Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/213

 

 

 

                                   Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхзул,

улсын яллагч А.Баясгалан,

шүүгдэгч А.Энхтүвшин,

хохирогч Ц.Орхонтуул нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Алтанбаатарын Энхтүвшинд холбогдох эрүүгийн 2231000000240 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 5-аас 8 насны 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Орхон сумын Зөгийн дэнж 01-06 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Алтанбаатарын Энхтүвшин, /РД: ТЛ86091571/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч А.Энхтүвшин нь 2022 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт байрлах төмөр замын байр, иргэн Ю.Уранбатын гэрт өөрийн хамтран амьдрагч Ц.Орхонтуулыг гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсний улмаас толгойн тус газар нь архины шилээр цохиж, түүний толгойн хуйханд шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, толгойн хуйх, зүүн нүдний дээд зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч А.Энхтүвшин нь 2022 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт байрлах төмөр замын байр, иргэн Ю.Уранбатын гэрт өөрийн хамтран амьдрагч Ц.Орхонтуулыг гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсний улмаас толгойн тус газар нь архины шилээр цохиж, түүний толгойн хуйханд шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, толгойн хуйх, зүүн нүдний дээд зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч А.Энхтүвшин гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Энхтүвшин өгсөн: “мэдүүлэг өгөхгүй, хэлэх зүйл байхгүй” гэжээ.[1],

2.Хохирогч Ц.Орхонтуулын 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2022 оны 10 дугаар сарын 28-ны орой 21 цаг 30 минутын орчимд хуурай дүү Цацралын хамтаар “Voice” нэртэй караокенд ороод 3-4 лааз пиво уугаад 2022 оны 10 дугаар сарын 29-ний шөнө 01 цагийн орчимд “Voice” караокеноос гараад Төмөр замын дан байрнуудын нэгэнд Уранбат гэх айлд Цацрал намайг хүргэж өгчихөөд явсан. Харин би Уранбатын хамт гэрт нь цай уугаад унтах гэсээр байтал 02 цаг болсон. Тэгээд унтаж байтал 03 цаг өнгөрч байх үед гадаа манай Цолмон /8 настай/ миний хүүхдийн “ээж” гээд дуудах дуу гарсан. Тэгээд би босоод хаалга онгойлготол манай нөхөр А.Энхтүвшин толгой руу юугаар юм бүү мэд цохисон. Би хэсэг зуур манараад сэргэхэд миний толгойн зүүн дээд хэсгээс халуун дүйгээд цус гарсан. Тэгтэл манай нөхөр миний 2 хүүхдийг орхиод яваад өгсөн. Би цагдаагийн байгууллага болон эмнэлгийн байгууллагад хандаж би өөрөө яаралтай тусламжийн тасагт очиж толгойдоо 5 оёдол тавиулсан. Цагдаа нар ирэхээр нь дагуулаад гэртээ очиход манай нөхөр гэртээ угаалгын өрөөнд судсаа ханасан байдалтай байсан. Би тэр үеийг нь хараагүй цагдаа нар надад харуулаагүй. Би Уранбат гэх хүнтэй 2022 оны 07 дугаар сараас хойш харилцан, уулзаж байгаа хүн юм. Намайг миний нөхөр А.Энхтүвшин цохих үед миний хажууд миний 2 хүүхэд байсан. Уранбат гэртээ цаад өрөөндөө байсан учир намайг цохиулахыг хараагүй. Би нөхөртэйгөө 10 жил амьдарч байна. Гэрлэлтээ батлуулаагүй. Миний нөхөр намайг урьд өмнө зодох үйлдэл гаргаж байсан манай нөхөр түргэн ууртай учир хааяа гэнэт уурлаад намайг цохих үйлдэл гаргаж байсан. Урьд өмнө цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Миний нөхөр А.Энхтүвшин нь амиа хорлох үйлдэл сүүлийн 2 сарын хугацаанд 3-4 удаа амиа хорлох үйлдэл гаргаж угаалгын өрөөнд уяагаар хоолойгоо боож байсан мөн судсаа ханах гээд гараа зүсэж байсан. Манай нөхөр бид 2 сүүлийн 2 сарын хугацаанд хэрүүл маргаантай байгаа ба намайг сална гэхээр “...би амиа хорлоно” гэх зэргээр янз бүрийн үйлдэл гаргадаг. Би гомдолтой байна. А.Энхтүвшингээс салмаар байна. Өөр гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг[2],

