Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2018/ШЦТ/257

 

 

 

 

     

               

 

                                    Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

 

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

 Улсын яллагч                                              А.Энхтуяа

 Шүүгдэгч Д.Борхүүгийн өмгөөлөгч         Р.Атарцэцэг

 Шүүгдэгч Г.Сандагийн өмгөөлөгч            Ж.Эрдэнэбаатар

 Шүүгдэгч Б.Гантулгын өмгөөлөгч           Г.Энхцэцэг

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуунзул нарыг оролцуулан

 

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, аймгийн Прокурорын газраас Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Борхүү, Г.Сандаг нарт, мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Борхүүд, мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Гантулгад холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1731000000121 дугаартай хэргийн хянан хэлэлцэв.

  

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1.Монгол Улсын иргэн, 1984 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Увс аймгийн  Тэс суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Зурагтын 2-19 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2002 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хорих ял оногдуулж мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 01 сарын хорих ялаар, 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан, Боржигон овогт Гомбын Сандаг, РД: ОО-8091996

 

2.Монгол Улсын иргэн, 1963 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 2 дугаар баг, Цайт гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 1999 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138.1, 200 дугаар зүйлийн 200.1-д зааснаар 06 сарын хорих ялаар, 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 04 жилийн хорих хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Мөнхширээт овогт Дамдинсүрэнгийн Борхүү, РД:ГЗ-76111419

 

3.Монгол Улсын иргэн, 1976 оны 11 сарын 14-ний өдөр Булган аймгийн Сайхан суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Ам бүл 6 эхнэр 4 хүүхдийн хамтаар Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Гурамсан гэх газарт хөдөө оршин суух хаягтай, Хувиараа мал маллаж амьдардаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, Боржигон овогт Батсайханы Гантулга, РД: ГЗ-76111419

        

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч  Д.Борхүү Г.Сандаг нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ар нуга гэх газарт өвөлжиж байсан Б.Гантулгын гаднаас түүний маллаж байсан С.Баатарын өмчлөлийн 1 тооны үхрийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч С.Баатарт 650.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Борхүү нь гэрч Б.Гантулгыг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятган хууль бусаар нөлөөлсөн,

Шүүгдэгч Б.Гантулга нь 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

 

 Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.Борхүү Г.Сандаг нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ар нуга гэх газарт өвөлжиж байсан Б.Гантулгын гаднаас түүний маллаж байсан С.Баатарын өмчлөлийн 1 тооны үхрийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч С.Баатарт 650.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Д.Борхүү нь гэрч Б.Гантулгыг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятган хууль бусаар нөлөөлсөн,  шүүгдэгч Б.Гантулга нь 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн үйл баримт тус тус тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Д.Борхүү, Г.Сандаг, Б.Гантулга нар нь тус тус гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

 

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

 

1.Шүүгдэгч Г.Сандагийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Б.Гантулга над руу намайг Булган аймагт явж байхад утасдаад 1 үхэр байна зармаар байна гэсэн. Тэгээд би эхнэрийн хамт Цагааннуур сум ороод Б.Гантулгын гэрийг мэдэхгүй учраас Бэхбатын очиж Б.Гантулгын гэрийг заалгаж цуг очсон. Тэднийд авчирсан чихэр боолв архи дарсаа өгөхөд Б.Гантулга сумын төв ороод мотоциклоо авчирмаар байна яваад өгөөч гэхээр нь сумын төв рүү машинтайгаа явсан. Сумын төвд очоод Б.Гантулга хэдэн төгрөг өгөөч гэхээр нь 60.000 төгрөг өгсөн. Б.Гантулга дэлгүүр орж 0.75 граммын 2 шил архи авахаар нь би мөн 1 шил архи авсан. Ингээд гэрлүүгээ явах замдаа Борхүү ахынд орж архи ууж байхад эхнэр нь дургүйцээд амармаар байна гэхээр нь бид хэд гарч Б.Гантулгын гэрт очсон. Б.Гантулгын гэрт байж байхад би явлаа оройтчихлоо гэхэд Б.Гантулга нэг үхэр аваарай гэж хэлсэн юм. Ингээд Б.Гантулга согтоод бид хоёр жаахан үг сөргөөхөд Д.Борхүү ах гарч нэг үхэр зааж өгөөд тэрийг нь би Б.Гантулгын эхнэр, д.Борхүү ах манай эхнэр бид хэд хашиж байгаад машинд ачаад явсан. Миний хувьд эхнэрээ дагуулаад дээрэм хийнэ гэхэд бол байна. Гэхдээ хүний үхрийг авч явсан буруугаа хүлээж байна. Хохирлыг нөхөн төлсөн. Хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг  

