Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/206

 

 

                                  Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,                                                                                       

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин,

улсын яллагч А.Баясгалан,

шүүгдэгч К.Айбек нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Базаргуль овогт Нурланбекийн Айбект холбогдох эрүүгийн 2231002710221 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Нэг. Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1992 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ  аймгийн Ерөө суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Нийслэлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хорооллын 15 дугаар байрны 32 тоотод оршин суух хаягтай, урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны едрийн 109 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил, 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Базаргуль овогт Нурланбекийн Айбек /РД:МТ92062010/,

Хоёр. Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Н.Айбек нь 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3-р баг, “Их алт Буурал” нэртэй газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдаж, байгаль экологид 195,185 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Н.Айбек нь 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3-р баг, “Их алт Буурал” нэртэй газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдаж, байгаль экологид 195,185 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Н.Айбек гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. 

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүгдэгч Н.Айбек шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг[1],

2.Хохирогч Д.Эрдэнэбулган 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “Нурланбек овогтой Айбекыг нутгийн иргэн гэдгээр таньж мэднэ, бусдаар таньж мэдэхгүй. Энэ жил бичил уурхайгаар ямар нэгэн зөвшөөрөл олгогдоогүй. Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх шаардлагатай байна. Бугант тосгоны “Их Алт Буурал” нэртэй газарт очихын тулд Ерөө голын Улаан гүүрний хяналтын постоор дамжин өнгөрдөг. Уг хяналтын пост нь Экологийн цагдаагийн алба, Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газраас алба хаагчид хувиарын дагуу үүрэг гүйцэтгэдэг байнгын пост байдаг. Гэвч хууль бусаар ашигт малтмал олборлодог иргэд Ерөө голыг гатлан гарам гаргаж, Улаан Гүүрний хяналтын цэгийн постыг тойрч нэвтрэн техник хэрэгслээ зөөгөөд гарчихдаг юм шиг байна лээ. Бид хууль бусаар ашигт малтмал олборлож байгаа газруудад хяналт шалгалтыг цагдаагийн байгууллага, байгаль орчин, мэргэжлийн хяналт, тагнуул гэсэн төрийн байгууллагууд тогтмол хийдэг. Гэвч хууль бусаар техник ашиглан ашигт малтмал олборлох үйлдэл гарсаар л байна. Цаашид хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллах төлөвлөгөөтэй байна. Ерөө сумын хэмжээнд 4 байршилд хууль бусаар ашигт малтмал олборлохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Бугант тосгонд хяналтын пост 3 байрлаж байгаа бөгөөд 16-н даваа, Улаан-гүүр, Харгант гэх газруудад цагдаагийн байгууллага болон мэргэжлийн хяналт, байгаль орчны төрийн байгууллагууд ажилладаг” гэх мэдүүлэг[2],

3. Иргэний нэхэмжлэгч Я.Нансалдуламын 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “...Н.Айбек нь миний 10 жилийн ангийн найз байгаа юм. Олон жил найзалж байна. Би 2021 онд найз Н.Айбек-д “Doosan-2800” 1LC-2 маркийн экскаватораа зарж байсан. Тэгэхдээ зээлээр 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр зарсан. Тухайн үед найз нөхөд юм байна гээд би нөхөртэйгөө ярьж байгаад урьдчилгаа 6.000.000 / зургаан сая төгрөг/ өгсөн. Увуулж цувуулаад үлдэгдлээ одоо болтол өгөөгүй байгаа. Би нөхөртэйгээ 2018 онд Doosan 2800 ЛС-2 маркийн экскаваторыг танил нутгийн ахаасаа худалдан авч байсан. Хуучны муу экскаватор байсан бичиг баримтгүй, арлын дугаар гээд байх юм бол байхгүй ер нь Бугант тосгонд байгаа бүх экскаватор хуучны муу бичиг баримтгүй л байдаг. Бугантын иргэд бие биеэсээ худалдаж аваад л зарж борлуулаад эсвэл гаднаас хүмүүс ирээд худалдаад аваад л явчихдаг. Би хууль бусаар ашигт малтмал олборлосон эсэхийг нь бол мэдээгүй надад өчигдөр Н.Айбек нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэж тайлбарлаж хэлсэн. Мөн би сая мэдүүлэгтээ хэлсэн Doosan 2800 LС-2 маркийн экскаватор нь миний эзэмшлийн экскаватор, тэгэхдээ миний нэр дээр биш би өөрөө ч хэний нэр дээр анх Монгол улсад орж ирснийг нь мэдэхгүй шүү дээ. Анх 2018 онд нөхөр бид 2 авахад нутгийн танил ахаасаа худалдаж авч байсан. Тэр хүн маань ч одоо нас бараад жил гаран болж байгаа. Бугант тосгонд байгаа эксакаваторууд арлын дугаар, улсын дугаар гээд байх юм байхгүй шүү дээ ихэнх нь хуучны муу хэзээ үйлдвэрлэгдсэн гээд мэдэхэд их хэцүү. Угаасаа Н.Айбек нь үлдэгдэл мөнгөө өгөөгүй байгаа болохгүй бол өгсөн 6 сая төгрөгийг нь түрээслэсэн гэж ойлгоод буцаагаад авмаар байна” гэх мэдүүлэг[3],