3.Гэрч Р.Даваадуламын 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Манай хүргэн хүү Баярбатын ах Энхтүвшин юм. Манай хүргэн хүү Баярбат нь хотод байдаг. Энхтүвшин нь даруухан, нүдэнд дулаахан, хууз сахалтай, тусч залуу бий. Эхнэр, хүүхэдтэйгээ амьдардаг. Дарханд ногоо тарьдаг ажилсаг залуу. Архи согтууруулах ундаа хэрэглэж харагдаж байгаагүй” гэх мэдүүлэг[3],

4. Гэрч Ю.Уранбатын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2022 оны 10 дугаар сарын 28-наас 29-нийг шилжих шөнө Орхонтуул гэх эмэгтэй найз маань манайд жаахан халамцуу орж ирсэн. Тэгээд би цай хийж өгөөд юм ярьсаар шөнө 02 цаг болж цаг орой болсон. Эмэгтэй хүн ганцаараа согтуу яаж явах вэ? гээд Орхонтуул нь манайд хонохоор болсон. Нэг их удаагүй 03 цаг арай болоогүй байхад манай хаалгыг хүн нүдэх чимээгээр би сэрсэн. Тэгсэн чинь гаднаас “ээж” гэх дуу хадахтай зэрэгцэн Орхонтуул үүдэнд толгой нь цус болчихсон хүүхдүүд уйлалдаад би хувцсаа өмсөөд хаалга руу очиход Энхтүвшин гэх Орхонтуулын нөхөр нь Орхонтуулыг зодчихсон юм уу цохисон юм уу бүү мэд бөөн цус болоод хүүхдүүд нь уйлалдаад би Энхтүвшинд хандаж “тэнэг юм уу, мэдрэл муутай юм уу” гээд тухайн үед пизда мал гэх мэтээр харааж, “цагдаа дуудаарай” гэж хашгирсан. Тэгтэл Энхтүвшин юу ч хэлэлгүй яваад өгчихсөн. Хоёр хүүхэд нь уйлаад Орхонтуул цус алдаад байхаар нь “түргэн дуудья” гэхэд Орхонтуул “гайгүй, би өөрөө эмнэлэг явчихья, хүүхдүүдийг хараад байж бай” гэхээр нь хүүхдүүдийг нь би харж хоносон. Орхонтуул бүүр өглөө ирсэн. Энхтүвшин нь бид хоёрыг хардсан юм шиг байна лээ. Би маргааш нь ажил руугаа явчихсан. Би слесарь ажилтай. Орхон, Дулаанхаан, Дархан зэрэг ийшээ тийшээ байнга явчихдаг. Орхонтуултай би саяхан танилцсан, хөдөлмөрч хичээнгүй, хааяа архи уудаг юм шиг байна лээ. Нөхөр нь их зовоодог санагдсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин Орхонтуул найзуудтайгаа пиво уусан гэсэн жаахан халамцуу байсан. Орхонтуулын нөхөр нь нэлээн согтуу байсан. Их архи үнэртэж байсан. Нэг их сайн танихгүй. Орхонтуулын хэлснээр их залхуу ажил хийдэггүй, архи уудаг гэж хэлж байсан. Би тэр шөнө л анх удаагаа Энхтүвшинг харсан” гэх мэдүүлэг[4],

5.Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 436 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “Ц.Орхонтуулын биед толгойн хуйханд шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, толгойн хуйх, зүүн нүдний дээд зовхинд зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[5],

