Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2020/ШЦТ/123

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

  Улсын яллагч                   В.Батдэлгэр

  Шүүгдэгчийн өмгөөлөгч   Г.Амартүвшин

  Нарийн бичгийн дарга     С.Энхтайван нар оролцов.

 

 Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Лгийн От холбогдох эрүүгийн 1902006490114  дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Монгол улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 06-нд Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Жавхлант сум Бумбат 1 дүгээр баг Ханан гудамжны *тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б овогт Лгийн О /РД:***** /      

Холбогдсон хэргийн талаар:

 

 Шүүгдэгч Л.О нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын засаг даргатай 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 67 дугаартай “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ”-нд заасан солбилцолын цэгээс өөр газар болох Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт байрлах “Хөшөөтийн ам” гэх газарт 2019 оны 07 дугаар сараас 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, газрын хэвлийд халдсаны улмаас байгаль экологид 5.551.381 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

 

 Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Л.О нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын засаг даргатай 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 67 дугаартай “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ”-нд заасан солбилцолын цэгээс өөр газар болох Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт байрлах “Хөшөөтийн ам” гэх газарт 2019 оны 07 дугаар сараас 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, газрын хэвлийд халдсаны улмаас байгаль экологид 5.551.381 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч П.Дашпүрэв гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:     

Шүүгдэгч Л.Оын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугийн талаар маргаангүй тул нэмж хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг

Хохирогч О.Аын 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би Л.О гэх хүнийг танихгүй садан төрлийн холбоо байхгүй. Уг хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцож байсан Х.Алтынтас нь Ерөө сумын Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/02 дугаартай захирамжаар ажлаас чөлөөлөгдөж, 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 85 дугаартай албан бичгээр иргэний нэхэмжлэгч, хохирогчоор томилогдон оролцож байна. Хорио цээрийн улмаас 2020 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр ирж мэдүүлэг өгч чадалгүй өнөөдөр ирж мэдүүлэг өгч байна. Миний хувьд уг хэргийн талаар сайн мэдэхгүй. Алтынтас нь мэдүүлэгтээ дэлгэрэнгүй ярьсан гэсэн. Гэхдээ уг газарт нөхөн сэргээлтийг хийсэн боловч Л.О нь хүлээлгэж өгөөгүй. Гэрээнд заасан хугацаанаас өмнө цагдаагийн байгууллагын шалгалтаар больсон байна. Тийм болохоор одоо Л.О нь хууль бусаар ашигт малтмал олборлосон газартаа нөхөн сэргээлт хийсэн хүсэлтээ гаргаад хүлээлгэн өгөх боломжтой. Нөхөн сэргээлт хийснийг хүлээж аваагүй, хүлээлгэж өгөөгүй ч гэсэн нэгэнт нөхөн сэргээлт хийсэн газраас нөхөн сэргээлтийг мөнгийг нэхэмжлэхгүй. Харин Байгаль-экологид учруулсан 5.551.381 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-н 151-153 дугаар хуудас/,

Гэрч М.Гын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Ерөө сумын засаг даргын ажлыг 2016 оны 12 сараас эхлэн хийж байгаа юм. Миний санаж байгаагаар 2019 оны 06 дугаар сарын 05-ны үед “Ерөө баялаг” нөхөрлөлийн ахлагч Л.О нь бичил уурхайгаар нөхөн сэргээлт, эвдэгдсэн талбайд олборлолт явуулъя гэж хүсэлт гаргасан. Үүний дараа “Ялбагийн хөшөөт” гэх газар бичил уурхай хэлбэрээр ашигт малтмал олборлох, нөхөн сэргээх тухай гэрээ байгуулсан. Гэрээ байгуулахдаа тухайн эвдэгдсэн талбайн солбицлыг гаргаад Л.От зааж өгсөн. Үүнээс хойш 2019 оны 06 дугаар сарын сүүлээр очиход зааж өгсөн газраа Л.О нь хэдэн гэр барьчихсан үйл ажиллагаа явуулаагүй байсан. Тэрнээс хойш 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр сумынхаа цагдаа, байцаагчтайгаа бичил уурхайг шалгах гээд явахад Л.О нь зааж өгсөн талбайгаас баруун тал руу ойролцоогоор 300 орчим метр зайд өөр газрын хөрсийг хөндсөн байсан. Тэгээд юу болсон талаар асуухад Л.О нь зүгээр байж байхад ирээд бичиг баримт хураагаад явлаа гэж байсан. Анх очиход Л.О нь зааж өгсөн газраас өөр газар буюу зөвшөөрөлгүй газар үйл ажиллагаа явуулаад цагдаад баригдсан байна гэдэг ойлголт авсан...’' гэх мэдүүлэг /хх-н 156-157 дугаар хуудас/,