2.Шүүгдэгч Д.Борхүүгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Орой 23 цагийн үед манай гэрт Б.Гантулга, Г.Сандаг, Бэхбат 3 ирээд сумын төвөөс мотоцикл ачиж ирэх гэж байгаа гээд явсан. Ингээд буцаад 01 цагийн үед манайд орж ирээд 1 шил архи уусан. Ингээд байж байхад эхнэр дургүйцээд байхаар нь би эднийг дагаж гарч яваад Б.Гантулгын гэрт очиж архи уусан. Тэгээд Б.Гантулга, Г.сандаг хоёрыг муудалцаад байхаар нь элдэв хэрэг төвөг болох вий гэж айгаад гэрээс гарч нэг огтор шүдлэн үхэр зааж өгөөд Г.Сандагт өгч явуулсан. Б.Гантулга надад тэр үхрийг зааж өгөөрэй гэж хэлж байсан юм. Хэрвээ би зааж өгч явуулаагүй бол Г.Сандаг хүний үхрээс авахгүй байсан байх. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг   

3.Шүүгдэгч Б.Гантулгын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Г.Сандаг, Бэхбат хоёр манайд 18 цагийн үед ирсэн. Орж ирээд Г.сандаг бид хоёр ганц шил архи хувааж уусан. Тэгээд гадаа гараад тамхи татаад зогсож байхад Г.Сандаг надад цагаан идээ авахаар ирлээ, ганц идэшний үхэр байна уу гэсэн. Ингээд сумын төв ороод мотоцикл дөхүүлж өгөх гэж явж байхдаа надад цагаан идээний мөнгө гэж 60.000 төгрөг өгсөн. Тэгээд тэр мөнгөөр нь архи аваад замдаа архи уугаад гэртээ ирээд согтоод унтсан байсан....” гэх мэдүүлэг  

4.Хохирогч С.Баатарын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би хотод сувилалд амарч байхад манай малчин Б.Гантулга дээр махны ченж Г.Сандаг гэж хүн очиж манай үхэрнээс 1 тооны үхрийг маань хулгайлан авч явсан байсан. Ингээд энэ асуудлыг цагдаа шалгаж эхэлсэн юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар тал/

4.Гэрч С.Мөнхцэцэгийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн үед Б.Гантулга малчин, Р.Бэхбат нар унтаж байсан учраас гэрээс гараагүй. Манай нөхөр Бор гээд малчинтай цуг үхэр барих гээд гадаа байж байсан. Тэгээд бид 2 гарч Бор малчины бугуйлдаад алдсан гэх үхрийг олж харалгүй буцаад гэр рүү ороод унтсан. Тэгээд унтаж байтал манай нөхөр Г.Сандаг нь “одоо буцъя” гэж хэлэхээр нь машиндаа суух гээд гарахад машин дээр 1 үхэр ачсан байсан. Ямар зүстэйг нь хараагүй. Тухайн үед үүр цайж байсан. Тэгээд Р.Бэхбат, манай нөхөр бид 3 Бор малчинг машиндаа суулгаж замаараа гэрт нь буулгаж гээд явж байтал манай нөхөр Г.Сандаг надад хандаж “30.000 төгрөг өгчих” гэж хэлээд надаас авсан. Тэр мөнгөө Бор малчинд өгсөн... Г.Сандаг нь нөгөө ачиж ирсэн үхрээ нядалж машин дээрээ ачсан.  . ...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар тал/

5.Гэрч Р.Бэхбатын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд босоод гэрээс гарахад Бор ах улаан зүсмийн шүдлэн эр үхэр эвэрнээс нь бариад зогсож байсан. Хажууд нь Г.Сандаг ах машинаа асаасан зогсож байсан. Тэгээд Г.Сандаг ах намайг “энэ үхрийг ачилцаад өг” гэж хэлээд би Бор ах, Г.Сандаг ах хоёртой цуг үхрийг  ачсан. Тэгээд үхрээ ачаад Бор ахыг замаараа гэрт буулгаж, Г.Сандаг ах, түүнийн эхнэр С.Мөнхцэцэг бид 3 сумын төвөөр дайрч манай эхнэр Гүнжидмаа бид 2 хүүхдээ аваад “Рашаант” гэх газар руу өвөлжөө рүүгээ явсан. Тэгээд манай өвөлжөө дээр ирээд ачиж ирсэн үхрээ буулгаж Г.Сандаг ах тухайн үхрийг ганцаараа нядалж өөрийн цагаан өнгийн портер маркийн 82-21 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр ачиж надаас 40 ширхэг дөрвөлжин өвс нэгийг нь 2000 төгрөгөөр бодож аваад явсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр тал/     

5.Гэрч П.Лхагважаргалын 2017 оны 12 дугаар сарын сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Г.Сандаг нэг үхрийг маань бугуйлдаад бариад авчихсан байж байхаар нь “яаж байгаа юм бэ?” гэж хэлэхэд Д.Борхүү ах “би мэдэж байна, ачаад явуулчих” гэж хэлсэн. Ингээд би тухайн үед согтуу хүмүүстэй юу ярих билээ гэж бодоод чимээгүй байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар тал/

