Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 09

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                                                     Прокурор Д.Алимаа /цахим сүлжээгээр/

                                                      Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш /цахим сүлжээгээр/        

                                                     Нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал нарыг оролцуулан

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаагийн  даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/12 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөшийн гаргасан давж заалдах гомдлоор С.Г, П.П нарт холбогдох эрүүгийн 1927001920106 дугаартай 1 хавтас хэргийг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, гавьяа шагналгүй, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 1993 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 51 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар, Өвөрхангай аймгийн Сум дундын шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 13 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар 05 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар, Төв аймгийн Сум дундын шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хөрөнгө хурааж, 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, Боржигон овгийн П.П

Монгол Улсын иргэн, гавьяа шагналгүй, Өвөрхангай аймгийн шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн а/9 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 100000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, Равдангийхан овгийн С.Г

С.Г, П.П нар нь бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 20-ны үеэр П.М-н 21 тооны хонийг хулгайлан 2.730.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ. 

Анхан шатны шүүх, Боржигон овгийн П.П, Равдангийхан овгийн С.Г нарыг бүлэглэн бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар 680 /зургаан зуун наян / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан ялд хяналт тавьж ажиллахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 нээлттэй, хаалттай хорих ангид даалган, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол 8 /найман/ цагийн хугацаатай ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4-т зааснаар хэрэгт битүүмжилсэн шүүгдэгч П.П-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийн үнэлгээ болох 200.000 төгрөгийг шүүгдэгч П.П-с, шүүгдэгч С.Г-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морины үнэ 900.000 төгрөгийг шүүгдэгч С.Г нараас тус тус гаргуулж улсын орлогод оруулахаар, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хилийн хориг тавигдаагүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч нар түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.П, С.Г нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Гандөш гаргасан давж заалдах гомдолдоо: Шүүгдэгч П.П, С.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 680 /зургаан зуун ная/ цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т “... энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх ...” гэж заасан байдаг.

Гэвч анхан шатны шүүхээс шүүгдэгч нар гэм буруугаа анхнаасаасаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан /хохирогчоос уучлалт гуйж хохирлыг 2 дахин нугалж сайн дураараа төлсөн/ байтал 680 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс шинжлэн судалсан шүүгдэгч нарын хувийн байдал буюу эрүүл мэндийн байдал, ажил эрхлэлтийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэлгүйгээр, эрүүгийн хариуцлагын хувьд гаргасан хүсэлтэд дүгнэлт хийж шийтгэх тогтоолд тусгалгүйгээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дараахь нөхцөл байдлуудыг анхаарч үзэх шаардлагатай байсан.

1.Шүүгдэгчийн хохирлоо төлж барагдуулсан байдал, гэмт хэргийн хор уршгийг
арилгасан байдлыг харгалзан үзэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.

Өмгөөлөгч миний бие шүүгдэгч нар анх гэмт хэрэг үйлдээд эрүүгийн мөрдөгч дээр хэрэг бүртгэлийн шатанд байх хугацаанаас эхлэн шүүгдэгч нартай хууль зүйн туслалцааны гэрээ байгуулан өмгөөлөгчөөр оролцож байсны хувьд шүүгдэгч нар нь дээрх хугацаанд үйлдсэн хэрэгтээ хэрхэн гэмшиж, гэм буруугаа хүлээж, хохирлыг барагдуулах тал дээр санаачлага гарган, мөрдөн байцаалтын ажиллагаанд мэдүүлэг тайлбараа анхнаасаа үнэнээр өгч хохирогчид хохирол төлбөрийг тэр даруйд нь бүтэн нугалж төлж барагдуулсан зэргээс харагдаж байна.

2.Хувийн байдлын хувьд шүүгдэгч П.П нь ходоодны шархлаатай,
С.Г нь нурууны суулттай, бөөрний үрэвсэлтэй зэрэг оноштойгоор байнгын
эмнэлгийн хяналтанд байдаг, жилд 2-3 удаа Улаанбаатар хотод хэвтэн эмчлүүлдэг. Энэ тухай эрүүл мэндийн баримтууд хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. Мөн
насны хувьд шүүгдэгч нар хэн хэн нь ахимаг настай хүмүүс.

Шүүх хуралдаан дээр болон мөрдөн байцаалтын явцад “ ...Өдий насандаа ийм хэрэг хийх ч гэж дээ, ичмээр зүйл боллоо. Их зүйлийг бодлоо, дахин гэмт хэрэгт холбогдохгүй, 20 хэдтэй залуучууд байгаа биш дээ бид ...” гэх зэргээр маш ихээр гэмшиж байгаа зэрэг байдлыг нь харгалзан үзэх хэрэгтэй.

Мөн шүүгдэгч П.П нь сум орон нутагтаа нэр хүндтэй сайн малчдын нэг бөгөөд удаа дараа мянгат малчны болзлыг хангаж ажилласан, орон нутгийн залуучуудад үлгэр жишээ болсон сайн малчин, М.Ганчөдөрийн хувьд ч мөн ажилч хичээнгүй сайн малчдын нэг юм.

Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхдээ тохиолдлын шинжтэй буюу хамт мотоцикль засч байгаад архи ууж шөнө хөдөө хээр явж байгаад хонь тааралдахаар нь туугаад явсан байдаг. Согтуудаа хөдөөний хэнэггүй зандаа хөтлөгдөн энэ гэмт хэргийг үйлдсэн байдаг.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 01 сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/12 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү гэжээ.

Прокурор Д.Алимаа давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авч танилцлаа.

Давж заалдах гомдол нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь шүүхээс хуулийн энэ заалтын үндсэн шаардлагыг хангасан шүүгдэгчид ял оногдуулахдаа заавал хэрэглэхээр хуульчилсан зохицуулалт биш, харин шүүгдэгчийн үйлдсэн гэм хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан өөрөөр хэлбэл тухайн шүүгдэгчийн үйлдсэн хэргийн нөхцөл байдалд тохируулан зарим тохиолдолд хэрэглэж болохоор заасан байхад хуулийн уг шаардлагыг хангасан шүүгдэгч бүрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан ял оногдуулах ёстой гэсэн ойлголт биш юм.

Шүүгдэгч нар нь уг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг шүүхээс ял оногдуулахдаа харгалзан үзсэн болох нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах нийтэд тустай ажил хийлгэх ялын дээд хэмжээ нь 720 цаг байхад шүүхээс шүүгдэгч тус бүрт 680 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулсан байдлаас харагдана.

Шүүгдэгч нар нь уг гэмт хэргийг үйлдэхдээ эрүүл мэндийн байдлаа үл харгалзан Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх, эзэмших эрхэд халдаж, бусдад хохирол учруулсан байдаг. Шүүгдэгч П.П, С.Г нар нь сум орон нутагтаа нэр хүндтэй, сайн малчид, мөн удаа дараа мянгат малчны болзлыг хангаж ажилласан байдал нь харин ч иргэн хүнийхээ хувьд Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан үндэсний баялаг болох мал сүргийг хүний өөрийн гэхгүй хайрлан, гэмт халдлагаас хамгаалах ухамсар төлөвшлийг олсон байх ёстой /насны хувьд ч мөн адил/ байтал өөрсөддөө ашиг хонжоо олох гэж бусдын малыг илүү үзэж шунахайн сэдэлтээр хулгайлсан үйлдэлд нь шүүхээс тохирсон ял оногдуулсан. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл тохирсон.

Иймд гомдлыг хүлээн авах үндэслэлгүй тул Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/12 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр тайлбар гаргаж байна гэжээ.

Прокурор Д.Алимаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч С.Г, П.П нар нь бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 20-ны үеэр Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутгаас хохирогч П.Мын 21 тооны хонийг хулгайлан 2730000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч тус бүрт 680 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Уг гэмт хэргийн илэрсэн нөхцөл байдал нь хохирогч өөрийн малаас мал дутсан гэдгийг мэдээд эрж, хайж байхдаа Дэмчиг гэх айлын хонинд 11 хонь нь байсныг олж мэдсэн. Дэмчигээс эдгээр малыг хэн авчирсан бэ гэж асуухад П.П, С.Г нар авчирсан гэж хэрэг илэрсэн байдаг. Хэрэг илэрсний дараа П.П, С.Г нар нь хохирлоо төлсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан хариуцлага нь нийтэд тустай ажил хийлгэх, хорих ялын сонгох санкцтай. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт ял оногдуулахдаа тэдгээрийн эрүүл мэнд, хувийн байдал, хохирлоо төлсөн, гэм буруугаа хүлээж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хөнгөн ял буюу 680 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь шийтгэх тогтоол үндэслэлтэй болсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Гандөш шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Давж заалдах гомдлоо дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Шүүгдэгч нар гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн тал дээр маргаагүй, анхнаасаа хүлээн зөвшөөрсөн. Зөвхөн анхан шатны шүүхээс оногдуулсан ялд өөрчлөлт оруулж өгөхийг хүсч байна. Давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-д зааснаар хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхгүйгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан ялд өөрчлөлт оруулж, хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

С.Г, П.П нар нь 2019 оны 06 дугаар сарын 20-ны үеэр Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутаг “Ухаа үзүүр” гэх газраас П.М-н 21 тооны хонийг хулгайлсан болох нь хохирогч П.М, гэрч П.Д, Ц.Х нарын /хх-ийн 11-14, 20-21, 89-90 хуу/ мэдүүлэг, шүүгдэгч С.Г, П.П нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч С.Г, П.П нарыг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Гандөшийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг хэрэглэн тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж өгөхийг хүссэн гомдлыг хүлээн авах боломжгүй, шүүгдэгч нарын гэм бурууд анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл тохирсон байна.

Харин С.Г, П.П нарт анхан шатны шүүхээс өмнө нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байсан боловч шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дүгээр заалтад давж заалдах гомдол гаргасан тохиолдолд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй гэж алдаа гаргасныг зөвтгөх нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/12 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/12 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

9 дэх заалтын “цагдан хорих” гэснийг “хувийн баталгаа гаргах” гэж өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.