Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/135

 

     

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

    Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

 

     Улсын яллагч:                         В.Батдэлгэр

     Нарийн бичгийн дарга         С.Энхтайван нар оролцов.

 

    Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Шын Эод холбогдох эрүүгийн 2031000740102 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.                                        

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

     Монгол улсын иргэн, 1971 оны 08 дугаар сарын 01-нд Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, малын бага эмч мэргэжилтэй, ам бүл 6 эхнэр дөрвөн хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, А сум, Бүргэдэй * дүгээр баг, Партизаны * гудамжны ** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Сэлэнгэ аймаг, А сум, Цөх 3 дугаар багт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа мал малладаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх О овогт Шын Э, РД:/****/

 

Холбогдсон хэргийн талаар:

 

     Шүүгдэгч Ш.Э нь Сэлэнгэ аймгийн А сумын Цөх 3 дугаар багийн нутаг "Хондын гарам” гэх газраас хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр нойтон нарс мод бэлтгэж, байгаль экологид 2.874.139,2 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                         Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

 

     Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ш.Э нь Сэлэнгэ аймгийн А сумын Цөх 3 дугаар багийн нутаг "Хондын гарам” гэх газраас хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр нойтон нарс мод бэлтгэж, байгаль экологид 2.874.139,2 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Ш.Э нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

  Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

  Шүүгдэгч Ш.Эын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:“...Шуурганд хугараад унаж байсан мод хөрөөдөж бэлтгэсэн 7-8 мод бэлтгэсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг

  Хохирогч Х.Оын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний хувьд сум орон нутгийг төлөөлөн энэхүү Ш.Э гэж хүний холбогдох хэрэгт оролцож байгаагаа сайн ойлгож байна. Ер нь бол миний авсан мэдээллээр Ш.Э гэдэг хүн нь ямар нэгэн байдлаар А сумын ЗДТГ болон Байгаль орчны албанаас Ойгоос мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй байсан. Би өөрөө сумын Засаг даргын орлогчийн ажлыг 2018 оноос хойш эрхэлж байна. Миний хувьд одоо л та бүхнээс ерөнхийдөө Ш.Эын хууль бус үйл ажиллагааны талаарх мэдээлэл авлаа. Урьд нь энэ хэрэгт байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Мыг томилсон байсан боловч энэ нь болохгүй гээд сумын Засаг дарга намайг өнөөдөр Цагдаагийн газарт очиж мэдүүлэг өг гэснээр би ирсэн юм. Тэгэхээр Ш.Э гэдэг хүний байгаль экологид учруулсан 2.874.139 төгрөгийн хохирлыг сум орон нутгийг төлөөлж байгаагийн хувьд нэхэмжилж байна. Байгаль экологид учруулсан хохирлыг төлүүлэхийг хүсч байна. Надад Ш.Эын манай сумын яг ямар нэртэй газраас яагаад хэзээ хэн хэний хамт мод бэлтгэсэн талаар нь мэдэх зүйл алга...” гэх мэдүүлэг /хх-н 30 дугаар хуудас/,

  Гэрч З.Аы 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Бэлчир бүсийн ойн ангийн дарга, Ж.Э, ойн инженер Ж.Г нарын хамт 2020 оны 01 дүгээр сарын 29- ны өдөр малчин айл өрхүүдээр явж ойн тухай хууль сурталчилж, яриа таниулга хийх, тухайн иргэдэд галын түлээний бэлтгэх эрхийн бичиг бичиж өгөх, модны талбай үзэх ажлаар явж байгаад тухайн өдөр А сумын 3 дугаар баг “Хонд” гэх газар “Нандин” нэртэй амралтын газрын манаач Ш.Э гэх айлд очиход гадаа нь 1 м 20 см урттай 68 ширхэг нойтон нарс мод хөрөөдөөд хураачихсан байхаар нь “юун мод вэ?” гэж асуухад салхинд хугараад уначихаар нь хөрөөдчихсөн юм аа гэж хэлж байсан. Тэгээд тухайн үедээ зурагжуулаад, А сумын журмын хашаанд буулгаарай гэж хэлчихээд явсан. Ямар нэгэн байдлаар байгалийн үзэгдэл, салхи, шуурганаас шалтгаалж үндсээрээ болон аль нэг хэсгээрээ хугарч унасан модыг мэргэжлийн байгууллага хуульд заасан үндэслэл журмын дагуу ойн ангиас гаргасан экологи эдийн засгийн үнэлгээг гарсны дараагаар шаардлагатай бичиг баримт болох мод бэлтгэх эрхийн бичиг, авч хөрөөдөж, бэлтгэнэ. Хэрэв өөр аймаг, сумд руу тээвэрлэхээр бол гарал үүслийн гэрчилгээ авна. Ойн цэвэрлэгээний ажлыг ч иргэн хүн хийх нь буруу зүйл байгаа юм...гэх мэдүүлэг /хх-н 32-33 дугаар хуудас/,

