Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/106

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж, ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл, шүүгч Н.Идэр нарын  бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг,

иргэдийн төлөөлөгч, Ш.Алтанчимэг

улсын яллагч Д.Шинэбал,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Гансүх, С.Сувдаа,

шүүгдэгч Д.Гомбосүрэн

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбат бусад оролцогч нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дашзэвэгийн Гомбосүрэнд холбогдох эрүүгийн 2032000000095 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн: 1984 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ Улаанбаатар төмөр замын барилга ашиглалт үйлчилгээний 1-р ангид 2-р уурын зуухны машинист ажилтай байсан, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймаг Мандал сум 3-р баг Хараагийн 45 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх,

Боржигон овогт Дашзэвэгийн Гомбосүрэн, /РД:МЗ84012510/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Гомбосүрэн нь 2020 оны 06 дугаар сарын 28-ны үүрээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын, 3 дугаар баг, Баянбулагийн 1-24 тоотод иргэн Н.Лхагвасүрэнгийн хашаанд, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Н.Батзоригтой хувийн таарамжгүй харилцаа үүсгэсний улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсны улмаас Н.Батзориг нь хэвлийн битүү гэмтэл, чацархай, хэвлийн гялтангийн арын цус хуралт, цус алдалт, зүүн бөөрний задрал, бүдүүн гэдэсний няцралын улмаас бүдүүн гэдэс цоорч хэвлийн гялтангийн ялгадаст-идээт тархмал үрэвсэл үүссэний  улмаас олон эрхтний дутагдалд орж нас барсан” гэх гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Гомбосүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж  ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Д.Гомбосүрэн нь: “...урьд өгсөн мэдүүлгийнхээ дагуу явъя...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Нямсүрэнгийн өгсөн: “...Гомбосүрэнгийн ярьж байгаагаар миний хүү хашаан дээрээс унаад гэмтэл авсан гэж байна, гэтэл хашаан дээрээс унаад энэ гэмтлийг авахгүй шүү дээ. Миний хүүг алаагүй гэж байх шиг байна эмнэлэгт байхад ах нь 10 хоног сахисан, миний хүү баас нь амаараа гарч тарчилж байж үхсэн. 3 хүүхэд нь өнчин хоцорсон, эхнэр нь, ах дүү нарт нь ямар хэцүү байгааг ойлгоорой. Би маш их гомдолтой байна...” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Баярцэцэгийн өгсөн: “...эмнэлэг дээр нөхөртэйгөө уулзахад Гооёо зодчихлоо, бөөр л маш их өвдөж байна гэсэн. ...Буяны ажилд зарцуулсан үлдэгдэл мөнгөө, талийгаачийн нэр дээр байсан банкны зээлийг, сэтгэл санааны хохиролд 270.000.000 төгрөг, нийт 283.502.827 төгрөгийг нэхэмжилж байна...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд: 

Хэргийн үйл баримтын талаар нотлох баримтууд

Хохирогч Н.Баярцэцэгийн “...Намайг сэрэхэд манай эгч Отгонтуяа төвөөс ирж байсан юм. Отгонтуяа эгчээс юу болсон тухай асуухад “Гомбосүрэн, Батзориг хоёр хоорондоо зодолдсон юм шиг байна гэж хэлж байсан. Тухайн үедээ би гайгүй байлгүй гэж бодсон. Тэгээд тэр өдрийн 09 цаг 40 минутаас 11 цаг 40 минутын хооронд талийгаач ээжийн шарил дээр очсон. Тэр хугацаанд талийгаачийн ах нь эмнэлэгт үзүүлэхэд хавирга нь хугарчихсан байна гэхээр нь гайгүй байх гэж бодсон. 12 цагийн орчим эмнэлэг дээр ирэхэд манай нөхөр эмнэлгийн хүлээн авах дээр хэвтэж байхад нь орж уулзахад “Гоёо намайг эхнэртэйгээ хардаад зодсон. Лхагвасүрэн ахтай цуг байшингийнх нь доод давхарт унтаж байхад нь эхнэр Энхцэцэг нь бөөлжөөд байхаар нь Лхагвасүрэн ах түүнийг түмпэн гаргаад өгчих гэхээр нь 2 давхарт гарч түмпэн өгөөд Энхцэцэг эгчийн дээгүүр нь хөнжлийг нь нөмөргөж өгсөн. Тэгээд доор шалан дээр унтаж байхад Гооёо түүнийг чирч гаргаж ирээд Отгоо та хоёр яасан гээд зодоод байсан гэсэн. Мөн баая, нойл оръё гэхэд нь наанаа өмдөндөө баа гэж хэлээд л зодоод байсан гэсэн. Тэгээд манай нөхөр шууд хашаа давж зугтаагаад айлын жорлонд орж дотуур хувцсаа тайлаад өөрийнхөө дүүгийн гэртээ очсон байна лээ. Нөхөр маань “Гооёо намайг жоохон хайрлаад зодчихгүй яавдаа л гээд” яриад байсан. Манай нөхөр Гооёод зодуулаад өмдөндөө баасан юм шиг байгаа юм. ...Тэгээд манай нөхөр явъя гээд байхад Гомбосүрэн машины түлхүүр өгөхгүй байсан гэсэн, мөн манай нөхөр зодуулж байхдаа зугтаасан чинь Гомбосүрэн машинаар чинь дайрч ална гээд байсан гэсэн. Тэгээд манай нөхөр зугтаагаад Лхагвасүрэнгийн баруун талын гудамжны урд захын айлын гэр лүү орж тусламж гуйсан гэсэн. Би түүний ярианаас тэгж л ойлгосон. Яг хэн гэдэг айлаар нь орсон гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Тэдний гэрээс гараад л дүүгийнхээ гэр лүү орсон юм шиг байна билээ

...Мандал сумын эмч Энхтөрийн хувьд хагалгаанд орсны дараа талийгаачийн биеийн байдлын хувьд маш хүнд байна, хагалгааны дараа ширээн дээр нас барахад бэлэн байна. Улаанбаатар хот руу явуулъя гэхэд замдаа нас барахыг үгүйсгэхгүй. Бид нарын хувьд зөөвөрлүүлмээргүй байна гэж бид нарт хэлсэн. Тэгээд биеийн байдал нь гайгүй тогтворжоод ирэхээр нь л Улаанбаатар хот руу зөөвөрлөсөн. Гэмтлийн эмнэлэг дээр очоод хагалгаанд орсны дараа хагалгаанд орсон эмч нь талийгаачид “чи маш хүнд хагалгаанд орсон шүү дээ, чамайг бараг үхчихсэн байхад хагалгаа хийсэн шүү” гэж хэлсэн.

...Би талийгаачтай гэр бүл болоод 13-14 жил болж байна. Энэ хугацаанд талийгаач маань албан байгууллага болон хувиараа хөдөлмөр эрхлээд гэр бүлээ тэжээн тэтгэж байсан. Манай нөхөр хаа хамаагүй хүнтэй нийлээд архи уугаад хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, ар гэртээ тавих хайр халамж сайн, үр хүүхэд дээ хайртай амьдралын сайн хань байсан. ...Найз нөхөд, хамт олон, гэр бүлийн гишүүдийн дунд нэр хүнд сайтай, мөрөөрөө хүнтэй маргалдаж муудаж байгаагүй, бусдад өс хонзон санадаггүй, тусархуу хүн байсан. ...Талийгаачийг нас барах хүртэл  6 сая төгрөгөөр эмчилгээ хийлгэж байхад нь 1 сая төгрөг өгсөн. Өөр ямар нэгэн хохирол одоог хүртэл төлөгдөөгүй байна. ...Миний хувьд маш их гомдолтой байна. Гэм буруутай этгээдээс үлдэгдэл хохирлоо нэхэмжилж байна. Яаралтай гаргуулж авмаар байна. Талийгаачийн банкны зээл болон бусад зээлийг өөрийн хашаа байшингаа зарж дарсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 17-18-р тал, 2-р хх-ийн 167-р тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Нямсүрэнгийн “...Миний хувьд маш их гомдолтой байна. Хэргийг хуулийн дагуу шалгаж гэм буруутай этгээдэд зохих шийтгэлийг оногдуулж өгөхийг хүсч байна. Мөн гэм буруутай этгээдээс оршуулгын зардал болох бусад холбогдох зардлыг нэхэмжилж байна. Урьд нь манай хүү бидэнд учирсан хохирлын зардлыг гаргаж өгсөн байгаа. Тухайн гаргасан хохирлын хэмжээг гэр бүлээрээ ярилцаж байгаад гаргасан тул дээрх мөнгөн дүнг нэхэмжилж байна мөн хохирлыг мөнгөн дүнг яаралтай гаргуулж авмаар байна. Талийгаач хүүгийн маань банкны зээл нэхэгдээд байна” гэсэн мэдүүлэг/1-р хх-ийн 23-р тал/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Нямсүрэнгийн гэрчээр өгсөн “...2020 оны 06 дугаар сарын 28-ны өглөө 09 цаг өнгөрч байхад манай хүү Баттулга над руу утсаар яриад дүү Батзоригийгоо хүнд зодуулчихсан, хавирга нь хугарчихсан юм шиг байна эмнэлэг дээр байна уушги руугаа орсон байж магадгүй гэж хэлж байсан. Удалгүй мэс заслын эмч үзээд хугарал биш байна дотор эрхтэн нь бяцарч гэмтсэн байж болзошгүй гэж үзэх хэрэгтэй юм байна гэсэн. Хагалгаанд ороод гарч ирснийхээ дараа дотуур алдсан цусыг нь соруулж авлаа, бөөрнийх нь ард хуралдаад нөжирсөн цусыг авч чадахгүй байна. Бид нар гэмтлийн эмнэлгээс зөвлөгөө авлаа найдваргүй юм байна гээд байсан. Улаанбаатар хот руу очиж яаралтай үзүүлэх шаардлагатай гэхдээ замын явдлыг даахгүй байж магадгүй гэсэн. Тэгээд бид нар Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэхээр авч яваад гэмтлийн эмнэлэг дээр ирсэн. Эхний хагалгаанд орсны дараа эмч нар найдвар муутай шүү эрсдэл гарна биеийн байдлыг харж байж больё хэвлийн нарийн судаснууд үхжиж  түгжрэл болж болзошгүй гэж хэлж байсан. Миний хувьд сэтгэл санаа тогтворгүй уйлахаас өөр хийж чадах юм байгаагүй учраас тухайн үеийн эмч нарыг яриаг сайн санахгүй байна. Биеийн байдал нь арай гайгүй боллоо гээд Зүүнхараа руу бид нар хүүгээ аваад ирсэн. Зүүнхараад ирсэн өдрөө талийгаачийн биеийн байдал дахин муудаж дахин Улаанбаатар хот руу гэмтлийн эмнэлэг рүү очиж хагалгаанд орсон. Тухайн хагалгаанд орохынхоо өмнө эмч нар түгжрэл болно, саажилт болно гэдгийг анхааруулж байна. Тэгээд л удалгүй хүү маань нас барсан. Миний хувьд эмч нарын хувьд бүгд чадах бүх зүйл, эмчилгээгээ хийсэн талийгаач маань бусдад зодуулсны улмаас эмчлэгдэхээргүй гэмтэл аваад нас барсан гэж бодож байна. ...Анх намайг Зүүнхараагийн эмнэлэгт очиход талийгаачийн биед ил харагдах гэмтэл шарх мэдэгдээгүй. Харин Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт сахиж байх үедээ хүүгийнхээ нурууг тослох гээд гаргаад ирэхэд зүүн бөөрний харалдаа гадна хэсэгтээ битүү шархалсан хөхөрчихсөн байсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 32-33-р тал/,

