| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2022/0199/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/212 |
| Огноо | 2022-12-15 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | А.Баясгалан, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/212
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхзул,
улсын яллагч А.Баясгалан,
шүүгдэгч Р.Оюун,
шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Рэнцэнгийн Оюунд холбогдох эрүүгийн 2231002560237 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1962 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Аптанбулаг суманд төрсөн, 60 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, Би эф си ложистик ХХК-ийн Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн ажилтай, ам бүл 2, хүүгийн хамт Сэлэнгэ аймаг Алтанбулаг сумын Булгийн 1- 23 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Рэнцэнгийн Оюун /РД:МТ62030703/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Р.Оюун нь “Би-Эф-Си” Ложистикс ХХК-ийн гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн буюу гаалийн зуучлагчаар ажиллаж байхдаа иргэн Б.Тэлмэнгийн Оросын холбооны улсаас импортолсон рек модны гаалийн мэдүүлгийн бүрдүүлэлт, татвар төлөлтийг бодож, материал бүрдүүлэх ажлыг хийж гүйцэтгэх явцдаа Д.Уртнасанд “гаалийн байцаагч тээврийн зардал чинь жоохон байна, 200,000 төгрөг өг, тэгээд гар гэнээ” гэж хуурч, гаалийн байцаагчид шан харамж өгөөгүй атлаа мөнгө өгсөн мэтээр зохиомол байдал бий болгон төөрөгдөлд оруулж Д.Уртнасангаас 200.000 төгрөгийг өөрийн Хаан банк дахь 5605004366 тоот дансанд шилжүүлэн авч залилах гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Р.Оюун нь “Би-Эф-Си” Ложистикс ХХК-ийн гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн буюу гаалийн зуучлагчаар ажиллаж байхдаа иргэн Б.Тэлмэнгийн Оросын холбооны улсаас импортолсон рек модны гаалийн мэдүүлгийн бүрдүүлэлт, татвар төлөлтийг бодож, материал бүрдүүлэх ажлыг хийж гүйцэтгэх явцдаа Д.Уртнасанд “гаалийн байцаагч тээврийн зардал чинь жоохон байна, 200,000 төгрөг өг, тэгээд гар гэнээ” гэж хуурч, гаалийн байцаагчид шан харамж өгөөгүй атлаа мөнгө өгсөн мэтээр зохиомол байдал бий болгон төөрөгдөлд оруулж Д.Уртнасангаас 200.000 төгрөгийг өөрийн Хаан банк дахь 5605004366 тоот дансанд шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Р.Оюун гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Оюуны өгсөн: “Өдий насандаа ийм зүйлд холбогдсонд үнэхээр ичгэвтэр байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг[1],
2.Гэрч Д.Уртнасангийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би хувиараа ОХУ-аас мод модон материал, бохирын цэвэршүүлэх тоног төхөөрөмж, төрөл бүрийн жимсний мод Монгол улсад оруулж зарж борлуулдаг юм. Учир нь энэ оны 05 дугаар сарын 15-ны өдөр миний дүү Баянмөнхийн Тэлмэн нь ОХУ-аас байшингийн доторлогооны рек мод оруулж ирсэн юм. Тэгээд Монголд оруулж ирэхээр нь гаалийн зуучлагч Оюун гэж хүнийг гаалийн бичиг баримтын бүрдүүлэлтийг хийгээд өгөөч ээ гэж захисан юм. Тэгээд үүний дагуу Оюун бичиг баримтыг Тэлмэнгээс аваад бүрдүүлэлтийг нь хийгээд үндсэндээ Тэлмэн бүх гаалийн татвар, хураамжаа төлөөд хамгийн сүүлд Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн гаалийн байцаагч Батсайхан гэж