   Гэрч Д.Эын 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай нөхрийн бэлтгэсэн гэх тэр нойтон нарс мод нь 2019 оны 07 дугаар сарын сүүлээр шиг санаж байна. Их бороотой, шуургатай өдөр манай гэрийн хажуу талд байсан ургаа нарс моднуудаас 3 ширхэг мод хугарч унасан. Тэгээд хугарсан хэвээрээ байж байгаад манай нөхөр 2019 оны 11 сард хөрөөдөөд, бэлдээд гэрийнхээ хажууд хураачихсан байсан чинь 2020 оны 01 дүгээр сарын 30, 31-ны үеэр А сумын байгаль хамгаалагч З.А 2 ажилтантай ирээд модны зургийг аваад, хаанаас бэлдсэн талаар асуугаад явсан...'’ гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/,

  Гэрч Б.Аын 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Ш.Эыг анх 2003 онд А суманд ирэхэд нь хажуу хөрш айл болж амьдарч байсан. Тэр цагаас хойш таньж мэднэ. Нэг нутгийн хүмүүс байгаа юм. Гэхдээ ямар нэгэн найз нөхөд, төрөл садангийн харьцаа холбоо байхгүй. Миний ойлгосноор Ш.Э гэрийнхээ хажууд унасан байсан модыг хөрөөдсөн гэх асуудалд нь надад гэрчээр мэдүүлэг авах гэж байгаа гэж ойлгож байна. Би болсон хэрэг явдлын талаар сайн мэдэхгүй. Би зуны улиралд А сумын “Бөхлөө” гэх газарт зусдаг. Тэгээд 2019 оны 07 дугаар сард гэр лүүгээ явж байхдаа Ш.Эын гэрээр ороод гарахад гэрийнх нь хажуу талын нарс моднуудаас 3 ширхэг мод хугараад унах нь унаад, далийх нь далийчихсан байдалтай байсан. Тухайн үед хөрөөдөөд тавьчихвал ирэх жил гэхэд хатчихна даа гээд ярьж байсан. Миний мэдэхээр Ш.Э нь хүнд тусархуу, төлөв даруу, зан авир нь эвдрээгүй хүн шиг санагддаг. Миний мэдэхээр Ш.Э модонд явлаа, мод хөрөөдлөө, гэж сонсож байгаагүй. Гэрийнх нь гадаа ч бараг бөөрөнхий мод байсныг би харж байгаагүй. Гишүү, мөчир зэрэг л түүчихсэн явж байдаг..." гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/,

  Гэрч Ж.Гийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн үед хяналт, шалгалтаар явж байгаад Ш.Эын гэрийн гадаа нойтон нарс мод бэлтгэсэн байхыг илрүүлээд тамгын газрын хашаанд буулгаарай гэж хэлсэн. Гэхдээ гэрийнх нь гадаа модыг байсан байдлаар нь зургийг нь авсан. Яг хурааж, зөөвөрлөх модон албан ёсны бүрдүүлэх бичиг баримт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас /,