Гэрч Д.А-ын 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Гурвалжингийн гүүрний дэргэд барилгын материалын зах дээр хувиараа барилгын материал зардаг юм. 2016 онд **** УНЯ улсын дугаартай DAEWOO NOVUS маркийн ачааны машиныг Баруун салаанд байдаг хүнээс, **** УНБ улсын дугаартай DAEWOO NOVUS маркийн ачааны машины Налайхаас худалдан авч байсан. Тэгээд уг 2 автомашинуудыг 2017 оны 08 дугаар сарын дундуур нэг хүнд худалдсан. Тухайн үед нэрийг нь шилжүүлэх гэсэн боловч амралтын өдөр байсан тул нотариат ороод гэрээ хийсэн юм. Надаас машин худалдан авсан хүн нь өөр дээрээ шилжүүлчихсэн гэсэн боловч одоо болтол шилжүүлээгүй байгааг нь сая л мэдлээ. Би авто машин зарахдаа хийсэн гэрээгээ одоо олохгүй байна. Мөн батлуулсан нотариатын газраа мэдэхгүй байна. Учир нь би машин худалдан аваад сайжруулаад зарчихдаг юм...” гэх мэдүүлэг /хх-н 159-160-р хуудас/,

Гэрч З.Үын 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Дархан-уул аймгийн Дархан суманд хувиараа ажил эрхлэн амьдардаг юм. 2019 оны 07 дугаар сард Улсын баяр наадмын өмнө манай эхнэр Мийн эгчийнх нь хүүхэд болох Лгийн О нь ирээд “би бичил уурхайгаар нөхөрлөл байгуулсан юм. Тэгээд тэндээ нөхөн сэргээлт хийх гэсэн юм. Та надад машин техникүүдээ түрээслэчих” гэхээр нь бичиг баримтыг нь үзэхэд хууль ёсных байсан ба засаг даргатай хийсэн гэрээ хүртэл байсан. Тэгэхээр нь өөрт байсан **** УНЯ, **** УНБ улсын дугаартай 2 ширхэг DAEWOO NOVUS маркийн өөрөө буулгагч буюу Хово, улсын дугааргүй Zil-50 маркийн ковш зэргийг түрээслэхээр болсон. Тэгтэл Л.О нь “танд алт угаах төхөөрөмж олдох бол олоод өгчих” гэхээр нь тухайн үед хүнээс худалдаж авах гээд өөртөө авчихсан байсан 1 цагт 30 куб шороо угаах хүчин чадалтай скуберыг мөн түрээслэхээр өгөөд явуулсан. Тэгээд 2020 оны 08 дугаар сарын 10-ны үед Л.Отай яриад “техникүүдийн түрээсээ яах уу” гээд ярьсан чинь “цагдаа ирээд үйл ажиллагааг зогсоосон. Засаг даргаас зааж өгсөн газрынхаа координат цэгийг андуурчихсан” гээд ярьж байсан. Тэрнээс хойш удалгүй миний 2 хово, 1 ковшийг Дарханд Л.О авчирч өгсөн. Алт угаах төхөөрөмжийг нь тэндээ орхисон гэхээр нь худалдаж авсан хүндээ авахаа больсон талаараа хэлсэн. **** УНЯ, **** УНБ улсын дугаартай өөрөө буулгагч 2 машиныг 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Дрын А гэх хүнээс тус бүрийг нь 25,000,000 төгрөгөөр нийт 50,000,000 төгрөгөөр аваад худалдах, худалдан авах гэрээ хийж нотариатаар батлуулсан. Тэрнээс хойш өөрийн нэр дээрээ шилжүүлье гэсэн боловч амжаагүй байна. Харин Zil-50 маркийн ковшийг 2015 онд Өвөрхангай аймгийн залуугаас 15,000,000 төгрөгөөр худалдан авч байсан. Тухайн үед жижиг паспорт шиг бичиг баримт өгч байсан боловч тэрийг хаячихаад байна. Уг ковш нь 2006 онд үйлдвэрлэгдэж 2008 онд Хятадаас орж ирсэн байсныг санаж байна. 2 хово нь Говь-Алтай аймагт түрээсээр ажиллуулж байгаа. Ковш нь Төв аймгийн Заамар суманд айлын хашаанд байгаа. Уг техникүүд нь олон жил явсан болохоор их эвдэрдэг байсан. Л.О нь зан чанарын хувьд гайгүй л хүүхэд байгаа юм. Таван төгрөг олох гээд л янз бүрийн зүйл хийгээд л явдаг юм...” гэх мэдүүлэг /хх-н 162-163 дугаар хуудас/,