Талийгаач Н.Батзоригийн 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гэрчээр өгсөн "...Баянбулагийн гудамжинд байрлах Лхагваагийн хашаанд намайг унтаж байхад Гомбосүрэн намайг дуудаж гаргаж ирээд өөрийн эхнэр болох Отгонтуяатай хардаад намайг зодсон. ...2020 оны 06 дугаар сарын 28-ны үүрээр гэгээ орж байсан. Яг цаг хэд болж байгааг нь мэдээгүй. ...Гомбосүрэн намайг зодож байхад өөр хүн байгаагүй. ...Бид хоёр базууд юм” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 24-р тал/,

Гэрч Н.Чулуунбатын “...гэмтлийн эмнэлэгт очоод хагалгаанд орсон. Хагалгаанд орсон эмч нь надад “дүүгийн чинь зүүн бөөр нь бяцарч, шулуун гэдэсний гадуурх судаснууд тасарсан байна. Одоогоор амь насанд аюултай эсэхийг хэлж мэдэхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд дүү маань сэхээнд байсан бөгөөд 2 дахь өдрийнх нь орой эргэлтээр дүү дээрээ орж юу болсон талаар асуухад “эхнэрийнхээ эгчийнд очоод Лхагваа гэх ахынд нь очсон. Тэндээс гэр лүүгээ харья гэхэд Гооёо машины түлхүүр авчихаад явуулахгүй байсан. Тэгээд бүгдээрээ архи ууж согтоод гэрийн эзэн Лхагваа тасраад уначихсан эхнэр нь бөөлжөөд байхаар нь би бөөлжүүлчихээд хөнжил авч хучиж өгөөд шалан дээр нь унтчихсан. Гэтэл шөнө Гооёо намайг гэрээс нь чирж гаргаад эхнэртэйгээ хардаад л намайг зодсон. Би болиоч  гээд гуйгаад байхад намайг өшиглөөд байсан. Миний өмнө сөгд гэж байгаад намайг зодсон. Би түүнээс” Гооёо миний баас хүрээд байна, баая” гэхэд “наанаа баахгүй юу”  гээд зодоод байсан. Би тэгээд Гооёогоос зугтааж хашаа давж зугтаасан. Намайг гарсны дараа Гооёо машинаар нь дайрч ална гээд байсан. Гооёо өөрөө бага зэрэг уусан зүгээр байсан” гэж ярьсан. Хашаа давж зугтаагаад манай дүү нэг айлд орсон гэсэн. Тэр айл нь согтуу байна, чи гар гээд хөөхөөр нь айлын жорлонд орж нуугдсан гэж ярьсан. Айлын жорлонгоос гараад талийгаач Н.Батзориг нь хөл нүцгэн футболк нь урагдчихсан ахыгаа хүргээд өгөөч гэж дүү Ганзоригийнд очсон байсан. Дүү Ганзоригт бол хүнд зодуулчихлаа л гэж хэлсэн гэсэн. Талийгаач эмнэлэгт хагалгаанд орсныхоо дараа хэвтэн эмчлүүлж байгаад биеийнх нь байдал арай гайгүй болохоор нь эмнэлгээс гаргаж Зүүнхараа руу авчирсан бөгөөд тэр өдөрт нь бие нь дахин муудаж Улаанбаатар хот руу очоод дахин хагалгаанд орсон Дахин хагалгаанд орсон эмч нь талийгаачийн шулуун гэдэс нь хагарч ялгадас нь гэдсэн дотроо задарсан байна. Бөөрний гадны хүчин зүйлийн улмаас бяцарсаны улмаас шулуун гэдэс нь нимгэрч улмаар цоорсон байна гэж тайлбарлаж байсан. Тэгээд удалгүй хагалгаанд дахин орсныхоо маргааш орой дүү маань нас барсан. ...Зүүн бөөрний хэсэг, нуруугаараа битүү хөхөрчихсөн цус хурчихсан байсан зургийг нь харсан. Анх манай ээж Улаанбаатар хотоос эхний хагалгаанд орсны дараа эмнэлгээс гарахад нь бөөрний хэсгийн хөхөрчихсөн байсан зургийг нь авсан юм билээ. Нэг нь нүд нь хөхөрчихсөн байсан. ...Гооёо арай л аймар зодчихсон байна гэж ярьж байсан. Гооёо нь талийгаачийг өөрийн эхнэртэйгээ хардаад байдаг гэсэн. Талийгаачийн эхнэр нь Гооёогийн эхнэрийн төрсөн дүү нь байгаа юм. Гооёо өөрөө эхнэртэйгээ гэр бүлийн хувьд маргаантай байдаг юм шиг байна билээ. Тэгээд эхнэр нь Гооётой маргалдахаараа өөрийн төрсөн дүүгийнд буюу манай талийгаачийн гэрт нь ирдэг байсан гэсэн” гэсэн мэдүүлэг/1-р хх-ийн 28-29-р тал/

Гэрч Н.Баттулгын “...Би 2020 оны 06 сарын 28-ны өглөө шиг санаж байна хугацааг нь сайн санахгүй байна 09-10 цагийн орчим талийгаачийн эхнэрийнх нь ах Лхагваагийн хүүхэд Эрка л гэж дууддаг юм нэрийг нь мэдэхгүй байна манай гэрт орж ирээд утсаар чинь ярья гээд авсан. Тухайн үед утас нь холбогдохгүй байсан юм уу утсаа аваагүй. Тэгээд тэр хүүхэд манайхаас гараад удалгүй буцаж ирээд “Зоригоо ах таныг ороод ирээч гэнээ бие нь болохгүй байна” гэхээр нь би талийгаачийн гэр лүү ороход 2 дугаар давхартаа талийгаач хэвтчихсэн ёолоод байсан. Би юу болсон талаар асуухад надад юм хэлэхгүй байсан. Хэвлий хавиар нь өвдөөд байна гээд намайг гэдэс илээд өгөөч гээд байсан. Намайг хэвлий хэсэг дээр нь дарахад өвчин нь гайгүй болоод байх шиг байсан. Талийгаачтай түүний гэрт байх хугацаанд Эрка гэх хүүхэд утсаар ярьж байгаа нь сонсогдож байсан. Утасны цаанаас ярьж байгаа хүн нь “наадах чинь үхчихээгүй байна уу” гэсэн яриа л надад сонсогдох шиг болсон. Тухайн үед бага зэрэг сэжиг төрсөн боловч дүүгийн бие нь өвдөөд байсан учраас анзаараагүй өнгөрсөн. Тэгээд би дүүгээ эмнэлэг дээр аваачиж үзүүлсэн. Эхлээд эмч үзээд хугарал байна даа л гэж хэлж байсан. Удалгүй Энхтөр эмч үзээд хугарал биш байна дотор эрхтэн нь бяцарч гэмтсэн байж болзошгүй хагалах хэрэгтэй байна гэсэн. Хагалгаанд ороод гарч ирснийхээ дараа Улаанбаатар хот руу яаралтай үзүүлэх шаардлагатай л гэсэн. ...Би юу болсон талаар асуухад надад ямар нэгэн зүйл хэлээгүй, юу болсон талаараа нуугаад байсан. Тэгээд дараа нь эмнэлэгт байх хугацаанд “Гооёо намайг эхнэртэйгээ хардаад, зодоод байсан. Лхагваагийн гэрт нь унтаж байхад чирч босгож ирээд зодоод байсан би болиоч  гэж гуйгаад дийлээгүй, намайг нүдээд өшиглөөд байсан намайг зодоод баалгахгүй байсан. Би баасаа гараараа авч хаясан. Сүүлдээ би Гооёогоос зугтааж айлын жорлонд нуугдсан” гээд л яриад байсан. Тэгж ярьсныг Чулуунбат ах бид хоёр сонсож байсан. Тухайн ярианаас би миний дүүг минь  Гооёо л /Гомбосүрэн/ зодож алсан гэдгийг ойлгосон” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 30-31-р тал/,