  Гэрч Л.Эын 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ш.Э А сумын тамгын газрын хашаанд мод буулгасан талаар мэдүүлэг авч байна. Би он, сар, өдрийг сайн санахгүй байна. Бүртгэлийн дэвтрээс харахад 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр **** УБЭ улсын дугаартай цэнхэр өнгийн портер маркийн машинаар Ш.Э өөрийн эхнэртэйгээ хамт 62 ширхэг портерын тэвшний хөндлөнгийн хэмжээтэй гэхээр 1.50 см урттай бөөрөнхий нарс мод буулгасныг бүртгэж авсан. Дараа нь 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Ш.Э нь мөн **** УБЭ улсын дугаартай цэнхэр өнгийн портер машинаар дутуу үлдээсэн гээд 6 ширхэг 1.50 см урттай бөөрөнхий нарс мод буулгаад нийт 68 ширхэг, 1.50 см урттай бөөрөнхий нарс мод болсон. Ингээд бүртгэлийн дэвтэрт бүртгээд тамгын газрын тухайн өдөр гарсан жижүүр танд хүлээлгэж өгсөн. Тэгээд би дараа дараагийн жижүүрүүдэд хүлээлцэж ажилладаг. Өөр надад мэдэх зүйл байхгүй.... гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-р хуудас/

   Гэрч Г.Ж-ийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Надад хэрэг явдлын талаар мэдэх зүйл байхгүй байна. Манай байгаль хамгаалагч З.Амарсайхан эргүүл шалгалтаар явж байгаад Ш.Эыг мод бэлтгэх эрхийн бичиггүй мод бэлтгэсэн гэж хэлсэн. Сум орон нутагт хүсэлт гаргаагүй. Иргэд сум орон нутагт хүсэлтээ өгөөд өөрсдийн түлээний модонд явж байсан. Манай ойн анги болон байгаль орчны газар, сумын засаг дарга нарт Ш.Эын зүгээс мод бэлтгэх эрхийн бичиг авахаар хүсэлт өгөөгүй. Ш.Э сум орон нутаг багийн иргэн гэдгээр нь мэднэ. Тэрнээс найз нөхөд ураг төрлийн холбоо байхгүй. Одоо ам бүл-6 лаа эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Зан байдлын хувьд дуу муутай, нүдээрээ инээсэн хэдэн тооны мал малласан хүн л явж байдаг. Надтай нэг их зүйл ярихгүй ерөнхийдөө миний асуусан асуултад хариулт өгөх замаар надтай харьцдаг монгол эр хүн байдаг. Гэрт нь очиход хашаа хороо нь цэвэрхэн ажилтай хүн шиг л байдаг... “ гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/,

  Гэрч С.Мын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би энэ хүнийг А сумын иргэн гэдгээр нь танина. Гэхдээ ямар нэг харилцаа, хамаарал байхгүй. Ш.Э нь ч гэсэн надаас лав энэ онд ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг, зөвшөөрөл аваагүй. Миний мэдэхийн энэ хүн ийм зөрчил гаргаж байгаагүй. А сумын нутаг дэвсгэр болох Хондын гарам нэртэй газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаггүй. Миний хувьд Ш.Эыг тус сумын ойн ангийн алба хаагч нар, байгаль хамгаалагч нарыг хяналт шалгалтаар явж байхад нь мод хийсэн байж байгаад тааралдаж шалгуулж байна гэж сонсон. Би тухайн үед өөрөө хамт явж байгаагүй болохоор Ш.Эыг ямар тээврийн хэрэгслээр ямар хэмжээний модыг тээвэрлэж, хэн хэн хамт явсныг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/,

 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №02 тоот Шинжээчийн дүгнэлт хэсэгт:

 “...А сумын “Хондын гарам” гэх газар нь ойн сангийн 3-р мужид харьяалагддаг бөгөөд модны хэмжилтийн дүнгээр нарс мод 4,4354 м3 гарсан бөгөөд үүнийг ойн нөөцийн төлбөрийн нарс модны үнэлгээ 120.000 төгрөг болон хэрэглээний бөөрөнхий модны итгэлцүүр 1,8-аар үржүүлэхэд 958.046,4 төгрөгийн мөнгөн экологи эдийн засгийн үнэлгээ гарч байна. /гэх дүгнэлт хх-ийн 53-54 дүгээр тал/

  Мэргэжлийн хяналтын улсын байцаагийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 18-04-015/10 дугаартай бүхий: “... Иргэн Ш.Эод холбогдох 4.4354 метр куб нарс модны экологи-эдийн засгийн үнэлгээг байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2009 оны 394 дугаартай тушаалаар батлагдсан ойн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээгээр тооцож гаргахад 4,4354 м3 х 120000 х 1.8 = 958046.4 төгрөг болж байна. /1.8 – Хэрэглээний бөөрөнхий мод, гуалингийн итгэлцүүр/