хүн шалгаад гаргах ёстой байсан. Гэтэл тэр гаалийн байцаагч нь Оюунд “танай энэ ачааны тээврийн зардал арай бага тусгагдсан юм шиг байна, тийм учраас ачааны эзэнд нь хэлээд 200,000 төгрөг өгөөд гар” гэж хэлсэн байсан. Энэ тухай Оюун над руу хэлэхдээ бичиг баримтыг нь ширээн дээрээ тавьчихаад “мөнгөө өг, гээд хөдлөхгүй суугаад байна яах вэ” гэж хэлсэн. Тэгээд би “хэсэг хугацаанд сууж байгаад гаргачих байлгүй дээ, би эсхүл ахлах байцаагчид нь хэлэх үү” гэж Оюун руу мессеж бичсэн юм. Гэтэл Оюун “наадах чинь ахлахын үгийг авахгүй ээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “наад 200,000 төгрөгийг нь өгчих өө, би эндээс 200,000 төгрөгийг нь шилжүүлье, хаашаа шилжүүлэх вэ” гэж хэлсэн чинь Оюун “би өөрт байсан бэлэн мөнгөнөөсөө 200,000 төгрөг өгчихлөө, наад мөнгөө миний данс руу шилжүүлчих ээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Оюуны данс руу 200,000 төгрөгийг нь шилжүүлсэн. Тэгээд Тэлмэнгийн ачаатай машиныг гаргасан юм. Энэ тухай би Батсайхан байцаагч руу утсыг нь олж утасдаж хэлсэн "... чи одоо ийм үйлдэл гаргалаа энэ талаар чинь би өгдөг газар нь өгөхөөс өөр аргагүй боллоо эсхүл чи миний данс руу 200,000 төгрөг шилжүүлээд учраа олоо...” гэж хэлсэн чинь Батсайхан урдаас доромжлоод “би чамаас яахлаараа мөнгө авдаг юм, чи өгдөг газар нь өгчих, тэр АТГ-ын мөрдөгч чинь аймгийн Захиргаан дээр ажиллаж байгаа” гэж надад хэлсэн юм. Би “учраа олье” гэж бичсэн мессеж бичсэн тэрний хариуд би “чамаас ямар ч мөнгө аваагүй ээ, АТГ-ынхан Сэлэнгэд ирсэн байгаа би шалгуулах юм аа шалгуул шалгуул” гэж над руу мессеж бичсэн. Тэгэхээр нь би Оюунаас буцаагаад утсаар асуугаад “чи яг Батсайханд мөнгө өгсөн юм уу, наад хүн чинь аваагүй гээд намайг элдэв янзаар хэлээд байна шүү дээ” гэж хэлсэн чинь өгсөн “өгөлгүй, яах вэ дээ” гэж хэлсэн. Тэгээд би хэд хоног хараад учраа олох юм болов уу? гэсэн чинь сураггүй байсан. Тэгээд ч энэ Батсайханы тухай сураг ажиг тавьсан чинь зөвхөн надаар ч дутахгүй энэ үйлдэл нь нэлээн даамжирсан юм шиг болохоор нь өөрийнх нь хэлсний дагуу АТГ-т утсаар энэ мэдэгдсэн юм. Хамгийн гол нь мөнгөндөө биш гаргаж байгаа зүй бус үйлдэл гаргаж тэрэндээ дүгнэлт гаргах байхаа гэж бодсон чинь над руу ярихгүй болохоор нь энэ тухай мэдэгдсэн юм. Ачааны эзэн гаалийн татвар, хураамж бүх гарах зардлыг төлчихсөн байхад дээрээс нь гаргахгүй гээд мөнгө нэхээд байгаа үйлдэл нь өөрөө хясан боогдуулж байгаа юм.” гэх мэдүүлэг[2],
3.Гэрч Б.Тэлмэнгийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би Техник технологийн дээд сургуулийн 4 дүгээр курст суралцдаг. Би саяхан 2022 оны 03 дугаар сарын сүүлээр ДАП маркийн 20 тонн даацтай том оврын авто машин зээлээр худалдаж авсан юм. Уг машинаараа ачаа тээврийн ажил хийх зорилготой байгаа ба машин худалдаж авснаасаа хойш нэг л удаа ОХУ-аас рек мод импортоор оруулж ирсэн, өөр ажил хийж амжаагүй байна. Би 2022 оны 03 дугаар сард 47-11 УНН улсын дугаартай, ДАП маркийн машиныг Минжин овогтой Соёл-Эрдэнэ гэх хүнээс худалдаж авсан ба машинаа авахдаа “Би-Эф-Си” Ложистик нэртэй ББСБ-д барьцаанд тавьж, 54 сая төгрөгийн зээл авч байсан юм. Миний машин одоо дээрх компанийн нэр дээр барьцаанд байгаа юм. Би өөрөө 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр ОХУ-аас 45м3 рек модыг импортоор оруулж ирсэн юм. Мод