Гэрч Д.Оюунчимэгийн “...2020 оны 06 сарын сүүлээр хугацааг нь сайн санахгүй байна өглөөний 05 цагийн орчим намайг гэртээ унтаж байхад танихгүй залуу үүдээр шагайсан. Эхлээд би айгаад “Юун хүн бэ” гэхэд шууд буцаад гарсан. Би араас нь гарахад манай жорлон руу орчихсон. Тэгээд би “юун хүн бэ, юу шиншилж яваа юм бэ гараад ир” гэхэд "эгчээ би хүнээс айгаад зугтааж яваа юм” гэж хэлээд хашаа даваад яваад өгсөн. ...Би тухайн хүнийг танихгүй, урьд нь харж байгаагүй хүн байсан. Ширвээ сахалтай /дээд уруул дээгүүр/, 2 гар нь салгалсан байдалтай, их л өндөр эрэгтэй хүн байсан. ...Би эхэндээ хүнд зодуулсан юм болов уу, эсхүл архи уусан юм болов уу л гэж бодож байсан..." гэсэн мэдүүлэг/1-р хх-ийн 34-р тал/,

Гэрч Л.Эрдэнэбүрэнгийн “...2020 оны 06 дугаар сарын 28-ны өглөө 06 цагийн орчим намайг унтаж байхад гэрийн цонх нүдээд үүдээ Батзориг ах  нь байна гэж хэлэхээр нь би байшингийн хаалга онгойлгож өгөөд буцаад унтсан. Өглөө 08 цагийн орчим Батзориг ах намайг дуудаад өвчин намдаах эм байна уу гэхээр нь өвчин намдаах эм,  ус өгөхөд Батзориг ах хавирга хугарсан юм шиг байна гэж надад хэлсэн. Би 2 удаа өвчин намдаах эм өгсөн боловч Батзориг ахын бие нь өвдөөд байсан. Би Батзориг ахад хүн дуудах уу гэж асуухад яах юм бэ манай эхнэр рүү утсаар дуудаад өг гэж хэлсэн. Батзориг ахын бие нь өвдөөд өвчин намдахгүй байхаар нь би Батзориг ахын төрсөн ах Баттулгын гэрт нь очоод Батзориг ахын бие нь өвдөөд байна таныг дуудаад өгөөч гээд байна гэж хэлээд Баттулга ахыг дагуулаад явсан. ...Надад “Гоёо ах чинь /Гомбосүрэн/ намайг өшиглөчихлөө” гэж хэлж байсан. Өөр юм хэлээгүй ...Ил харагдах ямар нэгэн шарх байгаагүй. Анх өглөө ирэх үедээ ямар нэгэн зовиургүй л байх шиг байсан. Надад “Хүн амьтан намайг асуувал ирээгүй гэж хэлээрэй" гэж хэлээд дээд давхар луу гараад унтаад өгсөн. Би өглөө 06 цагт талийгаачид хаалга онгойлгож өгчхөөд буцаад унтаж байхад талийгаач намайг дуудаад ёолоод байхаар нь очиход надад хавирга хугарчихсан юм шиг байна л гэж байсан. Тэгээд би өвчин намдаах эм өгсөн, би түүний ахыг нь дуудаад эмнэлэг рүү авч явсан. Талийгаач надад “ах нь зүгээр зогсож байгаад Гооёо ахад чинь зодуулчихлаа л гэж ярьсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 44-45, 46-47-р тал/

Гэрч Б.Энхтөрийн “...2020 оны 06 сарын 28-ны өдөр 13 цаг өнгөрч байхад би эмнэлэг дээр ирэхэд жижүүрээс цээжиндээ ямар нэгэн хугаралтай байж болзошгүй хүн ирлээ гэхээр нь би үзээд цээжний зургийг авхуулж үзэхэд цээжин хэсэгт ямар нэгэн хугарал мэдэгдэхгүй байсан. Тиймээс эхо дуудаж харуулахад хэвлийн дотор сул шингэнтэй /цус, ус, шуус, ялгадас/ байсан. Хэвлий дээр дарж үзэхэд гялтан цочролын шинж щёткин-блюмберг/ тод илэрч байсан. Мөн гаднаас зүүн бөөр орчим доргиож үзэхэд эмзэглэл ихтэй байсан. Тэгээд хэвлийг нээж үзэх шаардлагатай болсон тул ар гэрийн хүмүүстэй ярилцаад хагалгаанд орохоор болсон. Нээж үзэхэд хэвлийд 500 мл орчим сул шингэн буюу цус байсныг соруулж авсан, зүүн талын гялтангийн арын хэсэг бөөр орчим/ чинэрсэн цус хурсан, бүдүүн гэдэсний уруудах хэсэг 3 гэдэсний чацархайд бүхэлдээ цус хурсан буюу гэмтэлтэй, гэдэсний өнгө хэвийн, бусад эрхтнүүд хэвийн байсан тул гэмтлийн эмнэлэг болон 1-р эмнэлгээс зөвлөгөө авахад "цус хуралтуудыг нээх боломжгүй тул хяналтын гуурсыг тавиад хагалгааг дуусга "гэсэн тул хяналтын гуурс тавьж хагалгааг дуусгаад Улаанбаатар хот руу ГССҮТ-т шилжүүлэх арга хэмжээг авсан. ...Механик            гадны ямар нэгэн хүчин зүйл цохилтоос үүсэх боломжтой. Хагалгааны явцад шээсний сүвэнд гуурс тавьж шээс авахад өнгө хэвийн байсан тул бөөрний үйл ажиллагааг хэвийн гэж дүгнэсэн...” гэсэн мэдүүлэг/1-р хх-ийн 52-53-р тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч, цагдаагийн хошууч Ц.Ганболдын 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 1485 дугаартай "...1. Талийгаачид зүүн бөөрний задрал, хэвлийн арын зай, чацархайн цус хуралт, цус алдалт, бүдүүн гэдэсний дэлүүний булангийн няцралт, умдаг, зүүн ташаан толгой, баруун зовхины цус хуралт тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 61-66-р тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч, цагдаагийн Хошууч Б.Ариунзул, цагдаагийн ахмад Г.Энхбаатар, цагдаагийн хошууч Ж.Ганцэнгэл нарын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1254 дугаартай дүгнэлтэнд:

... “1. 5. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлэгт 2020 оны 06-р сарын 28-ны өдөр хийсэн хагалгаагаар талийгаач Н.Батзоригийн зүүн бөөрний урагдал, задралыг оношлоогүй байна. ГССҮТөв эмнэлэгт 2020 оны 06-р сарын 29-ний өдөр хийсэн хагалгаагаар талийгаач Н.Батзоригийн зүүн бөөрний урагдал, задрал, бүдүүн гэдэсний чацархайн няцралыг зөв оношилж, хагалгааг зохих журмын дагуу хийсэн байна. 2. 4. Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэгдсэн эмнэлэг талийгаач Н.Батзоригийн зүүн бөөрний урагдал, задралыг оношлоогүй ба хэвлийн хөндийг нээж, дотор эрхтнүүдийг шалгах мэс засал хийсэн байх тул уг гэмтлийг оношлох боломжтой байжээ.

3.ГССҮТөвд зүүн бөөрний урагдал, гялтангийн арын цусан хураа, бүдүүн гэдэсний чацархайн тархмал няцрал, бүдүүн гэдэсний цоорлыг оношилж, хагалгааг зохих журмын дагуу хийсэн боловч амь нас аврагдах боломж муутай байжээ.

... 6. Талийгаач Н.Батзориг нь хэвлийн битүү гэмтэл, зүүн бөөрний урагдал, бүдүүн гэдэсний чацархайн тархмал няцралын улмаас бүдүүн гэдэсний хана үхжиж цоорч, хэвлийн гялтангийн ялгадаст, идээт тархмал үрэвслээр хүндэрч нас баржээ...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 88-95-р тал/,

Шинжээч эмч, цагдаагийн хошууч С.Одончимэгийн "...Н.Батзоригийн биед Сэлэнгэ аймаг болон ГССҮТ-д оношийг зөв тогтоож эмчилгээ үйлчилгээ хийсэн байна. ...Н.Батзоригийн оношийг зөв тодруулж эмчилгээ үйлчилгээг цаг алдалгүй зохих ёсоор хийсэн боловч амь нас аврагдах боломжгүй хүнд гэмтэл авсан байна. ... Сэлэнгэ аймгийн Мандал сумын эмнэлэг хийгдвэл зохих эмчилгээ үйлчилгээ зохих журмын дагуу хийгдсэн байна. ... ГССҮТ-д эмчилгээ үйлчилгээг зохих журмын дагуу хийсэн байна. ... Эмчилгээ үйлчилгээний журам зөрчсөн байдал тогтоогдохгүй байна” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 96-р тал/,

