Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 20

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй,                                                                                                

 шүүх хуралдаанд:

 прокурор                                              М.Сайнзаяа

 шүүгдэгч                                               Г.Б, түүний өмгөөлөгч  Э.Цэнгүүн

 нарийн бичгийн дарга                         Т.Батсайхан нарыг оролцуулан,

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/51 дугаар шийтгэх тогтоолтой Г.Б.т холбогдох 1934011170550 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүний давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Г.Б.

Шүүгдэгч Г.Б 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Булган аймгийн Баяннуур сумын нутгаас иргэн Г.Б ын 18 тооны адууг хулгайлж, 47.641.500 төгрөгийн хохирол учруулж, бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/51 дугаар шийтгэх тогтоолоор:

1. Шүүгдэгч Г.Б.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Б.г 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Б.н баривчлагдсан 2 /хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Б.т оногдуулсан 4 /дөрвөн/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

5. Шүүгдэгч Г.Б нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж, **-** БУА улсын дугаартай “ Kia Bongo 3” загварын тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг Г.Б.н эзэмшилд үлдээж,

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэгт заасныг журамлан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан **-** БУА улсын дугаартай “Kia Bongo 3” загварын тээврийн хэрэгслийн үнэ болох 5 000 000 /таван сая/ төгрөгийг шүүгдэгч Г.Б.с гаргуулж улсын төсөвт шилжүүлж,

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б.т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж,

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1,  38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Болдбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч Г.Бнь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учруулсан хохирол төлбөр төлж, хор уршгийг арилгасан мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан ялыг хөнгөрүүлэх зохицуулалтыг хэрэглээгүй нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирохгүй, шударга ёсны зарчимд нийцэхгүй, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Анхан шатны шүүх хуралдааны явцад шүүх хуралдаан даргалагч шүүгч нь шүүгдэгч Г.Б.н өмнөх цагаатгагдсан тогтоолыг гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэж, тайлбарлаж, “цагаатгах тогтоол байгаа боловч уг цагаатгах тогтоолоос харахад чиний оролцоо харагдаж байна, хувийн байдал чинь цагаатгах тогтоолоос харагдаж байна” гэсэн нь гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болох зарчмыг зөрчиж байна. Мөн үүгээрээ ёс зүйгүй байдал гаргаж байна. Цагаатгах тогтоол гарсан байхад хувийн байдал чинь харагдаж байна хэмээн шүүгдэгч Г.Б.г хувийн байдал, эрх зүйн байдлыг дордуулж, гэм буруутай мэтээр тайлбарлаж, одоогийн гэмт хэрэгт нь халдааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчиж байна.

Шүүгдэгч Г.Б нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, өмнө нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, гэм буруугаа анхнаасаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулж, хор уршгийг арилгасан байхад анхан шатны шүүх 4 жилийн хорих ял оногдуулж, хэт нэг талыг буюу яллах талыг барьж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны зарчим”, мөн зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ...гэм  буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэнтэй зөрчилдөж байна.

Түүнчлэн бусад мал хулгайлах гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан зохицуулалтыг хэрэглэж шийдвэрлэдэг атлаа шүүгдэгч Г.Б.т уг хуулийн зохицуулалтыг хэрэглэхгүй байгаа нь шүүх ялгамжтай ял шийтгэл оногдуулж байна гэж үзэхээр байна. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна гэж үзэж байна.

Иймд шүүгдэгч Г.Б.т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, анхан шатын шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгөхийг хүсч байна...” гэжээ.

                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүний гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд гомдолд дурьдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчилгүй байна.

Хэрэг явдал болсон 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр иргэн Б.Д өөрийн үхрээ хайж явахад “Баруун пойл” нэртэй газарт Б нь А.н халиун азаргатай адууг тууж явсан гэх бөгөөд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байсан гэрчүүдийн  мэдүүлэг нь шүүгдэгч Г.Б.н гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд чухал нотлох баримт болж байна. Үүнд:

