.

3.2. Нэхэмжлэгч “А” хоршоо нь уг сонгон шалгаруулалтад оролцож, зээлд хамрагдахаар 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр төслөө хүргүүлсэн бөгөөд Төсөл сонгон шалгаруулах хороо 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хуралдаад “Хоршоо хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын 5.5, 6.3-д заасан үндсэн шаардлага, шалгуур үзүүлэлтийг бүрэн хангаагүй гэсэн үндэслэлээр “А” хоршооны төслийн материалыг буцаахаар шийдвэрлэж, Сүмбэр сумын Тамгын газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 01/551 тоот  албан бичгээр төслийг буцаан хүргүүлжээ.

3.3. “Хоршоо хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын 5 дугаар зүйлд “Зээлд хамрагдах төсөлд тавигдах шаардлага”, 5.5-д “Хоршоо нь төсөлд дараах материалуудыг хавсаргасан байна” гээд шаардагдах материалуудыг нэрлэн зааж, мөн журмын 6 дугаар зүйлд “Сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төслийн санал хүлээн авах, сонгон шалгаруулах, санхүүжүүлэх”, 6.3-д “Сангаас зээл авч, төсөл хэрэгжүүлэх хоршоо нь дараах шаардлагыг хангасан байна” гээд 6.3.1-д “тухайн суманд бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулдаг байх”, 6.3.2-т “Монголбанкны зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх”, 6.3.3-д “зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, хугацаанд нь төлөх төлбөрийн чадвартай, барьцаа хөрөнгөтэй байх” гэж тус тус заажээ.

3.4. Гэтэл “А” хоршоо нь хязгаарлагдмал хариуцлагатай компанийн статустай үйл ажиллагаа явуулж байгаад 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хуулийн этгээдийн хэлбэрээ өөрчилж хоршоо болсон, 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр төсөл сонгон шалгаруулалтад материал өгөхөөсөө өмнө хоршооны хэлбэрээр үйл ажиллагаа явуулаагүй, хавсаргасан баримт нь дутуу, журамд заасан шаардлагыг хангаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

3.5. Анхан шатны шүүх “... Төсөл сонгон шалгаруулах хороо 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хуралдаж төсөлд хавсаргаж ирүүлсэн баримт бичгийн бүрдлийг шалгаж, төслийн материалыг буцаан хүргүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй” гэж үндэслэлтэй, зөв дүгнэжээ.

3.6. Хоршоо хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын 5.6-д “Төсөл, түүнд хавсаргасан материалын үнэн зөв байдлыг төсөл ирүүлэгч хоршоо бүрэн хариуцна” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчээс “... манайх журамд заасан бүхий л баримтыг бүрдүүлж, бүрэн хүргүүлсэн, журамд хуулийн этгээдийн хэлбэрээ өөрчилж болохгүй талаар хориглоогүй, журамлаагүй” гэж тайлбарлах боловч “А” хоршооноос төсөлд ирүүлсэн баримт бичгүүд дээрх байдлаар нөхцөл шаардлагыг хангаагүй талаар нэхэмжлэгчид хүргүүлсэн албан бичгийг хууль бус гэж дүгнэх боломжгүйгээс гадна хариуцагчийн зүгээс гаргасан шийдвэрээ албан бичгээр дамжуулан хүргэсэн гэж үзэхээр байх тул уг албан бичгийг шууд эрх зүйн үр дагавар үүсгээгүй, өөрөөр хэлбэл захиргааны акт биш гэж дүгнэх боломжгүй.

4. Нэхэмжлэлийн “хоршоо хөгжүүлэх сангийн Төсөл сонгон шалгаруулах хорооны “сонгон шалгаруулалт зохион байгуулаагүй” эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” шаардлагын тухайд:

4.1. Нэхэмжлэгчээс “... хороо журмын дагуу хуралдаагүй, хоршооны төлөөллийг байлцуулаагүй байтал олон нийтэд ил тод, нээлттэй зохион байгуулаагүй нь эс үйлдэхүй гэж үзнэ” гэж тайлбарлан маргаж байна.

4.2. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж тус тус заасан.

4.3. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл, захиргааны байгууллага, албан тушаалтан нь хуулиар хүлээсэн үүргээ хуульд заасан хугацаанд нь гүйцэтгээгүй, ямар нэгэн шийдвэр гаргаагүй, шийдвэр гаргахаас үндэслэлгүйгээр татгалзсан үйлдлийг эс үйлдэхүйд тооцох бөгөөд ийнхүү эс үйлдэхүй гаргасан нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тохиолдолд шүүхээс уг эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож шийдвэрлэх боломжтой.

4.4. “Хоршоо хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын 6.5-д “Зээл авахаар хүсэлт ирүүлсэн хоршоо нь бизнес төлөвлөгөөгөө танилцуулах, түүнийг сонгон шалгаруулах, үнэлэх үйл явцыг тухайн сумын иргэдэд ил тод, нээлттэй зохион байгуулна” гэж заасан нь төсөл сонгон шалгаруулахад хамааралтай заалт учир энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

4.5. Төсөл сонгон шалгаруулах хороо нь “Т”, “Ө”, “А” хоршоонуудын ирүүлсэн төслийн материалуудыг журамд заасан хавсаргах материалын бүрдүүлбэрийн болон төсөл оролцох хоршоонд тавигдах шаардлагыг хангаагүй үндэслэлээр буцааж шийдвэрлэсэн байх тул дээрх журмын заалтыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

5. Нэхэмжлэгчийн “Хоршоо хөгжүүлэх сангийн Төсөл сонгон шалгаруулах хороонд 2025 оны 09 дүгээр сарын 17-23-ны байдлаар цугларсан төслийн хүрээнд сонгон шалгаруулалт зохион байгуулахыг даалгах” шаардлагын тухайд:

5.1. Шүүхээс дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасны дагуу даалгах шаардлагыг мөн адил хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр байна. Энэ талаар анхан шатны шүүх “... эс үйлдэхүй эсхүл татгалзсан шийдвэр хууль бус болох нь тогтоогдсон нөхцөлд даалгах нэхэмжлэл хангагдана” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

6. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй,  нэхэмлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 113/ШШ2026/0003 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    

 

ШҮҮГЧ                                                                       М.ЦЭЦЭГМАА

ШҮҮГЧ                                                                       Б.АДЪЯАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                      Д.БААТАРХҮҮ