Шинжээч эмч С.Одончимэгийн "...Талийгаач Н.Батзоригийн биед учирсан гэмтэл нь өөрөө оношлоход хүндрэлтэй, чацархайн аль хэсэг хаана урагдаж цус алдаад байгааг нь мэдэхэд хэцүү хүнд гэмтэл юм. Тиймээс Мандал сумын нэгдсэн эмнэлэг болон ГССҮТ-д хийсэн хагалгаанууд нь зохих журмын дагуу хийсэн байсан ба талийгаачийн биед учирсан гэмтэл нь амь нас аврагдах боломжгүй гэмтэл байсан. ..Талийгаачийн нас барсан гол шалтгаан нь хэвлийн битүү гэмтэл, хэвлийн ялтангийн арын цусан хураа, чацархайн тархмал няцрал цус хуралт, түүний хүндрэл болох Хэвлийн гялтангийн түгээмэл үрэвслийн улмаас нас барсан. ...Хэрэв бөөр том урагдаж задарсан байсан бол талийгаач гэмтэл авсан газар дээрээ нас барах байсан. Тиймээс тухайн гэмтэл нь оношлох боломжгүй, жижиг цуснаас ялгарч харагдахгүй, оношлох боломжгүй гэмтэл гэж үзэж байна. Мөн хэвлийн битүү гэмтлийн хүндрэл болох хэвлийн гялтангийн идээт үрэвслийн үед дээрх бөөрний задрал үүссэн байх боломжтой. Талийгаачийн биед учирсан гэмтлүүд нь гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн мэдүүлэг/1-р хх-ийн 100-101-р тал/,

Шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн "...Тухайн үед талийгаачид хэвлийн хөндийг нээж дотор эрхтнүүдийг шалгах засал хийгдсэн байсан. Уг хагалгаагаар түүний зүүн бөөрний урагдал задралыг оношлож хэвлийд ямар учраас цус алдсаныг тогтоох боломжтой байсан. Тухайн мэс засал ямар журам, стандарт зөрчигдсөнийг шинжээч эмч тогтоохгүй. ...Талийгаачийн үхэлд хүргэсэн хүндрэл нь бүдүүн гэдэсний чацархайн тархмал няцралттай холбоотой үүссэн ба зүүн бөөрний урагдал няцралыг оношилж эмчилгээ Хийсэн ч амь нас аврагдах боломж муутай байсан. Талийгаачийн нас барсан шалтгаан гол нь бүдүүн гэдэсний чацархайн тархмал няцралын улмаас бүдүүн гэдэсний хана үхжиж цоорсон ба уг цоорлоор гэдэсний агууламж хэвлийн хөндийг гарч хэвлийн гялтангийн ялгадаст идээт тархмал үрэвслээр хүндэрсэнтэй холбоотой. Талийгаачид тухайн хэрэг болсон цаг хугацаанд хэвлийн битүү гэмтэл буюу зүүн бөөрний урагдал, бүдүүн гэдэсний чацархайн тархмал няцрал гэмтлүүд учирсан байх боломжтой...” гэсэн мэдүүлэг/ 1хх-ийн 102-103 тал/,

Шинжээч эмч Б.Ундармаагийн “...Тухайн гэмтлийг Мандал сумын нэгдсэн эмнэлэгт оношлох боломжтой байсан. Учир нь талийгаачид хэвлийн хөндийг нээж дотор эрхтнүүдийг шалгах мэс засал хийгдсэн. Уг хагалгаагаар зүүн бөөрний урагдсан задралыг өөрөөр хэлбэл хэвлийд ямар учраас цус алдсан шалтгааныг тогтоох боломжтой. Тухайн мэс засал хийсэн эмч ямар, журам, стандарт зөрчсөнийг мэргэжлийн хяналтын байгууллага тогтоодог тул шинжээч эмч тогтоохгүй болно. ...Талийгаачийн нас барсан шалтгаан гол нь бүдүүн гэдэсний чацархайн тархмал няцралын улмаас бүдүүн гэдэсний хана үхжиж цоорсон ба уг цоорлоор гэдэсний агууламж хэвлийн хөндийд гарч хэвлийн гялтангийн ялгадаст идээт тархмал үрэвслээр хүндэрсэнтэй холбоотой. талийгаачид тухайн хэрэг болсон цаг хугацаанд хэвлийн битүү гэмтэл буюу зүүн бөөрний урагдал, бүдүүн гэдэсний чацархайн тархмал няцрал гэмтлүүд учирсан байх боломжтой. Талийгаачийг үхэлд хүргэсэн хүндрэл нь бүдүүн гэдэсний чацархайн тархмал няцралттай холбоотой үүссэн ба зүүн бөөрний урагдал няцралыг оношилж эмчилгээ хийсэн ч амь нас аврагдах боломж муутай юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 104-105- р тал/,

Шинжээч эмч Г.Энхбаатарын “...Талийгаачийн эмчилгээний түүх бусад холбогдох материалыг үзэхэд 2020.06.28-ны өдөр хийсэн хагалгаагаар талийгаач Ч.Батзоригийн зүүн бөөрний урагдал, задралыг оношлох боломжтой, оношлох ёстой байсан. ...Талийгаач Н.Батзоригийн биед учирсан зүүн бөөрний урагдал, бүдүүн гэдэсний чацархайн тархмал няцрал гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байсан. Дээрх гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтлүүд байсан бөгөөд цаг алдалгүй оношилж эмчилсэн ч амь нас аврагдах боломж муутай байсан. Дээрх гэмтлүүдийн хүндрэлийн улмаас нас барсан учраас анхнаасаа тухайн хүний амь нас 100 аврагдах, эсхүл аврагдах ямар ч боломжгүй байсан гэж дүгнэх боломжгүй юм..." гэсэн мэдүүлэг/1-р хх-ийн 106-107-р тал/

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хавсарсан гэмтлийн тасгийн эмч М.Гантулгын “2020 оны 06 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумаас Н.Батзориг гэх хүн биеийн байдал хүнд, ухаангүй, хурц цус алдалттай, Мандал суманд хагалгаанд орсон байдалтай ирсэн. Тэгээд тухайн өвчтөнийг ирсний даруй 1 цагийн дараа хэвлийг нээх дахин мэс заслын эмчилгээ хийгдсэн. Мэс заслын дараа өвчтөн эхний эмчилгээг үргэлжлүүлсэн. Тухайн хүний онош зүүн бөөрний задрал, хэвлийн доторх хурц цус алдалт, гэдэсний үндсэн чацархайн няцрал оношоор нийт 10 хоног эмчилгээ хийгдсэн. Эмчилгээний үр дүнд өвчтөний биеийн байдал тогтворжоод, хурц цус алдалт тогтсон тул өвчтөний өөрийн хүсэлтээр харьяа нэгдсэн эмнэлгийн хяналтад зөвлөгөө өгч гаргасан. 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр дээр өвчтөн ГССҮТ-д дахин гэдэсний чацархайн цоорч баасны гаргалтын гялтангийн түгээмэл үрэвсэл, ерөнхий хүндрэлийн улмаас дахин хагалгаа хийсэн. Мэс заслын дараа эмийн эмчилгээ хийгдсэн боловч үр дүн гарсангүй 2020 оны 07 дугаар сарын 13-ны 2300 цагт өвчтөн нас барсан байна. Анхны гэмтэл нь зүүн бөөрний урагдал задрал, гэдэсний чацархайн няцрал байсан. хоёрдугаарт гэдэсний чацархайн няцралын улмаас гэдэсний хана үхжиж цоорон хэвлийн гэмтлийн түгээмэл үрэвсэл нь анхдагч гэмтлийн хоёрдогч хүндрэл болно. ...Өвчтөний нас барсан шалтгаан нь гэмтлээс үүссэн хоёрдогч хүндрэл буюу гэдэсний цоорол, гялтангийн үрэвсэл, ерөнхий хордлогоос болсон. Анхны хагалгаагаар өвчтөний бөөрний задарсныг тогтоож, хурц цус алдалтыг тогтоосон. Тухайн зүүн бөөрний задрал нь нас барах шалтгаан болоогүй. ...Анхны Мандал суманд хийгдсэн мэс засал нь тухайн сум дундын эмнэлэг нь бүрэн төгс хийх техник, боловсон хүчний хувьд боломжгүй. Мэс засал хийсэн эмч нь өвчтөний биеийн байдлыг тогтворжуулан дараагийн шатлалын эмнэлэг буюу ГССҮТ-д шилжүүлсэн нь эмчилгээний зөв тактик байсан. ...Өвчтөний биеийн байдал тогтворжсон хоолонд орчихсон, мөн түүний өөрийн хүсэлтээр эмнэлгээс гаргасан. Тухайн үед өвчтөний хоёрдогч хүндрэлийг тооцоолох боломжгүй байсан. ...Нас барсан шалтгааныг дээр тайлбарласан. Өвчтөний хэвлийд шингэн удаан байсан нь нас барахад нөлөөлөхгүй. ...Хоёрдогч хүндрэл нь хэзээ үүсэхийг тооцоолох боломжгүй” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 169-171-р тал/,

Гэмт хэрэг үйлдэгдэх үед талийгаач Н.Батзоригийн өмсөж байсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд “... фудволкны товч бүхий энгэрийн эмжээрний доод захаас доош чиглэлд 19 см урт хэмжээний  урагдалтай, зүүн суганаас доош 14 см оёдол нь задарсан урагдалтай байв. ...” гэх /1-р хх-ийн 201-202 дугаар хуудас/

Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл, ХГҮ .......  нотлох баримтууд гэрч Б.Энхцэцэгийн мэдүүлэг /1-р хх-ийн 25-27 дугаар тал/, гэрч Н.Лхагвасүрэнгийн мэдүүлэг /1-р хх-ийн 35 дугаар тал/, гэрч Н.Отгонтуяагийн мэдүүлэг /1-р хх-ийн 38-40 дүгээр тал/, эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Б.Байгальмаагийн гаргасан шинжээчийн дүгнэлт / 2-р хх-ийн 178-181 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Д.Гомбосүрэнгийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд.

