Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 135/шш2020/00581

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2020/00493/и

                                    

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... хот, С дүүрэг, ... хороо, Х.бны төв байр, “Х.б” ХХК-ний нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... аймаг, Орхон сум, ... баг, ... тосгон, ... тоотод оршин суух Б-н овогт О-ын М  /утас:../, Б овогт Ц-ын О холбогдох,

 

“Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөр 9,748,848.32 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, хариуцагч О.М, Ц.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Х.б” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“О.М, Ц.О нар нь Х.б-ны Дархан Салбарын Орхон жимс ногоо тооцооны төвөөс 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ... тоот зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй цалингийн зээлийг өрхийн хэрэгцээндээ зориулж авсан. Зээлийн барьцаанд ... аймаг, ... сум, ... баг, ...Тосгон, ... тоотод байрлах таван ханатай гэр, гэрийн эд хогшил болох зурагт, хөргөгч, угаалгын машин, ор, хивс, стенк барьцаалсан байна. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, банк зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа шаардсан 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зээлийг төлөх тухай мэдэгдэл, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн зээлийг төлөх мэдэгдэл, 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийг төлөх мэдэгдэл, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийг төлөх мэдэгдэл тус тус өгсөн боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй 181 хоног хэтэрсэн байна.

Иймд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөр 9,748,848.32 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв. 

 

Хариуцагч О.М нь шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

 “О.М миний би Х.банд цалингийн зээлийн үлдэгдэл болох 9,48,848.32 төгрөгийг өөрийн боломж бололцоогоороо төлж барагдуулна. Х.бны нэхэмжлэлийн үнийн дүнд маргах зүйлгүй” гэв.

Хариуцагч Ц.О нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“О.М 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Орхон сум дахь Х.бнаас цалингийн зээл авахдаа намайг гэрээнд хамтран гарын үсэг зураад өгөөч гэж гуйхад нь би эхлээд зөвшөөрөөгүй. Яагаад гэвэл О.М бид хоёр гэрлэлтийн баталгаатай боловч 2018 оны 11 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байсан. О.М нь өөр хүнтэй гэр бүл болж хүүхэдтэй болж байгаа. Ноцтой төөрөгдлийн улмаас тус зээлийн гэрээнд миний бие хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Би уг үүргийг хамтран хүлээх үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд тус нэхэмжлэлийн шаардлагаас намайг чөлөөлж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Х.б” ХХК нь хариуцагч О.М, Ц.О нарт холбогдуулан Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөр 9,748,848.32 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хэрэгт авагдсан баримтаар

Хариуцагч О.М, Ц.О нар нь Х.бны Дархан салбарын Орхон жимс ногоо тооцооны төвөөс 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 201844216345 тоот зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг, жилийн 18 хувийн хүүтэйгээр, 60 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар зээлж авсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Зохигч талууд зээлийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний гол нөхцөл шаардлагуудын талаар тохиролцож, гэрээний агуулгыг тодорхойлсон байх тул тэдний хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч Х.б нь зээлийн гэрээний 6.1.1-т заасан “Зээлийн эргэн төлөлтийн хуваарь”-ыг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэх үндэслэлээр хариуцагч нартай байгуулсан ... тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн үндсэн төлбөр 9,063,943.45 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 681,688.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2,215.11 төгрөг, нотариатын зардал 1,000 төгрөг, нийт 9,748,848.32 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаан дээр хариуцагч нар нь дээрх зээлийн үнийн дүн, үлдэгдэл төлбөрийн талаар маргаагүй боловч хариуцагч О.М нь “...зээлийн гэрээг хугацаанаас нь цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, төлбөрийн график хугацаанд орж үргэлжлүүлэх хүсэлтэй байна” гэж,

Хариуцагч Ц.О нь “...О.М бид хоёр гэрлэлтийн батлахтай боловч 2018 оны 11 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байсан. Намайг зээлийн гэрээ нь дээр гарын үсэг зураад өг гэж О.М гуйсан учир би гарын үсэг зурсан. Би зээлийг төлөх үүрэгтэй гэдгийг мэдээгүй, ноцтой төөрөгдөж гэрээнд гарын үсэг зурсан учир намайг хамтран хариуцагчаас  чөлөөлж өгнө үү” гэж тус тус маргасан болно.

Хариуцагч О.М, Ц.О нар нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу нийт үндсэн зээлээс 936,056.55 төгрөг, хүүгийн төлбөрт 1,468,890.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,053.53 төгрөг, нийт 2,406,000 төгрөгийг төлсөн бөгөөд хариуцагч нар нь 2019 оны 10 дугаар сараас эхлэн зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

Мөн урт хугацаатай зээлийн гэрээний хувьд гэрээний үүрэг зөрчсөн нь гэрээг цуцлах үндэслэл болж байвал Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3, 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт заасан зөрчлийг арилгах буюу сануулах хугацаанд гэрээг цуцалж болохыг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс хариуцагч О.М, Ц.О нарыг зээлийн төлбөрийг төлөх талаар удаа дараа шаардлага тавьж байсан болох нь хэрэгт авагдсан Х.бны Зээл төлөх тухай албан бичгүүдээр тогтоогдож байна.

Хариуцагч Ц.О нь ...зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар зээлийн төлбөр төлөх үүрэг үүснэ гэдгийг мэдээгүй, ноцтой төөрөгдсөн гэсэн тайлбарыг гаргасан боловч энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан үйл баримтаар тогтоогдохгүй байгаа ба Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ”, 242.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасны дагуу нэхэмжлэгч Х.б нь зээлийн төлбөрийг хариуцагч Ц.Оаас шаардах эрхтэй.

 

Иймд зохигчдын хооронд байгуулагдсан 201844216345 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 453 дугаар зүйлийн  453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч О.М, Ц.О нараас нийт төлбөр 9,748,848.32 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч банкинд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зохигчдын хооронд 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан ... тоот зээлийн гэрээг цуцалж, хариуцагч О.М, Ц.О нараас 9,748,848.32 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.бинд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170,932 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 170,932 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х.б”-д олгосугай.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             З.ТУНГАЛАГМАА