Гэрч Ч.Бийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би эхний мэдүүлэг дээрээ сандраад, урьд нь цагдаад мэдүүлэг өгч байгаагүй учраас хүнийх би ажиллаж байгаа гээд хэлчихвэл гайгүй байх гээд худлаа ярьчихсан юм. Ямар ч М гэдэг хүн байхгүй. Л.От экскаватороо 2019 оны 07 сарын дундуур түрээслээд эхний ээлжинд өгнө гэсэн мөнгөө өгөхгүй болохоор нь 2019 оны 08 дугаар сарын эхээр очоод 2, 3 хонож байсан ба экскаваторын оператор байхгүй байсан. Тэгээд 08 дугаар сарын 02-ны өдөр цагдаа ирээд үйл ажиллагааг нь зогсоосон. Л.О нь хэлэхдээ анх авсан цэгээсээ хэтрүүлээд ухчихсан гэж байсан. Л.О нь хэлэхдээ 2 удаа шороо угаасан боловч ямар нэгэн алт гараагүй түлшиндээ шатчихлаа гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-н 168 дугаар хуудас/,

Байгаль орчны судалгаа, үнэлгээний “Ойт бүс” ХХК-ний хохирлын үнэлгээний тайлан хэсэгт:

  Байгаль орчинд учруулсан хохирлын нэгдсэн дүн

  “Ерөө баялаг” нөхөрлөлийн алт ашиглах үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг эвдрэлд өртсөн 0.186 га буюу 1866,0м2 талбайд тооцоолоход нийт эдэлбэр газарт жилийн 89.200 төгрөг, газрын хэвлийд хохирол 1.107.625 төгрөг, усан орчинд 3.180.612 төгрөг, хөрсөн бүрхэвчид 207.344 төгрөг, ургамлан нөмрөгт 438.600 төгрөг, ойн санд 528.000 төгрөг нийт 5.551.381 төгрөгөөр хэмжигдэж байна.