Гэрч Д.Түвшинтөгс, Д.Бүжинлхам нарын “... Д.Гомбосүрэн нь архи дарс нээх уугаад байдаггүй, элдэв этгээд муу зуршилгүй, бусдад тусархуу, морь уях сонирхолтой, ажлын болон найз нөхдийн хүрээлэл сайн нэр хүнтэй залуу байгаа юм. 2-3 жил архи уухгүй, амсах ч үгүй л байсан. Гэр бүлдээ хайр халамж сайн, ах дүү нартайгаа ч ойр дотно харилцаатай...” гэсэн утга бүхий мэдүүлгүүд,  /1-р хх-ийн 41 дүгээр тал,

Гэрч Ц.Батцэрэн, Ш.Мягмарсүрэн нарын “... Гомбосүрэнтэй бид гэр бүлийн найзууд учраас сайн мэддэг гэж боддог. Хөндлөнгөөс харахад гэр бүлийн харилцаа нь хардалт, сэрдэлт маргаан байдаггүй, ажиглагддаггүй, амьдралын төлөө л зүтгэж яваа хүн гэж үнэлдэг...архи дарс нээх уугаад агсам, согтуу тавиад байдаггүй, баяр ёслолын үеэр тааруулаад уучихдаг...” гэсэн мэдүүлгүүд / 1-р хх-ийн 48 дугаар тал/,

Гэрч Д.Гомбодоржийн “... дүү Гомбосүрэн маань эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, миний дүү багаасаа хүмүүжилтэй, найз нөхөд хамт олны дунд нэр хүнд сайтай, морь уях сонирхолтой хүн байгаа юм. Одоо хүртэл миний үгнээс гардаггүй, одоо хүртэл миний хажууд тамхи татдаггүй, ...эхнэрээ хардаад байгаа зүйл ажиглагддаггүй, ... Гомбосүрэн надтай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үе байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/, Д.Гомбосүрэнгийн иргэний үнэмлэхийн хуулбар /1-р хавтаст хэргийн 244 дүгээр тал, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /1-р хх-ийн 246 дугаар тал/, гарын хээний дардас /1-р хх-ийн 245 дугаар тал/, гэрлэлтийн, гэр бүлийн байдлынх талаарх бүртгэлийн баримт бичгийн хуулбар хувь, /1-р хх-ийн 247-248 дугаар тал/, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа нээлттэй, хаалттай 413 дугаар хорих ангийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх хэсгийн их эмч, ахлах дэслэгч С.Эрдэнэтуулын Д.Гомбосүрэнгийн эрүүл мэндийн талаарх тодорхойлолт,

Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн “...1. Д.Гомбосүрэн нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Д.Гомбосүрэн нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. 2. Д.Гомбосүрэн нь хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусган үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 3. Д.Гомбосүрэн нь сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаг гэх баримт мэдээлэлгүй байна. 4. Д.Гомбосүрэн нь хэрэг хариуцах чадвартай байна. 5. Д.Гомбосүрэнд Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. 6. Д.Гомбосүрэн нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай донтой гэх шинж тэмдэг илрээгүй байна” гэсэн 761 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 195-196-р тал/,

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэт шалгаж тогтоосон  байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад  хэргийг шалгах мөрдөн шалгах ажиллагаануудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд заасан үндэслэлээр гаргасан гэж үзэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Нямсүрэнгээс шүүх хуралдаанд ирэхэд зарцуулсан талаарх 270.500 төгрөгийн 1 хуудас баримт, талийгаач Нэмэхбаярын Батзоригийн ХААН банкны дансны хуулга 2 хуудас баримт шүүх хуралдаанд гаргаж өгснийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэж нийт 3 хуудас баримтыг хүлээн авч хэрэгт хавсаргав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан гэм буруугийн талаарх дүгнэлт.

Гэм буруугийн хуралдаанд улсын яллагчаас “...хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Гомбосүрэн нь хохирогчтой хувийн таарамжгүй харилцаанаас үүссэн маргаанаас шалтгаалж амь хохирогч Н.Батзоригийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогчийн амь нас хохирсон  гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон тул шүүгдэгч Д.Гомбосүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг,

Иргэдийн төлөөлөгч Ш.Алтанчимэг “... шүүгдэгч Д.Гомбосүрэн нь хүний амь нас хохироосон үйлдэлд гэм буруутай байна ...” гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Гансүх, С.Сувдаа нар “... хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлттэй санал нэг байна.  Шүүгдэгч Д.Гомбосүрэн нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэний улмаас хохирогчийн амь нас хохирсон гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон, Д.Гомбосүрэнг гэм буруутайд тооцож өгнө үү ...” гэсэн дүгнэлтийг, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ганбат нь  “...Д.Гомбосүрэн нь энэ олон гэмтлийн алийг нь үүсгэснээ мэдэхгүй байна, талийгаачийн амь нас Гомбосүрэнгийн үйлдлээс үү?, эмч нарын буруутай үйл ажиллагаа нөлөөлснөөс хохирсон уу гэдгийг тогтоогоогүй,  энэ шүүх хуралдаанаар энэ хэргийг шийдвэрлэх боломжгүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Гомбосүрэн нь “Өмгөөлөгчөө дэмжиж байна” гэсэн байр суурийг илэрхийлж оролцов.

Гэм буруу, үйл баримт, эрх зүйн дүгнэлт.

Шүүгдэгч Д.Гомбосүрэн нь 2020 оны 06 дугаар сарын 28-ны өглөө 04-06 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын, 3 дугаар баг, Баянбулагийн 1 дүгээр гудамжны 24 тоот иргэн Н.Лхагвасүрэнгийн хашаанд, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Н.Батзоригтой хувийн таарамжгүй харилцаа үүсгэсний улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож хэвлийн битүү гэмтэл, чацархай, хэвлийн гялтангийн арын цус хуралт, цус алдалт, зүүн бөөрний задрал, бүдүүн гэдэсний няцрал гэмтэл учруулсны улмаас амь хохирогч Н.Батзориг нь 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 15 хоног эмчлэгдэж байгаад бүдүүн гэдэс нь  цоорч хэвлийн гялтангийн ялгадаст-идээт тархмал үрэвсэл үүссэний улмаас олон эрхтний дутагдалд орж нас барсан нь  шүүгдэгч Д.Гомбосүрэнг  хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч Н.Батзориг нас барсан, түүний үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй  болох нь шүүхийн хэлэлцүүлгийн үед  шинжлэн судалж хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт тусгагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Баярцэцэг, Д.Нямсүрэн нарын мэдүүлэгт “... 12 цагийн орчим эмнэлэг дээр ирээд, нөхөртэйгөө эмнэлгийн хүлээн авах дээр хэвтэж байхад  нь уулзахад  тэр “Гооёо намайг эхнэртэйгээ хардаж зодсон, ...Гооёо чирч гаргаж байгаад Отгоо та 2 яасан” гээд зодоод байсан. Намайг ” баая, нойл оръё” гэхэд нь “наанаа баа” гээд зодоод байсан, Батзориг хашаа давж зугтаагаад айлын нойл ороод баасаа гараараа авч хаясан, дотуур хувцсаа айлын нойлд хаясан гэсэн. Мөн “Гооёо ах намайг жаахан ч болов  хайрлаад зодчихгүй яав даа” гэж ярьсан, ... Батзориг нь Мандал сумын эмнэлэгт, Улаанбаатар хотод ГССҮТ-д хагалгаанд орж эмчилгээ хийлгэж байгаад нас барсан, ... мэс заслын эмч үзээд ясны хугарал биш байна дотор эрхтэн нь бяцарч гэмтсэн байж болзошгүй гээд нарийн шинжилгээ хийлгэх хэрэгтэй юм байна гэсэн. Хагалгаанд ороод гарч ирснийхээ дараа дотуур цус алдсаныг нь  соруулж авлаа, бөөрнийх нь ард цус  хуралдаад нөжирсөн байна, түүнийг  авч болохгүй  байна. Бид нар гэмтлийн эмнэлгээс зөвлөгөө авлаа найдваргүй юм байна гээд байсан. Мөн Улаанбаатар хот руу очиж яаралтай үзүүлэх шаардлагатай, гэхдээ замын явдлыг даахгүй байж магадгүй шүү  гэсэн. Тэгээд бид нар Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэхээр авч яваад гэмтлийн эмнэлэг дээр ирсэн. Эхний хагалгаанд орсны дараа эмч нар найдвар муутай шүү эрсдэл гарна биеийн байдлыг харж байж больё хэвлийн нарийн судаснууд үхжиж түгжрэл болж болзошгүй гэж хэлж байсан. ... Анх намайг Зүүнхараагийн эмнэлэгт очиход хүүгийн минь  биед ил харагдах гэмтэл шарх мэдэгдээгүй. Харин Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт сахиж байх үедээ хүүгийнхээ нурууг тослох гээд гаргаад ирэхэд зүүн бөөрний харалдаа гадна хэсэгтээ битүү шархалсан хөхөрчихсөн байсан...” гэсэн утга бүхий мэдүүлгүүд, /1-р хх-ийн 17-18-р тал, 2-р хх-ийн 167-р тал, 1-р хх-ийн 32-33-р тал/,

Талийгаач Н.Батзоригийн 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгт: "...Баянбулагийн гудамжинд байрлах Лхагваагийн хашаанд намайг унтаж байхад Гомбосүрэн намайг дуудаж гаргаж ирээд өөрийн эхнэр болох Отгонтуяатай хардаад намайг зодсон. ...2020 оны 06 дугаар сарын 28-ны үүрээр гэгээ орж байсан. Яг цаг хэд болж байгааг нь мэдээгүй. ...Гомбосүрэн намайг зодож байхад өөр хүн байгаагүй. ...Бид хоёр базууд юм. ... одоо зовиур ихтэй байгаа тул юм ярихад хэцүү байна...” гэснээр/1-р хх-ийн 24-р тал/,