4.Гэрч М.Мөнхзаяагийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”Би 2022 оны Цагдаагийн ерөнхий газрын А/93 дугаартай тушаалаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх таслан зогсоох зорилгоор Сэлэнгэ аймаг, Ерөө сум, 3-р баг, Бугант байрлах Улаан-гүүрний хяналтын постонд 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл үүрэг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд Бугант тосгоны “Их Алт” нэртэй газар луу 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хяналт шалгалтаар явахад зам дагуу “Их Алт” “Буурлын ам” гэх газарт газар ухаж газрын хэвлийд халдаж ашигт малтмал олборлосон байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй үйлдэл таарсан. Тухайн газарт би очиход Doosan маркийн дугаар номергүй, арлын дугааргүй оранж өнгөтэй экскаватор болон алт угаах тоног төхөөрөмж болох гитаран буу, ус татах насос помп болон ойр орчимд нь тогоо хоол хийж идсэн байдалтай байсан. Тэгээд би тухайн “Их Алт Буурал” нэртэй газарт хууль бусаар газрын хэвлийд халдаж ашигт малтмал олборлосон байж болзошгүй байсан газрын ойр орчмыг шалгахад Нурланбек овогтой Айбек нь модон дотроос гарч ирэн “энд би хууль бусаар ашигт малтмал олборлох гээд газар ухаж шороо гаргаж байсан юм, алт угаах тоног төхөөрөмж ашиглаж угаалга хийгээгүй дөнгөж ухаад шороогоо гаргаж байхад та ирэхээр нь зугтаачихсан юм” гэж хэлсэн. Мөн би Бугант тосгон төв рүү түрүү жил энд эврээд үлдээчихсэн байсан Doosan маркийн экскаватораа Бугант тосгон руу татаж байгаа юм, түлшний хэдэн төгрөг хийчихье гэж бодоод газар ухаж алтны баяжмалтай шороо гаргаж ашигт малтмал олборлох гэж байсан юм гэж хэлсэн. Надад иргэн Нурланбек овогтой Айбекын хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдсан бичлэг болон фото зураг байгаа Н.Айбек ч өөрөө тухайн “Их Алт Буурал” нэртэй газарт ашигт малтмал олборлох зорилгоор газар ухсанаа хүлээн зөвшөөрч тухайн үед хэргийн газарт ирсэн. Би иргэн Нурланбек овогтой Айбекыг 2020 оноос хойш мэднэ ер нь хууль бусаар ашигт малтмал олборлодог иргэн гэдгийг нь мэднэ” гэх мэдүүлэг[4],

