Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/208

 

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,                                                                                       

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхзул,

улсын яллагч Т.Нансалмаа,

шүүгдэгч О.Гантөмөр,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Отгонбаяр нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Хар хойтынхон овогт Олонбаярын Гантөмөрт холбогдох эрүүгийн 2231000000235 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, 17-р хороолол, 5-16 тоотод оршин суух хаягтай, урд ял шийтгэлгүй, Хар хойтынхон овогт Олонбаярын Гантөмөр, /РД: ТВ86062374/,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдснаар/

Шүүгдэгч О.Гантөмөр нь 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 09 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг “Моби Толгой” гэх газар Ц.Хаянхярвааг “хүүхэд зодлоо” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа 2-3 удаа цохиж, биед нь хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний гадна хэсэг, хамарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч О.Гантөмөр нь 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 09 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг “Моби толгой” гэх газар Ц.Хаянхярвааг “хүүхэд зодлоо” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа 2-3 удаа цохиж биед нь хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний гадна хэсэг, хамарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч О.Гантөмөрийг гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. 

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүгдэгч О.Гантөмөрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний буруу хүлээн зөвшөөрч байна. Дахиж ийм зүйл хийхгүй. Харамсаж байна” гэжээ.[1]

2. Хохирогч Ц.Хаянхярваагийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр миний утас руу манай хүргэн болох Гантөмөр өөрийн /9511-8953/ дугаараас залгаад "Сэлэнгэ аймгийн Хүдэр сум руу хамт самарт явъя. Чи галт тэргэнд суучих, Бид Дарханаас тосоод авъя" хэмээн тохирсон юм. Ингээд 2022 оны 09 дүгээр сарын 26-ны оройн галт тэргээр ирсэн бөгөөд намайг Гантөмөрийн хүү болох Гандаваа тосож аваад бид шууд таксигаар хүдэр сум руу явсан. Бид хүдэр сумын хөдөө ууланд очсон бөгөөд бид нэлээд хэд хоносон. Бид самар түүж байсан газраа модон рам бүхий гялгар цаасан хучлагатай отогт байрлаж байсан. Ингээд 2022 оны 10 дугаар сарын 09-ны өглөө Гантөмөр босож галаа түлж байсан бөгөөд Гантөмөр Гандаваад хандаж “Гандаваа бос, хоол цай хий гэж хэлэхэд босохгүй унтаад байсан. Гандаваа миний хажууд унтаж байсан тул Гандаваад хандаж "Миний дүү босоорой" гэж хэлээд хөнжлөөс нь таттал Гандаваа миний урдаас "Яагаад давраад байгаа пизда вэ? Ална шүү гэсэн. Би “Чи ахыгаа юу гээд байгаа юм бэ? гэж асуутал Гандаваа босч ирээд миний толгойн оройн баруун зүүн хэсэг руу 4-5 удаа цохьсон. Тэгээд би Гандаваагийн толгойг доош дарж хүзүү хэсгээс нь тэврээд автал Гантөмөр миний хойноос ирээд миний баруун гараас татсан. Би Гантөмөрийг биднийг салгах гэж байна гэж ойлгоод байж байтал Гантөмөр миний баруун гараас татаад миний хамар нүүр хэсэг рүү гараа зангидаж байгаад 3-4 удаа цохьсон. Тэгээд миний хамраас цус гараад эхэлсэн тул би гадагшаа гарч цусаа тогтоох гэтэл тогтохгүй гоожоод байсан. Улмаар би Гантөмөрийг "гараад ир хэмээн дуудаад отогийн үүдээр шагайтал Гантөмөр гартаа хутга барьчихсан галын өмнө ногоо арилгаад сууж байсан бөгөөд улмаар "Би энийг алчих уу. дүрчих үү хэмээн орилоод байсан. Тэгж байгаад гарч ирсэн бөгөөд би Гантөмөрийг гартаа хутга барьсан байж магадгүй гэж бодоод газар байсан модыг автал Гантөмөр миний гараас модыг булааж аваад намайг газарт унагаж дээр гарч суугаад дахин миний толгой хэсэг рүү хэд хэдэн удаа цохьсон. Улмаар Отогт байсан Даваажав, Улака, Бааска нар гарч ирж салгасан. Тэгээд би Гантөмөрт хандаж "Чи хамар чихчихсэн байна шүү дээ” гэж хэлтэл Гантөмөр миний хамрыг хараад "тийм байна" гэж хэлээд модон савх ашиглан миний хамрыг нааш гаргах гэсэн боловч сайн гараагүй. Гантөмөр "Хамрыг чинь хатуурахаас нь өмнө Дархан өрөөд би эмчлүүлээд өгье. Та битгий цагдаад хэлээрэй" гэж хэлсэн. Тэгээд бид Дархан хотод 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Дархан суманд очоод би Дархан хотын "Бид" эмнэлэгт очоод үзүүлсэн. Тухайн үед үзлэгийн мөнгө 100.000 /нэг зуун мянга/ төгрөг болж байна гэж Гантөмөрт хэлэхэд надад 60.000 /жаран мянга/ төгрөг өгсөн. Ингээд үзүүлэхэд миний хамар хугарсан байсан бөгөөд таны хамрын босоо нуруу, багана хугарсан байна. Тиймээс хагалгаа хийх шаардлагатай гэсэн бөгөөд эмчилгээний зардал 2.000.000 /хоёр сая/ төгрөг болно" гэсэн. Ингээд би Гантөмөрт энэ талаар хэлэхэд Гантөмөр “Би таны хамрыг эмчлүүлээд өгье” гэсэн. Ингээд тухайн үеэс хойш Гантөмөрт удаа дараа хэлсэн боловч миний хамрыг эмчлүүлээгүй ба 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Гантөмөртэй холбогдоход Гантөмөрийн эхнэр Болортуул "Чи миний хүүг зодсон. Чиний хамар угаасаа хугархай байсан биз дээ. Тиймээс би эмчлүүлж чадахгүй" гэж хэлсэн. Тиймээс би Цагдаад гомдол гаргасан юм....” гэх мэдүүлэг[2],

