Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2018/ШЦТ/258

 

 

 

 

 

 

     

                   

                                                                 

 

                               Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

 Улсын яллагч                                              А.Энхтуяа

 Шүүгдэгчийн өмгөөөгч                             Д.Даваасүрэн

 Нарийн бичгийн дарга                             Б.Намуунзул нар оролцов.

 

 Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар А.Амэнбекэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1831000000239 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, ПСМК байранд түр оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 7 удаагийн ял шийтгэлтэй, 2005 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 37 дугаартай шйитгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж мөн хугацаагаар тэнссэн, 2008 оны 02 дугаар сарын 24-нйи өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 336 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 179 дүгээр зүйлд зааснаар 3 жил 6 сар хорих ял, 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 02 жил жил 6 сарын хорих ял, 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 жил 6 сар хорих ял, 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял, 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 16-а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 6 сар баривчлах ял, 2016 оны 08 сарын 30-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил хорих ял тус тус шийтгүүлж байсан, Найман бура овогт Анасагины Аманбек /РД:МЮ-82121715/

        

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Аманбек нь 2018 оны 10 дугаар сарын 30-ны орой Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, 2 дугаар хэсэг, 132 тоотод оршин суух иргэн А.Атарчимэгийн гэрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч А.Аманбек нь 2018 оны 10 дугаар сарын 30-ны орой Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, 2 дугаар хэсэг, 132 тоотод оршин суух иргэн А.Алтанчимэгийн гэрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлахыг завдсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч А.Аманбек нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

            

Шүүгдэгч А.Аманбекийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Хохирогч А.Атарчимэгийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2018 оны 10 дугаар сарын 30-ны орой 21 цагт ажлын газраасаа гэртээ харих гээд машинтайгаа гэрийнхээ гадаа ирээд хашааныхаа хаалга нээгээд эргээд машиндаа суугаад хашаагаар орох гэсэн чинь дутуу онгойсон байсан. Тэгээд бууугаад онгойлгох гэсэн чинь гадаа хашааны хаалганы хажууд манай нөхрийн өмсдөг пүүз болон гар шийдэн байсан. Тэгээд юу билээ гээд гэр рүүгээ харсан чинь гэрэл асаалттай байсан. Тэгээд айсандаа болоод машиндаа суугаад хашаан дотроо орж гэрийнхээ хаалга руу машины гэрэл тусгасан чинь цонх нь хагарчихсан байсан. Тэгээд хараад байсан чинь дотор хаалга онгойж хүн гарч байх шиг харагдсан. Тэгээд шууд Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн..” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар тал/

Гэрч Н.Анхбаярын 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..2018 оны 10 дугаар сарын 30-ны оройны 21 цаг өнгөрч байхад манай эхнэр А.Атарчимэг “гэрт хулгай орсон байна” гэж ирсэн. Тухайн үед цагдаагийн алба хаагчид гэрт ирээд үзсэн чинь гэрт байхгүй байсан. Тэгээд үзлэг хийж байгаад үүдний амбаарт үзсэн чинь 4 ширхэг блокон дээр хавтан тавьчихсан байсан ба доогуур нь орчихсон байсныг Цагдаагийн алба хаагчид олж тогтоосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар тал/

“Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний “...Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн 2018 оны 10 сарын байдлаар зах зээлийн үнэ цэнэ нийт 128.000 төгрөгөөр тогтоов...” гэх дүгнэлт /хх-ийн 28-30 дугаар тал/

“Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний “...Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 3 дугаар баг 2-132 тоотод байрлалтай байшинд хулгай орсны улмаас учирсан хохирлыг арилгахад шаардагдах зардлын хэмжээ 20.000 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 35-39 дүгээр тал/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 1-2 дугаар тал/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7 дугаар тал/

Иргэний мэдээлэл, дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 8-9 дүгээр тал/

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11 дүгээр тал/

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 31-32, 40-41 дүгээр тал/

Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамж /хх-ийн 44-45 дугаар тал/

Яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 47-50 дугаар тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 53 дугаар тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 дүгээр тал/

Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 57-84 дүгээр тал/

Хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /хх-ийн 89-90 дүгээр тал/

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч А.Аманбекийн гэмт үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

 

Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг

 

Шүүгдэгч А.Аманбекийн гэмт үйлдлийн улмаас бусдад 128.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд уг гэмт хэрэг түүний хүсэл зоригоос үл шалтгаалах гадны хүчин зүйлийн үйлчлэлээр таслан зогсоогдсон бөгөөд хулгайлахаар завдсан эд зүйлсээ газар дээр нь буцаан өгсөн бөйдаг.

Энэхүү гэмт хэрэг нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын орон байрны халдашгүй дархан байдалд хадсан үйлдэл бөгөөд энэхүү гэмт үйлдлийн улмаас материалллаг хор уршиг шаардахгүй юм.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон А.Атарчимэг нь нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй гэсэн мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасанд үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.  

   

Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:

          

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч А.Аманбек нь урд өмнө ял шийтгүүлж байсан боловч өмнөх ял шийтгэлээ бүрэн эдэлж дууссан, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирол, хор уршигийг бүрэн төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд ороцсон Прокуророос санал болгосон хорих ялын хэмжээ хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2-д заасныг журамлан 06 сарын хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч А.Аманбекэд ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчийн хувийн байдал, учируулсан хор хохирол, гэмт хэргийн шинж байдал зэргийг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.  

Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав. 

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан шүүгдэгч Найман Бура овогт Анасгины Аманбекийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2.1-д заасан “орон байранд нэвтэрч хулгайлахыг завдах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Найман Бура овогт Анасгины Аманбекэд 06 сарын хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан А.Аманбекэд оногдуулсан 06 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар ялтан А.Аманбекийн энэ гэмт хэргийн улмаас 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 45 хоногийг ял эдэлсэн хугцаанд нь оруулан тооцсугай.  

5.Ялтан А.Аманбек нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Ялтан А.Аманбекэд урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