Талийгаач Н.Батзоригийн төрсөн ах Н.Чулуунбат, Н.Баттулга нарын хэрэг учрал болсны дараах үйл явдлыг гэрчилсэн мэдүүлэгт “... 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ... эргэлтээр дүү дээрээ орж юу болсон талаар асуухад “эхнэрийнхээ эгчийнд очоод, Лхагваа гэх ахынд нь очсон. Тэндээс гэр лүүгээ харья гэхэд Гооёо машины түлхүүр авчихаад явуулахгүй байсан. Тэгээд бүгдээрээ архи уугаад согтоод гэрийн эзэн Лхагваа тасраад уначихсан эхнэр нь бөөлжөөд байхаар нь би бөөлжүүлчхээд хөнжил авч хучиж өгөөд шалан дээр нь унтчихсан. Гэтэл шөнө Гооёо намайг гэрээс нь чирч гаргаад эхнэртэйгээ хардаад л намайг зодсон. Би больё гээд гуйгаад байхад намайг өшиглөөд байсан. Миний өмнө сөгд гэж байгаад намайг зодсон. Би түүнээс Гооёо миний баас хүрээд байна баая гэхэд наанаа баахгүй юу  гээд зодоод байсан. Би тэгээд Гооёогоос хашаа давж зугтаасан. Намайг гарсны дараа Гооёо машинаар нь дайрч ална гээд байсан. Гооёо өөрөө бага зэрэг уусан зүгээр байсан...” гэж дүү минь ярьсан.

...Эрка гэдэг талийгаачинд түр амьдарч байсан хүүхэд манайхаас гараад удалгүй буцаж ирээд “Зоригоо ах таныг ороод ирээч гэнээ бие нь болохгүй байна” гэхээр нь би талийгаачийн гэр лүү ороход 2 дугаар давхартаа талийгаач хэвтчихсэн ёолоод байсан. Би юу болсон талаар асуухад надад юм хэлэхгүй байсан. Хэвлий хавиар нь өвдөөд байна гээд намайг гэдэс илээд өгөөч гээд байсан. Намайг хэвлий хэсэг дээр нь дарахад өвчин нь гайгүй болоод байх шиг байсан. ... би дүүгээ эмнэлэг дээр аваачиж үзүүлсэн. Эхлээд эмч үзээд хугарал байна даа л гэж хэлж байсан. Удалгүй Энхтөр эмч үзээд хугарал биш байна дотор эрхтэн нь бяцарч гэмтсэн байж болзошгүй хагалах хэрэгтэй байна гэсэн. ... дүүгийнхээ ярианаас миний дүүг Гооёо л /Гомбосүрэн/ зодож алсан гэдгийг би ойлгосон...” гэсэн утга бүхий мэдүүлгүүд, /1-р хх-ийн 28-29-р тал, 1-р хх-ийн 30-31-р тал/,

 Гэрч Д.Оюунчимэгийн мэдүүлэгт: “...2020 оны 06 сарын сүүлээр хугацааг нь сайн санахгүй байна өглөөний 05 цагийн орчим намайг гэртээ унтаж байхад танихгүй залуу үүдээр шагайсан. Эхлээд би айгаад “Юун хүн бэ” гэхэд шууд буцаад гарсан. Би араас нь гарахад манай жорлон руу орчихсон. Тэгээд би “юун хүн бэ, юу шиншилж яваа юм бэ гараад ир” гэхэд "эгчээ би хүнээс айгаад зугтааж яваа юм” гэж хэлээд хашаа даваад яваад өгсөн. ...Би тухайн хүнийг танихгүй, урьд нь харж байгаагүй хүн байсан. Ширвээ сахалтай /дээд уруул дээгүүр/, 2 гар нь салгалсан байдалтай, их л өндөр эрэгтэй хүн байсан. ...Би эхэндээ хүнд зодуулсан юм болов уу, эсхүл архи уусан юм болов уу л гэж бодож байсан...” гэснээр/1-р хх-ийн 34-р тал/,

Гэрч Л.Эрдэнэбүрэнгийн “...2020 оны 06 дугаар сарын 28-ны өглөө 06 цагийн орчим намайг унтаж байхад гэрийн цонх нүдээд үүдээ гээд Батзориг ах хэлэхээр нь би байшингийн хаалга онгойлгож өгөөд буцаад унтсан. Өглөө 08 цагийн орчим Батзориг ах намайг дуудаад өвчин намдаах эм байна уу гэхээр нь өвчин намдаах эм ус өгөхөд Батзориг ах хавирга хугарсан юм шиг байна гэж надад хэлсэн. Би 2 удаа өвчин намдаах эм өгсөн боловч Батзориг ахын бие нь өвдөөд байсан. Би Батзориг ахад хүн дуудах уу гэж асуухад яах юм бэ манай эхнэр рүү утсаар дуудаад өг гэж хэлсэн. Батзориг ахын бие нь өвдөөд өвчин намдахгүй байхаар нь би Батзориг ахын төрсөн ах Баттулгын гэрт нь очоод Батзориг ахын бие нь өвдөөд байна таныг дуудаад өгөөч гэж гээд байна гэж хэлээд Баттулга ахыг дагуулаад явсан. ...Надад Гоёо ах чинь /Гомбосүрэн/ намайг өшиглөчихлөө гэж хэлж байсан. Өөр юм хэлээгүй ...Талийгаач надад ах нь зүгээр зогсож байгаад Гооёо ахад чинь зодуулчихлаа л гэж ярьсан...” гэснээр /1-р хх-ийн 44-45, 46-47-р тал/,

Гэрч Б.Энхтөр /эмч/-ийн мэдүүлэгт: “...2020 оны 06 сарын 28-ны өдөр 13 цаг өнгөрч байхад би эмнэлэг дээр ирэхэд жижүүрээс цээжиндээ ямар нэгэн хугаралтай байж болзошгүй хүн ирлээ гэхээр нь би үзээд цээжний зургийг авахуулж үзэхэд цээжин хэсэгт ямар нэгэн хугарал мэдэгдэхгүй байсан. Тиймээс эхо дуудаж харуулахад хэвлийн дотор сул шингэнтэй /цус, ус, шүүс, ялгадас/ байсан. Хэвлий дээр дарж үзэхэд гялтан цочролын шинж, щёткин-блюмберг тод илэрч байсан. Мөн гаднаас нь зүүн бөөр орчим доргиож үзэхэд эмзэглэл ихтэй байсан. Тэгээд хэвлийг нээж үзэх шаардлагатай болсон тул ар гэрийн хүмүүстэй ярилцаад хагалгаанд орохоор болсон. Нээж үзэхэд хэвлийд 500 мл орчим сул шингэн буюу цус байсныг соруулж авсан, зүүн талын гялтангийн арын хэсэг бөөр орчим чинэрсэн цус хурсан, бүдүүн гэдэсний уруудах хэсэг 3 гэдэсний чацархайд бүхэлдээ цус хурсан буюу гэмтэлтэй, гэдэсний өнгө хэвийн, бусад эрхтнүүд хэвийн байсан тул гэмтлийн эмнэлэг болон 1-р эмнэлгээс зөвлөгөө авахад "цус хуралтуудыг нээх боломжгүй тул хяналтын гуурсыг тавиад хагалгааг дуусга гэсэн тул хяналтын гуурс тавьж, хагалгааг дуусгаад Улаанбаатар хотын  ГССҮТ-д  шилжүүлэх арга хэмжээг авсан. ...талийгаачийн биед учирсан гэмтлүүд нь механик байдлаар  гадны ямар нэгэн хүч үйлчилсэн буюу цохилтоос үүссэн байх боломжтой юм. Хагалгааны явцад шээсний сүвэнд гуурс тавьж шээс авахад өнгө хэвийн байсан тул бөөрний үйл ажиллагааг хэвийн гэж дүгнэсэн...” гэснээр /1-р хх-ийн 52-53-р тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч, цагдаагийн хошууч Ц.Ганболдын 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 1485 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд "...1. Талийгаачид зүүн бөөрний задрал, чацархайн цус хуралт, хэвлийн арын зайд цус алдалт, бүдүүн гэдэсний дэлүүний булангийн няцралт, умдаг, зүүн ташаан толгой, баруун зовхины цус хуралт тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ...” гэснээр /1-р хх-ийн 61-66-р тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч, цагдаагийн Хошууч Б.Ариунзул, цагдаагийн ахмад Г.Энхбаатар, цагдаагийн хошууч Ж.Ганцэнгэл нарын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1254 дугаартай дүгнэлтэнд: “... Талийгаач Н.Батзориг нь хэвлийн битүү гэмтэл, зүүн бөөрний урагдал, бүдүүн гэдэсний чацархайн тархмал няцралын улмаас бүдүүн гэдэсний хана үхжиж цоорч, Хэвлийн гялтангийн ялгадаст, идээт тархмал үрэвслээр хүндэрч нас баржээ...” гэснээр /1-р хх-ийн 88-95-р тал/,

Шинжээч эмч, цагдаагийн хошууч С.Одончимэгийн дүгнэлтэнд: "...Н.Батзоригийн биед учирсан гэмтлийг Сэлэнгэ аймаг болон ГССҮТ-д оношийг зөв тогтоож эмчилгээ, үйлчилгээ хийсэн байна. 3.Н.Батзоригийн оношийг зөв тодруулж эмчилгээ үйлчилгээг цаг алдалгүй зохих ёсоор хийсэн байх  боловч амь нас нь аврагдах боломжгүй хүнд гэмтэл авсан байна...  ” гэснээр  /1-р хх-ийн 96-р тал/,