3.Гэрч С.Гандаваагийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би нойроо харамлаж байгаад орон дээрээ босож суугаад дээгүүрх цамцаа өмсөх гэтэл миний нуруу руу Хаянхярваа ах гараа зангидаж байгаад нэг удаа цохисон юм аа тэгээд дахиад цохих гээд гараа далайхаар нь би эргэж хараад Хаянхярваа ахын цээжээр нь тэврээд доош нь дартал Хаянхярваа ах миний үснээс зүүн гараараа зулгаагаад чи муу намайг цохилоо гэж хэлээд миний толгойг зүүн гарынхаа суганд хийгээд боож эхэлсэн юм аа. Тэр үедээ Хаянхярваа ахдаа та намайг тавьчхаач дээ гэж хэлээд байж байснаа боолт орсноос болоод тэрнээс цааших зүйлийг сайн санахгүй байгаа юм аа. Тэгээд нэг сэргэхэд отгийн гадаа Хаянхярваа ах гарчихсан өнчин шээс минь гараад ир би чамайг ална би чамайг зодох эрхтэй хүн чи надад зодуулахгүй яаж амьдрах гээд байгаа юм гэх мэт үг хэлээд орилж хашхичаад байсан юм аа. Тэгээд манай хойд аав Гантөмөр чи байж бай би гарчхаад ирье гээд отгоос толгойгоо гаргатал Хаянхярваа ах гэрийн яндан шиг бүдүүн шургааг модоор аавын толгой руу цохиод унагасан...” гэх мэдүүлэг[3],

4.Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 420 дугаартай шинжээчийн: “...Ц.Хаянхярваагийн биед хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний гадна хэсэг, хамарт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ц.Хаянхярваагийн биед учирсан дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт[4],

5.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол[5], 6.Яаралтай тусламжийн хуудас[6], 7.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа[7], 8.Зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[8], 9.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[9], 10.Дархан-Уул аймгийн “Бид” эмнэлгийн магадлагаа[10], 11.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[11] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч О.Гантөмөр гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэг нэг завсарлагаантайгаар явагдаж, хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “Улсын яллагчийн дүгнэлтэд татгалзах зүйлгүй” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг гаргажээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг,

шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч О.Гантөмөрт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирлыг нөхөн төлсөн” болон түүний хувийн байдлыг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гантөмөр нь хохирогчийн эмчилгээний зардалд 2,000,000 төгрөг нөхөн төлснийг дурьдаж, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.Гантөмөрийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн.  

Улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч О.Гантөмөрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, түүний цалин хөлс бусад орлого олох боломжийг харгалзан, торгуулийн шийтгэлийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч О.Гантөмөрт анхааруулж шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч О.Гантөмөр нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хар хойтынхон овогт Олонбаярын Гантөмөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гантөмөрт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гантөмөрийн хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч О.Гантөмөрт анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гантөмөр нь хохирогчийн эмчилгээний зардалд 2,000,000 төгрөг нөхөн төлснийг дурьдаж, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.Гантөмөрийг бусдад төлөх төлбөргүйд тооцсугай.

6. Шүүгдэгч О.Гантөмөр нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ц.АМАРГЭРЭЛ