Гэрч Б.Д.н “...2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр оройны 17 цагийн үед Булган аймгийн Баяннуур сумын 2 дугаар багийн нутаг “Баруун пойл” гэх нэртэй газарт өөрийнхөө тугалтай гурван үхрээ хайж яваад буцаад гэр рүүгээ мотоцикльтой харьж явсан. Тэр үед Б гэх залуу манай гэрээс ертөнцийн зүгээр баруун урд зүгт 2 км орчим зайд баруун талаар адуугаа тууж яваад нэг мотоцикльтой хүнтэй уулзаж байсан. Энэ үед би адууных нь хажуугаар зөрсөн. Тэр хавьд О ах нүүдэл хийж, хонио тууж явахад бид хоёр уулзсан. …О ахтай уулзах гээд явж байх үед Б өөрийнх  нь бор азаргатай адуу, эрлийз хээр, А.н халиун азаргатай адуу нийлээд 50 орчим адууг туугаад манай баруун урд орхиод гэр рүүгээ яваад өгсөн. Б буцаж ирээд 50 орчим тооны адуугаа авсан талаар би хараагүй, гадаа харанхуй болсон байсан. ...А.н халиун азаргатай 18 тооны адууг 2019 оны зунаас хойш тамга, зүс, тоогоор нь мэднэ. Яагаад гэвэл манай хоёр айл, саахалт байдаг байсан. Мөн адуугаа нэг газраас усалдаг...” гэсэн мэдүүлэг.

Хохирогч Г.Ба.н “Би гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөвөөр бүгдийг нь ярьсан.  Манай адуу миний төрсөн аав болох Монгол улсын алдарт уяач Г угшлын унаган адуунууд, халзан азарга нь 13 настай, Увс аймгийн Баруунтуруун сумын сургуулийн 60 жилийн ойн баяр наадамд айрагдаж хүрэл медаль,  Улсын сайн малчин С.н нэрэмжит наадамд 2010 онд аман хүзүүнд, Тэсийн голын хурд 2011 оны хаврын бооцоот уралдаанд айрагдсан, Баруунтуруун сумын овоо тахилга 2011 онд түрүүлж алтан медаль 15.000.000 төгрөг, 7 тооны нас гүйцсэн гүү тус бүрд нь 2.000.000 төгрөг нийлээд 14.000.000 төгрөг, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 1 тооны буурал зүсмийн 4 настай 25%-ийн эрлийз гүү 5 .000.000 төгрөгөөр үнэлж худалдаж авсан, 2 шүдлэн үрээгээ нийлүүлээд 3.000.000 төгрөг, 5 шүдлэн гүүгээ тус бүрд нь 1.500.000 төгрөг, 2 даагаа тус бүрийг нь 1.000.000 төгрөг, нийт адуугаа 48.500.000 /дөчин найман сая таван зуун мянган/ төгрөгөөр үнэлнэ.”

“...Шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би Улаанбаатар хотод ажилладаг. Г.Б.н зүгээс хохирол, төлбөрөө барагдуулчихсан учраас хохирол, шүүх хуралд оролцох шаардлагагүй гэж үзэж байна” гэсэн мэдүүлэг.

Гэрч Г.Б.н “Миний төрсөн ах Ан.н гэр Булган аймгийн Баяннуур сумын нутаг “М” гэх газар байдаг.  Тэгээд 2019 оны 11-р сарын 13-наас 14-нд шилжих шөнө гэрийнхээ ойролцоо байсан халиун зүсмийн жинст олом тамгатай, адил тамгатай халиун гүү, халиун гүү, халиун даага, шарга үрээ, шарга гүү, шарга гүү, буурал гүү зөв талын гуяан дээрээ  чойндон тамгатай, хээр даага тамгагүй, 3 тооны хээр гүү, 3 тооны хээр байдас, өсгий цагаан хээр байдас, тамгатай, хээр байдас тамгагүй, хээр үрээ тамгатай эдгээр 18 тооны адуу алдагдаад олохгүй байна гэхээр нь би Улаанбаатар хотоос очоод ах А.н хамт гэрийнх нь ойролцоо болон Төв, Булган, Сэлэнгэ аймгийн нутгаар машинтай явж хайсан боловч адуугаа олоогүй.

Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Лүн сумын нутаг “Б” гэх газраас манай 16 тооны адууны толгой шийр арьсыг нь машинтай зөөж авчраад хөдөө хээр хаясан байна гэж манай ах А утсаар хэлсэн.

А ахын ойролцоо байдаг Б гэх залуу өөрийнхөө адуутай хамт бор морьтой ертөнцийн зүгээр зүүн хойшоо гэррүүгээ туугаад явж байсныг нутгийн Д, О, Б гэх залуучууд харсан байсан. Миний төрсөн ах А.н нэр дээр бүртгэлтэй мөн өөрөө хариулдаг юм.” гэсэн мэдүүлэг.