зөөвөрлөсөн 47-11 УНН дугаартай авто машин нь миний машин боловч “Би-Эф-Си” Ложистик нэртэй ББСБ-ын барьцаанд байдаг юм. Дээрх модны асуудал “Би-Эф-Си” Ложистик ХХК-нд ямар ч хамааралгүй, би хувийн машинаараа өөрийнхөө модыг оруулж ирсэн юм. Дээрх модыг Алтанбулаг боомтоор оруулж ирсэн ба мод оруулж ирэх үед манай үеэл ах Уртнасан нь гаалийн бүрдүүлэлттэй холбоотой асуудлыг хөөцөлдсөн. Би өөрөө орос хэлгүй учир манай хамаатны ах Уртнасан надад тусалсан. Гаалийн татварт 3,480,152 төгрөг төлсөн, татварын төлөхдөө би өөрийнхөө дансаар билүү ээж Үүрийнтуяагийн дансаар дамжуулж төлсөн санагдаж байна. Ямар ч байсан миний бараа материалыг шалгаж ажилласан байцаагч нь 50 гаруй насны эрэгтэй хүн байсан. Би тэр хүнийг танихгүй тул нэрийг нь мэдэхгүй байна. 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 12 цагийн үед гаалийн хашаанд ороод хяналт шалгалт хийгдээд орой 17 цагийн үед гаалийн хашаанаас машинаа гаргасан юм байна. Би гаалийн бүрдүүлэлтээ хийгээд татвараа төлчихсөн байхад намайг гаалийн хашаанаас гаргахгүй байсан, би машин дотроо бараг 2-3 цаг шахуу зүгээр сууж хүлээсэн юм. Би хашаанаас гарах гээд гаалийн бүрдүүлэлт хийсэн 60 орчим настай Оюу гэх эгчтэй уулзахад тэр Оюу гэх хүн надад хандаж “Манай байцаагч танай ахтай чинь холбогдоно гэнэ, нэг юман дээр тамга дарах ёстой, тэр тамга нь дарагдаагүй байна, хүлээж бай” гэж хэлж байсан. Тэгээд би машин дотроо суугаад л хүлээж байсан. Тэгээд байж байтал орой 17-18 цагийн үед Оюу гэх эгч над дээр хүрч ирээд гаалийн бүрдүүлэлтийн хуудас өгөөд одоо гарч болно гээд гаргасан юм. Ямар нэгэн хууль бус зүйл илрээгүй. Би өөрөө 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Орос руу яваад ОХУ-ын Хиагтын гааль дээр машиныхаа ачааг бүгдийг нь гараараа буулгаж шалгуулаад буцааж ачаад бараг 50 хоноод 05 дугаар сарын 14-нд Монгол Улсын хилээр орсон юм. Тэгэхээр миний машинд ямар нэгэн хууль бус зүйл байхгүй, угаасаа шалгалтаар ямар нэгэн зөрчил илрээгүй. Нэг төрлийн бараатай ямар нэгэн зөрчилгүй мэдүүлэг гаргагчийн ачаа барааг хянан шалгаж гаалийн шалгалт хийхэд багадаа 1 цаг орчим, ихдээ 4 цаг орчим болдог. Гол нь мэдүүлэг бүрдүүлдэг зуучлалын компанийн ажилтны ямар хугацаанд ажиллаж байгаагаас шалтгаална. Мөн мэдүүлэг гаргагчаас нэмэлт материалаа хурдан хугацаанд гаргаж өгөх гэх мэт олон шалтгаанаас болж тухайн гаалийн хяналтын бүсэд ямар хугацаанд байх нь шалтгаална” гэх мэдүүлэг[3],
4.Гэрч Б.Уугантуяагийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт байрлах Видү гаалийн хяналтын бүсэд гаалийн бичиг баримтын байцаагчаар үүрэг гүйцэтгэж байсан” гэх мэдүүлэг[4],
5.Гэрч Ч.Мөнхбаярын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр арын 23-ны өдөр хүртэл Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар, 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс өнөөдрийг хүртэл тус гаалийн газарт Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байна. Мэдүүлэг гаргагчаас гаргаж өгсөн баримт бичигт тээврийн зардлыг тусгасан байдаг. Тухайн мэдүүлэг гаргагчаас ирүүлсэн бичиг баримтад заасан дүнгээр тээврийн зардлыг тооцдог. Бичиг баримтын байцаагч тээврийн зардлыг хянаж үзээд зөрчилгүй гэж дүгнэдэг. Илтэд тээврийн зардлыг багаар мэдүүлсэн болох нь тогтоогдвол гаальд худал мэдүүлсэн үндэслэлээр