| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2020/0120/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/137 |
| Огноо | 2020-06-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Батдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 2020/ШЦТ/137
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч В.Батдэлгэр
Нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1-д зааснаар Ө овогт Шгийн Ст холбогдох эрүүгийн 2031001760122 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1983 оны 04 дүгээр сарын 30-нд Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4 нөхөр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 18 дугаар хороо * дүгээр хороолол ** дүгээр байр ** тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Ө овогт Шгийн С РД:/****** /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.С нь 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 16 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, 3 дугаар хэсэг, 101 тоот хашаанд иргэн Ц.Хтай “хүүхдээ авч явах гэлээ” гэсэн асуудлаас болж маргалдан улмаар түүний үснээс зулгааж, цээжин тус газар нь түлхэж унагаан өшиглөн биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ш.С нь 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 16 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, * дугаар хэсэг, *** тоот хашаанд иргэн Ц.Хтай “олон нийтийн газар луу хүүхдээ авч явах гэлээ” гэсэн асуудлаас болж маргалдан улмаар түүний үснээс зулгааж, цээжин тус газар нь түлхэж унагаан өшиглөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Ш.С гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
Шүүгдэгч Ш.Сийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Тайлбарлах зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг
Хохирогч Ц.Хгийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Ш.С нь миний ээж Ш.Цийн төрсөн дүү нь болох хүн, Ш.Суванцэцэг эгч Улаанбаатар хотод амьдардаг бөгөөд асуудал болдог өдрийн урд өдөр буюу 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр манай гэрт ирсэн. 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 16 цагийн үе байсан санагдаж байна, асуудал болох үед манай гэрт ээж Ш.Ц, төрсөн дүү Ш.С, бас манай хамаатны дүү нар болох 10 гаран настай 2 хүүхэд байсан юм. Ингээд би Төрийн банк явах гээд өөрийн 9-н сартай хүүхдийг авч хамт явах гэтэл Ш.С “хүүхэд гадуур авч явж яах гээд байгаа юм бэ, чамд өгч явуулахгүй” гэж хэлээд миний хүүхдийг надаас авсан юм. Тэгээд Ш.С эгч бид хоёр хоорондоо маргалдаж байгаад гэрийн гадаа үүдэнд Ш.С эгч эхлээд намайг гараараа цээж рүү түлхэж газар унаган дараа нь толгойн үснээс нэг гараараа зулгааж байгаад нөгөө гараараа толгой, нүүр рүү цохисон. Тухайн үед ээж гэрээс гарч ирж Ш.С эгчийг салгаж байх үед Ш.С эгч хөлөөрөө миний гэдэс рүү 2-оос 3-н удаа өшиглөсөн юм. Тэгээд ээж Ш.С эгчийг надаас салгаж гэр лүү оруулж би босч араас нь гэрт ороход Ш.С эгч дахин надтай хэрүүл хийж маргалдаад байхаар нь ээж Ш.С эгчийг “гэрээс яв” гэж хөөж тэгээд Ш.С манай гэрээс явсан. Тэгээд би Ш.С эгчийг гэрээс явсны дараа Цагдаагийн жижүүрийн 102 утас руу залгаж болсон явдлыг хэлэхэд эхлээд “намайг эмнэлэгт үзүүлчихээд эмчийн бичигтэйгээ ирж өргөдлөө гаргаж өг” гэж ярихаар нь хэлснээр эхлээд эмнэлэгт үзүүлж дараа Цагдаагийн газарт ирж өргөдлөө бичиж өгсөн юм. Надад Ш.С эгчтэй холбоотой ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл гээд байх юм байхгүй. Миний буруугаас болж ийм асуудал болсон би их харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр тал/
Гэрч Ш.Цийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ш.С миний төрсөн дүү болох хүн, харин Ц.Х нь миний бага охин болох хүн. Тийм учраас би тэдгээр хүмүүсийн эсрэг мэдүүлэг өгмөөргүй байна. Намайг гэрээс гарахад манай охин Ц.Х газар хэвтсэн дээр нь Ш.С гарчихсан толгойтой үснээс зулгаасан байдалтай байсан бөгөөд би Ш.Сийг Ц.Хгаас салгах гээд дийлэхгүй зууралдаж байхад манай төрсөн дүү Ш.Э намайг салгаж гэр лүү оруулсан. Ш.С манай гэрт ирэх үед Ц.Х өөрийн 9 сартай хүүхдээ авч гадуур ажил хөөцөлдөж явна гэж яриад гарах гэж байхад Ш.С Ц.Хд “өвчин зовлонтой байхад, тэгээд ч гадаа их халуун байна, энэ халуунд хүүхэд авч явж яах гээд байгаа юм бэ” гэж хэлэхэд нь Ц.Х уурлаж хүүхдээ авч явна гээд тэр хоёр хоорондоо маргалдсан юм. Би ам бүл 4 амьдардаг. Өөрийн төрсөн том охин Ц.Агиймаа, бага охин Ц.Х, зээ хүүгийн хамт амьдардаг. Төрсөн дүү Ш.С Улаанбаатар хотод нөхөр хүүхдийн хамт тусдаа амьдардаг. Манай охин Ц.Х өөрийнхөөрөө зөрүүд гөжүүд нэг тиймэрхүү л зантай. Ш.Сийн хувьд ямар нэг илүү дутуу зан авир гээд байх зүйл байхгүй, ах дүү нартайгаа элэгсэг дотно харьцаатай байнга л ахаа эгчээ гээд л явдаг хүн. Тухайн үед Ш.Сийн хувьд Ц.Хд эгчийн хувиар хэдэн үг хэлэхэд нь манай охин түүнийг эсэргүүцэж тэгээд л хэрүүл маргаан болж ийм асуудал болчихлоо...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар тал/