   Энэхүү 0.186 га буюу 1866,0м2 газар эвдрэлд орсон бөгөөд дахин дагтаршуулж үржил шимт хөрсөөр 1119,6 м3 талбайд техникийн нөхөн сэргээлт хийхэд 886 200 төгрөг, биологийн нөхөн сэргээлт хийхэд 272.160 төгрөг, хяналт мониторингийн зардалд 81.100 төгрөг, нийт 1.239.460 төгрөг шаардлагатай байна...” гэх дүгнэлт /хх-ийн 32-54 дүгээр хуудас/

  2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Сонгомол Хүлэг ХХК-ний үнэлгээний тайланд:

  Samsung-NX 292 LG маркийн эксковатораас сэлбэгт ашиглаж болох эд ангиуд нь дунджаар 12.300.000 төгрөг байна. гэх тайлан /хх-ийн 119-123 дугаар хуудас/

  Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 05-13 дугаар хуудас/,

  Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ний 126-127 дугаар хуудас,

  Хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 213-214 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Тухайн хэрэгт хохирогч, гэрчүүдийн өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Л.О нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын засаг даргатай 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 67 дугаартай “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ”-нд заасан солбилцолын цэгээс өөр газар болох Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт байрлах “Хөшөөтийн ам” гэх газарт 2019 оны 07 дугаар сараас 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, газрын хэвлийд халдсаны улмаас байгаль экологид 5.551.381 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

   Иймд дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийг шүүх үнэн зөв гэж үзэв.

   Шүүгдэгч Л.От холбогдох хэрэгт Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

   Иймд шүүгдэгч Л.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан “...тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул хийх, олборлолт явуулах...” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

    Шүүгдэгч Л.О нь гэм буруугийн талаар маргаангүй байгаа, уг гэмт хэргийн улмаас бодит учирсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж улсын яллагчийн санал болгосон торгох ял шийтгэлийг өөрчилж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

    Шүүгдэгч ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

    Энэхүү гэмт хэрэг нь “Хүрээлэн байгаа байгаль орчны эсрэг” гэмт хэргийн бүлэгт хамаарч байгаа ба энэ гэмт хэргийн объект нь ашигт малтмалын хайгуул эрэл хайгуул хийх, олборлох журам бөгөөд халдлагын зүйл нь ашигт малтмал юм.

    Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1. “ашигт малтмал” гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсэж бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг”, 4.1.5. “ашигт малтмал эрэх” гэж ашигт малтмалын хэтийн төлөв бүхий талбайд эрдсийн хуримтлал байгаа эсэхийг тогтоох зорилгоор хийгдэж байгаа геологийн судалгааны ажлыг;4.1.6 “ашигт малтмал хайх” гэж эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг; 4.1.7. “ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг; гэж тус тус заасан байна.  

   Энэ ашигт малтмал гэдэг ойлголтод шүүгдэгчийн эрэл хайгуул хийсэн “алт” хамаарч байгаа юм.  

    Ашигт малтмалын тухай хуульд зааснаар ашигт малтмал эрэх, хайх гэдэг ойлголтод эрдсийн хуримтлал байгаа эсэхийг тогтоох, судалгааны ажил хийх гэсэн ойлголт байгаа боловч шүүгдэгч Л.О нь газрын хэвлийг хөндөн ухаш үүсгэж баяжмал бүхий шороог угаах үйл ажиллагаа явуулж байгаа нь алт олборлох зорилгоор эрэл хайгуул хийсэн байдал тогтоогдож байгаа бөгөөд харин шүүгдэгчийн газрын хөрсийг хуулж, ухаш үүсгэснээр ашигт малтмал олборлосон болох нь нотлогдсон гэж шүүх үзэж байна.

   Түүнчлэн шүүгдэгч эрэл хайгуул хийснээр газрын хэвлийгээс алт буюу ашигт малтмал авсан, ашиг олсон эсэх нь энэ гэмт хэргийн бүрэлдэхүүн ойлголт, гэм бурууд хамааралгүй бөгөөд түүний үйлдлийн улмаас байгаль экологид хор хохирол учирчээ. 

   Монгол улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн “1. Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна. 2.Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн...” гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн” гэж тус тус заасан байна.