арга хэмжээ авч ажиллана. Би тухайн өдөр ахлах байцаагчаар ажиллаж байсан ямар нэгэн зөрчил илэрвэл надад мэдэгдэх ёстой. Надад тээврийн зардал багаар мэдүүлсэн зөрчил илэрсэн тухай мэдэгдээгүй. Дээрх мэдүүлгийг программаас үзэхэд ямар нэгэн зөрчил илэрсэн буцаасан тэмдэглэгээ байхгүй байсан. Миний хувьд хяналт шалгалт хийхдээ ачааны тоо хэмжээ, нэр төрөл таарч байгаа эсэхэд хяналт тавьж үнэлдэг. Татвар хураамж зөв бодогдсон эсэхийг хянадаг. Өдөрт багадаа 25, ихдээ 50 гаран мэдүүлэгт хяналт шалгалт хийж ажилладаг. Тухайн өдөр 21 машин, 31 бүрдүүлэлт хийгдсэн байна. Ажлын ачаалал дундаж байсан гэж ойлгож болно. Миний бодож байгаагаар ямар нэгэн ачаалалгүй оочергүй үед 1 цаг 30 минутаас 2 цаг орчим болно гэж бодож байна. Дарааллаас болж удах шалтгаан байж болно. Жишээ нь урд талд нь олон нэр төрлийн бараатай жолооч ачаагаа дарааллын дагуу шалгуулвал түүнийг дуустал хүлээж байж өөрийн дарааллаар шалгуулна. Өөрөө нэг төрлийн зөрчилгүй бараатай байсан ч өөрийн урд байгаа ачааг шалгуулж дуустал хүлээх гэх мэт шалтгаанаас болж Гаалийн хяналтын бүсийн талбайд удах шаардлага гардаг” гэх мэдүүлэг[5],
6.Гэрч Ш.Энхчимэгийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс өнөөдрийг хүртэл Видү ХХК-д ажиллаж байна. Видү гаалийн хяналтын бүсийн менежерээр 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Би Видү ХХК-ийн Гаалийн хяналтын бүсийн талбайн менежер буюу талбайд орж гарах хөдөлгөөн, машин тэрэгний бүртгэл, компанийн эд хөрөнгө, талбай дээр болж байгаа бүх үйл ажиллагаанд хяналт тавьж аюулгүй байдлыг хангаж ажиллаж байна. 24 цагаар ажиллаж 48 цагаар амардаг 3 хамгаалагчтай. Видү Гаалийн хяналтын бүсэд нийт 6 камер байгаа. Дотор гаалийн бүрдүүлэлт хийгдэж байгаа хэсэгт 2 хяналтын камер, Видү ХХК-ийн хашаа руу орж гарч байгаа тээврийн хэрэгслийн дугаар харахаар байршуулсан 1 камер, модны талбай руу харсан 1 камер, автомашины зогсоол руу харсан 1 камер, манай компанийн агуулах руу харсан 1 камер, нийт 6 камер байдаг. Манай хяналтын камер бичлэгээ 30 хоног хадгалах хүчин чадалтай байна. Өнөөдрийн байдлаар 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн бичлэг хадгалаатай байгаа юм. Тэгэхээр 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн камерын бичлэг устсан байхгүй” гэх мэдүүлэг[6],
7.Хохирогч Д.Уртнасангийн 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Тухайн албан тушаалтанд холбогдуулан АТГ-с шалгаж хариу ирсэн байна. Энэ үйлдэл нь авилгалын асуудал биш залилах гэмт хэргийн шинжтэй Улаанбаатарт очсон тул надад гомдол санал байхгүй. Түргэн шуурхай шалгаж өгнө үү, миний биеийн байдал эмчийн хяналтанд тогтмол байх шаардлагатай тул нааш цааш явах боломжгүй байгааг хүлээн авна уу” гэх мэдүүлэг[7],
8.Шүүгдэгч Р.Оюуны 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Надад мөнгөний хэрэг гарсан байсан учир би Батсайханы нэрийг барьж Уртнасангаас 200,000 төгрөг авчихсан. Тухайн мөнгийг би өөртөө зарцуулсан. Би ийм зүйл болно гэж огт бодсонгүй. Маргааш нь Уртнасанд 200,000 төгрөгийг нь буцаагаад өгөх гэсэн чинь “танд байж байг” гэж хэлэхээр нь өөртөө байлгаж байсан” гэх мэдүүлэг[8], 9.Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл[9], 10.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[10], 11.