Шинжээч эмч С.Одончимэгийн мэдүүлэгт: "...Талийгаач Н.Батзоригийн биед учирсан гэмтэл нь оношлоход хүндрэлтэй, чацархайн аль хэсэгт хаана  урагдаж, цус алдаад байгааг нь мэдэхэд хэцүү хүнд гэмтэл юм. Тиймээс Мандал сумын нэгдсэн эмнэлэг болон ГССҮТ-д хийсэн хагалгаанууд нь зохих журмын дагуу хийсэн байсан ба талийгаачийн биед учирсан гэмтэл нь амь нас аврагдах боломжгүй гэмтэл байсан. ...Талийгаачийн нас барсан гол шалтгаан нь хэвлийн битүү гэмтэл, хэвлийн гялтангийн арын цусан хураа, чацархайн тархмал няцрал цус хуралт, түүний хүндрэл болох хэвлийн гялтангийн түгээмэл үрэвслийн улмаас нас барсан байна. ...Хэрэв бөөр том урагдаж задарсан байсан бол талийгаач гэмтэл авсан газар дээрээ нас барах байсан. Тиймээс тухайн гэмтэл нь оношлох боломжгүй, жижиг,  цуснаас ялгарч харагдахгүй, оношлох боломжгүй гэмтэл байсан гэж үзэж байна. Мөн хэвлийн битүү гэмтлийн хүндрэл болох хэвлийн гялтангийн идээт үрэвслийн үед дээрх бөөрний задрал үүссэн байх боломжтой. Талийгаачийн биед учирсан гэмтлүүд нь гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэснээр /1-р хх-ийн 100-101-р тал/,

Шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн мэдүүлэгт:  "...Талийгаачийн үхэлд хүргэсэн хүндрэл нь бүдүүн гэдэсний чацархайн тархмал няцралттай холбоотой үүссэн ба зүүн бөөрний урагдал няцралыг оношилж эмчилгээ хийсэн ч амь нас аврагдах боломж муутай байсан. Талийгаачийн нас барсан гол шалтгаан нь бүдүүн гэдэсний чацархайн тархмал няцралын улмаас бүдүүн гэдэсний хана үхжиж цоорсон ба уг цоорлоор гэдэсний агууламж хэвлийн хөндийд гарч, хэвлийн гялтангийн ялгадаст идээт тархмал үрэвсэл үүсч  хүндэрсэнтэй холбоотой. Талийгаачид тухайн хэрэг болсон цаг хугацаанд хэвлийн битүү гэмтэл буюу зүүн бөөрний урагдал, бүдүүн гэдэсний чацархайн тархмал няцрал гэмтлүүд учирсан байх боломжтой...” гэснээр мэдүүлэг/ 1хх-ийн 102-103 тал/,

Шинжээч эмч Б.Ундармаагийн мэдүүлэгт: “...Талийгаачийн нас барсан шалтгаан гол нь бүдүүн гэдэсний чацархайн тархмал няцралын улмаас бүдүүн гэдэсний хана үхжиж цоорсон ба уг цоорлоор гэдэсний агууламж хэвлийн хөндийд гарч хэвлийн гялтангийн ялгадаст идээт тархмал үрэвслээр хүндэрсэнтэй холбоотой. Талийгаачид тухайн хэрэг болсон цаг хугацаанд хэвлийн битүү гэмтэл буюу зуун бөөрний урагдал, бүдүүн гэдэсний чацархайн тархмал няцрал гэмтлүүд учирсан байх боломжтой. Талийгаачийг үхэлд хүргэсэн хүндрэл нь бүдүүн гэдэсний чацархайн тархмал няцралттай холбоотой үүссэн ба зүүн бөөрний урагдал няцралыг оношилж эмчилгээ хийсэн ч амь нас аврагдах боломж муутай юм...” гэснээр /хх-ийн 104-105- р тал/,

Шинжээч эмч Г.Энхбаатарын мэдүүлэгт: “...Талийгаач Н.Батзоригийн биед учирсан зүүн бөөрний урагдал, бүдүүн гэдэсний чацархайн тархмал няцрал гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байсан. Дээрх гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтлүүд байсан бөгөөд цаг алдалгүй оношилж эмчилсэн ч амь нас аврагдах боломж муутай байсан. Дээрх гэмтлүүдийн хүндрэлийн улмаас нас барсан учраас анхнаасаа тухайн хүний амь нас 100 аврагдах, эсхүл аврагдах ямар ч боломжгүй байсан гэж дүгнэх боломжгүй юм..." гэснээр/1-р хх-ийн 106-107-р тал/

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хавсарсан гэмтлийн тасгийн эмч М.Гантулгын мэдүүлэгт: “...2020 оны 06 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумаас Н.Батзориг гэх хүн биеийн байдал хүнд, ухаангүй, хурц цус алдалттай, Мандал суманд хагалгаанд орсон байдалтай ирсэн. Тэгээд тухайн өвчтөнийг ирсний даруй 1 цагийн дараа хэвлийг нээх дахин мэс заслын эмчилгээ хийгдсэн. Мэс заслын дараа өвчтөн эхний эмчилгээг үргэлжлүүлсэн. Тухайн хүний онош зүүн бөөрний задрал, хэвлийн доторх хурц цус алдалт, гэдэсний үндсэн чацархайн няцрал оношоор нийт 10 хоног эмчилгээ хийгдсэн. Эмчилгээний үр дүнд өвчтөний биеийн байдал тогтворжоод, хурц цус алдалт тогтсон тул өвчтөний өөрийн хүсэлтээр харьяа нэгдсэн эмнэлгийн хяналтад зөвлөгөө өгч гаргасан... 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр дээрх өвчтөн ГССҮТ-д дахин гэдэсний чацархай нь  цоорч баасны гаргалтын гялтангийн түгээмэл үрэвсэл, ерөнхий хүндрэлийн улмаас дахин хагалгаа хийсэн. Мэс заслын дараа эмийн эмчилгээ хийгдсэн боловч үр дүн гарахгүй байсаар  2020 оны 07 дугаар сарын 13-ны 2300 цагт өвчтөн нас барсан байна. Анхны гэмтэл нь зүүн бөөрний урагдал задрал, гэдэсний чацархайн няцрал байсан. Хоёрдугаарт гэдэсний чацархайн няцралын улмаас гэдэсний хана үхжиж цоорон хэвлийн гэмтлийн түгээмэл үрэвсэл нь анхдагч гэмтлийн хоёрдогч хүндрэл болно. ...Өвчтөний нас барсан шалтгаан нь гэмтлээс үүссэн хоёрдогч хүндрэл буюу гэдэсний цоорол, гялтангийн үрэвсэл, ерөнхий хордлогоос болсон. Анхны хагалгаагаар өвчтөний бөөрний задарсныг тогтоож, хурц цус алдалтыг тогтоосон. Тухайн зүүн бөөрний задрал нь нас барах шалтгаан болоогүй. ...Анхны Мандал суманд хийгдсэн мэс засал нь тухайн сум дундын эмнэлэг нь бүрэн төгс хийх техник хэрэгсэл, эмч боловсон хүчний хувьд боломжгүй. Мэс засал хийсэн эмч нь өвчтөний биеийн байдлыг тогтворжуулан дараагийн шатлалын эмнэлэг буюу ГССҮТ-д шилжүүлсэн нь эмчилгээний зөв тактик байсан. ... Өвчтөний биеийн байдал тогтворжсон хоолонд орчихсон, мөн түүний өөрийн хүсэлтээр эмнэлгээс гаргасан. Тухайн үед өвчтөний хоёрдогч хүндрэлийг тооцоолох боломжгүй байсан. ...Нас барсан шалтгааныг дээр тайлбарласан. Өвчтөний хэвлийд шингэн удаан байсан нь нас барахад нөлөөлөхгүй. ...Хоёрдогч хүндрэл нь хэзээ үүсэхийг тооцоолох боломжгүй...” гэснээр  /2-р хх-ийн 169-171-р тал/,

Гэмт хэрэг үйлдэгдэх үедээ талийгаач Н.Батзоригийн өмсөж байсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд “... фудволкны товч бүхий энгэрийн эмжээрийн доод захаас доош чиглэлд 19 см урт хэмжээний  урагдалтай, зүүн суганаас доош 14 см оёдол нь задарсан урагдалтай байв. ...” гэх /1-р хх-ийн 201-202 дугаар хуудас/ зэрэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон гэж шүүх  бүрэлдэхүүн дүгнэв.

Өөрөөр хэлбэл талийгаач Н.Батзоригийг 2020 оны 06 дугаар сарын 28-ны үүрээр шүүгдэгч Д.Гомбосүрэн нь тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцаа буюу эхнэртэйгээ хардаж, түүнийг өшиглөж зодсоны улмаас талийгаачийн биеийн   дотор цул эрхтүүдэд хэвлийн битүү гэмтэл учирч, уг  гэмтлийн улмаас эмчлэгдэж байхдаа гэмтлийн хүндрэлээр нас барсан нь болох нь  талийгаач Н.Батзориг амьд байхдаа гэрчээр өгсөн мэдүүлэг, талийгаачийг эмнэлэгт сахиж байсан болон эмнэлгийн тусламж үзүүлэхээр эмнэлэгт хүргэж өгсөн төрсөн ах нар, ээж, эхнэрийнх мэдүүлэг, талийгаачид эмчилгээ хийсэн эмч нар, шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн шинжээчийн  дүгнэлтүүд, шинжээч нарын мэдүүлгүүдээр нотлогдож, тогтоогдсон байна.