5. Гэрч Э.Азжаргалын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “Би 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр гэртээ байж байтал манай найз болох Н.Айбек нь намайг Бугант тосгоны “Их Алт” гээд газар луу “маргааш өглөө эртхэн дөхүүлээд өгөөч, тэнд үлдээсэн Doosan экскаватораа янзлаад наашаа Бугантын төв рүү татаж оруулах гэсэн юм. Тэнд нилээд удчихлаа, хамаг юм нь хулгайд алдчих гээд байна” гээд гуйсан. Би тэр үед “машин бол эвдэрчихсэн байгаа хөгшөөн харин мотоциклоор хүргээд өгье” гээд хэлсэн. Тэгсэн чинь “болноо, очиж л байвал юугаар ч очсон яахав” гэж хэлсэн. Тэгээд 2022 оны 06 дугаар сарын 12-ны өглөөний 07 цагийн орчимд байхаа бид хоёр миний хятад улсад үйлдвэрлэгдсэн “Мустанг-5” нэртэй мотоциклоор явцгаасан. Н.Айбек нь цүнх үүрчихсэн шуудайнд экскаваторын сэлбэг гээд хийчихсэн байсан. Тэгээд Их Апт чиглэлд загас барина гээд Улаан гүүрний постоор гарсан мотоцикльтой явж байсан болохоор явуулсан. Тэгээд найз Н.Айбекын хамт “Их Апт Буурал” нэртэй газарт өглөөний 09 цагийн орчимд очсон. Би найз Н.Айбекыг зам дагуу буулгасан учир нь мотоцикль явахгүй байсан болохоор алхаад өөрийн үлдээсэн гээд экскаватор дээрээ очно гээд буусан” гэх мэдүүлэг[5],

6. Гэрч Н.Аскатын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай ах Н.Айбек-д уул уурхайн техник эскаватор байдаг. “Doosan 2800”  гээд оранж өнгөтэй нилээд хуучны экскаватор. Хүнээс 2021 оны зун 06 дугаар сард байх зээлээр авч байхыг нь би бол мэднэ. Манай Бугант тосгонд амьдардаг 10 жилийн сургуулийн ангийнх нь эгч байдаг. Би цугтаа явж тэр найзаасаа зээлээр үнэ ханшаа тохироод авч байхад нь хажууд нь байсан. Тухайн экскаватор нь бичиг баримтгүй, арлын дугаар байхгүй гээд хямдхан зарж байгаа гэж байсан. 2022 оны 06 дугаар сарын 10 хавьцаа байхаа намайг цугтаа “Их Алт Буурал” нэртэй газар луу цугтаа яваад ахынхаа экскаваторыг янзлалцаад ирэх хэрэгтэй байна, Бугантын төв рүү оруулж ирэх яаралтай хэрэг байна гэж байсан. Тухайн үед би ажилтай байсан болохоор ямар ч завгүй гээд хэлсэн. Тэгээд хүн олдохгүй бол ах нь ганцаараа ч болтугай хүнээр хүргүүлээд явахаас гэж байсан 2022 оны 06 дугаар сарын 12-нд найзаараа хүргүүлнэ гээд явсан байсан. Ямар ч байсан “Их Алт Буурал” нэртэй газарт өөрийнхөө хүнээс зээлээр авсан “Doosan LC” гээд экскаватор нь эвдэрчихсэн тэнд удсан байсан гэдгийг нь бол мэдэж байна” гэх мэдүүлэг[6], 7. Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[7], 8.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол[8], 9.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[9], 10.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[10],

11. 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Ашид Билгүүн ХХК-ний шинжээчийн дүгнэлт хэсэгт: “”Doosan 2800” LC2 экскаваторын зах зээлийн үнэ цэнийг 2022 оны 06 дугаар сарын байдлаар 12,000,000 төгрөг, Алт угаах төхөөрөмж буюу гитаран бууны зах зээлийн үнэ цэнийг 2022 оны 06 дугаар сарын байдлаар 600,000 төгрөг, Ус татат насос буюу помпны зах зээлийн үнэ цэнийг 2022 оны 06 дугаар сарын байдлаар 200,000 төгрөг болохыг тодорхойлов” гэсэн дүгнэлт[11]зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Н.Айбекийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Д.Эрдэнэбулган нь (төрийг төлөөлж хохирогчоор тогтоогдсон болно) мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон газрын хэвлийд халдсан экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг нөхөн төлүүлж, нэхэмжилмээр байна гэжээ.