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[11], 12.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[12], 13.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[13] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Р.Оюуны гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч Р.Оюун хохирогч Д.Уртнасанд учирсан 200,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлснийг дурьдах нь зүйтэй. Тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Р.Оюунд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүх хуралдаан оролцогч талуудын хүсэлтээр нэг завсарлагаантайгаар явагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс гэм буруу, хохирол төлбөр, эрүүгийн хариуцлагын талаархи саналдаа: “Би-Эф-Си” Ложистик ХХК-ийн Гаалийн бүртгэлийн ажилтнааар ажиллаж байхдаа Б.Тэлмэнгийн Оросын холбооны улсаас оруулж ирсэн гаалийн бүртгэлд хяналт тавьж байх явцдаа түүний ах Т.Уртнасанд гаалийн байцаагч тээврийн зардал чинь жоохон байна, 200,000 төгрөг нэмж өг гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдын эд хөрөнгийг өөрт ашигтайгаар авч 200,000 төгрөгийг өөрийн Хаан банкны дансанд шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь Оюуны гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Уртнасан, гэрч Тэмүүлэн нарын мэдүүлэг болон Хаан банк дахь дансны хуулга зэргээр нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Оюун нь Уртнасанг хуурч 200,000 төгрөг шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хуурч зохиомол байдлыг бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж, шилжүүлэн авсан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Торгох ялыг түүний цалин, орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаатай хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Р.Оюун нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан битүүмжилсэн эд зүйлгүй, Оюунаас гарах мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн тусгаарласан хэрэггүй байна” гэсэн саналыг гаргасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “Өнөөдрийн шүүх хуралдаанд гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцэж байна. ...Хүний хувийн байдлыг илэрхийлэх нь зөв гэж бодож байна. Оюуны хувьд 2 хүүтэй энэ байгууллагад 20 гаруй жил ажиллаж байна. Энэ хэрэг маш хүнд цохилт болж байгаа. Ажлын байгууллагын тодорхойлолтыг нь гаргуулах гэхээр юунд холбогдсон, яасан гээд асуудал үүсэх учраас тодорхойлолтыг нь авч чадаагүй энэ байдлуудаас үүдэж би гэм буруугийн тал дээр маргахгүй, зүйлчлэл дээр маргахгүй, эрүүгийн хариуцлагын тал дээр ялаас чөлөөлж өгөөч” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг гаргажээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн” болон түүний хувийн байдлыг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Оюуныг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Оюунд оногдуулсан 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаас түүнийг чөлөөлөхөөр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Р.Оюун нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Оюуныг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Оюунд оногдуулсан 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаас түүнийг чөлөөлсүгэй.
4. Шүүгдэгч Р.Оюун нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