Шүүгдэгч Д.Гомбосүрэн нь гэмт хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөл, үйл явдлыг тайлбарлахдаа “Талийгаач Н.Батзоригийг бусдын эхнэртэй бэлгийн харилцаанд орж байхад нь уур хүрээд, шатаар чирч, айлын гэрээс гаргасан, зодож цохиогүй, чирч буулгахад, эсвэл талийгаач зугтаж хашаа давах үед тухайн гэмтлүүд үүссэн байх” гэсэн утга бүхий мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн боловч  “талийгаачтай бэлгийн харьцаанд орсон” гэснийг  Б.Энхцэцэг нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн 2 удаагийн мэдүүлгээрээ  Д.Гомбосүрэнгийн дээрх  мэдүүлгийг үгүйсгэж мэдүүлсэн байх ба   хэрэгт цугларсан гэрчүүдийн мэдүүлэг, хөндлөнгийн бусад  нотлох баримтуудаар талийгаач нь Б.Энхцэцэгтэй бэлгийн харьцаанд орсон гэх нөхцөл байдал  нотлогдоогүй, гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн буруутай ажиллагаа нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн хэрэгт авагдсан 3 шатны   шинжээчдийн дүгнэлтүүд, шинжээч нарын мэдүүлгүүдээр “талийгаачид учирсан гэмтэл нь цохих, өшиглөх хүчин зүйлийн олон удаагийн  үйлчлэлээр үүсэх боломжтой”  тухай дүгнэсэн байдал, амь хохирогч Н.Батзориг нь эмнэлэгт эмчлүүлж, ухаан санаа нь эрүүл, амьд байхдаа мөрдөгчид өгсөн гэрчийн мэдүүлэг болон түүнийг эмнэлэгт хүргэсэн, сахиж байсан эхнэр, ээж,  ах нар болон бусад ойр дотны хүмүүстээ  “Гомбосүрэн намайг эхнэртэйгээ хардаж зодсон” гэж мэдүүлэн Д.Гомбосүрэнд  зодуулсан шалтгаан болон эмнэлэгт хүргэгдэхээр гэмтэл авсан тухайгаа  шууд зааж хэлж мэдүүлсэн байдал, гэмт хэрэг үйлдэгдэх үед Н.Батзоригийн өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, талийгаачийн биед задлан шинжилгээ хийх үеийн тэмдэглэл гэх мэт нотлох баримтуудаар Д.Гомбосүрэн нь “Н.Батзоригийг айлын эхнэртэй бэлгийн харьцаанд орж байхыг хараад дургүйцэн  согтуу байхад нь шатаар чирч буулгаснаас өөр үйлдэл хийгээгүй, үхэлд хүргэх хүнд гэмтлийг би учруулаагүй, өөрөө хашаа давах үедээ авсан байж магадгүй” гэж  мэдүүлсэн нь дээр дурьдсан бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Иймд шүүгдэгч Д.Гомбосүрэнгийн мэдүүлгийг шүүх  нотлох баримтын хэмжээнд үнэлэх эсэх асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлд заасан “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх...” тухай хуулийн заалтыг хэрэглэх боломжтой эсэхэд дүгнэлт хийх зорилгоор түүний  гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын  талаарх яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүдийг, хавтаст хэрэгт авагдсан  хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэлт хийхэд  хэргийн бодит байдалтай нийцэхгүй байх ба шүүгдэгчийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ ... өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бодит байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэсэн хуульд заасан эрхээ эдэлж мэдүүлсэн байна гэж шүүх дүгнэв.   

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ганбат нь шүүхийн хэлэлцүүлэгт “3 шатны шинжээч, мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтээр эмч, эмнэлгийн ажилтны буруутай үйл ажиллагаа, стандарт зөрчсөн, оношийг зөв тавиагүйгээс талийгаачийн нас барсан   гэж дүгнэсэн, үүнийг зайлшгүй шалгуулах шаардлагатай, Гомбосүрэнгийн үйлдлээс талийгаачид учирсан гэмтлүүдийн аль нь үүссэн, хашаа давснаас талийгаачид учирсан гэмтлүүд үүсэх боломжтой эсэхийг тогтоогоогүй, миний үйлчлүүлэгчийн үйлдлээс талийгаач үхэлд хүрээгүй ” гэсэн утгаар мэтгэлцсэн хэдий ч талийгаач Н.Батзоригийг нас барахад эмч эмнэлгийн мэргэжилтний буруутай үйл ажиллагаа байсан эсэхийг хэргээс тусад нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаад “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй ...” гэх гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 78 дугаартай прокурорын тогтоолоор хааж шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болсон, эмч, эмнэлгийн мэргэжилтэн талийгаачийн үхэлд хүргэх шалтгаан бий болгосон нь нотлогдоогүй,  хэргийг дутуу шалгасан үндэслэл  тогтоогдоогүй учир хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах үндэслэлгүй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.”  гэж заасан бөгөөд прокуророос хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд буюу шүүгдэгч Д.Гомбосүрэнгийн үйлдэл нь  талийгаач Н.Батзоригийн үхэлд шалтгаант холбоотой эсэхэд хэрэгт цугларсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудын хүрээнд шүүх дүгнэлт хийлээ.

“Эрүүгийн хууль”-ийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Шүүгдэгч Д.Гомбосүрэнгийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үндсэн үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхэд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч Д.Гомбосүрэн нь гэмт хэрэг үйлдэхдээ талийгаач Н.Батзоригийг алья гэсэн санаа зорилго агуулаагүй, талийгаач нь Д.Гомбосүрэнгийн зодож учруулсан хүнд гэмтлээс шалтгаалсан хүндрэлийн улмаас нас барсан нь тогтоогдсон тул прокуророос шүүгдэгч Д.Гомбосүрэнгийн үйлдлийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчилсэн зүйлчлэл тохирсон байх  бөгөөд хэргийн зүйлчлэлд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нар маргаагүй дурьдаад, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн дээрх зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч Д.Гомбосүрэнгийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, ...зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус хуульчилснаар шүүгдэгч Д.Гомбосүрэн нь амь хохирогч Н.Батзоригийн хууль ёсны төлөөлөгч нарт  гэмт хэргийн улмаас үүдэн гарсан оршуулгын зардал, бусад зардлыг хариуцан нөхөн төлөх үүрэгтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар 2.124.625 /хэрэгт баримтаар гаргаж хавсаргасан/+270.000 /2 удаагийн шүүх хуралдаанд ирсэн гэх/ =2.394.625 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт төлүүлэх нь зүйтэй гэж үзэж, харин талийгаачийн ХААН банкнаас авсан хашаа байшингийн зээлийг төлж барагдуулсан гэх 11.108.220 төгрөг, сэтгэл санааны хохиролд   270.000.000 төгрөг тус тус нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгаас үүдэн гарах зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Д.Гомбосүрэн нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хуульчилсан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг тус тус удирдлага болгов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм бурууд хандсан байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн байдал, хохирол, хор уршгийн  шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Гомбосүрэн нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт талийгаач Н.Батзоригийг зодож, цохиж, өшиглөж хүний эрүүл мэндэд санаатай хүнд хохирол учруулсны улмаас хүний амь насыг хохироосон нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөөгүй, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол хор уршгаас үүдэн гарсан баримтаар нэхэмжилсэн зардлыг гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 2 жилийн хугацаанд төлж барагдуулаагүй хор уршигт хандсан сэтгэхүйн хандлага, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Мөн шүүгдэгч Д.Гомбосүрэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй.

Шүүгдэгч Д.Гомбосүрэнд нь гэм бурууд маргаж, санаатай гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөөгүй тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг анхаарч хэрэглэн ял оногдуулах хууль зүйн нөхцөл бүрдээгүй байна.

Шүүгдэгч Д.Гомбосүрэнд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4- дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

2021 оны  Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “ 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан “...Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл/, ...” гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн бол шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна” гэж хуульчилсан байна.

Шүүгдэгч Д.Гомбосүрэнгийн ял шийтгүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасан хуулийн үйлчлэлд хамрагдаж, оногдуулсан хорих ялаас өршөөн хасах хуулийн үйлчлэлд хамаарч байгаа хэдий ч шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй нь Өршөөл үзүүлэх тухай хуулиар тавигдаж буй шаардлагад нийцэхгүй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СД, 2 ширхэг томографийн зураг зэргийг хэргийн хамт хэргийн хадгалах хугацаа дустал хадгалах нь зүйтэй.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Гомбосүрэнгийн энэ хэрэгт сэжигтнээр баривчлагдсан, яллагдагчаар цагдан хоригдсон 353 хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Гомбосүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Гомбосүрэн нь гэм буруугийн шүүх хуралдаанаас завсарлага авч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Нямсүрэнгийн дансанд 2.400.000 төгрөг төлж барагдуулсныг болон шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Дашзэвэгийн Гомбосүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Дашзэвэгийн Гомбосүрэнг 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Д.Гомбосүрэнд оногдуулсан 10 /арав/ жилийн  хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гомбосүрэн нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 353 /гурван зуун тавин гурав/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5.Шүүгдэгч Д.Гомбосүрэн нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Нямсүрэнд шүүхэд баримтаар гаргаж өгч нэхэмжилсэн 2.400.000 төгрөгийг шүүхийн шатанд төлж барагдуулсныг дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгаас үүдэн гарах зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас нэхэмжилсэн талийгаачийн ХААН банкнаас авсан хашаа байшингийн зээлийг төлж барагдуулсан гэх 11.108.220 төгрөг, сэтгэл санааны хохиролд 270.000.000 төгрөг тус тус нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж тус тус  шийдвэрлэсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СД, 2 ширхэг томографийн зураг зэргийг хэргийн хамт хэргийн хамт архивт шилжүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийг биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.Гомбосүрэнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.