Гэрч Г.А.н “...2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Булган аймгийн Баяннуур сумын “М” гэх газраас Халиун азаргатай 18 тооны адуу алга болсон. Тухайн үед сураг тавьж явтал Д “манай гэрийн баруун урагшаа 2 км орчим зайд Б гэх залуу танай адуунуудыг өөрийнхөө адуутай цуг “Таван овоот” гэх газраас тууж оруулж ирсэн, маргаашнаас нь тэр хавиар харагдахаа больсон” гэж хэлсэн. Тэрнээс хойш хайгаад олоогүй байж байгаад Д.н хамт 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “арьс байна” гэх Төв аймгийн Лүн сумын “Б” гэх газарт очиж үзтэл манай адууны арьс мөн байсан.  ...Хөдөө, айлын гадаа Б, Б нар цуг зогсож байгаад Б нь Г.Б.т “Таван овоот” гэх газарт халиун азаргатай адуунууд байна лээ, хойноос хүн сураг тавиад байгаа гэсэндээ гэж хэлэхэд Г.Б мордоод явчихсан гэсэн.

“Таван овоот”-оос Д.н гэрийн урд руу хөх бор морь уначихсан өөрийнхөө адуутай хамт тууж яваад үлдээгээд явахыг Д харсан байсан. Манай алдсан адууны 16 арьс, 6 толгой байсан, нэг унага, нэг гүүний арьс байгаагүй...” гэсэн мэдүүлэг.

Гэрч Ц.Б.н “2019 оны 11 дүгээр сарын 13-ны өглөө 10 цагийн үед Булган аймгийн Баяннуур сумын Молцог элс гэх газарт халиун азаргатай ойролцоогоор 16 орчим адуу байхаар нь урд айл болох Т.д орсон чинь О, Б, отрын залуучууд байсан, энэ юун харагдаагүй адуу вэ гэсэн чинь Т харин ийм адуу байгаад байгаа юм гэсэн чинь Г.Б энэ адууг Булган аймгийн Баяннуур сумын 2 дугаар багийн Далын гол гэдэг газраас хайж байгаа гэсэн гэж хэлээд өөр юм хэлээгүй.” гэсэн мэдүүлэг.

Гэрч О.Б.н “... 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр манай нөхөр Б өглөө босоод адуундаа явна гэж хэлээд морьтой гэрээсээ гарсан. Ингээд 12 цагийн орчимд манай нөхөр 15-18 толгой адуу авчирч хонины хашаандаа хашаад гаргана гэж хэлсэн. Надад хэлэхдээ “хүнээс авлагаа авлаа бугуйлны хөлсөнд ирсэн адуу, зарим нь хүнээс авах авлагаа авлаа” гэж хэлсэн. Ингээд манай нөхөр адуугаа ганцаараа гаргаад би гэдэс дотрыг нь цэвэрлэж өгсөн. Энэ зуурт манай хадам дүү Банзрагч ирээд явсан. Орой адуугаа янзалж дуусаад нөхөр маань Б.г дуудаад Б бид хоёр махаа борлуулахаар яваад зам дагуу байдаг газарт үнийг нь асууж байгаад хамгийн өндөр үнээр авч байсан газарт өгөөд шөнөдөө буцсан. Ингээд Б машинаа унаад махаа ачаад Б приүс машинаа унаад хамт яваад махаа өгчихөөд ирсэн. Адуугаа хийж дуусаад унагатай гүүгээ гаргая гээд хээр унагатай, хээр гүү хоёуланг нь гаргаад явуулсан” гэх мэдүүлэг /хх-26 тал/,

Гэрч С.О  “...Б нь надаас 2019 оны 7 дугаар сард хургатай хонь худалдаж авах гэсэн юм гээд 10 сая төгрөг дансаар зээлж аваад 10 дугаар сард эргүүлж мөнгөө төлнө гэсэн. Ингээд хугацаандаа мөнгөө өгөхгүй 11 дүгээр сар гарсан. Би мөнгөө нэхэж утсаар ярьтал  Б “би одоо ингээд хийнэ” гэж хэлээд миний данс руу 3 сая төгрөг, ... 2 хоногийн дараа АТМ-ээс 7 сая төгрөг шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг.

Гэрч Д.Д.н “...2019 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө эхлээд 01-02 цагийн орчимд нэг эмэгтэй, нэг багахан залуу хоёр ирээд адууны мах авч байгаа юу? гэж үнэ асуугаад авч байгаа гэхэд 8 адууны махыг нэг килограммыг нь 6200 төгрөгөөр бодож тушаагаад үлдсэн адууныхаа махыг эргэж ирж өгнө гэж хэлээд 200.000 төгрөг бэлнээр аваад явсан. Ингээд өглөө 08:30-09:00 цагийн хооронд цагаан өнгийн “Приүс-30” загварын машинтай нэг залуу түрүүлж ирээд араас нь шөнө ирсэн нөгөө цагаан өнгийн “Бонго” загварын машинтай ирж 4 адууны мах өгөөд нийт 13.200.000 төгрөг болоод мөнгийг нь 2 хувааж тухайн үед өөрсдийнх нь Хаан банкны дансруу нь өөрийнхөө Хаан банкны ********** тоот данснаас хийсэн. ...” гэсэн мэдүүлгүүд нь тухайн болсон үйл баримтыг шууд гэрчилжээ.  

