Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 135/ШШ2020/00712

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2020/00411/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... баг, ... гудамж, ... тоотод оршин суух ... овгийн Б-ны Б /РД:..., утас:.../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... тоотод оршин суух ... овгийн Э-ийн Т /РД:..., утас:.../-д холбогдох

“Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Э.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

“...Миний бие Б.Б нь 2008 онд Т-тэй танилцаж улмаар 2010 онд нэг гэрт орж хамтран амьдарч байх үед бидний дундаас хүү М 2010 оны 04 сарын 01-нд төрсөн. Гэрлэлтээ батлуулаагүй. Хүүхэд маань төрөх үед Т нь иргэний үнэмлэхний зөрчилтэй байснаас шалтгаалаад хүүхэд эх миний овгоор овоглогдсон. Хүү Б.М одоо 9 настай. Т 2013 онд хүүгээ 2 нас гарантай байхад Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт ажилд ороод бид хоёрыг тэр үеэс хаяад явсан. Дахиж хамт амьдраагүй. Хүүхэдтэйгээ уулздаггүй. Хүүхэддээ туслаж дэмждэггүй. Өөр хүнтэй суугаад тэр чигтээ төрсөн хүүхэд М-ийг үл тоож байна. Хүү маань том болохын хирээр хэрэгцээ шаардлага нь ихэсч байгаа тул одоо хуулийн дагуу төрсөн эцэг Э.Т-гөөс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 Хариуцагч Э.Т нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“Б.Б-тай 2009 оноос хойш хамт амьдарсан. 2013 онд би Төмөрлөгийн уурхайд гардаг байсан. 15 хоноод гараад 15 хоног ирдэг байсан. Б.Б найз нөхөдтэйгээ уулзсан гээд заримдаа гадуур хонодог байсан. Тэгээд найз нөхдөд нь яагаад эхнэр уруу татаад байна гэж хэлсэн. Би 1, 2 удаа уучилсан. Ингээд салсан. Тухайн үед Дарханд уулзаж учирдаг хүн байсан юм билээ. Тэр хүнтэйгээ мессэжлэдэг байсан юм билээ. Тэгээд би хүүхэдтэй болоогүй байгаа дээрээ салъя гэсэн боловч 2 талын ээж айлын охин хүүхдийг авч суучихаад ингээд яахав 1 удаа уучилчих гэж байсан, тэгээд миний хүүхэд гэдэгт эргэлздэг байсан. Харин одоо шинжилгээ нь минийх гэж гарсан учраас хүүхэддээ тэтгэлэг төлнө, татгалзах зүйл байхгүй.” гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Э.Т-д холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Э.Т нар нь 2008 онд танилцаж, иргэний гэр бүлийн байдлын гэрлэсэний бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хамтран амьдарч байсан байна.

Тэдний хамтран амьдрах хугацаанд 2010 оны 04 сарын 01-ний өдөр хүү Б.М төрсөн нь төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Э.Т нар нь хамтын амьдралын хугацаанд маргаантай байснаас 2013 оноос тус тусдаа амьдарч байгаа, хамтын амьдралыг үргэлжүүлэх боломжгүй гэжээ.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг Э.Т, эх Б.Б, нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс эцэг, эх тусдаа амьдрах болсон тохиолдолд чөлөөлөгдөх үндэслэлгүй,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын  20-ны өдрийн 2119 дугаартай дүгнэлтээр Э.Т нь Б.Мийн биологийн эцэг байх магадлал 99,96% байх тул 2010 оны 04 сарын 01-ний өдөр төрсөн хүү Б.Мийн төрсөн эцэг Э.Т болохыг тогтоож, хариуцагч Э.Тгээс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

Зохигчдийн тусдаа амьдрах хугацаанд хүү Б.М эх Б.Бгийн асрамжид өсөж байгаа, нэхэмжлэгчийн  хүүхдээ  өсгөх, тэжээн тэтгэх талаар харшлах болон үгүйсгэх нотлох баримтыг хариуцагч шүүхэд ирүүлээгүй, маргаагүй тул хүүхдийн нас, эрүүл чийрэг өсгөн бойжуулахад эхийн оролцоо илүү шаардлагатай байгааг харгалзан эх Б.Бгийн асрамжид үлдээж шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж хуульчилжээ.

Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд туслах зэрэгт эцэг, эх нь тусдаа амьдарч байгаа үед ч тэдгээрийн үүрэг хэвээр үргэлжлэх учиртай, хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх үүрэг”- тэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар  зүйлийн 57.1-д  шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ, улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно гэж хуульчилжээ. Нэхэмжлэгч Б.Б шүүхэд хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гарган, тэмдэгтийн хураамжид 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 70.200 төгрөг төлсөн байна.

Шүүхээс 2010 оны 04 сарын 01-ний өдөр төрсөн хүү Б.Мийг асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргийг хэн нь хариуцаж байгаагаас хамааран хүүхдийн тэтгэлэгийг зохигчийн хэн алинаас гаргуулах асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  58 дугаар зүйлийн 58.2-т зааснаар нөхөн төлүүлж төрийн сангийн орлого болгох нь зүйтэй.

Хуульд зааснаар нэхэмжлэгч Б.Бгийн хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай гэж тодорхойлогдох бөгөөд /70.200+33,105/ төлөхөөс тэмдэгтийн хураамжид 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 70.200 төгрөг төлсөн, асрамжийн талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагад төлөх хураамж төлөөгүй, энэ талаар хүсэлт гаргаагүй тул дараах байдлаар хуваарилан шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63-р зүйлийн 63.1.5-д тогтмол хугацаанд төлөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлохоор заасан тул  хариуцагч Э.Тгээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 33,105 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулах,  мөн 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар хариуцагч Э.Т-г 2010 оны 04 сарын 01-ний өдөр төрсөн хүү Б.Мийн төрсөн эцэг мөн болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 04 сарын 01-ний өдөр төрсөн хүү Б.Мийг эх Б.Бгийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т зааснаар 2010 оны 04 сарын 01-ний өдөр төрсөн хүү Б.Мт 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих Тгийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Э.Тгээс тэтгэлэг сар болгон гаргуулан олгосугай.  

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн Төрийн банкны 100190000941 тоот дансанд 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Тгээс 33,105 төгрөг улсын тэмдэгтийн хураамжинд гаргуулан төрийн сангийн орлогод, 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Д.ОЮУНДАРЬ