   Шүүгдэгч Л.Оын гэмт үйлдлийн улмаас байгаль экологид 5.551.381 /таван сая таван зуун тавин нэгэн мянга гурван зуун наян нэг/ төгрөгийн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хохиролд тооцов.

   Энэ хэргийн улмаас байгаль экологид 5.551.381 /таван сая таван зуун тавин нэгэн мянга гурван зуун наян нэг/  төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч Л.О нь төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт ирүүлсэн баримтаар нотлогдож байх тул түүнийг бусдад төлөх хохирол төлбөргүйд тооцов.

   Нийслэлийн Прокурорын газраас Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.5-д зааснаар 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлэх саналтай гэж яллах дүгнэлтийн хавсралтад дурьдаж ирүүлсэн байх боловч мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-д тогтоосон хохиролд байгаль орчны улсын байцаагч нөхөн төлбөр тогтоохоор заасан байх тул шүүх өөрөө нөхөн төлбөр тогтоож шийдвэрлэх боломжгүй байна.

   Иймд хохирлыг 3 дахин нэмэгдүүлсэн хэлбэрээр төлүүлэх саналыг хэлэлцэхгүй орхиж байгаль орчны улсын байцаагчаар нөхөн төлбөрийн акт тогтоолгож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв. 

   Нийтийн ашиг сонирхол түүнчлэн ард нийтийн өмчлөх эрхэд халдсан энэхүү гэмт хэргийг үйлдэхэд өөрөө ухагч эксковаторуудыг, шорооноос алтыг ялгагч болох скрубер буюу угаагч зэрэг тоног төхөөрөмжийг ашиглахгүйгээр үйлдэх боломжгүй бөгөөд эдгээр техник хэрэгслүүд нь гэмт хэргийн явцыг түргэсгэх, хохирлыг нэмэгдүүлэх, ашгийг ихэсгэх зорилгоор ашиглагддаг гэж шүүх дүгнэн үзэж байна.       

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч Л.Оын гэмт үйлдэлдээ ашигласан “Samsung RX292 LC” маркийн эксковатор нь шүүгдэгчийн өмчлөлийн эд зүйл биш болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон байх тул битүүмжлэлээс чөлөөлж хууль ёсны өмчлөгчид буцаан олгох нь зүйтэй.

  “Samsung RX292 LC” маркийн эксковаторыг үйл ажиллагаандаа ашигласан болох нь шүүгдэгчийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон байх тул дээрх техник хэрэгслийн үнэ 12.300.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

   Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод орохоор хуульчлагдсан байх тул түүнээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

   Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

   Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Samsung RX292 LC” Маркийн 21266608 арлын дугаар бүхий экскваторын компьютерыг хууль ёсны өмчлөгчид буцаан олгож шийдвэрлэв.  

  Шүүгдэгчид  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг дурьдав.

     

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Б овогт Лгийн Оыг мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул хийх, олборлолт явуулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

    2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Б овогт Лгийн От мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаатай тэнсэж, мөн хугацаагаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, уг арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар ялтан Л.Оыг оршин суугаа газар ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэж байхыг үүрэг болгосугай.

   4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

   5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Л.О нь уг хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

   6.Шүүгдэгч Л.О нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.    

   7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-д зааснаар эклоги эдийн засгийн хохирлыг 3 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр төлүүлэх саналыг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

   8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4-д зааснаар шүүгдэгч Л.Оын гэмт үйлдэлдээ ашигласан Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй “Samsung RX292 LC” Маркийн 21266608 арлын дугаар бүхий экскваторын компьютерыг Боржигон овогт Чулуутын Баттүшигт /РД:ЧВ85102071/ буцаан олгож, шүүгдэгч Л.Оаас 12.300.000 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай. 

  9.Шүүгдэгч Л.От урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

 11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

          

 

 

ДАРГАЛАГЧ                                            Б.ЭРДЭНЭХИШИГ