| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
| Хэргийн индекс | 128/2026/0042/З |
| Дугаар | 221/МА2026/0341 |
| Огноо | 2026-05-20 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2026/0341
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Адъяасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү
Илтгэсэн шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Э.Г
Нэхэмжлэгч: Э.Г
Хариуцагч: Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар
Нэхэмжлэлийн шаардлага: “Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/112 дугаартай тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалтай адил ажил, албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2026/0238 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуруалдааны оролцогчид: Нэхэмжлэгч Э.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагчийн өмгөөлөгч С.У
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул
Хэргийн индекс: 128/2025/0099/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.Г нь Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар холбогдуулан “Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/112 дугаартай тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалтай адил ажил, албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2026/0238 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: “Э.Г-г Нийслэлийн Гэр бүл, хүүхэд хөгжлийн газрын даргын тушаалаар залуучуудын хөгжлийг дэмжих асуудал хариуцсан мэргэжилтнээр томилсон. Хүүхэд, гэр бүл хөгжлийн хамгааллын ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/112 дугаар тушаалаар Э.Г-г ажлаас чөлөөлсөн. Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын ерөнхий газрын дарга Хүүхэд хамгааллын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д зааснаар мэргэжилтнийг хариуцан томилж чөлөөлөх эрхтэй бус, харин аймаг, нийслэл, хүүхэд, гэр бүл хөгжлийн асуудал хариуцсан байгууллагын даргыг Хүүхэд, гэр бүл хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын дарга хуульд заасны дагуу томилж, чөлөөлөх гэсний дагуу даргыг нь томилох эрхтэй байсан. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д зааснаар тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны актыг гаргасан. Ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баярсайхан Б/112 дугаар тушаалыг гаргасан. Тухайн салбарын сайдын 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/112 дугаар тушаалаар тухайн байгууллагын татан буулгах асуудлыг зохион байгуулах комиссыг байгуулсан. Тухайн байгууллагыг 6 дугаар сард багтаан татан буулгах асуудлыг шийдвэрлэх ёстой байсан. Үүнээс үзэх юм бол тухайн эрх олгосон А/112 дугаар тушаалын хэрэгжилт 06 дугаар сард дууссан байдаг. Цаашдаа татан буулгах үйл ажиллагааг тодорхой байсан гэж бид үзэж байна. 2025 оны 06 дугаар сар дууссанаар Б/112 дугаар тушаалын хүчинтэй байх хугацаа дууссан бөгөөд үүнээс хойш хийгдсэн ажиллагаа нь хуульд нийцэхгүй. 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн уулзалтыг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн байдаг. Шүүх хуралдааны явцад бид бодит байдалд нийцэхгүй байгаа талаар удаа дараа тайлбар өгсөн. Энэ талаар тодруулга авах хүсэлт өгсөн боловч шүүхээс авч хэлэлцээгүй. Үүнийг шүүх хуралдааны явцад шүүгч өөрөө нотлох баримтын хэмжээнд хангахгүй гэж урьдчилсан хэлэлцүүлгийн үед үзэж байсан хэр нь анхан шатны шүүх хуралдаан дээр үүнийг нотлох баримтын хэмжээнд авч үнэлсэн байдаг. Төсвийн хүрээнд өөрчлөлт оруулахаар явуулсан албан бичгийг ажилтныг төлөөлөх эрх бүхий албан бичиг гэж үзэж байгаа нь үндэслэлгүй” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Э.Г нь “Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/112 дугаартай тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалтай адил ажил, албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газарт холбогдуулан гаргажээ.
3. Хэргийн үйл баримтын тухайд:
3.1. Нэхэмжлэгч Э.Г нь Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар Хүүхдийн оролцооны асуудал хариуцсан мэргэжилтнээр, мөн даргын 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/79 дүгээр тушаалаар Цахим орчин дахь урьдчилан сэргийлэх үйлчилгээний хяналт хариуцсан мэргэжилтнээр тус тус түр томилогдон ажиллаж байжээ.
3.2. Гэтэл Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 196 дугаар тогтоолоор нийслэлийн Засаг даргын дэргэдэх нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг татан буулгаж, чиг үүргийг төрийн захиргаа болон харьяа дүүргийн байгууллагуудад шилжүүлэхээр шийдвэрлэснээр Э.Гантулгын ажиллаж байсан албан тушаал байхгүй болсон байна.
3.3. Улмаар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/112 дугаар тушаалаар нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын 15 албан хаагчийг төрийн албанаас чөлөөлж, тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн байх ба үүнд нэхэмжлэгч Э.Г багтжээ.
4. Хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох” гэж тус тус заасан.
4.2. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Засгийн газрын агентлагийн бүтэц, орон тооны талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 52 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын орон тооны дээд хязгаарыг 56 байхаар баталсан бөгөөд үүнтэй холбоотойгоор тус газар 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр албан хаагчдийн хурал зохион байгуулжээ.
4.3. Уг хурлын тэмдэглэлд “… Э.Г би тэтгэмжээ авах хүсэлтэй” гэж, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн утсаар ярьсан тэмдэглэлд “... ажиллахгүй тэтгэмжээ авна” гэж, албан хаагчдаас санал авсан бүртгэлийн тэтгэмж авах хүснэгтэд Э.Г “тийм” гэж тус тус тэмдэглэгдсэн байгаа нь хэрэгт авагдсан баримт, байгууллагын утаснаас дуудлага хийсэн дэлгэрэнгүй лавлагаа, хэргийн оролцогчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.
4.4. Өөрөөр хэлбэл, Э.Г нь нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг татан буугдсан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөхийг хүлээн зөвшөөрч, Төрийн албаны тухай хуульд заасан тэтгэмж авах хүсэлтээ илэрхийлснээр хариуцагч Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/112 дугаар тушаалаар нэхэмжлэгч Э.Гд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгож, төрийн албанаас чөлөөлсөн нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэхээргүй байна.
4.5. Нэхэмжлэгчээс “... би ямар ч баримтад зураагүй, хурлын тэмдэглэлд буруу бичсэн, би тэтгэмж авна гэж хэлээгүй” гэж тайлбарлах боловч нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр татан буугдсанаас хойш 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр маргаан бүхий Б/112 дугаар тушаал гарах хүртэлх хугацаанд Э.Гас тэтгэмж авахгүйгээр уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байгаагаа бичгээр илэрхийлээгүй, ийм хүсэлт гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул энэ талаарх гомдлыг хүлээн авахгүй үндэслэлгүй байна.
6. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, нэхэмлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
6.1. Харин шүүхийн шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтад найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2026/0238 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Гас Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/112 дугаартай тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалтай адил ажил, албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