6.Шүүгдэгч А.Энхтүвшин 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Би 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгөөд эхнэрийн “Оч” нэртэй цайны газарт өдөржин ажилласан. Эхнэр Орхонтуул нь Дархан луу бага хүү Цэлмэгийг дагуулж үсний найранд явчихад ирэхээр нь би 2 хүүхдээ аваад гэр лүүгээ 18 цаг өнгөрөөд явсан. Уг нь манай эхнэр 21 цаг өнгөрөөгөөд ирдэг байтал тэр өдөр гэртээ ирээгүй. Би утас руу нь мессэж бичихэд “архи ууж байна” гэсэн. Тэгэхээр нь 2 хүүхдээ гэртээ үлдээгээд байрны урд дэлгүүр ороод 0.33 литрийн “Хараа” нэртэй архи авч уусан. Эхнэр бид хоёр сарын өмнө муудалцсан байсан учир сэтгэлээ засах гээд архи уусан. Тэгээд том хүү Цолмонгоос “ээж нь хаана байгаа юм бэ” гэхэд “Уранбат ахынд байгаа” гэсэн. Би Уранбатыг зүс танина, Уранбатын гэрийг мэдэхгүй болохоороо 2 хүүхдээрээ Уранбатын гэрийг заалгаад хаалгыг нь тогшсон. Тэгтэл эхнэр Орхонтуул нь хаалгыг нь онгойлгосон. Уранбат цаана нь шалдан, Орхонтуул хар фудволктой байсан. Тэгэхээр нь уур хүрээд баруун гарт байсан ууж явсан архиныхаа шилээр толгой руу нь нэг удаа цохьсон. Тэгэхэд Уранбат хувцсаа өмсчихсөн гарч ирээд “мэдрэл муутай пизда вэ? цагдаа дуудаарай” гэхээр нь би хоёр хүүхдээ хаяад шууд гэр рүүгээ явсан. Би 07 дугаар сард эхнэрийн утсыг үзэхэд Юра Уранбат гэх хүнтэй чатласан байсан. Чатыг нь уншаад итгээгүй. Итгэхийг хүсээгүй. Бас би Туяацэцэгтэй чатласан чатыг нь уншсан. Тэр чат дээр “эгч нь саяхан нэг залуутай уулзаад 3 сар болж байгаа тухай бичсэн байсан. Би эхнэртэйгээ сарын өмнө муудалцсан. Тэр өдрийн орой 1 удаа амиа хорлох үйлдэл гаргасан. Би өөрийгөө угаалгын өрөөнд уяагаар хоолойгоо боосон. Ухаан алдаад сэрсэн. Эхнэр Орхонтуул нь “ээжийнхээ хажууд очиж үхээрэй” гэсэн. Тэгээд өчигдөр тийм явдал нүдээрээ үзээд тэсэлгүй судсаа ханах гээд гараа зүссэн. Сүүлийн 2 сарын хугацаанд хэрүүл маргаантай байгаа шөнө орой болохоор 2 хүүхдээ хаяад гараад явчихдаг. Сарын өмнө сална гэсэн, 10 жил ханилчихаад надад хэцүү байдаг. Сална гэхээр би үхээд өгье гэж хэлдэг” гэх мэдүүлэг[6], 7.Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[7], 8.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[8], 9.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[9], 10.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[10], 11.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[11], 12.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[12]зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч А.Энхтүвшингийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч А.Энхтүвшингээс хохирогч Ц.Орхонтуул нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч А.Энхтүвшинд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд улсын яллагчийн саналыг харгалзан шүүгдэгч А.Энхтүвшинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч А.Энхтүвшин нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Алтанбаатарын Энхтүвшинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Энхтүвшинд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Энхтүвшиний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай. 

5.Шүүгдэгч А.Энхтүвшин нь энэхүү гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

   

      

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.АМАРГЭРЭЛ