  Монгол улсын Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлд ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлнэ гэж. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д ойн санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхдээ ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр ногдуулна гэж заасан байх тул нөхөн төлбөрийн хэмжээ нь 958046,4 х 3 = 2.874.139.39,2  төгрөг болно..” гэх акт /хх-ийн 65 дугаар хуудас/

   Ашид билгүүн ХХК-ний 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №ТХҮ/518-071 дугаартай: “....11-91 СББ улсын дугаартай 2003 онд БНСУлсад үйлдвэрлэсэн бензинээр ажилладаг гар хөрөө  60.000 төгрөгийн үнэтэй болно. ...” гэх үнэлгээний дүгнэлт /хх-ийн 70 дугаар хуудас/,

  Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 06-08,21-25 дугаар хуудас/,

  Модонд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

  Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл   /хх-ийг 12-14 дүгээр хуудас/,

  Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 37-41 дүгээр хуудас/

  Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 56-57,62,66-67 дугаар хуудас/

  Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90 дүгээр тал/

  Хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 110,111 дүгээр тал/ зэрэг болно.

  Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

  Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

  Шүүгдэгч Ш.Э нь хууль бусаар мод бэлтгэсний улмаас байгаль экологид 958.046,4 төгрөгийн хохирол учирсныг Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 18-04-015/10 тоот Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1-д заасныг дагуу 3 дахин нэмэгдүүлж 2.874.139,2 төгрөг болгож нөхөн төлүүлэхээр акт тогтоож ирүүлсэн байна.

  Шүүгдэгч Ш.Эын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна.

  Шүүх шүүгдэгч Ш.Эод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

 

                     Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг

  Шүүгдэгч Ш.Эын гэмт үйлдлийн улмаас байгаль экологид 2.874.139,2 төгрөгийн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хохиролд тооцов.

 Энэ хэргийн улмаас байгаль экологид учирсан 2.874.139,2 төгрөгийн хохирол учирснаас 200.000 төгрөгийг төлж барагдуулсан үлдэх 2.674.139,2 төгрөгийг шүүгдэгч Ш.Эоос гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.  

                    

Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:

  Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.Э нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирол, хор уршгийн зарим хэсгийг нөхөн төлсөн, үлдэх хэсэгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд оролцсон Прокуророос санал болгосон торгуулийн ялын хэмжээ хүрээнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 

  Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  Шүүгдэгч Ш.Эын тогтмол орлоготой ажил төрөл эрхэлдэггүй, хувийн болон ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхийг үүрэг болгов.

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ш.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж буюу 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг  анхааруулав.

   Нийтийн ашиг сонирхол түүнчлэн ард нийтийн өмчлөх эрхэд халдсан энэхүү гэмт хэргийг үйлдэхэд тоног төхөөрөмж ашиглахгүйгээр үйлдэх боломжгүй бөгөөд гар хөрөө машин техник нь гэмт хэргийн явцыг түргэсгэх, хохирлыг нэмэгдүүлэх зорилгоор ашиглагддаг гэж шүүх дүгнэн үзэж байна.

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч Ш.Эод холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цахилгаан хөрөө, энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн А сумын засаг даргын тамгын газрын хашаанд хадгалагдаж байгаа 1.5 метрийн урттай 68 ширхэг нарс модыг тус тус хурааж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзэв.

   Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан байна.  

   Шүүгдэгч Ш.Э нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч О овогт Шын Эыг мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

   2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О овогт Шын Эод 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Ш.Эод оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Ш.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж буюу 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг  анхааруулсугай. 

  5.Ялтан Ш.Э нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д зааснаар шүүгдэгч Ш.Эоос 2.674.139 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,4-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан цахилгаан хөрөө, энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн А сумын засаг даргын тамгын газрын хашаанд хадгалагдаж байгаа 1.5 метрийн урттай 68 ширхэг нарс модыг тус тус улсын орлогод оруулсугай.

       8.Ялтан Ш.Эод урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.      

      10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

                    

                                

 

     ДАРГАЛАГЧ                                         Б.ЭРДЭНЭХИШИГ