Шүүгдэгч Н.Айбекийн гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирлын хэмжээг эвдрэлд өртсөн 46.82м2 талбайн хэмжээгээр шинжээч дараахь байдлаар гаргажээ.

Д/д

Байгаль орчны бүрдэл хэсгүүд

Хохирлын үнэлгээ, төгрөгөөр

1

Эдэлбэр газар

2,556,67 төгрөг

2

Газрын хэвлийд учруулсан хохирол

73,741,5 төгрөг

3

Усны нөөцөд учруулсан хохирол

-

4

Хөрсөн бүрхэвчинд учруулсан хохирол

10,968,5 төгрөг

5

Ойн санд учруулсан хохирол

-

6

Ургамалд учруулсан хохирол

1,419,3 төгрөг

7

НИЙТ

88,695,97 төгрөг

Хүснэгт1 Байгаль орчны хохирлын үнэлгээний нэгдсэн дүн[12]

            Иргэн Н.Айбекийн байгаль орчинд учруулсан нийт хохирлын хэмжээ 88,695,97 төгрөг бөгөөд үүнийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн холбогдох заалтын дагуу үржүүлэн тооцоход 195,185,01 төгрөг болж байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.3, 2.5, 2.6, 2.7, 3, 4, 4.3, 4.4, 4.5, 5.1, 5.2 дахь хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч Н.Айбекийн хууль бус ашиглалтаас өртөгдсөн ургамал, газар, газрын хэвлий, хөрсөнд учирсан хохирол нийт байгаль экологид учирсан хохирол 195,185 01 /нэг зуун ерэн таван мянга нэг зуун наян тав/-н төгрөгийг, нөхөн сэргээлтийн зардалд 173,895,44 /нэг зуун далан гурван мянга найман зуун ерэн таван мянга/-н төгрөгийг тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд шүүгдэгч Н.Айбек нөхөн төлснийг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасан.[13]

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилсныг удирдлага болгон;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Айбекийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан “Doosan” 2800LC маркийн экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны өмчлөгч Монгол овогт Ядамсүрэнгийн Нансалдулам /РД:МТ91010223/-т буцаан олгож, техникийн эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 10,000,000 /арван сая/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан Улсын төсөвт шилжүүлэх нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Айбекийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан түүний хашаанд хадгалагдаж байгаа ус татах насос 2 ширхэгийг хураан авч, Улсын орлогод оруулах зүйтэй.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Н.Айбект эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлсөн”, (тэрээр байгаль экологид учруулсан бодит хохирол, хор уршиг, нөхөн сэргээлтийн зардал болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлуудыг сайн дураараа нөхөн төлсөн), гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Айбект 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Айбект анхааруулсан болно.

Шүүгдэгч Н.Айбек нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Базаргуль овогт Нурланбекийн Айбекийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Айбект 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Айбекийн хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Айбект анхааруулсугай.

5.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.3, 2.5, 2.6, 2.7, 3, 4, 4.3, 4.4, 4.5, 5.1, 5.2 дахь хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч Н.Айбекийн хууль бус ашиглалтаас өртөгдсөн ургамал, газар, газрын хэвлий, хөрсөнд учирсан хохирол нийт байгаль экологид учирсан хохирол 195,185 01 /нэг зуун ерэн таван мянга нэг зуун наян тав/-н төгрөгийг, нөхөн сэргээлтийн зардалд 173,895,44 /нэг зуун далан гурван мянга найман зуун ерэн таван мянга/-н төгрөгийг тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд шүүгдэгч Н.Айбек нөхөн төлснийг дурьдсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Айбекийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан “Doosan” 2800LC маркийн экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны өмчлөгч Монгол овогт Ядамсүрэнгийн Нансалдулам /РД:МТ91010223/-д буцаан олгож, техникийн эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 10,000,000 /арван сая/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан Улсын төсөвт оруулсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Айбекийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан ус татах насос 2 ширхэгийг хураан авч, Улсын орлогод оруулсугай.

8.Шүүгдэгч Н.Айбек нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ц.АМАРГЭРЭЛ