Шүүгдэгч Г.Б.н гэм буруутай байдал нь “Бонго Жи-3” маркийн **-** БУА дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, Хохирогч Г.Б, иргэний нэхэмжлэгч Г.Б, гэрч Г.Б, Г.А, Б.Д, Ц.Б, О.Б, С.О, Д.Д нарын гэрчүүдийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, “Э” ХХК-ний Г.Б.н өмчлөлийн 18 тооны адууны үнэлгээний тайлан, 18 тооны адууны зах зээлийн үнэлгээ 47.641.500 төгрөг болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж бэхжүүлсэн, энэ хэрэгт хамаарал бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан нотлох баримтуудаар хангалттай нотлогджээ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судалж, бусад нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянаж үзээд тухайн үед болсон үйл баримт нь хэргийн шууд гэрч Б.Д мэдүүлэг болох “Тэр үед Б гэх залуу манай гэрээс ертөнцийн зүгээр баруун урд зүгт 2 км орчим зайд баруун талаар адуугаа тууж яваад нэг мотоцикльтой хүнтэй уулзаж байсан. Энэ үед би адууных нь хажуугаар зөрсөн. Тэр хавьд О ах нүүдэл хийж, хонио тууж явахад бид хоёр уулзсан. …О ахтай уулзах гээд явж байх үед Б өөрийнх нь бор азаргатай адуу, эрлийз хээр, А.н халиун азаргатай адуу нийлээд 50 орчим адууг туугаад манай баруун урд орхиод гэррүүгээ яваад өгсөн. Б буцаж ирээд 50 орчим тооны адуугаа авсан талаар би хараагүй, гадаа харанхуй болсон байсан. ...А.н халиун азаргатай 18 тооны адууг 2019 оны зунаас хойш тамга, зүс, тоогоор нь мэднэ. Яагаад гэвэл манай хоёр айл, саахалт байдаг байсан. Мөн адуугаа нэг газраас усалдаг.” болохыг гэрчилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдалд эргэлзээ төрүүлэх, үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг ойлгоно. Хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхитэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн хувийн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогддог.

Хулгайлах гэмт хэрэг нь өмчлөх эрхийн бусад гэмт хэргээс яллагдах онцлог нь хулгайлагдсан эд юмс нь гэмт халдлагад өртөгдөх үед иргэн, эзэмшигч, тэдгээрийн эд хариуцагч хүмүүсийн мэдэлд байх бөгөөд гэмт этгээд түүнтэй харьцах эрх үүрэггүй учир нууц далд аргаар авч өөрийн эзэмшил болгодог, өмч хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, орчин тойрны хүмүүст болон өмчлөгч этгээдэд мэдэгдэхгүйгээр нууцаар авах үйлдэл байдаг онцлогтой. 

Алдуул мал гэдэг нь гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүйгээр өөрийн жинхэнэ өмчлөгчийн хүсэл зоригоос шалтгаалахгүйгээр ижил сүргээсээ тасран салж, байнга идээшсэн нутаг бэлчээрээсээ холдож, өөр нутаг бэлчээрт буюу орон нутагт шилжин байрлаж өмчлөгч, эзэмшигч нь чухам хэн болох тодорхой мэдэгдэхгүй байгаа бэлчээрийн мал юм. Мал сүрэг нь хариуцан маллаж буй эзнийхээ нутаглаж байгаа бэлчээрийн хүрээнээс өөрийн хөлөөр /хариулгагүй, байгалийн давтагдашгүй хүчинд авагдсан/ гарч, өөр нутаг оронд бэлчээрлэн очсон малын эзэн, хариуцагчийг тогтоох бололцоогүй, бод малын бэлчих нутаг дэвсгэр бэлчээрийн хэмжээ, хүний оролцоогүйгээр гадны хүчин зүйлээс шалтгаалан бэлчээрийн хүрээнээс гарсан байдлыг алдуул мал гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Г.Б нь Булган аймгийн Баяннуур сумын “М” гэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр бэлчээрээс бусдын өмчлөлд байсан хохирогч Г.Б.н олон тооны мал буюу 18 тооны адууг /олон тооны мал гэдэгт 2 тооны бод, түүнээс  дээш малыг ойлгох/ хулгайлж, “Э” ХХК-ний Г.Б.н өмчлөлийн 18 тооны адууны үнэлсэн тайлангаар 18 тооны адууны зах зээлийн үнэлгээр 47.641.500 төгрөгний хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын олон тооны мал  хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.           

 Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Б.г “бусдын олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь “Бусдын олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв бөгөөд анхан шатны шүүхээс оногдуулсан ял гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч Г.Б.н үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол нь 44.701.500 төгрөгний хохирол учруулсан, 2.940.000 төгрөгийн үнэлгээ бүхий унагатай гүүг биет байдлаар нь буцааж авсан бөгөөд адууг эрж хайх, үнэлгээ хийлгэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохтой холбоотой гарсан шууд бус хохиролд 2.940.000 төгрөгийг тооцож хохирогч авсан, шүүгдэгч сайн дураараа тохиролцож энэ талаар санал хүсэлт байхгүй болохыг дурьдах нь зүйтэй байна. Энэ байдал нь хавтаст хэргийн 181 дүгээр хуудсанд авагдсан хохирогч Г.Б.н тодорхойлолтоор батлагдана.    

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Б.т нотлох баримтад үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, бусдын хурдан угшлын олон тооны мал хулгайлсан гэмт хэргийн нийгмийн аюулын хор аюул, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар болон хувийн байдлыг нь харгалзан дөрвөн жилийн хорих ял оногдуулсан байдал нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйл заасан шударга ёсны зарчимд нийцсэн буюу эрүүгийн хариуцлага гарцаагүй байх шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь тухайн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасантай нийцсэн байна. 

Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг болон давж заалдах шатны шүүх хуралдаанд  шүүгчдэгч Г.Б нь “анхан шат болон шүүхийн хэлэлцүүлэгт “2019 оны 10 дугаар сард урд уул руу өдөр бүр адуундаа явдаг байсан. Тэр үед урд нуруунд 18 тооны халиун азаргатай адуу байдаг байсан. Адуунд явж байгаа залуус эзэн нь сурахгүй байна, алдагдсан адуу юм шиг байна гэж ярьж байсан. Багийн засаг дарга А халиун азаргатай 18 тооны адуу харагдсан уу? гэж асуусан. 2019 оны 11 дүгээр сарын 11-12-нд цасан шуурга болоод адуу уруудсан ба 11 дүгээр сарын 13-ны өдөр адуундаа явж байхдаа урд нуруунд халиун азаргатай адуутай таарсан. Тэр үед хүнээс зээл авсан, мөнгөний хэрэгтэй байсан тул алдуул адуу гэж бодоод оройхон гэррүүгээ авч очоод махалсан. Борлуулсныхаа дараа хүний адуу гэдгийг цагдаа нарыг хэлэхэд мэдсэн. Би Баяннуурын адуу гэдгийг мэдээгүй байсан ч адууны эзэн Увс аймгаас нүүж ирээд удаагүй байсан. Хохирлоо бүрэн барагдуулж, уучлалт гуйсан. Маш их харамсаж байна. Миний ялыг хөнгөлж өгөөч, ахиж ийм үйлдэл гаргахгүй” гэж мэдүүлж гэм буруутай байдлаа ухамсарлан илэрхийлж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогч Г.Б.д 47.641.500 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Г.Б сайн дураараа төлж барагдуулсныг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал мөн гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.Б.т эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүний гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан анхан шатны шүүхийн оногдуулсан 4 жилийн хорих ялын хэмжээг 2 жил болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд ял хөнгөрүүлэх талаар шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүний “хорих ялыг хөнгөрүүлж, анхан шатын шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгөхийг хүсч байна...” гэсэн давж заалдах гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэхь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 51 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Б.г 4 /дөрөв/ жилийн” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Б.г 2 /хоёр/ жилийн” гэж,

4 дүгээр заалтын “...4 /дөрөв/ жилийн” гэснийг “...2 /хоёр/ жилийн” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүний гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай. 

2. Шүүгдэгч Г.Б.т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б.н цагдан хоригдсон 39 хоногийн хугацааг эдлэх ялд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ё.БЯМБАЦЭРЭН

                                 ШҮҮГЧИД                                   М.ХҮРЭЛБААТАР

                                                                                    Д.МӨНХӨӨ