Гэрч Ш.Эийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагийн үед байсан санагдаж байна, одоо талийгаач болдог ахын бие нь муу байсан тул Улаанбаатар хотод амьдардаг манай төрсөн дүү Ш.С ирсэн байсан юм. Тэгээд бид хоёр хамт Сүхбаатар сумын 3 дугаар баг Салхитын аманд амьдардаг төрсөн эгч Ш.Цийн гэрт очиход эгч хүүхдүүдийн хамт бүгд л байсан. Эгчийн охин Ц.Х нэлээд уурласан бололтой бид нартай дуугаралгүй сууж байсан. Тэгээд Ц.Х “банк явна” гэж ярьж байгаад өөрийн “9-н сартай нялх хүүхдээ авч явна” гэхээр нь “энэ халуунд хүүхэд авч явж яах гээд байгаа юм бэ” гэж хэлэхэд үгэнд орохгүй хүүхдээ хувцаслаад аваад гараад явахаар нь би Ш.Ст “Ц.Х хүүхдээ аваад явах гэж байна, араас нь гараад хүүхэд аваад ир” гэж хэлээд Ш.Сийг эгчийн гэрээс гаргасан юм. Тэгээд Ш.С, Ц.Хгийн хүүхдийг авч тэврээд гэр лүү орох гээд явж байхад араас Ц.Х, Ш.Сийг толгойн үснээс зулгааж хүүхдээ авна, нөгөөх нь өгөхгүй гэх зэргээр тэд хоорондоо маргалдаж байх үед нь би эгчийн гэрээс гарч тэр хоёрыг салгасан юм. Тухайн үед Ш.Сийн тэвэрч байсан Ц.Хгийн хүүхдийг түүний төрсөн эгч Ц.Агиймаа авч гэртээ оруулсан юм. Тэгээд Ш.С Ц.Х нар дахин хоорондоо маргалдаж байхад Ц.Х, Ш.С рүү дайраад байхаар нь Ш.С, Ц.Хг өөрөөсөө холдуулах гээд түүний цээж рүү нь гараараа түлхтэл Ц.Х хойшоо унахдаа ардаа байсан юманд бүдэрч газар унасан юм. Тухайн үед манай хүү Очир-Эрдэнэ гаднаас орж ирж таарч Ш.С Ц.Х нарыг эгчийн гэр лүү оруулсан юм. Тэгээд гэрт ороод бид нар Ц.Хд энэ өвчин зовлонтой, байхад нялх хүүхэд авч явах гэлээ гэж эгчийн хувиараа хэдэн үг хэлэхэд Ц.Хгийн ээж Ш.Ц, Ш.С бид хоёрыг гэрээсээ хөөж тэгээд би Ш.Стэй эгчийн гэрээс явж манай гэрт очиж Ш.С манай гэрт хоночихоод маргааш нь автобусаар Улаанбаатар хот руу явсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20дугаар тал/,
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 159 дугаартай:
“...1.Ц.Хгийн биед хүзүү, зүүн бугалга, шуу, гуяны дотор хэсэгт цус хуралт, зулгаралтын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй....” гэх дүгнэлт /хх-ийн 23-24 дүгээр тал/
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 25-26 дугаар тал/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 28-29 дүгээр тал/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 32-33 дугаар тал/
Ш.Сийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 35-37 дугаар тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 дугаар тал/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 53-54 дүгээр тал/ зэрэг болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Ш.С нь 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 16 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, 3 дугаар хэсэг, 101 тоот хашаанд иргэн Ц.Хтай “олон нийтийн газар луу хүүхдээ авч явах гэлээ” гэсэн асуудлаас болж маргалдан улмаар түүний үснээс зулгааж, цээжин тус газар нь түлхэж унагаан өшиглөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн баримтуудаар нотлогдсон гэж шүүх үзэж байна.
Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3-д заасны дагуу Прокуророос яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хүлээн авч хянан үзэхэд мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хуулийн хугацаанд шийдвэрлэсэн болно.
Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг
Хохирогч Ц.Хгийн биед хүзүү, зүүн бугалга, шуу, гуяны дотор хэсэгт цус хуралт, зулгаралтын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2-д зааснаар хохирол, хор уршигт тооцов.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ц.Х нь шүүгдэгч Ш.Сээс эмчилгээний зардал нэхэмжлээгүй, гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй гэсэн хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.С нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд оролцсон Прокуророос санал болгосон 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ш.Ст оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 03 сарын дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ш.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээг буюу 15000 төгрөгийг нэг хоногтой тооцож хорих ялаар солихыг анхааруулав.
Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1, 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Ө овогт Шгийн Сийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ө овогт Шгийн Ст 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Ш.Ст оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 03 сарын дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Ш.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээг буюу 15000 төгрөгийг нэг хоногтой тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Ялтан Ш.С нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6.Ялтан Ш.Ст урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