6.Яллагдагч Б.Гантулгын 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д.Борхүү ах надтай уулзаад “би 1 жил 6 сарын тэнсэн ялтай. Ах нь үхэр дур мэдэн өгч явуулснаараа буруутах гээд байна. Чи энэ хэргийг даачих. Итгэл найдвар алдсан гэдгээрээ чи гайгүй өнгөрнө. Ах нь болохоор шоронд явах гээд байна. Тэгэхээр нь би цагдаад мэдүүлэг өгөхдөө “Б.Гантулга намайг үхэр өгөөд явуулаарай гэж хэлсэн учир би  хэлснээр нь үхрийг Г.Сандагт өгч явуулсан” гэж мэдүүлсэн байгаа. Чи үүнтэй адил хэлчихээч” гэхээр нь Д.Борхүү ахыг бодоод би худлаагаасаа мэдүүлэг өгчихсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 207-208 дугаар тал/

7.Гэрч, яллагдагч нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх-ийн 196-198 дугаар тал/

8.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар тал/

9.Үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 6 дугаар тал/

10. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8 дугаар тал/

11.Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-16 дугаар тал/

12.Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 17-29 дүгээр тал/

13.Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 71-74 дүгээр тал/

14.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 1, 81-82, 204 дүгээр тал/

15.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 88, 92, 212 дугаар тал/

16.Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 89, 100, 101 дүгээр тал/

17.Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 93 дугаар тал/

18.Сэлэнгэ аймгийн авто тээврийн төвийн тодорхойлолт /хх-ийн 95, 97, 99 дүгээр тал/

19.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 103, 110, 111 дүгээр тал/

20. Шийтгэх тогтоолын хуулбарууд /104-108, 114-129 дүгээр тал/

21.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 213-216 дугаар тал/ зэрэг болно.

 

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч нар  шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч нарт холбогдох хэргүүд нь гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэлүүд тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Д.Борхүү, Г.Сандаг нарын Б.Гантулгын маллаж байсан хохирогч С.Баатарын өмчлөлийн үхрийг илээр хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэн авч явсан үйлдэл  нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан, Д.Борхүүгийн Б.Гантулгыг гэрчийн мэдүүлэг өгөхөд хууль бусаар ятган нөлөөлсөн нь мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1-д заасан, Б.Гантулгын 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад зориуд худал мэдүүлсэн нь мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д заасан  гэмт хэргийн шинжүүдийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

 

Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг

 

Шүүгдэгч Г.Сандаг, Д.Борхүү нарын гэмт үйлдлийн улмаас бусдад 650.000 төгрөгийн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хохиролд тооцов.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон С.Баатар хохирол төлбөрт 2.000.000 төгрөг хүлээн авч, шүүгдэгч нараас нэмж нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй гэсэн мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасанд үндэслэн шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов. 

Шүүгдэгч Д.Борхүү, Б.Гантулга нарын гэмт үйлдлийн улмаас бодит байдлаар илэрхийлэгдэх хохирол, хор уршиг учраагүй байна.

Гэвч Эрүүгийн хуулийн 21 дүгээр бүлэгт заагдсан гэмт хэргүүд нь хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргүүд бөгөөд эдгээр гэмт үйлдлүүдийн улмаас нийтийн эрх ашиг хөндөгддөг болохыг дурьдах нь зүйтэй.

 

Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

 Шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирол, хор уршигийг бүрэн төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд ороцсон Прокуророос санал болгосон ял шийтгэлүүдийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Борхүү, Г.Сандаг нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах, шүүгдэгч Д.Борхүүд мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Гантулгад  мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

         Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

        Шүүгдэгч Д.Борхүү, Г.Сандаг нарт дээрх зүйл ангид заасан ял шийтгэл оногдуулахгүйгээр тэнсэж мөн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулав.

 Шүүгдэгч Д.Борхүү, Б.Гантулга нарт оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд үүрэг даалгавар биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж буюу 15.000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.

 Шүүгдэгч нар энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.   

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Гомбын Сандаг, Мөнхширээт овогт Дамдинсүрэнгийн Борхүү нарыг мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан “Дээрэмдэх” гэмт хэрэгт, шүүгдэгч Мөнхширээт овогт Дамдинсүрэнгийн Борхүүг мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1-д заасан “Гэрчид хууль бусаар нөлөөлөх” гэмт хэрэгт, шүүгдэгч Боржигон овогт Батсайханы Гантулгыг мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д заасан “Худал мэдүүлэх” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.

         2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Гомбын Сандаг, Мөнхширээт овогт Дамдинсүрэнгийн Борхүү нарт мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ял шийтгэл оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаатай тэнсэж үүрэг хүлээлгэх арга хэмжээ авч авч уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Г.Сандаг, Д.Борхүү нарыг оршин суугаа газар, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.        

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.Сандаг, Д.Борхүү нар нь шүүхээс даалгасан үүрэг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.Сандаг, Д.Борхүү нар нь уг хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

 6.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Борхүүд 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600.000 төгрөгөөр торгох, мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Батсайханы Гантулгад 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.  

 7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Д.Борхүү, Б.Гантулга нарт тус тус оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхийг үүрэг болгосугай.

 8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Д.Борхүү, Б.Гантулга нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг  анхааруулсугай.

 9.Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

10.Шүүгдэгч нарт урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ                                          Б.ЭРДЭНЭХИШИГ